| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2018/00301/И |
| Дугаар | 103/ШШ2019/00085 |
| Огноо | 2019-03-13 |
| Маргааны төрөл | Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар , |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2019/00085
Нэхэмжлэгч: . дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүгч Л.Нарангэрэл, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч ......... дүгээр хороо, .... тоотод оршин суух, Н- хүгдүүд овогт Б-ийн Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ......... дүгээр хороо............ тоотод оршин суух, О- овогт Д-ын Ц- холбогдох гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлттэй, 1 өрөө байр буюу 30.000.000 төгрөг, бие махбодь, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц-, хариуцагч Д.Ц-, нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид 1980 онд гэрлээд 1981, 1982, 1983, 1995 онд хүүхдүүдээ төрүүлсэн. 1981 онд Дархан-Уул аймгаас Багануур дүүрэгт нүүж ирсэн. 1995 оноос Ц-ын зан ааш өөрчлөгдөж, гэр бүлээс гадуур харьцаа үүсгэх болсон. 1998, 1999 онуудад хүүхдүүд нас ойролцоо байсан тул зэрэг оюутан болцгоосон. Тэр үед Ц- Багануурын уурхайд ажилладаг байсан боловч ажлаасаа гарч алтны уурхайд ажиллана гээд яваад өгсөн. Гэртээ тогтохоо болиод ирж очин амьдрах болсон. Хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөх мөнгө байхгүй би хамаг эд хөрөнгөө ломбарданд тавьж сургалтын төлбөрийг нь зохицуулдаг байсан. Ц- сардаа ганц хоёр удаа л ирдэг байсан. Өөр хүүхэнтэй танилцахаараа өмнөх эхнэр минь нас барсан гэж хэлээд хамт амьдардаг байсан юм билээ. 1995 онд бага хүүгээ төрүүлээд дөнгөж 2 сартай байхад нь намайг 4 хүүхдийн хамт хаяад явсан. 2012 онд захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулах гээд өргөдлөө өгөхөд Ц-ын мэдээлэл компьютерт байхгүй гээд гэрлэлтээ цуцлуулж чадаагүй. Удалгүй Ц- Зүүнхараад өөр хүнтэй амьдрах гээд явсан. Тэгээд 5, 6 жилийн дараа суусан эмэгтэй нь нас барж ажил явдлыг нь өнгөрөөгөөд ирлээ гээд 49 хоног нь дуусаагүй байхад гэртээ оруулаач гээд уйлаад ирсан. Би эмэгтэй хүний хувьд, 4 хүүхдийн минь эцэг шүү дээ гээд уучлаад хүлээж авсан. Гэрт ирээд удахгүй нөгөө доромжилдог, дээрэлхдэг, янз бүрийн хүүхнүүдтэй уулзаж учирдаг муухай зангаа гаргаж эхэлсэн. Энэ хүнийг гэрт ирснээс хойш хүүхдүүд минь гэртээ ирэхгүй, найз нөхөд, хамаатан садангийн хүмүүс манай гэрт ирэхээ больсон. Одоо би ач зээ нараа ч харах эрхгүй байна. Ач зээ нарын хажууд нөгөө л нэг хүүхнүүдийн асуудлаар хэрүүл хийдэг, намайг доромжилдог. Багануур жижигхэн газар шүү дээ, хэн яаж явааг бүгд мэддэг, бие биенээ таньдаг. Одоо болтол Багануурын гэр хорооллын зочид буудлуудаар янз бүрийн хүүхнүүдтэй уулзаад явж байна гэж буудалд ажилладаг хүмүүс нь хэлдэг. 2018 оны 3 дугаар сараас 5 дугаар сар хүртэл ач зээ нараа харах гээд би хотод хэсэг хугацаанд амьдрах хойгуур манай зээ охины нүдэн дээр өөр эмэгтэй гэрт авчирсан байсан. Зээ охин минь намайг сургуулиас ирэхэд өвөө таны унтдаг орон дээр өөр эмэгтэйтэй хамт байсан, би энэ хүнтэй нэг гэрт баймааргүй байна гэж хэлдэг болсон. Би өөрөө ч энэ хүнтэй хамт байхыг хүсэхгүй байна. Би олон жил энэ хүнийг тэвчиж уучилж ирсэн. Би үр хүүхэдтэйгээ, ач зээтэйгээ уулзаж хамт байхыг хүсч байна. Ямар сайндаа энэ хүнтэй хамт байхгүй гэж говьд уурхайд ажиллаж байхав дээ. Говьд ажиллаж байхад хажуу айлын хүн над руу утсаар залгаад чи хаана байгаа юм бэ?, танай гэрт шөнийн 3, 4 цаг хүртэл хүүхнүүд инээлдээд, хүмүүс архи дарс уугаад байна, гэр орон чинь хэцүүдэж байна шүү дээ, гэртээ ирээчээ гэж ярьж байна. Дахиж яасан ч эвлэрэхгүй, эвлэрэхийг ч хүсэхгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.
Харицагч Д.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид 1979 онд гэрлэсэн. Би Багануурын уурхайд 1981 оноос 2000 он хүртэл ажилласан. 1995 онд намайг гэрээсээ явсан гэж яриад байна. 2000 онд би хөдөлмөрийн чадвараа алдаад ажлаасаа гарсан. Хоёр удаагийн нөхөн олговроор би хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлж байсан. 2000 оноос би Заамрын алтны уурхайд ажиллаж эхэлсэн. Би олсон мөнгөө хүүхдүүддээ зориулдаг байсан. Одоо ч би таксинд яваад байрны ус, тог цахилгааны төлбөрөө төлөөд тус болоод явж байна. Эр эмийн асуудал Ц- чамд ч гэсэн байдаг биз дээ. 5 жилийн өмнө хоёр хүүхдүүдээр минь намайг зодуулаад, би Зүүнхараад амьдрах болсон. Хамт амьдарч байсан эмэгтэй минь өвчний улмаас нас барсан. Би энэ гэрт гуйж ирээгүй, хоёр охин над руу утсаар яриад аав одоо гэртээ ир гээд байсан болохоор нь ирсэн. Сайхан байсан амьдралыг чи ийм дарамттай болгосон. Ломбардад эд зүйлсээ алдсан юм байхгүй, би ажлаасаа ирээд өр зээл тавиад бүх зээлийг нь дардаг байсан. Чи надад 30 гаруй настай залуу шигээ байхаа больсон байна гэх мэтээр элдвээр хэлж байсан. Энэ хүн намайг 4 хүүхдийн минь эсрэг үзэлтэн болгосон. 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хурлаас гараад хүүхдээрээ намайг зодуулаад миний хамрын яс цуурсан. Намайг хүүгээ шоронд явуулах гэлээ, гомдолгүй гээд хэлчих, би ч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж авъя, чи ч сөрөг нэхэмжлэлээ татаад авчих гээд надтай тохирсон. Гэтэл өнөөдөр тэр тохирцолцоондоо хүрэхгүй худлаа яриад сууж байна. Тэрийгээ шүүхэд хэлэх хэрэгтэй шүү дээ. Надтай хүүгээ хөнгөн ял авахуулахаар харилцан тохиролцож эвлэрэхээр болсон байж одоо яагаад эвлэрэхгүй гээд байгаа юм. Эрхэм шүүгч нараас хүсэхэд амьдын хагацал битгий үзүүлээрэй, гэрлэлтийг минь битгий цуцлаачээ гэж хүсэх байна гэв.
Хариуцагч Д.Ц- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.Ц- миний бие 1979 онд Б.Ц-тэй гэр бүл болж 1981 онд охин, 1982 онд охин, 1983 онд хүү, 1995 онд хүү төрүүлж хамт өсгөлцсөн болно. Үүний өмнөх тайлбартаа ажил амьдрал, бүх зүйлийг үнэн зөвөөр бичсэн болно. 2013 оны 05 дугаар сард 2 хүүг маань миний эсрэг ятгасаар зодуулж толгойдоо маш хүнд гэмтэл авч байлаа. Одоо толгой байнга өвддөг, хараа муу, сонсгол муудаж байна. Ц- 2 жил болох хугацаанд намайг байнга дарамталж, хүчирхийлж байлаа. Өнгөрсөн намар бага хүүг маань ятгаж турхирсаар намайг зодуулж хохь чинь гээд сууж байсан.
Хотод байдаг хүргэнээрээ 2 удаа зодуулахаар заналхийлж байсан. Миний нэр дээрх 3 өрөө байрыг маань заруулж өр, ширээ даруулж байлаа. Ингээд насны эцэст 4 хүүхдээ өсгүүлж авчихаад хүний мөсгүй, жудаггүй, хударгагүй хандаж болохгүй. Энэ бүх эд хөрөнгө болон бие махбодь, сэтгэл санааны хохирлоо төлүүлсний дараа гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрөх болно. Иймд Ц-ээс 1 өрөө байр буюу 30 сая төгрөг, бие махбодь, сэтгэл санааны хохирол 20 сая төгрөг нийт 50 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ц- сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Ц- намайг хүний гараар гэмт хэрэг хийлгэдэг, 4 хүүхдээ өсгөж авчихаад хүний мөсгүй хандаж байна, эд хөрөнгө сэтгэл санааны хохирлоо төлүүлнэ” хэмээн тайлбарлаж 50 сая төгрөг нэхэмжилсэн байна гэж ойлголоо. Д.Ц- хамт амьдарсан цаг үеийн туршид намайг болон хүүхдүүдээ хайрлахгүй анхаарал халамж тавихгүй, сэтгэл санаа, бие махбод, эдийн засгийн хувьд зовоож байсан, одоо ч энэ байдал нь хэвээр байгаагаа яагаад өдийг хүртэл ухаардаггүй юм бэ. Төрсөн үр хүүхдээ хайрлаж чадахгүй, тэдэндээ хөндий хүйтэн сэтгэлээр хандаж өөрийн жаргалыг хөөн явсаны үр дагаварт эцсийн эцэст үр хүүхдүүд нь өөртэй нь таарамжгүй харьцдаг болсонд би ямар буруутай юм бэ. Өөрөө том болсон хүүхдүүдээ элдвээр хэлж, хэрүүл маргаан үүсгэдэг, 4 хүүхдээ хоолтой хоолгүй, нойртой нойргүй явж байж би ганцаар өсгөсөн гэхэд хилсдэхгүй. Байр орон сууцны тухайд Багануурын уурхайгаас манайд өгсөн байрыг томруулан миний эгчийн байраар сольсон юм. Хүүхдүүдийн сургалтын төлбөрт зориулж зээлсэн мөнгөний өр нэхэгдээд байхаар нь байраа зарж, өрөө дарсан. Дараа нь Багануурын уурхайгаас надад орон сууц өгсөн. Энэ орон сууцыг би өөрийн тусдаа гарсан том хүүдээ өгсөн. Одоо Д.Ц- бидний нэр дээр орон сууц байхгүй. Д.Ц- надаас салаад өөр хүнтэй суухаар явахдаа гэр бүлийн дундын өмч болох машинаа, бусад гэрийн эд хогшлын хамт байсан бүгдээ аваад явсан. Эргээд ирэхдээ юу ч үгүй ирсэн. Д.Ц- биш харин би түүнээс насаар минь намайг зовоосны хариуд төлбөр мөнгө нэхэмжилмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Д.Ц- холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хариуцагч Д.Ц- нь Б.Ц- холбогдуулан 1 өрөө байр буюу 30.000.000 төгрөг, бие махбодь, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд тус тус гаргажээ.
Хариуцагч Д.Ц- нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, 50 сая төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Ц-, хариуцагч Д.Ц- нар нь 1980 оноос хамтран амьдарч, 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, гэрлэгчдийн эрх үүрэг үүсгэж хамтран амьдрах хугацаанд 1981 онд охин Ц.Наранбилэг, 1982 онд Ц.Наранцацрал, 1983 онд хүү Ц.Нарантөгс, 1995 онд хүү Ц.Наранзориг нарыг төрүүлж өсгөсөн бөгөөд хүүхдүүд бүгд насанд хүрсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчид нь 2013.10.04-ний өдөр гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулахаар харилцан тохиролцож Иргэний бүртгэлийн хэлтэст өргөдлөө гаргаж байсан болох нь тэдний өргөдлөөр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч Д.Ц-ын тухай мэдээлэл бүртгэлийн санд байхгүй гэсэн үндэслэлээр тухайн үед гэрлэлтээ цуцлуулаагүй байна. /хх-7-10 дугаар хуудас/
Нэхэмжлэгч нь хариуцагчийн үнэнч бус зан, өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоож гэр бүл, үр хүүхэддээ сэтгэл санаа, эдийн засгийн хохирол учруулдаг үйлдэл нь гэрлэлт цуцлах болсон үндсэн шалтгаан гэж тайлбарлаж байгаа бол хариуцагчийн зүгээс уг тайлбарыг няцааж бүх өр төлбөрийг төлүүлж хүүхдүүдээ боловсрол эзэмшүүлчихээд тэтгэвэрт гарсан хойно гэрлэлтээ цуцлуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар зохигчид өөрсдийн шаардлага, тайлбарыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгч нотлох үүрэгтэй бөгөөд талуудын тайлбар эрс зөрүүтэй байгаа тохиолдолд шүүхээс талуудын тайлбарыг нотолсон бусад баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд нийцнэ.
Хамтран амьдрах хугацаанд хариуцагч Д.Ц- нь 1995 оноос хойш гэр бүлээс гадуур эр эмийн харьцаа үүсгэж, үүнээс үүдэн гэр бүлийн таарамжгүй харьцаа бий болсон, 2013 оноос хойш өөр хүнтэй хамтран амьдарч байгаад 2017 оны 01 дүгээр сараас эргэж гэртээ ирж зохигчид цуг амьдарсан боловч дахин гэр бүлээс гадуур харьцаа үүсгэсэн, энэ байдал нь зохигчдын бие биенээ үл хүндлэх, хүүхдүүдийн зүгээс эцэгтээ дургүйцэх, таарамжгүй хандах үндэслэл болсон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд удаа дараа өгсөн тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гэр бүлээс гадуур харьцаатай байснаа үгүйсгээгүй тайлбар, Ц.Нарантөгс, Ц.Наранцацрал нарын шүүхэд хандаж ирүүлсэн өргөдөл, Ц.Нарантөгс, Ц.Наранзориг нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбар бусад баримтаар давхар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “ гэрлэгчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд бие биенээ халамжлах , хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэг адил байна гэж заасан.
Шүүхээс гэрлэлт цуцлах шалтгааныг хариуцагчийн үнэнч бус зан түүнээс улбаатай гэр бүлийн таарамжгүй харьцаа нь гэрлэлт цуцлах үндэслэл болсон байна гэж дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “…гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ” гэж заасан.
Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
/ хх- 11-17 дугаар хуудас/
Шүүх нэхэмжлэлийн хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж улмаар 2018.11.12-ны өдрийн 1355 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж гэрлэгчдэд 2 сарын хугацаатай гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч дахин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан хэдий ч үр дүнд хүрээгүй байна.
/ хх-27-38 / дугаар хуудас
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ”, 14.3 дахь хэсэгт “ гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт “ шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна”, 132.2 дахь хэсэгт “энэ хуулийн 131.1-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг зөвхөн нэг удаа хэрэглэнэ”, 132.5 дахь хэсэгт “гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.
Шүүх хариуцагчийн гэрлэлтээ цуцлуулахгүй гэсэн байр суурийг харгалзан эвлэрэх боломжийг олгож дээрх хуулийн заалтад заасан бүхий л арга хэмжээг авсан хэдий ч гэрлэгчид эвлэрээгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн гэр бүл болж амьдрах сайн дурын хүсэл зоригийн асуудал байхгүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрлэлтээ цуцлуулах эрс байр сууринд хүрсэн байх тул хуульд заасны дагуу гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Хариуцагчийн зүгээс өөрийгөө элэгний болон шулуун гэдэсний хорт хавдартай бөгөөд мөнгөний боломжгүй учраас эмчид үзүүлж чадаагүй, дээрх тохиолдолд гэрлэлт цуцлахыг Гэр бүлийн тухай хуулиар хориглосон гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаар эмчид үзүүлсэн өвчтөний карт, эмчийн онош, шинжилгээний бичиг холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбараа нотлоогүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт” эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлт цуцлахыг хориглоно” гэж заасан.
Хариуцагч хүндээр өвчилсөн гэдгийг гэрлэлт цуцлах үед өөрийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байгаа нөхцлийг ойлгох бөгөөд хуулийн энэ заалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн талаар: Хариуцагч нь 1 өрөө байр буюу 30.000.000 төгрөг, бие махбодь, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан талаар тайлбараа өгсөн бөгөөд шүүхээс сөрөг нэхэмжлэлийг татан авах, сөрөг нэхэмжлэлээс татгалзахын хууль зүйн үр дагаварыг тайлбарлаж хүсэл зоригийг тодруулсныг дурьдах нь зүйтэй .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-оос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хариуцагчийн хүсэлтээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх тэмдэгтийн хураамж 405.950 төгрөг төлөхийг 2019.01.21-ний өдрийн 103/ШЗ32019/00155 дугаартай шүүгчийн захирамжаар хойшлуулсан бөгөөд уг захирамжид 2019.02.14-ний өдрийн 103/ГХ2019/00037 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
Гэвч дээрх улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөөгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбогдуулан 2019.01.21-ний өдрийн 103/ШЗ32019/00155 дугаартай шүүгчийн захирамж, 2019.02.14-ний өдрийн 103/ГХ2019/00037 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөх тэмдэгтийн хураамж 405.950 төгрөгийг тал хувиар бууруулан 202.975 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн, гэрчийг асуух ажиллагаа талуудыг байлцуулан Үндсэн хууль болон бусад хуулинд заасан эрхийг тайлбарлан хуулийн дагуу явагдсан байх тул эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар Н- хүгдүүд овогт Б-ийн Ц-, О- овогт Д-ын Ц- нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц- нь нэг өрөө байр буюу 30.000.000 төгрөг, бие махбодь, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Одгэрэлд даалгасугай.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, насанд хүрээгүй хүүхэдгүй зэргийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6. Тус шүүхийн 2019.01.21-ний өдрийн 103/ШЗ32019/00155 дугаартай шүүгчийн захирамж, 2019.02.14-ний өдрийн 103/ГХ2019/00037 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 405.950 төгрөгийг тал хувиар бууруулж 202.975 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ П.ТУЯА
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ