| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 220/2019/0969/э |
| Дугаар | 1131 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 1131
2019 11 12 2019/ДШМ/1131
П.А, Б.Б, М.Т,
У.Э, Э.Т- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мөнх-Амгалан,
өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Энхмаа,
өсвөр насны шүүгдэгч М.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Маралмаа,
өсвөр насны шүүгдэгч Э.Т-, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Энхжаргал,
өсвөр насны шүүгдэгч У.Э, П.А,
өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Чулуунбаатар,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/1467 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.Т, У.Э, тэдний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, М.Т, У.Э, Э.Т- нарт холбогдох 1906013510944 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч М.Т, У.Э, Б.Б, М.Мөнхбаатар нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэт” төвийн 2 давхарт байрлах гар утасны лангуунд хууль бусаар нэвтэрч 24 ширхэг гар утас, 3 ширхэг гар утасны корпус зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч бусдад 3.017.500 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч М.Т, Э.Т-, П.А, У.Э, Д.Тэмүүлэн, Д.Бадрах нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 61 дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Миний дөт 329” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 шил виски хулгайлсан,
Өсвөр насны шүүгдэгч У.Э, Б.Б, М.Мөнхбаатар, Н.Эрдэнэбүрэн нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр” худалдааны төвийн хашаанд байсан майханд хууль бусаар нэвтэрч 4 ширхэг унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, бусдад 537.000 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч Д.Тэмүүлэн, М.Т, Э.Т-, Д.Бадрах, У.Э нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Цолмонбаярын эзэмшлийн “Ундрал” хүнсний дэлгүүрийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, бэлэн мөнгө, архи, ундаа, зэрэг эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч, бусдад 1.387.606 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б, У.Э, М.Мөнхбаатар, Э.Т-, Н.Эрдэнэбүрэн нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашу Март” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, бэлэн мөнгө, камерын хард болон, хүнсний бараа бүтээгдэхүүн хулгайлан авч бусдад 4,694,696 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б, У.Э нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орон зай” худалдааны төвд хууль бусаар нэвтэрч Б-18 тоот павилионоос нууцаар, хүч хэрэглэхгүйгээр бэлэн мөнгө, гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл зэрэг эд зүйлс хулгайлан авч бусдад 2.607.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.А, Б.Б, М.Т, У.Э, Э.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Чорос овогт Пүрэвдоржийн А-, Бэсүд овогт Баярсайханы Б-, Аюуш овогт Энхжаргалын Т-, Баяжих овогт Мөнгөншувуугийн Т, Боржигон овогт Уртнасангийн Э- нарыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Ад 1 жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Б.Б, Э.Т-, М.Т нарт 1 жил 6 сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч У.Эд 2 жилийн хугацаагаар тус тус сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч П.Ад 1 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Э.Т-т 1 жил 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтуудыг баримтлан, өсвөр насны шүүгдэгч П.А, Э.Т- нарт сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг өсвөр насны шүүгдэгч П.А, Э.Т- нарт тус тус сануулж, Б.Б, М.Т, У.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, Э.Т-, М.Т, У.Э нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч П.А, Э.Т- нар учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Боос 29.250 төгрөг гаргуулж хохирогч Г.Бадралмаад, 538.912 төгрөг гаргуулж хохирогч П.Хишигбаярт, 40.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Кекилбайд, өсвөр насны шүүгдэгч М.Тгээс 34.750 төгрөг гаргуулж хохирогч Д.Ариунтуяад, 95.975 төгрөг гаргуулж хохирогч Н.Золжаргалд, 277.251 төгрөг гаргуулж хохирогч О.Цолмонбаярт, өсвөр насны шүүгдэгч У.Эөөс 34.750 төгрөг гаргуулж хохирогч Д.Ариунтуяад, 29.250 төгрөг гаргуулж хохирогч Г.Бадралмаад, 95.975 төгрөг гаргуулж хохирогч Н.Золжаргалд, 277.251 төгрөг гаргуулж хохирогч О.Цолмонбаярт, 938.937 төгрөг гаргуулж хохирогч П.Хишигбаярт, 40.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Кекилбайд тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Өсвөр насны шүүгдэгч У.Э гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, 2 жил болгож, оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэж хорих ялын тогтоол биелүүлэхийг хойшлуулж, эсвэл оногдуулсан 4 жилийн ялыг тус зүйл ангийн хамгийн доод хэмжээгээр 2 жилээр оногдуулж, түүнийг 2 дахин багасгаж надад оногдуулсан шийтгэлийг маань хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч М.Т гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэргээ маш их бодож гэмшиж байна. Би дахин хэрэг хийхгүй хичээл номондоо шамдан суралцаж аав, ээж, эмээгийнхээ сайн хүү нь болохоо амлаж байна. Надад тэнсэн харгалзах ял оноож өгөөч гэж хүсч байна. ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бусдад хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. ... 1 жил 6 сарын хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, түүнийг ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж өгнө үү. ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал болон хохирол төлбөрөө төлж барагдуулсан байдал зэргийг анхаарч үзсэнгүй. Тухайн үед өсвөр насны шүүгдэгч Б.Б нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байсан болохоор түүнд шүүхээс 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч, давж заалдах гомдол гаргах хүртэл хугацаанд өсвөр насны шүүгдэгч Б.Бын хууль ёсны төлөөлөгч Б.Энхмаа нь хохирогч нарт төлөөгүй үлдсэн бүх хохирлыг төлж барагдуулсан байна. Үүнээс гадна таслан шийдвэрлэх тогтоолын 17 дугаар хуудсанд иргэний нэхэмжлэгч Х.Кекилбайд 40.000 төгрөгийг Б.Боос гаргуулж олгосугай гэж дурдсан нь андуу ташаа бичигдсэн байна. Учир нь дээрх хохирол төлөгдсөн, баримт нь хэргийн материалд байгаа болно. Өсвөр насны шүүгдэгч Б.Бод анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү. ...Өсвөр насны шүүгдэгч Мөнгөншувуу овогтой Т нь тухайн хурал болох цаг хугацаанд хохирол төлбөрийг бүрэн төлөөгүй байсан тул түүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Одоогоор өсвөр насны шүүгдэгч М.Т нь хохирогч нарын төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд үйлдсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж, гэм буруу дээр маргаагүй ирсэн зэрэг байдлууд тогтоогдож байна. Иймд М.Тд оногдуулсан хорих ял биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү. ...Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн зүйл байхгүй, журмын дагуу явагдсан байгаа. Энэ хэрэгт өсвөр насны, дээд тал нь 15 настай, 5 хүүхэд байгаа. Хоёр нь хохирлоо бүрэн төлсөн, нөгөө 3 нь аль шатандаа ямар журмаар, яаж хохирлоо төлж барагдуулах талаар ямар ч ойлголтгүй явж байгаад анхан шатны шүүх хуралдаанд оролцсон байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шүүх бүрэлдэхүүн хууль ёсны төлөөлөгч нарт маш тодорхой тайлбарлаж өгсөн. Одоогийн байдлаар хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Давж заалдах гомдол гаргасан хүүхдүүдийн зүгээс тухайн үед намайг өмгөөлөгчөөр аваагүй байсан. Шүүх бүрэлдэхүүнээс хүсэхэд өсвөр насны шүүгдэгч нар нь гэм хор, хохирлоо бүрэн төлсөн, зарим хохирогч нар нэхэмжлэгч зүйлгүй, санал гомдолгүй гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байгаа тул энэ 3 хүүхдэд оногдуулсан хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял хойшлуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч П.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйлгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйлгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Бын хууль ёсны төлөөлөгч Б.Энхмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүүхдээ ингэж явж байгаад харамсаж байна. ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч М.Тгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Маралмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүүгийнхээ өмнөөс харамсаж байна. Эмээгийнх рүүгээ явж байгаад ийм зүйлд холбогдчихлоо. Т манай ахын хүүхэд. Аав ээж нь бага байхад нь салсан. Одоо манайд, ээж бид хоёртой хамт амьдардаг. ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эцэг эхийн хариуцлагагүй байдлаас ийм зүйл боллоо. Шүүх хурлаас хойш багштай нь их ойрхон холбоотой ажиллаж байгаа. Хүүхдээ завгүй байлгах тал дээр анхаарч секц, дугуйланд бүртгүүлсэн. Одоо 84 дүгээр сургуулийн 10 дугаар ангид сурдаг. ...” гэв.
Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирлын талаар Б-, Т нар учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна. У.Э нийт 1.416.433 төгрөгийн төлбөрөөс 938.937 төгрөг төлөөгүй үлдсэн байна. М.Т, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, тохирсон ял шийтгэлийг оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч П.А, Б.Б, М.Т, У.Э, Э.Т- нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг хянаж, шийдвэрлэх ёстой байдлыг шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Түүнчлэн прокуророос дээрх гэмт хэргийг өсвөр насны Э.Т-, М.Т, Д.Тэмүүлэн, П.А, У.Э нарыг Д.Бадрахтай бүлэглэн үйлдсэн хэмээн 1906027281021 /а, в, г, д/ дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, тэднээс мэдүүлэг авсан байна. /1хх 201-208, 217-248/
Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 62 дугаартай прокурорын тогтоолоор Д.Бадрах нь бусадтай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Цолмонбаярын эзэмшлийн “Ундрал” хүнсний дэлгүүрийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, бэлэн мөнгө, архи, ундаа зэрэг эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, бусдад 1.387.606 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдож байх боловч Д.Бадрах нь дээрх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээх арван дөрвөн насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэлэсэн байна. /3хх 173-175/,
Яллах дүгнэлтэд өсвөр насны шүүгдэгч М.Т, Э.Т-, П.А, У.Э, Д.Тэмүүлэн, Д.Бадрах нар бүлэглэн үйлдсэн гэж тусгагдсан байна. /3хх 173/,
Д.Бадрахын Э.Т-, М.Т, Д.Тэмүүлэн, П.А, У.Э нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 61 дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Миний дөт 329” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 шил виски хулгайлсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үйлдлийг прокурорын шатанд хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, орхигдуулжээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 353
дугаартай Эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоолд “...М.Т, Б.Б, У.Э, М.Мөнхбаатар, Э.Т- нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашу март” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч камерын хард свич, бэлэн 470.000 төгрөг, хүнсний бараа бүтээгдэхүүн зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан...” гэж бичигджээ.
Харин прокуророос “...Б.Б, У.Э, Э.Т- нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашу март” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан...” гэж яллах дүгнэлт үйлджээ.
Хэрэгт цугларсан баримтуудыг нэг бүрчлэн судлан үзэхэд М.Тг дээрх үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон, бусад оролцогч нарын үйлдэл, оролцоог өөрчилсөн эрхийн акт хэрэгт авагдаагүйгээс гадна прокурорын яллах дүгнэлтэд энэ талаар тусгагдаагүй нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.
3. Өсвөр насны шүүгдэгч Б.ГанБ- /Б.Б/-ыг
а/ У.Э, М.Мөнхбаатар, Н.Эрдэнэбүрэн нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр” худалдааны төвийн хашаанд байсан майханд хууль бусаар нэвтэрч 4 ширхэг унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, бусдад 537.000 төгрөгийн,
б/ У.Этэй бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орон зай” худалдааны төвд хууль бусаар нэвтэрч Б-18 тоот павилионоос нууцаар, хүч хэрэглэхгүйгээр бэлэн мөнгө, гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл зэрэг эд зүйлс хулгайлан авч бусдад 2.607.500 төгрөгийн хохирол тус тус хэрэгт яллагдагчаар татсан байна. /2хх 58-60, 3хх 75-76/,
Гуравдугаар хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан төрсний гэрчилгээнд “...Баярсайханы ГанБ-...” гэж бичигдсэн хэдий ч өсвөр насны шүүгдэгчийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11/09/007799 дугаартай лавлагаагаар Баярсайханы Б- гэж улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн болох нь нотлогдож байна. /1хх 107/
Гэтэл прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.ГанБ- гэгдэх нэрийг болон бусад оролцогч нарын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгөөгүй байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б, У.Э нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орон зай” худалдааны төвд хууль бусаар нэвтэрч Б-18 тоот павилионоос нууцаар, хүч хэрэглэхгүйгээр эд зүйлс хулгайлсан хэрэгт прокуророос 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 173 дугаартай тогтоолоор яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулжээ. /3хх 187, 188/,
Уг тогтоолын агуулга, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын тайлбар зэргээс дүгнэхэд зөвхөн Б.Б, У.Э нарын холбогдсон хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.ГанБ- гэгдэх нэрийг өөрчилсөн гэж үзэхгүй.
4. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч Э.Т-ийн хууль ёсны төлөөлөгчөөс Н.Энхжаргалаас “...манай хүүхэд одоо 84 дүгээр сургуульд 10 дугаар ангид сурдаг...”,
Өсвөр насны шүүгдэгч М.Тгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Маралмаагаас “...Т ээж, бид хоёртой амьдардаг...” талаар тайлбар гаргасан байна.
Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд Э.Т-ийг “...бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ...”, М.Тг “... ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, ...” гэж бичигдсэн нь учир дутагдалтай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх журам, баримтлах нийтлэг шаардлага зэргийг тусгайлан хуульчилжээ.
Хэрэгт авагдсан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлд заасан өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтооход онцгой анхаарах нь зүйтэй.
Энэ нь шүүхээс өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэхээс гадна, Хүүхдийн эрхийн тухай конвенцид заасан “...ял шийтгэл оногдуулах бол аль болохоор хорихоос өөр хувилбарыг сонгох, хорих ялыг хамгийн сүүлчийн арга хэмжээ болгон хэрэглэх, байж болох хамгийн богино хугацаагаар хорих гэсэн хувилбараар ашиглах...” гэж заасны дагуу шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
5. Өсвөр насны шүүгдэгч У.Э 2005 оны 02 дугаар сарын 13-ны төрсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11/09/007803 дугаартай лавлагаа, нас тоолсон тэмдэглэл болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна. /1хх 113-117/
Өсвөр насны шүүгдэгч У.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар, үргэлжилсэн үйлдэлд хамаарах эсэхэд хууль дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.
Дээрх ажиллагааг хуульд нийцүүлэн хийж гүйцэтгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.
Эдгээр байдлуудыг нэгтгэсэн дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн буюу мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.
Өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, М.Т, У.Э, Э.Т- нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан тул оролцогч нараас гаргасан давж заалдах гомдлыг энэ удаад хянан шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/1467 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, М.Т, У.Э, Э.Т- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б, М.Т, У.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Үүнээс анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, Э.Т-, М.Т, У.Э нарыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсан тухайн гэмт хэргийн шинжтэй зөрүүтэй, өсвөр насны шүүгдэгч нарыг хохирол хариуцах иргэний эрх зүйн чадвар, чадамжтай эсэхэд хууль дүгнэлт хийх ёстойг цаашид онцгойлон анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/1467 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, М.Т, У.Э, Э.Т- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б, М.Т, У.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ