Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/62

 

 

 

 

 

                                             2023/ШЦТ/62

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Хохирогч: Б.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр  

Шүүгдэгч: Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Бын Гт холбогдох эрүүгийн 2312000000026 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ........... оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бын  Г/РД:АН_......./

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ба овогтой Г нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант ...... газарт 2022 оны 12 дугаар сарын 21-22-ны шөнө согтуурсан үедээ Б.Нг зодож биед нь доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн шилбэний урд дунд хэсэг, өвдөгний дотор хажуу, баруун өвдөгний дотор хажуу, баруун өвдөгний дээд хэсэгт жижиг зулгаралт, духны баруун дээд хэсэгт жижиг цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Хохирогч Б.Нн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Б.Г нь унтаж байхад орж ирээд согтуугаар агсам тавьсан. Шөнө унтаж байсан чинь нэг мотоцикльтой хүн ирээд хаалга эвдээд шууд ороод ирээд учир зүггүй зодсон...” гэх мэдүүлэг

         

            *Эрүүгийн 2312000000026 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Нн өгсөн:

“...2022 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00 цагийн үед Цэцэрлэг сумын Туулант багийн Шар зүлэг гэх газарт гэртээ гэр бүлийнхэнтэйгээ унтаж байхад манай багийн иргэн Бын Г гэх залуу согтуу гэрийн хаалганы самбарыг цөм өшиглөж гэрт орж ирээд, намайг газарт унтаж байхад миний хоолойг зүүн гараараа боон, толгой хэсэг рүү баруун гараараа 4-5 удаа цохисон. Миний толгой хэсэг рүү хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Би хэсэг зуур ухаан алдсан байсан. Хутга аваад ир энийг алсан байхад надад хууль үйлчлэхгүй гэсэн. Архангай аймгийн Цэцэрлэг сумын цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай эхнэр Пүрэвдулам, ээж Л.Бв хоёр байсан. Б.Г нь миний толгой хэсэг 4-5 удаа баруун гараараа цохисон. Толгой хэсэгт 3-4 удаа өшиглөсөн. Дээр сууж байгаад нүүр рүү 5-6 удаа баруун гараараа цохисон. Урьд өмнө Б.Г нь намайг зодож байгаагүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би гэрийнхээ хаалгыг 400.000 төгрөгөөр үнэлж байна. Би гэрийнхээ хаалгыг 6 жилийн өмнө 300.000 төгрөгөөр авч байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний мөнгө болон замын зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-12 дугаар тал/

 

*Хохирогч Б.Нн дахин өгсөн:

“...Би эмчилгээ хийлгэхэд гарсан зардал болон гэрийн хаалгаа төлүүлчих юм бол өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. Би эмчилгээ хийлгэсэн баримтаа гаргаж өгсөн байгаа. Мөн одоо нааш цааш явахад гарсан зардлаа шүүх дээр баримтаар гаргаж өгөх болно. Харин хаалгаа шинжээчийн үнэлгээний дүнгээр нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 77-78 дугаар тал/

 

*Гэрч Л.Бвын өгсөн:

“...2022 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 12 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн Хамар даваа гэх газарт гэртээ унтаж байтал манай гэрийн гадаа нэг эрэгтэй хүн ирээд хаалга нүдэж байснаа шууд хаалга өшиглөөд эвдсэн. Манай хүү Б.Н хаалга онгойлгож өгтөл Б.Г гаднаас орж ирээд Б.Нг заамдаж авна газарт унагаан нүүр хэсэгт 3-4 удаа баруун гараараа цохисон. Би Б.Нн 2 настай хүүхдийн уйлаад байхаар нь гэрээс хөтлөөд гарсан. Би Б.Нн хүүхэдтэй гадаа хэсэг сууж байгаад гэрүүгээ орж гал түлж Б.Гт цай чанаж өгсөн. Б.Г дараад байна гээд галын аман дээр хөлөө ийгээд сууж байгаад газарт унтаад өгсөн Удалгүй сумын төвөөс цагдаа ирээд Б.Гийг аваад явсан. Тухайн үед Б.Г архи бага хэмжээгээр уусан байсан.  Тухайн үед манай хүү Б.Нн биед нь ил харагдах шарх сорив байгаагүй. Доод уруул нь дотор талдаа бага зэрэг язарсан байсан. Манайх гэрийн хаалга 2 жилийн өмнө Архангай аймгийн төвөөс авч байсан. Би хэдэн төгрөгөөр авч байсан талаар сайн мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар тал/

 

*Гэрч Б.Эгийн өгсөн:

“...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11 цаг 10 минутын үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвийн Амбулаториор надад үзүүлсэн. Үзлэгт биеийн ерөнхий байдал дунд ухаан санаа саруул байр л идэвхтэй, уушиг 2 талдаа цулцангийн амьсгалтай зүрхний авиа тод хэм жигд, пульс 81 сатурац 94. А/Д баруун талдаа 102 604, зүүн талдаа 106 68 мм/муб хэл өнгөртэй, доод уруул дотор талдаа язарсан, язарсан уруулын ард талын 2 шүд хөдөлсөн, дух хэсэг нь хөхөрсөн, хэвлий зөөлөн аюулхай эмзэглэлгүй, арьс салст хуурайшсан. Шээсний гарц хэвийн, хаван үгүй байсан. Иргэн Б.Н нь урд өмнө эмнэлгийн байгууллагаар үзүүлж байгаагүй... “гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/

 

 *Яллагдагч Б.Гийн өгсөн:

 “...Би хохирогч Б.Нд хохирол төлбөрийг нь төлж барагдуулна, би Б.Нгээс уучлалт гуйсан бид эвлэрч учир зүйгээ олсон одоо хохирол мөнгийг өгөөд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 69-70 дугаар тал

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаартай “...Б.Нн биед доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн шилбэний урд дунд хэсэг, өвдөгний дотор хажуу, баруун өвдөгний дотор хажуу, баруун өвдөгний дээд хэсэгт жижиг зулгаралт, духны баруун дээд хэсэгт жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шилбэний урд дунд хэсэг, өвдөгний дотор хажуу, баруун өвдөгний дотор хажуу, баруун өвдөгний дээд хэсэгт жижиг зулгаралт, духны баруун дээд хэсэгт жижиг цус хуралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Б.Нн доод үүдэн 4 шүдний ёзоор чулуужсан бөгөөд доод үүдэн 2 шүд одоогоор хөдлөөгүй байна...” дүгнэлт /хх-ийн 26-28 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 12 дугаар сарын 21-22-ны шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн Хамар даваа гэх газарт иргэн Б.Н нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн Хамар даваа гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 21-22-ны шөнө согтуурсан үедээ Б.Нг зодож биед нь доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн шилбэний урд дунд хэсэг, өвдөгний дотор хажуу, баруун өвдөгний дотор хажуу, баруун өвдөгний дээд хэсэгт жижиг зулгаралт, духны баруун дээд хэсэгт жижиг цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Гийн“...2022 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00 цагийн үед Цэцэрлэг сумын Туулант багийн Шар зүлэг гэх газарт гэртээ гэр бүлийнхэнтэйгээ унтаж байхад манай багийн иргэн Бын Г гэх залуу согтуу гэрийн хаалганы самбарыг цөм өшиглөж гэрт орж ирээд, намайг газарт унтаж байхад миний хоолойг зүүн гараараа боон, толгой хэсэг рүү баруун гараараа 4-5 удаа цохисон. Миний толгой хэсэг рүү хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Би хэсэг зуур ухаан алдсан байсан. Хутга аваад ир энийг алсан байхад надад хууль үйлчлэхгүй гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бвын“...2022 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 12 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн Хамар даваа гэх газарт гэртээ унтаж байтал манай гэрийн гадаа нэг эрэгтэй хүн ирээд хаалга нүдэж байснаа шууд хаалга өшиглөөд эвдсэн. Манай хүү Б.Н хаалга онгойлгож өгтөл Б.Г гаднаас орж ирээд Б.Нг заамдаж авна газарт унагаан нүүр хэсэгт 3-4 удаа баруун гараараа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эгийн”...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11 цаг 10 минутын үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвийн Амбулаториор надад үзүүлсэн. Үзлэгт биеийн ерөнхий байдал дунд ухаан санаа саруул байр л идэвхтэй, уушиг 2 талдаа цулцангийн амьсгалтай зүрхний авиа тод хэм жигд, пульс 81 сатурац 94. А/Д баруун талдаа 102 604, зүүн талдаа 106 68 мм/муб хэл өнгөртэй, доод уруул дотор талдаа язарсан, язарсан уруулын ард талын 2 шүд хөдөлсөн, дух хэсэг нь хөхөрсөн, хэвлий зөөлөн аюулхай эмзэглэлгүй, арьс салст хуурайшсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Б.Г нь хохирогчийн эрүүл мэндэд доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн шилбэний урд дунд хэсэг, өвдөгний дотор хажуу, баруун өвдөгний дотор хажуу, баруун өвдөгний дээд хэсэгт жижиг зулгаралт, духны баруун дээд хэсэгт жижиг цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь өөрт учирсан хохиролтой холбогдуулан ирүүлсэн 1.127.037 төгрөгийн баримт, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хаалганы үнэлгээ 280.000 төгрөг нийт 1.407.037 төгрөгийн  баримтыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт хамааралтай гэж үзлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд хохирол төлөхөөр завсарлага авч хохирогчид 550.000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч Б.Г нь хохирол төлбөрөөс төлөөгүй үлдсэн 857.337/найман зуун тавин долоон мянга гурван зуун гучин долоо/ төгрөг гаргуулан төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Нд олгох нь зүйтэй байна.

 Хохирогч нь гэмт хэргийн улмаас үүдэн хоёр шүдэндээ эмчилгээ хийлгэсэн төлбөрөө нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул өөрт учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Б.Г нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт  хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгон овогт Бын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 1.000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан 1.000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос 857.337/найман зуун тавин долоон мянга гурван зуун гучин долоо/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Цэцэрлэг сумын .......... газар оршин суух хаягтай, Боржигон овогт Бвын Н/РД:А........../-д олгож, хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР