| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0061/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/60 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/60
2023/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Хохирогч: Н.П
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Шүүгдэгч: С.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сын Тд холбогдох эрүүгийн 2212000000407 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бетон зуурмагийн туслах ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сын Т /РД:МЮ............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Боржигон овгийн Сын Т нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Шинэ чулуу бутлуурийн урд хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж иргэн Н.Пг зодож биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт хоёр хөмсөгний дотор буланд зүсэгдсэн шарх, баруун зовхинд цус хуралт, дээд уруулын баруун дотор салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Н.Пгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Гэмтэл авсны дараа арван цагийн үед найзыгаа дуудаад нэгдсэн эмнэлэг дээр хүргүүлсэн. Их хэмжээний цус гарсан учир ухаан алдсан. Ухаан алдаад нэг сэрсэн чинь нэг талдаа 5 оёдол, нэг талдаа 2 оёдол тавиулсан байсан. Үзүүлчхээд цагдаа дээр мэдүүлэг өгөөд гэртээ харьсан. Маргааш нь нэгдсэн эмнэлэгт Өлзийсайхан гэдэг эмчид үзүүлэхэд хот руу явж үзүүлэх шаардлагатай байна гэсэн. Тархи толгойгоо битгий бариулаарай, гэмтэл авсан байж магадгүй гэсэн. Тэр өдөр хот руу явж чадаагүй. Зодуулсныхаа маргааш орой нь хашаандаа явж байгаад ухаан алдсан байсан. Хүүхэдтэйгээ байсан, манай хүүхэд манай ээж, аав руу залгасан байсан. Тэгээд ах дүү нар мэдсэн. Хэвтрийн дэглэм барьж байгаад, түргэнээр тариа хийлгэж байгаад хоёр дахь өдөр нь эгчийн хамт Улаанбаатар хот руу явсан. Машинд хэвтрийн байдлаар хот орсон. Тархи толгойд гэмтэл байхгүй хамрын таславч гэмтэлтэй гэж гарч ирсэн. Нүүрэнд ил харагдах шарх их байсан учраас хамрын хагалгаанд орж болохгүй, нүүрэн дээрх ил шархыг эдгээсний дараа орж болно гэсэн...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 2212000000407 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Н.Пгийн өгсөн:
“...Би 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр машинаа угаалгын газарт угаалгаж байхад манай найз Г.О залгаад хаана байгаа гэхээр нь би байгаа газраа хэлэхэд Г.О удалгүй ганцаараа ирсэн. Тэгээд машинаа угаалгаж дуусаад аавынд юм хүргэж өгөөд гэртээ гал түлээд байж байхад Г.О гадаа Билгээ ирчихлээ машинтай юм чинь 2 машинаа орхичихъё гээд бид 2 машинд нь ороод суусан. Тэгсэн Ж.Б Г.Огийн гэрийн доод дэлгүүрээс 2.5 литрийн том авсан. Тэгээд Ж.Б нэг найзтайгаа уулзаж ажил ярина гээд Улаан баяуны дээр байх карьерын гадна очоод нэг хүнтэй уулзсан. Тэгээд тэндээ дэлгүүрээс авсан пивыг Г.О Түмээ гэх залуугийн хамтаар 2 ширхэг том пивыг хувааж уусан. Тэгээд Ж.Бд хандаж эхнэр чинь намайг хүмүүс буруугаар ойлгуулсан байсан гэж хэлэхэд дундуур Түмээ гэх залуу нь чи нөхрийнх нь дэргэд эхнэрийг муулдаг хэн бэ чи гэж хэлэхээр нь би чамд хамаагүй гэж хэлэхэд элдвээр дуудаад байсан тэгж л хэрүүл анх эхэлсэн. Үүний дараа маргалдсаар байсан. Тэгээд гадаа байхад машины араас бууж ирэх шиг болсон чинь над руу нэг зүйл аваад шидсэн, тэгэхэд миний нүүр хэсэгт оноход би газар унасан. Тэгсэн миний нүүр хэсгээс маш их цус гарч байсан болохоор гар утсаараа хүн дуудах гээд залгахад манай найз залгаж таараад намайг ирж авч эмнэлэгт хүргэж өгсөн. Тэнд байсан хүмүүсээс нэг нь намайг эмнэлэгт хүргэж өгөх талаар хэлээгүй зөвхөн цагдаад мэдэгдэлгүй энд учраа ольё гээд өөр газар очиж цусыг нь угаая гээд байхаар нь би машинд суугаагүй. Миний биед учирсан гэмтлийг С.Т гэх залуу учруулсан намайг газар унасан байхад хүртэл 1 удаа өшиглөсөн. Өөр хүн надад гар хүрээгүй. Би анх чулуу шидсэн байх гэж бодсон. Тэгсэн дараа нь станц байсан гэж сонссон. С.Т, Г.О, Ж.Б бид нар байсан өөр хүн байгаагүй. Согтолтын зэрэг гайгүй байсан 3-уулаа 2 том пиво уусан байсан. Надад санал хүсэлт байхгүй. Дахин эмчид үзүүлээд гэмтэлтэй байвал нэмэлтээр дүгнэлт гаргуулна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/
*Хохирогч Н.Пгийн дахин өгсөн:
“...Миний эрүүл мэндэд одоогоор Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн мөнгөн дүн нь 961.200 төгрөгийн хохирол учирсан байгаа. 2022 оны 12 дугаар сарын 20-дын үеэр дахин Улаанбаатар хот орж хамрын ясны хугарал, таславчийн хагалгаанд орно мөн гоо сайхны эмнэлэгт сорвины лазер эмчилгээнд орно. Тэгэхлээр дахин мөнгөн дүн гарна. Тийм болохоор дээрх эмчилгээний мөнгөн дүн дахин нэхэмжлэн. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд аваагүй байгаа. 500.000 төгрөг 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн байсан. Одоогийн байдлаар эмчилгээний төлбөр мөнгөнөөс 500.000 төгрөгийг төлж үлдэгдэл 461.200 төгрөг дутуу байгаа. Гэхдээ дахин эмчилгээний мөнгөн дүн тусгагдаагүй байгаа. Надад шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Гэхдээ 3 дугаар шатлалын эмнэлэгт үзүүлсэн баримтаар нэмэлтээр шинжээч томилуулна. Миний эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулах юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 58-59 дүгээр тал/
*Гэрч Г.Огийн өгсөн:
“...Би 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаасаа 17 цагийн үед тараад Н.П рүү залгахад манай гэрийн ойролцоо угаалгаж байна гэхээр нь би Ж.Бийн хамтаар Эзэн төвийн гадаа очиж Н.Птэй уулзаад Н.П машинаа гэртээ үлдээгээд бид 3 Ж.Бийн машинтай Түмээ гэх залуутай Билгээ уулзах хэрэг байна гэхээр бид 3 улаан баяуны дээр байх карьерын газрын гадаа очоод Билгээ Түмээ гэх залуу уулзаад машинд Түмээ орж ирж суугаад Н.П бид 3 Сэрүүн нэртэй 2,5 литрийн шар айргийг хувааж уусан. Билгээ машин барьж явсан болохоор огт уугаагүй харин бид 3-т аягалж өгсөн. Үүний дараа дэлгүүр явж 1 том 2,5 литрийн шар айраг авчраад уух гэж байхад Түмээ Н.П 2 маргалдаж эхэлсэн. Тэгсэн нэг нэгэн рүүгээ ундааны сав шидэлцээд байхаар нь Билгээ Н.Пг аваад гарсан. Н.П Түмээ рүү хандаж пизда минь буугаад ир гэхэд Түмээ яасан овоо пизда вэ гэж хэлээд гар станц шидэхэд нүүр хэсэгт онох шиг болохоор нь буугаад очиход Түмээ Н.П нар газар уначихсан Н.Пгийн нүүр хэсгээс нь цус гарсан байсан. Тэгээд Билгээ бид 2 тэр 2 салгаад Н.Пг эмнэлэг авч явах гэсэн тэгсэн Н.П машинтай хүн дуудсан байсан. Тэгээд машинд суугаад явсан. Араас нь гар утас руу нь залгасан боловч утсаа аваагүй. Н.Пгийн биед учирсан гэмтлийг Түмээ учруулсан. Өөр хүн гар хүрээгүй. Миний мэдэхээр станц л нүүр хэсэгт нь шидсэн. Өөр цохисонг мэдэхгүй байна. Нэг их согтсон зүйлгүй байсан. Н.П Ж.Бд хандаж танай эхнэр намайг муулсан байна лээ гэсэн тэгсэн Билгээ наад асуудлаа манай эхнэр рүү залгаад шууд хэлчих гэсэн тэгсэн Түмээ нөхрийнх нь дэргэд хүний эхнэрийг муулж архи уудаг хэн юм чи гэж хэлэхэд чамд хамаагүй гэснээс болж хэрүүл маргаан үүссэн. Н.П Түмээ Билгээ бид нар л байсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 4-6 дугаар тал/
*Гэрч Ж.Бийн өгсөн:
“...Би 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр ажлаасаа 17 цагийн үед Г.Огийн хамтаар ажлаасаа гараад Н.Пгийн байгаа газарт очиход Н.П машинаа угаалгаж байсан тэгсэн Г.О Н.П нар нэг пиво уух уу гээд хоорондоо ярихаар нь тэгвэл тэгэхгүй юу даа гэж хэлээд Н.П машинаа гэртээ авчиж тавиад замдаа дэлгүүрээс 2 ширхэг 2.5 литрийн 2 пивыг аваад замдаа дахин 1 ширхэг том пивыг аваад С.Т гэх найзтайгаа уулзахаар Улаан баяуны Шинэ карьер дээр очоод уулзаад миний машинд С.Т суугаад Н.П, Г.О, С.Т нар 2 пивыг хувааж ууж дуусаад С.Т, Н.П нар хоорондоо маргалдаж Н.П ууж байсан савтай пивыг аваад С.Т руу шидсэн тэгээд л хэрүүл маргаан улам даамжирсан. Би машинаас буугаад тамхи татаад эргээд ирэхэд Н.Пгийн нүүрнээс цус гарсан байсан. Эмнэлэг рүү С.Т авч явъя гэхэд Н.П машинд суухгүй хүн дуудсан гээд суухгүй байсан удалгүй нэг Приус-30 маркийн автомашин ирээд аваад явсан. Н.Пгийн биед учирсан гэмтлийг С.Т учруулсан. Өөр хүн гар хүрээгүй. Би дараа нь сонсоход станц шидсэн сураг байсан. Миний харснаар бол С.Т Н.Пд гар хүрсэн зүйл байхгүй байсан. Нэг их согтсон зүйл бол мэдэгдээгүй. Н.П, С.Т, Г.О бид нар л байсан... “гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/
*Яллагдагч С.Тын өгсөн:
“...Би хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулах болно. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-43 дугаар тал
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 456 дугаартай “...Н.Пгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр хөмсөгний дотор буланд зүсэгдсэн шарх, баруун зовхинд цус хуралт, дээд уруулын баруун дотор салстад цус хуралт, баруун бугалга, шуу, цээжний баруун дээд хэсэг, зүүн бугалга, зүүн гуя, өвдөгний дотор хажууд цус хуралт, хүзүү, нурууны зүүн доод хэсэг, зүүн суга, бугалганы дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр хөмсөгний дотор буланд зүсэгдсэн шарх, баруун зовхинд цус хуралт, дээд уруулын баруун дотор салстад цус хуралт гэмтлүүд тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 65-68 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Шинэ чулуу бутлуурийн урд хэсэгт иргэн Н.П нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Т нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Шинэ чулуу бутлуурийн урд хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр айлын эхнэрийг нөхөрт нь мууллаа гэх шалтгаанаар маргалдаж иргэн Н.Пгийн нүүрэн тус газарт цохиж биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт хоёр хөмсөгний дотор буланд зүсэгдсэн шарх, баруун зовхинд цус хуралт, дээд уруулын баруун дотор салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Пгийн“...Тэгээд гадаа байхад машины араас бууж ирэх шиг болсон чинь над руу нэг зүйл аваад шидсэн, тэгэхэд миний нүүр хэсэгт оноход би газар унасан. Тэгсэн миний нүүр хэсгээс маш их цус гарч байсан болохоор гар утсаараа хүн дуудах гээд залгахад манай найз залгаж таараад намайг ирж авч эмнэлэгт хүргэж өгсөн. Тэнд байсан хүмүүсээс нэг нь намайг эмнэлэгт хүргэж өгөх талаар хэлээгүй зөвхөн цагдаад мэдэгдэлгүй энд учраа ольё гээд өөр газар очиж цусыг нь угаая гээд байхаар нь би машинд суугаагүй. Миний биед учирсан гэмтлийг С.Т гэх залуу учруулсан намайг газар унасан байхад хүртэл 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Огийн“....П Ж.Бд хандаж танай эхнэр намайг муулсан байна лээ гэсэн тэгсэн Билгээ наад асуудлаа манай эхнэр рүү залгаад шууд хэлчих гэсэн тэгсэн Түмээ нөхрийнх нь дэргэд хүний эхнэрийг муулж архи уудаг хэн юм чи гэж хэлэхэд чамд хамаагүй гэснээс болж хэрүүл маргаан үүссэн, Н.П Түмээ рүү хандаж пизда минь буугаад ир гэхэд Түмээ яасан овоо пизда вэ гэж хэлээд гар станц шидэхэд нүүр хэсэгт онох шиг болохоор нь буугаад очиход Түмээ Н.П нар газар уначихсан Н.Пгийн нүүр хэсгээс нь цус гарсан байсан. Тэгээд Билгээ бид 2 тэр 2 салгаад Н.Пг эмнэлэг авч явах гэсэн тэгсэн Н.П машинтай хүн дуудсан байсан. Тэгээд машинд суугаад явсан. Араас нь гар утас руу нь залгасан боловч утсаа аваагүй. Н.Пгийн биед учирсан гэмтлийг Түмээ учруулсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Бийн”...С.Т, Н.П нар хоорондоо маргалдаж Н.П ууж байсан савтай пивыг аваад С.Т руу шидсэн тэгээд л хэрүүл маргаан улам даамжирсан. Би машинаас буугаад тамхи татаад эргээд ирэхэд Н.Пгийн нүүрнээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 456 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Т нь хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, хамрын таславчийн мурийлт хоёр хөмсөгний дотор буланд зүсэгдсэн шарх, баруун зовхинд цус хуралт, дээд уруулын баруун дотор салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Тын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч С.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Пгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь өөрт учирсан хохиролтой холбогдуулан баримт ирүүлсэнээс 3.511.550 төгрөгийн баримт нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт хамааралтай гэж үзэн шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд төлсөн 961.200 төгрөгийг хасч 2.424.175 төгрөгийг шүүгдэгч С.Таас гаргуулан хохирогчид олгохоор, түүний нэхэмжлэлээс 10.673.825/арван сая зургаан зуун далан гурван мянга найман зуун хорин тав/ төгрөгийг нэхэмжлэл нь нотлох баримтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг, мөн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч С.Т нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тыг 3/гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 3/гурав/ сарын хугацаанд хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Тд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Таас 2.424.175/хоёр сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун далан тав/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн ............. тоотод оршин суух хаягтай, Гал овогт Нямдоржийн П/РД:АЮ............../-д олгож, түүний нэхэмжлэлээс 10.673.825/арван сая зургаан зуун далан гурван мянга найман зуун хорин тав/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР