Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
Хэргийн индекс | 103/2019/00013/И |
Дугаар | 103/ШШ2019/00086 |
Огноо | 2019-03-14 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2019/00086
2019 3 14 | 103/ШШ2019/00086 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.*******тунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* онд аймгийн Өндөрхаан хотод төрсөн 43 настай, *******, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, *******-******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19******* онд аймгийн суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д., хариуцагч М., нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр М.эй 2005 онд танилцан, 2007 оны 8 дугаар сарын *******-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Г., 2012 оны ******* дугаар сарын 18-ны өдөр хүү Г. нар төрсөн. Би гэр бүл зохиосноос хойш тогтмол барилгын ажил хийж гэр бүлээ тэжээж байсан бөгөөд тусдаа гарахад аавын төхөөрч өгсөн 4 ханатай гэрт айл шиг сайхан л амьдарч байсан. Гэтэл 2015 онд хүүгээ 3 нас ч хүрээгүй байхад эхнэр маань айлд үнээ саана гэж яваад ирээгүй. Ирэхгүй байгаа учрыг нь сонсоход эхнэр нь нас барсан айлын хүнтэй дотно харьцаатай болсон гэж дуулсан. Би ир барь ч гэж дуудаагүй, намайг эзгүйд хүүхдүүдтэйгээ ирж уулзаад явдаг болсон. Хэд хэдэн удаа сургуулийнх нь амралтаар хүүхдүүдээ авч явж байсан, авч яваад ахындаа орхидог, төрсөн ээж нь юм чинь уулзалгүй яахав гээд би юм хэлдэггүй байсан. Гэхдээ одоо хүү маань хэдэн удаа дагаж яваад би дахиж явахгүй гээд яваагүй, охин маань хааяа явдаг. Би хоёр хүүхдээ салгамааргүй байна. Охиныг амралтаар гэрлүүгээ авч явсан охин гэртээ ирэхдээ дүүгээ их санасан байсан. Бидний хооронд гэр бүлийн маргаан байдаг л байсан. Миний архи уудаг болон гэр бүлийн маргаанаас болж энэ хүн гэрээсээ явсан гэж боддог. Одоо ээжтэйгээ хотод байгаа гэдэг нь худлаа хөдөө нөгөө өөр хүнтэйгээ хамт амьдарч байгаа. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч М. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид 2005 онд танилцаж, би хүүгээ дагуулан *******д ирсэн. Намайг ирсэн орой дүү нартайгаа гэртээ архи уугаад зодсон. Аав нь хүртэл намайг ажил хийсэнгүй гэж загнаж элдвээр хэлдэг. 2008 онд хүүхдээ төрүүлчихээд байхад хүртэл их дарамталдаг байсан. Харанхуй шөнө хүүхдийг минь авч үлдээд өвлийн хүйтэнд гэрээс гаргаад хаалгаа цоожилдог байсан. Хүүгээ төрүүлээд долоо хонож байхад ирэхгүй архидаад явчихдаг. Би хөдөө 7 хоног айлд үнээ саагаад ирэхэд айлд шалдан нүцгэн өөр хүүхэнтэй хэвтэж байхад нь би хувцсыг өмсгөөд аваад гарч байсан удаа надад байгаа. Ер нь намайг байнга доромжилж хазаж, элдэв юм ярьж, ах дүү нар нь хүртэл намайг архины шилээр толгойруу цохиж байсан. Энэ бүх зүйлээс болж би гэрээсээ явсан. Намайг өөр хүнтэй болоод гэрээсээ явсан гэж бодож байгаа болохоос өөрөө яаж дарамталж зовоож байсныг бодохгүй байна. Би охиноо өөрийн асрамжид авмаар байгаа боловч дүүгээс нь салгахгүй хамт өсгөсөн нь зүгээр гэж бодож байна. Охин минь над дээр ирэх гээд байгаа шалтгаан нь ******* архи уухаас залхаж байгаатай холбоотой битгий гэртээ архи уугаад ах дүү нартайгаа зодолдоод бай. Хүүхдүүд чинь чамаас болж архидалт дунд өсөж болохгүй. Эргэж нийлээд элэг бүтэн амьдаръя гэж боддог байсан ч нөгөө дарамтыг нь бодохоор тэр бодол минь байхгүй болсон. Иймд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг зөвшөөрч байна. Харин нь хүүхдийн тэтгэлэгийг төлөх боломжгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д. нь хариуцагч М. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д., хариуцагч М. нар нь 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болж, 2007 оны 8 дугаар сарын *******-ны өдөр гэр бүлээ хуулийн дагуу бүртгүүлсэн, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Г., 2012 оны ******* дугаар сарын 18-ны өдөр хүү Г. нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн лавлагаа, охин Г.ын Г- дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүү Г.ын Г- дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь 8 жил хамтран амьдрах хугацаанд нэхэмжлэгч нь архи их уудаг, хэн хэн нь архины хамааралтай болсны улмаас хэрүүл маргаантай, таарамжгүй харьцаатай болсон, нөхөр Д. нь эхнэрээ хэл амаар доромжилж, дарамталдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зоддог байсны улмаас 2015 оноос тус тусдаа амьдарч эхэлсэн байна.
Хариуцагч М. нь гэр бүлийн хүчирхийллээс болж нөхөр 2 хүүхдээ орхин гэрээсээ явсан, одоо өөр хүнтэй аймгийн Цэнхэр мандал суманд хамтран амьдарч байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байх ба гэрлэгчид нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол .., шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх.., тухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно, 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуй нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг эхийн хэний асрамжид үлдээх.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар хүүхдүүд аавтайгаа амьдарч байгаа, охин Г., хүү Г. нарын асрамжийг Нийслэлийн Багануур дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Шинжээчийн багийн дүгнэлт, насанд хүрээгүй хүүхдийн санал, хариуцагч хүүхдүүдээ хамтад нь эцгийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн зэргийг харгалзан Г., Г. нарыг эцэг Д.******* асрамжинд үлдээж, эх М.ээс тэтгэлгийг сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагч М. нь анхаарвал зохино.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ , 26.2 -т эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно, 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан байгааг зохигчдод анхааруулах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх.., эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн зүгээс эхтэй нь хүүхдүүдээ уулзуулахгүй байх эрхгүй байна.
Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/12 тушаалаар тогтоосон 217.900 төгрөгөөр тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.******* гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 206.696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.ээс улсын тэмдэгтийн хураамж 206.696 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.од олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар *******-******* овогт ******* , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсгүүдэд зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Г., 2012 оны ******* дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г. нарыг эцэг Д.******* асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2012 оны ******* дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Г.ыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эх М.ээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.ээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эцэг Д.од даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.ээс улсын тэмдэгтийн хураамжид 206.696 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.од олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар
Шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ