Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/59

 

             

 

 

 

               2023/ШЦТ/59

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ  

Шүүгдэгч: М.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мын Ут холбогдох эрүүгийн 2212000000423 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эцэг, эх, ах дүү нарын хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын ............... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Мын У/РД:АА............/,

 

                           Холбогдсон хэргийн талаар:  

 

  Шүүгдэгч Мын У нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн Нарийн цохио гэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр С.Бгийн 2 тооны ямааг машин механизм ашиглан хулгайлж 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            * Эрүүгийн 2212000000423 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч С.Бгийн өгсөн:

“...2022 оны 11 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн үед сумын төв явсан. Тэгээд араас манай Д.Д хонио хашаад сумын төв орж ирсэн. Тэгээд буцаад хөдөө гэр рүүгээ гараад явж байсан чинь манай хөдөө гэрийн зүгээс нэг машины гэрэл гараад урдаас нь ирж яваад замаа буруулаад явахаар нь араас нь явахаар холоос дагаж яваад сумын төвд ирээд Бортолгой хороололд дэлгүүрийн гадаа очоод зогсохоор нь очоод хартал манай 2 ширхэг ямааг хөлийг боогоод машиныхаа дэвшин дээр ачсан А.С, М.У нар явж байсан гэсэн манай дүү наад хоёр ямаа чинь манай ахын ямаа байна гэж хэлчихээд манай нөхөр болон надад хэлээд би өөрийн нөхрийн хамт хөдөө гэртээ очоод хонио тоолж үзэхэд хоёр ямаа дутсан байсан. Тэгээд байж байхад 23 цагийн орчимд А.С, М.У нар манай хоёр ямааг аваачиж өгсөн. Хар, улаан зүсмийн 2 тооны ямаа байсан. Уг ямаанууд буруу талын чих тайрмал зөв талын хойноос ухам имтэй нас гүйцсэн эр ямаанууд байсан. Манай нутгийн залуучууд болох М.У, А.С нар манай хонийг хашаатай байхад машинтай ирээд хашаанаас ачаад явсан байсан. Би өөрийн хулгайд алдсан 2 тооны эр ямаагаа зах зээлийн ханшаар буюу 1 ширхэгийг нь 120.000 төгрөгөөр үнэлнэ. Би гомдолгүй байна. Надад нэхэмжлэх зүйл байна, уг ямааны араас явсан хоёр машиндаа 60.000 төгрөгийн зардал гаргасан энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/

 

*Гэрч Б.Бгийн өгсөн:

“...2022 оны 11-р сарын 13-ны өдөр М.У над руу 20 цагийн үед залгаад би танаас өмнө зээлсэн ямаагаа аваачиж өгье гэхээр нь би аваад ир гээд хэлсэн. Тэгээд нэлээд удалгүй гэрийн гадаа ирсэн байхаар нь гараад очтол бас дахин нэг машин ирээд манай ямааг ачсан байна гээд хоорондоо ярилцаад байсан. Тэгээд байж байгаад яваад өгсөн миний бодлоор М.У надад айлын хоёр ямаа хулгай хийж авчирч өгөх байсан юм шиг байсан. Тэгээд эзэнд нь баригдаад буцаад явсан өөр зүйл болоогүй ээ. Хар улаан зүсмийн ямаанууд байсан. Уг хоёр ямаа хоорондоо адилхан буруу талын чих араас ухам имтэй байсан нөгөө талын чихний им нь харагдаагүй хөлийг боогоод хэвтүүлсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/

 

*Гэрч А.Сын өгсөн:

“...Би 2022 оны 11-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Батцэнгэл сумын Улаанчулуу багаас сумын төвд ирээд М.У гэх айлд ирж хоноод өглөө найз М.Уын хамт сумын төвөөр явж байгаад 2,5 литрийн нийслэл пиво уугаад нэлээд согтоод унтаад өгсөн. Тэгсэн М.У намайг нэлээд орой дуудан сэрээхээр нь яасан бэ хаашаа явж байгаа гэсэн чинь Д.Дын хоттой хониноос 2 ямаа хулгай хийгээд баригдчихлаа аваачиж өгөх гээд явж байна гэхээр нь яаж байгаа юм бэ чи надад хэлэхгүй гээд бид хоёр уг хоёр ямааг Д.Д гэх айлд хүргэж өгөөд М.У гэх залууг гэрт хүргэж өгөөд өөрөө гэр рүүгээ харьсан надад өөр мэдэх зүйл байхгүй. Уг хоёр ямаа нь улаан, хар зүсмийн ямаанууд байсан. Имийг сайн ажиглаагүй, гэрийнх нь гадаа буулгаж өгөөд шууд явсан. Уг машин нь минийх бонго-З маркийн 12-33 арн улсын дугаартай авто машин байсан. 2005 онд үйлдвэрлэгдсэн 2020 онд монголд орж ирсэн машин. Миний машин хөдөө унаад өнгө үзэмж дотор эд анги нэлээд муудсан одоо уг машинаа 5.000.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/

 

*Гэрч Д.Дын өгсөн:

“...2022 онын 11 дүгээр сарын 13-ны орой М.У гэх залуу над руу утсаар залгаад хаана байгаа хө гэхээр нь би хөдөө байна гэсэн чинь төв рүү орж ирэх үү нэг уулзах юм байна гэж ярьсан. Тэгээд би сумын төвд орж ирээд байж байтал дахин над руу утсаар залгаад хаана байна гэхээр нь би сумын төвд байна гэж хэлсэн чинь өө заза гээд утсаа салгасан. Тэгээд би яагаад над руу ойр ойрхон залгаад байхаар сэжиг аваад сумын байж байгаад буцаад М.У руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр сэжиг аваад буцаад өөрийн хөдөө байх гэр рүүгээ гараад явж байтал урдаас нэг машины гэрэл явж байгаад замаа буруулаад замгүй газраар яваад байхаар араас дагаад явж байгаад сумын төвд айлын гадаа ирээд зогсохоор нь араас ирээд үзтэл манай эгч С.Бгийн хоёр ямааг ачаад ирсэн байсан. Тэгээд би уг хоёр ямааг таниад наад ямаагаа аваачиж өг гэж хэлсэн чинь одоо аваачиж өглөө цагдаад битгий хэлээрэй гээд буцаад давхиад явсан. Тэгээд өөрийн хөдөө гэртээ очоод байж байхад араас нөгөө хоёр ямааг аваад ирсэн. Тэгээд яваад өгсөн өөр зүйл болоогүй. Улаан өнгийн буурал чихтэй ямаа, хар ямаа байсан. Зөв талын чих тайрсан буруу талын араас догол имтэй байсан. Би сайн мэдэхгүй байна намайг бүтэн сайнд сумын төв рүү эхнэр хүүхдээ хүргэж өгдгийг мэдээд хаана байгааг шалгаад залгаад байсан байх гэж бодож байна. Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэн А.С гэх залуутай хамт явсан. А.С машин дотроо унтаж байсан. Сүүлд нь ямаа буулгаж өгөхөд хүртэл унтаж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/

 

*Иргэний нэхэмжлэгч А.Сын өгсөн:

“...Би 2020 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотоос орж ирсэн тэрэг худалдан аваад, өөрийн төрсөн дүү болох А.Ст 2022 оны 09 дүгээр сард хөдөө унаж ашиглуулахаар үлдээсэн байсан. Одоо бол миний нэр дээр бүртгэлтэй миний тээврийн хэрэгсэл байгаа юм. Бонго-3 маркийн 1233 АРН улсын дугаартай тээврийн хэрэгсэл өнгө үзэмж дунд зэрэг, явах эд ангиуд хэвийн машин, эдэлгээний кабинд хонхойсон, цөмөрсөн сэвнүүд байгаа. Хөдөө мод зөөх, нүүдэл хийх, мал ачих, өвс, хадлан бэлтгэх зэргээр ашиглаж байсан. Одоо миний төрсөн дүү болох А.Ст буюу Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Асгат багт байгаа. Би Бонго-3 маркийн 12-33 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг бүрэн чөлөөлж авах хүсэлттэй байна. Үнэлгээгээр тогтоогдсон дүнг нэхэмжилнэ. Би Бонго-3 маркийн 12-33 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүнг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 67-68 дугаар тал/

 

  *Яллагдагч М.Уын өгсөн:

“...Би 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багаас сум төв руу найз А.Сумьяабазарын хамт ороод архи уугаад орой буцаад хөдөө яваад Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн Нарийн цохио гэх газарт Д.Д гэх айлд очсон чинь гэрт нь хүн байхгүй, хонь нь хашаатай байхаар нь би хашаан дотроос 2 ямаа барьж аваад машин дотроо ачаад буцаад сумын төв явж байгаад Д.Дтай замд таараад, миний ачиж явсан ямааг таниад баригдсан. Тэгээд би уучлалт гуйгаад буцаад аваачиж өгөхөөр болсон. Тухайн үед би цагаан өнгийн Портер маркийн 12-33 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан. Хажууд А.С согтуу унтаж байсан. Намайг ямаа хулгайлж, машин дээр ачиж явж байсныг мэдээгүй. Би бусдын эзэмшлийн 2 ямааг хулгай хийсэн нь миний буруу. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн үед А.С нэлээн согтоод унтаад өгсөн байсан, би гайгүй байсан. Тэгээд Д.Дын гэрийн гадаа буцаж очоод ямааг нь буулгах үед сэрээд намайг ямаа хулгай хийснийг мэдээд намайг загнаад байсан. Би согтуудаа буруу зүйл хийсэн. Тухайн үед миний унаж явсан 12-33 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.С унаж над дээр ирсэн. Хэний эзэмшлийн гэдгийг нь мэдэхгүй байна. Би тухайн үед хашаан дотор нь очоод 2 эр ямаа барьж аваад хөлийг нь боогоод машины дэвшин дээр ачсан. Би тухайн үед ямааг нь буцааж гэрт нь хүргэж өгөөд уучлалт гуйсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, надад хөнгөн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-50 дугаар тал/

 

*Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 135  дугаартай: “...2 тооны эр ямааны үнэ 260.000/хоёр зуун жаран мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 29 дүгээр тал/

 

*Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 136 дугаартай: “...2005 онд үйлдвэрлэгдэж, 2020 онд Монгол улсад орж ирсэн Портер Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 2022 оны 11 дүгээр сарын зах зээлийн ханшаар 7.000.000/долоон сая/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 35 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч М.Ут холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн Нарийн цохио гэх газраас С.Бгийн 2 тооны ямаа хулгайд алдагдаж, түүнд 260.000  төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

 Шүүгдэгч М.У нь бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Бгийн“...Тэгээд буцаад хөдөө гэр рүүгээ гараад явж байсан чинь манай хөдөө гэрийн зүгээс нэг машины гэрэл гараад урдаас нь ирж яваад замаа буруулаад явахаар нь араас нь явахаар холоос дагаж яваад сумын төвд ирээд Бортолгой хороололд дэлгүүрийн гадаа очоод зогсохоор нь очоод хартал манай 2 ширхэг ямааг хөлийг боогоод машиныхаа дэвшин дээр ачсан А.С, М.У нар явж байсан гэсэн манай дүү наад хоёр ямаа чинь манай ахын ямаа байна гэж хэлчихээд манай нөхөр болон надад хэлээд би өөрийн нөхрийн хамт хөдөө гэртээ очоод хонио тоолж үзэхэд хоёр ямаа дутсан байсан. Тэгээд байж байхад 23 цагийн орчимд А.С, М.У нар манай хоёр ямааг аваачиж өгсөн. Хар, улаан зүсмийн 2 тооны ямаа байсан. Уг ямаанууд буруу талын чих тайрмал зөв талын хойноос ухам имтэй нас гүйцсэн эр ямаанууд байсан. Манай нутгийн залуучууд болох М.У, А.С нар манай хонийг хашаатай байхад машинтай ирээд хашаанаас ачаад явсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн“...2022 оны 11-р сарын 13-ны өдөр М.У над руу 20 цагийн үед залгаад би танаас өмнө зээлсэн ямаагаа аваачиж өгье гэхээр нь би аваад ир гээд хэлсэн. Тэгээд нэлээд удалгүй гэрийн гадаа ирсэн байхаар нь гараад очтол бас дахин нэг машин ирээд манай ямааг ачсан байна гээд хоорондоо ярилцаад байсан. Тэгээд байж байгаад яваад өгсөн миний бодлоор М.У надад айлын хоёр ямаа хулгай хийж авчирч өгөх байсан юм шиг байсан. Хар улаан зүсмийн ямаанууд байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Сын”...М.У гэх айлд ирж хоноод өглөө найз М.Уын хамт сумын төвөөр явж байгаад 2,5 литрийн нийслэл пиво уугаад нэлээд согтоод унтаад өгсөн. Тэгсэн М.У намайг нэлээд орой дуудан сэрээхээр нь яасан бэ хаашаа явж байгаа гэсэн чинь Д.Дын хоттой хониноос 2 ямаа хулгай хийгээд баригдчихлаа аваачиж өгөх гээд явж байна гэхээр нь яаж байгаа юм бэ чи надад хэлэхгүй гээд бид хоёр уг хоёр ямааг Д.Д гэх айлд хүргэж өгөөд М.У гэх залууг гэрт хүргэж өгөөд өөрөө гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Дын”...Тэгэхээр сэжиг аваад буцаад өөрийн хөдөө байх гэр рүүгээ гараад явж байтал урдаас нэг машины гэрэл явж байгаад замаа буруулаад замгүй газраар яваад байхаар араас дагаад явж байгаад сумын төвд айлын гадаа ирээд зогсохоор нь араас ирээд үзтэл манай эгч С.Бгийн хоёр ямааг ачаад ирсэн байсан...” гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч А.Сын”...Би 2020 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотоос орж ирсэн тэрэг худалдан аваад, өөрийн төрсөн дүү болох А.Ст 2022 оны 09 дүгээр сард хөдөө унаж ашиглуулахаар үлдээсэн байсан. Одоо бол миний нэр дээр бүртгэлтэй миний тээврийн хэрэгсэл байгаа юм. Бонго-3 маркийн 1233 АРН улсын дугаартай тээврийн хэрэгсэл өнгө үзэмж дунд зэрэг, явах эд ангиуд хэвийн машин, эдэлгээний кабинд хонхойсон, цөмөрсөн сэвнүүд байгаа. Хөдөө мод зөөх, нүүдэл хийх, мал ачих, өвс, хадлан бэлтгэх зэргээр ашиглаж байсан. Одоо миний төрсөн дүү болох А.Ст буюу Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Асгат багт байгаа. Би Бонго-3 маркийн 12-33 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг бүрэн чөлөөлж авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 135 дугаартай, Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 136 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Уын хохирогч С.Бгийн эзэмшлийн 2 тооны ямааг 12-33 АРН улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан  хулгайлсан үйлдэл нь  мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

           Иймд шүүхээс шүүгдэгч М.Уыг бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

 Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б нь 2 тооны ямааг хулгайд алдаж түүнд 260.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч С.Б нь 2 тооны ямаагаа буцаан авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна.  

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч М.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур  буюу нэг жилийн хугацаагаар хорих оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник,  хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Уын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 12-33 АРН улсын дугаартай Бонго-3 маркийн автомашиныг эзэмшигч А.Сад шилжүүлж, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 7.000.000/долоон сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Боржигон овогт Мын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

             2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ут оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 107 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч М.Уын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 12-33 АРН улсын дугаартай Бонго-3 маркийн автомашиныг эзэмшигч А.Сад буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 7.000.000/долоон сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгосугай.

            6. Шүүгдэгч М.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ГАНДОЛГОР