Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0157

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ш*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т*******

Нэхэмжлэгч: “Ш*******” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Л*******, Ш.Э*******

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн НА-25240000086 дугаар актын Тэмдэглэх нь хэсгийн 3 дахь хэсгийг буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 274.323.995,46 төгрөгийн зөрчилд 27.432.399,55 нөхөн татвар, 10.972.959,82 төгрөгийн торгууль, 8.305.981,93 төгрөгийн алданги, нийт 46.711.341,30 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0891 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.А*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т*******

Хариуцагч Б.Л*******, Ш.Э*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******, Б.Д*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2024/0667/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш*******” ХХК-иас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Л*******, Ш.Э******* нарт холбогдуулан “2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн НА-25240000086 дугаар актын Тэмдэглэх нь хэсгийн 3 дахь хэсгийг буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 274.323.995,46 төгрөгийн зөрчилд 27.432.399,55 нөхөн татвар, 10.972.959,82 төгрөгийн торгууль, 8.305.981,93 төгрөгийн алданги нийт 46.711.341,30 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0891 дүгээр шийдвэрээр:

Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 6 дугаар зүйлийн 6.1.29, 28 дугаар зүйлийн 28.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш*******” ХХК-иас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Э*******, Б.Л******* нарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.Л*******, Ш.Э******* нарын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн НА-25240000086 дугаар актаар тогтоосон нийт 104.049.552,13 төгрөгийн төлбөрөөс 46.711.341,30 төгрөгийн төлбөрийг багасгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“Нэхэмжлэгч “Ш*******” ХХК нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан "Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн НА-25240000086 дугаар актын Тэмдэглэх нь хэсгийн 3 дахь хэсгийг буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 274.323.995,46 төгрөгийн зөрчилд 27.432.399,55 нөхөн татвар, 10.972.959,82 төгрөгийн торгууль, 8.305.981,93 төгрөгийн алданги нийт 46.711.341,30 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах"-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тус компани нь хяналт шалгалт хийсэн татварын жилд улсын сургууль, цэцэрлэгийн засварын төсөвт ажлууд хийж гүйцэтгэсэн бөгөөд барилгын ажилд зарцуулагдсан материалын худалдан авалтад бэлтгэн нийлүүлэгчид төлсөн зардлыг "...хий бичилттэй худалдан хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн "НӨАТ-тай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан..." зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Харин тус байгууллагын аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нөхөн ногдуулалтын актаар төлбөр төлүүлэхээр тогтоохдоо "Зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх хуулийн шаардлага хангаагүй, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дэх хэсгийг зөрчсөн" гэж татварын байцаагчид үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Товчхондоо огт материал гаргалгүйгээр улсын сургууль, цэцэрлэгийн засварын ажил хийж Улсын комисс хүлээлгэн өгсөн гэж ойлгогдохоор байна. Барилгын ажилд зарцуулсан материалын тоо, үзүүлэлт, чанар нь бусад нотолгооны хэрэгслээр бүрэн нотлогддог.

Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд татварын ногдлыг тодорхойлох боломжгүй үед жишиг үнийн аргыг хэрэглэхээр хуульчилсан. Түүнчлэн Сангийн сайдын 2019 оны 294 тоот тушаалаар "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ыг баталсан. Гэтэл татварын байцаагчид нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчлийг тогтоож нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо мөн хамтад нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг шууд хамааруулан ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан тодорхой байх, шударга байх зарчим, мөн хуулийн 36 дугаар зүйл, Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2.8.4, 3.2.7, 5.4.3 дэх хэсэг, Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг зөрчсөн гэж татвар төлөгчийн зүгээс үзэж байна.

Анхан шатны шүүхээс жишиг үнийн аргыг хэрэглэхгүй байх хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, түүнчлэн мөн "... хуулийн 28 дугаар зүйлийн 28.3. "Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна" гэх зохицуулалтуудаас эхэлж байгаа нь хуулийн бүтцээс буюу нэг болон зургаадугаар бүлгээр тодорхойлогдож байна" гэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0891 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.

            1.Шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажил гүйцэтгэхдээ огт зардал гаргалгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаагүй, гагцхүү гаргасан гэх зардал нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг нэгэн зэрэг хангаагүйтэй холбогдуулан албан татвар ногдох зардлаас хасч тооцохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчийг 2021 оны 12 дугаар сард “Ф*******” ХХК-ийн нийт 4 ширхэг НӨАТ-ын хий бичилтэй падаанаар 274.323.995,46 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт хийсэн мэтээр төсөвт төлөх албан татварыг, мөн уг дүнгээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогыг хасч татвар ногдох орлогыг тус тус бууруулсан гэсэн үндэслэлээр нийт 104.049.552,13 төгрөгийн төлбөр ногдуулахаар шийдвэрлэснээс нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн албан татварт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, гагцхүү аж ахуйн нэгжийн орлогын албан татварт хамаарах 46.711.341,30 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар маргасан, шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2.Тухайлбал нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзэхэд дээрх зөрчлийг нэмэгдсэн өртгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тооцохдоо ялгамжтай авч үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл нийт 274.323.995,46 төгрөгийн хий бичилттэй баримтыг үндэслэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогыг уг дүнгээр хасч тооцсоноос 27.432.399 төгрөгийн албан татварыг бууруулан тайлагнасан нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсон энэ тохиолдолд давж заалдах гомдолд дурдсанчилан “…огт материал гаргалгүйгээр улсын сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажил хийсэн байх учиргүй…” гэсэн үндэслэлээр Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд заасан жижиг үнийн аргыг хэрэглэж, татвар ногдох орлогыг тогтоохгүй.

Учир нь уг хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.1-т заасан “татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан, бүртгэл хөтлөөгүй”, 36.2.2-т заасан “татвар төлөгч тайлан, бүртгэлийг дутуу буюу буруу хөтөлсөн”, 36.2.3-т заасан “татвар төлөгчийн тайлан, бүртгэл алдагдсан буюу устсан”, 36.2.4-т заасан “татвар төлөгчийн татварын тайлангийн үзүүлэлт нь санхүүгийн тайлангийн үзүүлэлттэй харьцуулахад татварын ногдол дутуу тодорхойлогдсон нь илт байгаа”, 36.2.5-т заасан “татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүй” гэсэн татварын албаны татварын ногдлыг өөрт байгаа мэдээлэлд үндэслэн жишиг үнийн аргаар тодорхойлох үндэслэлүүдийн аль аль нь энэ тохиолдолд хамаарахгүй, хэрэглэгдэхгүй.

“Ш*******” ХХК-иас аж ахуйн нэгжийн орлогын албан татварын /ТТ-02/ тайлангаар 2020 онд 341.370.082,76 төгрөгийн татвар ногдох орлоготой, 340.008.073,88 төгрөгийн хасагдах зардалтай, 1.362.008,88 төгрөгийн татвар ногдуулах орлогод 136.200,89 төгрөгийн албан татвар, 2021 онд 516.266.307,27 төгрөгийн татвар ногдох орлоготой, 494.195.590,46 төгрөгийн хасагдах зардалтай, 22.070.716 төгрөгийн татвар ногдуулах орлогод 2.207.071,65 төгрөгийн албан татвар тус тус ногдуулан тайлагнасан байх тул тайлан, бүртгэл хөтлөөгүй гэж үзэхгүй, мөн хий бичилттэй НӨАТ-ын падаанаар нэмэгдсэн өртгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг санаатайгаар бууруулсан тул тайлан, бүртгэлийг дутуу буюу буруу хөтөлсөн гэж үзэхгүй, тайлан, бүртгэл алдагдаагүй буюу устаагүй, татварын тайлангийн үзүүлэлт нь санхүүгийн тайлангийн үзүүлэлттэй харьцуулахад татварын ногдол дутуу тодорхойлогдсон нь илт байгаа гэж үзэхээргүй, энэхүү тайлан нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байна.

Иймд татвар ногдох орлогыг бууруулж тайлагнасан нь татварын жишиг үнийн аргыг хэрэглэх үндэслэлд хамаарахгүй, мөн татварын хяналт шалгалтын хугацаанд хамаарах сургууль, цэцэрлэгийн барилгын засварыг хийхэд гаргасан зардал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардал буюу “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх”, “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх”, “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх” нөхцөлийг нэгэн зэрэг хангасангүй.

 Сангийн сайдын 2019 оны 294 дүгээр тушаалаар баталсан “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-д  ч энэ тохиолдлыг тооцохоор зохицуулаагүй болно.

3.Харин ч татварын улсын байцаагчдаас нэхэмжлэгчийн 2021 онд тайлагнасан 494.195.590,46 төгрөгийн татвар ногдох орлогоос цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, түүнтэй адилтгах орлого 47.500.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын шимтгэл 5.808.420 төгрөг, үндсэн хөрөнгийн элэгдэл 3.002.000 төгрөг, нийт 56.310.420 төгрөгийн төлбөрийн баримтгүй зардлуудыг хасч, үлдсэн 437.885.170,81 төгрөгийн татвар ногдох орлогоос дээрх “Ф*******” ХХК-иас авсан гэх нийт 274.323.995,46 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилтэй худалдан авалтыг хасахгүй гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй.

“Ш*******” ХХК-ийн 2021 оны аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаас үзэхэд дээрх компаниас тайланд оны үйл ажиллагаатай холбоотой бараа, ажил үйлчилгээ худалдан аваагүй, төлбөр төлөөгүй атлаа тайланд бараа, ажил үйлчилгээ авсан мэтээр хасагдах зардлаар тусгаж албан татвар ногдох орлогыг бууруулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 891 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ш*******” ХХК-ийн өмгөөлөгч Н.Т*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

                ШҮҮГЧ                                                  Т.ЭНХМАА

 

                           ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН