| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0060/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/64 |
| Огноо | 2023-03-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/64
2023/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Хохирогч: Я.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: Т.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Тын Тд холбогдох эрүүгийн 2212000000413 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Барилгын 16 гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Халх овогт Тын Т/РД:АЮ............./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Тнь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уул хорооллын 1-29 тоотод оршин суух иргэн Я.Гийн гэрт хууль бусаар нэвтэрч, иргэн Я.Гийн модон тавилга, модон бурхны гуу, хуванцар түмпэн, зурагтын станц, цахилгаан халуун тогоо буцалгагч, суурийн компьютерын мауз, 32 инчийн тошиба маркийн зурагт, 1,4м х 1.2м-ийн хэмжээтэй вакум цонх, цайны аяга, хоолны таваг, тоос сорогч зэрэг эд зүйлийг эвдэж 1.617.000 төгрөгийн хохирол, мөн жижиг өрөөнд номын завсар байсан 30.000 төгрөгийг хулгайлж, хохирогч Я.Гт нийт 1.647.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Т.Тгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Тэр мөнгийг би аваагүй. Мөнгөний тоо мэдэхгүй. Би өөрт нь мөнгө аваагүй гэж хэлсэн. Тавилгыг нь нураасан, цонхыг нь хагалсан мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг
*Хохирогч Я.Гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...11 дүгээр сарын 03-ны өглөө гудамж руугаа гараад алхааж байсан чинь Г гээд түлээ хөрөөддөг хүнийг энэ дагачихсан явж байсан. Би урьд нь энийг харж байгаагүй. Тэгээд юун хүн хамт яваад байгаа гэсэн чинь энэ шартаад байгаа юм аа шарын тайлах гэж байгаа гэсэн. Тэгээд би төв рүү уруудаад явсан. Төв рүү орох ажилтай байсан. Тэгээд төв рүү орчхоод, би өөрөө барилга дээр ажилладаг. Нэг өдөр амарсан. Амралтын өдөр. Тэгээд захаар юм бөөгнүүлээд хүүхдийн хичээл тарахаар нь хамт харьсан. Тэгээд хашаандаа ортол манай охин ааваа цонх хагалчихсан байна гэсэн. Тэгээд яваад очтол том цонхыг нэвт хагалаад хаячихсан байсан. Эд хөгшил нураагаад эвдээд, савтай ус байсан бүгдийн асгаад хаячихсан байсан. Эвдээгүй юм гэж байхгүй, бүгдийн эвдээд, асгаад хаячихсан байсан. Хүүхдийн номыг бүгдийн гаргаж шийдээд, бүгдийн эвдэж хагласан байсан. Ном завсар байсан 30.000 төгрөгийг яах аргагүй энэ хүн л авсан...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 2212000000413 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Я.Гийн өгсөн:
“...Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цогт-Уул хорооллын 1-39 тоотод байх гэрээсээ аймгийн төв рүү орохоор явсан. Тэгээд аймгийн төвд ажлуудаа амжуулчихаад 14 цагийн үел охин Г.Ггийн хамт гэртээ иртэл манай байшингийн урд талын гурван цонхны голын цонх хагарсан байдалтай байсан. Бид хоёр гайхаад гэрийнхээ хаалгыг онгойлгоод ороод үзтэл манай гэрийн бүх тавилгуудыг унагааж, эвдэлж, гэрийн бүх эд зүйлүүдийг нурааж, унагаж, эвдсэн байдалтай байсан. Мөн манай байшинд гал түлж, шар будаа, борцоор хоол хийж идсэн байсан. Уг манайх руу орсон хүн манай гэрээс манай охины цэнхэр өнгийн жийнсэн өмдийг сольж өмсөөд, өөрийнхөө өмсөж явсан хар өнгийн, судалтай, эмэгтэй хүний, биеийн тамирын гэмээр өмдөө манайд үлдээгээд явсан байсан. Тийм болохоор би манайх руу эмэгтэй хүн орсон байж магадгүй гэж бодсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай байшингийн урд талын гурван вакум цонхны голын цонхыг чулуугаар хагалсан. Том өрөөний модон стенк тавилга, бурханы гуу, юм угаадаг хуванцар төмпөн, зурагтны станц, халуун тогтоо, ус буцалгагч зэргийг хагалж, эвдсэн. Гал тогооны өрөөний тогооны авдрын хаалганы нугаснуудыг эвдэж дотор байсан эд зүйлс гурил, будаа борц зэргийг асгаж тараасан. Мөн манай 4 аяга, 5 тавгийг хагалсан. Ер нь бол манай гэрийн бүх зүйлийг сүйтгэж, тараасан байсан. Би гэрийнхээ эвдэрч хэмхэрсэн эд зүйлсийг одоогийн зах зээлийнх нь үнээр үнэлнэ. Надад тийм хүн байхгүй. Би өөрөө архи уудаггүй болохоор манайхаар элдэв янзын хүмүүс орж ирдэггүй. Намайг өглөө гэрээс гарахад манай гудамд түлээ хагалдаг Г гэдэг хүн танихгүй эмэгтэй хүнтэй хамт зогсож байсан. Би юу хийж зогсож байгаа талаар асуухад Г энэ хүүхэн намайг дагаж яваад байгаа юм, шарийг нь тайлж өгөхөөс гэж хэлсэн. Тухайн үед Гтай хамт явж байсан эмэгтэй нь хар өнгийн өмд, хар ногоон өнгийн гадуур хувцастай, тайрмал үстэй, 25-30 орчим насны, архи уудаг гэмээр эмэгтэй байсан. Тэр эмэгтэйг сэжиглэж байна. Би гомдолтой байна гэрийнхээ эвдэж хэмхэрсэн эд зүйлсийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 тал/,
*Насанд хүрээгүй гэрч Г.Ггийн өгсөн:
“...Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цогт-Уул хорооллын 1-39 тоотод байх гэрээсээ хичээлдээ явсан юм. Тэгээд өдөр 14 цагийн үед аав Гийн хамт гэртээ ирсэн чинь манай байшингийн урд талын гурван цонхны голын цонх хагарсан байдалтай байсан. Тэгэхээр нь аав бид хоёр байшингийнхаа хаалгыг онгойлгоод ороод үзсэн чинь манай гэрийн бүх эд зүйлийг нурааж эвдэж, сүйтгэсэн байдалтай байсан. Тэгээд бид хоёр цагдаа дуудлага өгсөн. Манай байшингийн том өрөөний модон тавилга, зурагт, станц, бурханы гуу, гал тогооны өрөөний ус буцалгагч, халуун тогоо, юм угаадаг хуванцар төмпөн зэрэг зөндөө олон эд зүйлс эвдэрсэн байсан. Жижиг өрөөнд байсан миний номын завсар байсан бэлэн 30.000 төгрөг алга болсон байсан. Орой нь аав бид хоёр гэрээ янзалж байгаад жижиг өрөөнөөс өөр эмэгтэй хүний хар өнгийн, хоёр талаараа цагаан судалтай, биеийн тамирын өмд олсон. Тэгээд би өөрийнхөө хувцсыг янзалж байсан чинь миний хувцаснаас миний өөрийн цайвар хөх өнгийн, доогуур тарпицан хэлбэртэй, жийнсэн өмд алга болсон байсан. Манайд орсон хүн өөрийнхөө өмсөж явсан өмдийг миний өмдөөр сольж өмсөөд өөрийнхөө өмдийг манай жижиг өрөөнд үлдээсэн байх гэж таамаглаж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/
*Гэрч Н.Гтарын өгсөн:
“...Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 09 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уул хороолол руу хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр явж байхад гадуур тэнээд яваад байдаг Т.Ттай таарсан. Тухайн үед Т.Тах аа би шартаад үхэх гээд байна, надад ганц хоёр татуулаад өгөөч гээд гуйгаад байсан. Тэгээд би хүүхдээ 11 дүгээр цэцэрлэгт хүргэж өгчихөөд Т.Ттай өвөртөө байсан архийг доод горхины ойролцоо хувааж уусан. Тэгээд би дээшээ яваад Цогт-Уул хороолол руу ороод Т.Тгаас нуугдаад эвтэйхэн салж гэр рүүгээ явж гэртээ хөрөөгөө аваад Цогт-Уулд айлд ирж мод хөрөөдөж өгсөн. Цогт-Уул хорооллоос баруун тийш байрлах горхины хажууханд үлдээгээд явсан. Тухайн үед надаас салахгүй намайг байнга дагаад байсан. Миний мод хөрөөдөж байсан айлын хажуу талын хашаанд байдаг. Би тэрэнд Я.Гийн гэрийг хэлж өгөөгүй. Сүүлд намайг мод хөрөөдөж байхад Я.Гийн гэрт цагдаа нар ирсэн хойно нь л би мэдсэн...’’гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/,
*Яллагдагч Т.Тгийн өгсөн:
“...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-53 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 131 дугаартай:
“...Модон тавилга, модон бурханы гуу, хуванцар төмпөн, зурагтын станц, цахилгаан халуун тогоо, ус буцалгагч, 1.4м*1.2м-ийн хэмжээтэй вакум цонх, 4 ш цанын аяга, 5 ш хоолны таваг, тоос сорогч, суурин компьютерын мауз, 32 инчийн Тошиба маркийн зурагт бүгд 11 нэр төрлийн эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 1.617.000/нэг сая зургаан зуун арван долоон мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 25 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 66 дугаар тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 29 дүгээр тал/,
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 2-8 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Т.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уул хорооллын 1-29 тоотод оршин суух иргэн Я.Гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу байшинд нэвтэрч, иргэн Я.Гийн модон тавилга, модон бурхны гуу, хуванцар түмпэн, зурагтын станц, цахилгаан халуун тогоо буцалгагч, суурийн компьютерын мауз, 32 инчийн тошиба маркийн зурагт, 1,4м х 1.2м-ийн хэмжээтэй вакум цонх, цайны аяга, хоолны таваг, тоос сорогч зэрэг эд зүйлийг эвдэж 1.617.000 төгрөгийн хохирол, мөн жижиг өрөөнд номын завсар байсан 30.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, хохирогч Я.Гт нийт 1.647.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Т.Тнь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уул хорооллын 1-29 тоотод оршин суух иргэн Я.Гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу байшинд нэвтэрч, иргэн Я.Гийн модон тавилга, модон бурхны гуу, хуванцар түмпэн, зурагтын станц, цахилгаан халуун тогоо буцалгагч, суурийн компьютерын мауз, 32 инчийн тошиба маркийн зурагт, 1,4м х 1.2м-ийн хэмжээтэй вакум цонх, цайны аяга, хоолны таваг, тоос сорогч зэрэг эд зүйлийг эвдэж 1.617.000 төгрөгийн хохирол, мөн жижиг өрөөнд номын завсар байсан 30.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, хохирогч Я.Гт нийт 1.647.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Я.Гийн”...Бид хоёр гайхаад гэрийнхээ хаалгыг онгойлгоод ороод үзтэл манай гэрийн бүх тавилгуудыг унагааж, эвдэлж, гэрийн бүх эд зүйлүүдийг нурааж, унагаж, эвдсэн байдалтай байсан. Мөн манай байшинд гал түлж, шар будаа, борцоор хоол хийж идсэн байсан. Уг манайх руу орсон хүн манай гэрээс манай охины цэнхэр өнгийн жийнсэн өмдийг сольж өмсөөд, өөрийнхөө өмсөж явсан хар өнгийн, судалтай, эмэгтэй хүний, биеийн тамирын гэмээр өмдөө манайд үлдээгээд явсан байсан. Тийм болохоор би манайх руу эмэгтэй хүн орсон байж магадгүй гэж бодсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай байшингийн урд талын гурван вакум цонхны голын цонхыг чулуугаар хагалсан. Том өрөөний модон стенк тавилга, бурханы гуу, юм угаадаг хуванцар төмпөн, зурагтны станц, халуун тогтоо, ус буцалгагч зэргийг хагалж, эвдсэн. Гал тогооны өрөөний тогооны авдрын хаалганы нугаснуудыг эвдэж дотор байсан эд зүйлс гурил, будаа борц зэргийг асгаж тараасан. Мөн манай 4 аяга, 5 тавгийг хагалсан. Ер нь бол манай гэрийн бүх зүйлийг сүйтгэж, тараасан байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Ггийн”...Тэгээд өдөр 14 цагийн үед аав Гийн хамт гэртээ ирсэн чинь манай байшингийн урд талын гурван цонхны голын цонх хагарсан байдалтай байсан. Тэгэхээр нь аав бид хоёр байшингийнхаа хаалгыг онгойлгоод ороод үзсэн чинь манай гэрийн бүх эд зүйлийг нурааж эвдэж, сүйтгэсэн байдалтай байсан. Тэгээд бид хоёр цагдаа дуудлага өгсөн. Манай байшингийн том өрөөний модон тавилга, зурагт, станц, бурханы гуу, гал тогооны өрөөний ус буцалгагч, халуун тогоо, юм угаадаг хуванцар төмпөн зэрэг зөндөө олон эд зүйлс эвдэрсэн байсан. Жижиг өрөөнд байсан миний номын завсар байсан бэлэн 30.000 төгрөг алга болсон байсан. Орой нь аав бид хоёр гэрээ янзалж байгаад жижиг өрөөнөөс өөр эмэгтэй хүний хар өнгийн, хоёр талаараа цагаан судалтай, биеийн тамирын өмд олсон. Тэгээд би өөрийнхөө хувцсыг янзалж байсан чинь миний хувцаснаас миний өөрийн цайвар хөх өнгийн, доогуур тарпицан хэлбэртэй, жийнсэн өмд алга болсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Гтарын”...Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 09 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уул хороолол руу хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр явж байхад гадуур тэнээд яваад байдаг Т.Ттай таарсан. Тухайн үед Т.Тах аа би шартаад үхэх гээд байна, надад ганц хоёр татуулаад өгөөч гээд гуйгаад байсан. Тэгээд би хүүхдээ 11 дүгээр цэцэрлэгт хүргэж өгчихөөд Т.Ттай өвөртөө байсан архийг доод горхины ойролцоо хувааж уусан. Тэгээд би дээшээ яваад Цогт-Уул хороолол руу ороод Т.Тгаас нуугдаад эвтэйхэн салж гэр рүүгээ явж гэртээ хөрөөгөө аваад Цогт-Уулд айлд ирж мод хөрөөдөж өгсөн. Цогт-Уул хорооллоос баруун тийш байрлах горхины хажууханд үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Т.Тгийн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 131 дугаартай дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн гэрээс 30.000 төгрөг аваагүй гэж маргаж байх боловч хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд хоёр дахь удаагаа өгсөн мэдүүлэг, болон насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгээр тухайн цаг хугацаанд хохирогчийн гэрт байсан эд зүйлээс 30.000 төгрөг алдагдсан үйл баримт тогтоогдсон, үүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд шүүгдэгч өөрийн гэм буруу болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Тнь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг, мөн иргэн Я.Гийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлийг эвдэж 1.617.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Т.Тг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт, бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Я.Гт 1.647.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Я.Г нь хохирол төлбөрөө аваагүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Т.Тгаас дээрх хохирлыг гаргуулж хохирогч Я.Гт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээс хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор заасан тул шүүгдэгч Т.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Тгийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 37 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халх овогт Тын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногийн хорих ялаар тооцон, 30 хоног буюу 1/нэг/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2/хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд оногдуулсан 2/хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тгаас 1.647.000/нэг сая зургаан зуун дөчин долоон мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............. тоотод оршин суух хаягтай, хохирогч Па дамба овогт Ядамсүрэнгийн Г/РД:АЮ........../-д олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тгийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 37/гучин долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР