Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 964

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2019/00964

Төв аймаг

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, 34 байр, 9 тоотод оршин суух Хушаат овгийн Цогтхүүгийн Энхмаа /ЧА84062965/

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, “Монгол даатгал” ХХК-ийн байранд байрлах Төв аймгийн тойргийн нотариатч Боржигон овгийн Чулуунбатын Наранцэцэг /РС74060208/

 

“Итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Энхмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болормаа, нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн тойргийн нотариатч Ч.Наранцэцэг нь Д.Батбаяр, Г.Туул нарт 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хийсэн итгэмжлэлээр 000104185 тоот гэрчилгээтэй Ү-2205034327 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээтэй Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34 байр, 9 тоот хаягт байрлах 43,37 мкв 2 өрөө орон сууцыг хөлсөх гэрээнд төлөөлөх, холбогдох бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах эрхийг олгох итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон. Нотариатч нь миний зөвшөөрөлгүй, намайг эзгүй байхад миний гарын үсгийг хуурамчаар зуруулж итгэмжлэл олгосон. Дээрх хууль бус үйлдлээс болж миний бие орон сууцандаа амьдрах эрх зөрчигдөж өнөөдрийг хүрч байна. Иймд Төв аймгийн тойргийн нотариатчийн хийсэн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 256 бүртгэлийн дугаартай төлөөлүүлэгч Г.Туул, Ц.Энхмаа нараас төлөөлөгч Д.Батбаярт олгосон итгэмжлэлийг гэрчилсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Наранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ц.Энхмаагийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 256 тоот бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг гэрчлэхдээ нэхэмжлэгч Ц.Энхмааг оролцуулаагүй нь үнэн болно. Ингэхдээ намайг мөн хуурсан байсан. Ц.Энхмаад мөнгө өгч явуулах гэж байгаа гэж байсан боловч 2019 оны 07 дугаар сард Ц.Энхмаа над дээр ирж учир байдлыг хэлснээр би мэдсэн. Тухайн үед нэг хүн над руу ярьж өөрийгөө гадаадад яваа та наад итгэмжлэлээ батлаад өгчих гэж байсан. Ингээд миний бие хамаатнуудтайгаа уулзаж энэ талаар юу болсныг мэдээд байрыг суллаж өгөхийг шаардаж, үгүй бол цагдаад өгөхийг мэдэгдсэн. Итгэмжлэл дээр Ц.Энхмаагийн утсыг биш суусан авгайнхаа утсыг бичүүлсэн байсан. Иймд итгэмжлэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Ц.Энхмааг байлцуулалгүйгээр итгэмжлэл гэрчилснээ хүлээн зөвшөөрч байна. Итгэмжлэлийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Энхмаа итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ч.Наранцэцэг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар итгэмжлэл гэрчлэх үйлдэл хийх эрхтэй боловч хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д зааснаар нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах үүрэгтэй бөгөөд хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1-д зааснаар хуурамч баримт бичгийг гэрчлэхийг хориглохоор зохицуулжээ. Хариуцагч буюу нотариатч нь нэхэмжлэгч буюу төлөөлүүлэгчийг байлцуулалгүйгээр итгэмжлэлд түүний гарын үсгийг өөрийн авга эгчээр дууриалган зуруулсан нь түүний тайлбараар /хх-7, 21/ тогтоогдож байна.  Өөрөөр хэлбэл хариуцагч нь итгэмжлэлийг гэрчлэхдээ мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасан үйлчүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал, өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхээ биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 Хэдийгээр 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр олгосон итгэмжлэл /хх-5/ нотлох баримтын шаардлага хангахгүй боловч хариуцагч итгэмжлэл гэрчлэхдээ хууль зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрсөн тул Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх ... сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно.” гэж заасны дагуу итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна.”, 64 дүгээр зүйлийн 64.2-д “Бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино.”, 64.2.1-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, ...”, 64.3-д “Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.” гэж тус тус заажээ. Тодруулбал 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр олгосон итгэмжлэлд төлөөлүүлэгч Ц.Энхмаа гарын үсэг зураагүй нь итгэмжлэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэстэйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар Төв аймгийн тойргийн нотариатчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Наранцэцэгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Энхмаад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.ЭНХТӨР