Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2019/00133

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..... дүгээр хороо, ... 5 тоотод оршин суух, Х- овогт Ө-ын Д-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Б- овогт Д-ийн З-т холбогдох гэрлэлт цуцлуулж,  хүүхдийн асрамж тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.З-ийн 232 хонь, 222 ямаа, 7 адуу нийт 461 мал буюу 34.325.000 төгрөг гаргуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ц-, хариуцагчийн өмгөөлөгч Н.А-, хариуцагч Д.З-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ө.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ө.Д- миний бие 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Д.З-тэй хамтран амьдарч бидний дундаас 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр охин С- төрсөн. Бид 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Гэр бүлийн  таарамжгүй байдлаас үүдэн Д.З- нь 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гэрийн тавилга болон охиноо аваад гэрээсээ явсан бөгөөд түүнээс хойш бид тусдаа амьдарч байна. Би өмнө нь албан ёсоор гэрлэлтээ цуцлуулахаар 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан бөгөөд тухайн үед бид эвлэрээгүй болно. Д.З- бид хоёр 3 жил хамтран амьдрахдаа байнга хэрүүл маргаантай, таарамжгүй амьдарч байсан бөгөөд цаашдаа хамтран амьдарч боломжгүй учир бидний гэрлэлтийг албан ёсоор цуцалж өгнө үү. Охин Д.С-г ээж Д.З-ийн асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн хувьд бид эвлэрч  эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.

Хариуцагч Д.З- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Д- бид хоёр 2015 онд танилцаад намар нь нэг гэрт орж хуримаа  хийн  гэр бүл болсон. Бид хоёр 2017 оны 3 дугаар сард охин С-г төрүүлэн охинтой болсон. Эхний үед хэрүүл маргаангүй тайван сайхан амьдралтай байсан боловч сүүлийн үед тасралтгүй хэрүүл маргаан гардаг болсон. Манай нөхрийн дүү охидууд болон аав ээж нь бидний амьдралд  байнга оролцон хэл ам, үл ойлголцох байдал үүсдэг.   Бид хоёр гэр бүл болсон цагаасаа эхлэх хадам аавынхтай цуг амьдарч байна. Тийм учраас  би залуу улсууд  мал дагаад амьдраад байхаар мэргэжил боловсрол хоцрогдоод байна гэж бодоод   Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд багшийн орон тоо гарч байна гэдэг сургаар тийшээ ажилд оръё гэж нөхөртөө хэлсэн. Уг нь бол нөхрийнхөө болон өөрийн ээж ааваас хол зайдуу гэр бүлээрээ биеэ даагаад амьдрах хэрэгтэй гэж бодсон юм. Гэтэл  нөхөр маань намайг өөр санаа зорилготой болсон байна, мал харах хүнгүй, би явж чадахгүй, чи явбал яв гэсэн. Тэгээд өөрийнхөө ээж аавыг дуудан ирүүлсэн бөгөөд  би урд шөнө нь нөхөртэйгээ маргалдаад явахаар хамаг юмаа бэлдсэн байхыг хадам аав, ээж хараад маш их  уурлан намайг хөөсөн.  Би гэр орноосоо  хол эдний ах дүүсийн дунд бэр болж ирээд 3 жил болж байх хугацаанд эцэг эхтэйгээ ч цөөн удаа ярьдаг байсан. Миний мэдлийн гэх зүйл байхгүй, манай гэр бүлийн асуудлыг хадам аав л мэдэж шийддэг. Эхний үед бол мал ахуйг маань маллан тусалж, бидэнд  зөвлөж амьдралд минь дэмжлэг үзүүлж байна л гэж боддог байсан боловч энэ нь сүүлдээ дарангуйлал шиг санагддаг болсон. Бид хоёр тусдаа гэр бүл болсон залуу улсууд, бүх зүйл өөр хүний хүслээр болох хүндрэлтэй байдаг. Одоо бидний хэрүүл маргаан  даамжирч цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Манай охин төрөлхийн уруулын хоргүй хавдартай, бие муутай. Бие нь ойр ойрхон өвддөг.  Охины бие нь өвдөхөөр хадмууд болон Д- намайг хэл амаар доромжлоод, чамаас болж манай хүүхэд өвчтэй төрсөн гээд уурлаад байдаг, эмэгтэй хүний хувьд тэр нь надад маш их хэцүү байдаг. Өвчин гэдэг хүнд хэлж ирэх биш дээ. Охинд  маань байнгын асаргаа сувилгаа, хараа хяналт шаардлагатай байдаг тул охиноо би өөрийн асрамжиндаа авна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Дахиж эвэрлэх, цаашид хамт амьдрах боломжгүй байна. Эд хөрөнгийн хувьд хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж тохиролцсон болно гэв.

Хариуцагч Д.З- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  Миний нөхөр Д- нь шүүхэд өргөдөл гаргасан атлаа гэр бүлийн дундын өмчлөлийн мал, эд хөрөнгөө хэрхэн хуваах талаар тодорхой ярилцаж тохирч чадахгүй олон удаа чирэгдүүлж, мал ав гэхээр нь очоод авах гэхээр шүүхээр шийдвэрлүүлж байж өгнө гээд өгөхгүй тэгсэн атлаа хэдэн тоо толгой мал өгөх, авах хэрхэн хуваах талаараа шүүхэд нэхэмжилсэн зүйлгүй эд хөрөнгийн маргаан байхгүй гэх юм. Бид хоёр айл өрх болж гэр бүл тусгаарлахдаа хоёул хоёр талаасаа нийлсэн 437 тоо толгой малтай болсон. 2017 онд миний аав, ээжээс 50 толгой ямааг 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан. 2018 онд 195 толгой эр хурга худалдан авсан зэргээр мал өсөн арвижаад 900 гаруй тоо толгой мал болсон. 2018 оны эцсийн мал тооллогын дүнгээр манай гэр бүлийн нэр дээр 699 толгой мал тоолуулсан данс бүртгэл байна. Малын тоо бүртгэлийг орон нутгийн тооллогын комисс малыг нүд үзэн тоолоогүй 4 дүгээр хороон дээр очин амаар тоог өгснөөр бидний хөрөнгө буруу бүртгэл  авагдсан юм. Гэвч одоо энэ оны мал тооллогын бүртгэл авагдсан дүнгээс өөрт ногдох болон охин С-д ноогдох хэсгийг гэр бүлийн дундын хөрөнгө болох 699 толгой малаас тооцуулж гаргуулах хүсэлтэй байна. Үүнд: Хонь 350, ямаа 335 толгой,   14 тооны адуу  байна. Эдгээр малаас өөрт болон охиндоо дараах байдлаар үнэлж нэхэмжилнэ. 54 толгой эр хонийг 100.000 төгрөгөөр үнэлж 5.400.000 төгрөг, 73 толгой эм хонийг 80.000 төгрөгөөр үнэлж 5.840.000, 35 толгой эр төлөгийг 60.000 төгрөгөөр үнэлж 2.100.000 төгрөг, 27 толгой охин төлөгийг 60.000 төгрөгөөр үнэлж 1.620.000 төгрөг, 23 толгой эр хургыг 35.000 төгрөгөөр үнэлж 805.000 төгрөг, 20 толгой охин хургыг 30.000 төгрөгөөр үнэлж 600.000 төгрөг буюу 232 хонийн үнэлгээ болох 16.365.000 төгрөгийг, мөн 60 толгой эр ямааг 60.000 төгрөгөөр үнэлж 6.000.000 төгрөг, 66 толгой эм ямааг 80.000 төгрөгөөр үнэлж 5.280.000 төгрөг, 27 тооны эр шүдлэн ямааг 40.000 төгрөгөөр үнэлж 1.080.000 төгрөг, 26 толгой охин шүдлэн ямааг 40.000 төгрөгөөр үнэлж 1.040.000 төгрөг, 23 толгой эр ишгийг 20.000 төгрөгөөр үнэлж 460.000 төгрөг, 20 толгой охин ишгийг 20.000 төгрөгөөр үнэлж 400.000 төгрөг буюу нийт 222 толгой ямааны үнэ болох 14.260.000 төгрөг, 1 морь 800.000 төгрөг,  3 толгой гүүг 650.000 төгрөгөөр үнэлж 1.950.000 төгрөг, 1 унагыг 150.000 төгрөг, 2 толгой шүдлэн насны морийг 400.000 төгрөгөөр үнэлж 800.000 төгрөг буюу  7 адууны үнэ болох 3.700.000 төгрөг нийт 34.325.000 төгрөгийг гаргуулна. Малыг одоо одоо орон нутагт арилжаалагдаж байгаа ханшаар тооцож нэхэмжлэлийн үнийн дүнг тооцож гаргасан ба нийт 699 толгой малын бог мал нь 685 байгаагаас охин С- бид хоёрт ногдох 454 бог мал, 7 толгой бод мал гаргуулахаар нэхэмжилнэ. Бүгд 14 тооны адуу байгаагаас 2 хувааж 7 тооны адууг нэхэмжилж байна. Мөн охин С-г өөрийн асрамжид авна. Хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон 232  толгой хонь, 222 толгой ямаа, 7 адуу нийт 461 толгой мал буюу нийт 34.325.000 төгрөгийн малыг гаргуулах сөрөг  нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Д- сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу  тайлбартаа: Д.З- бид  хоёр 2015 оны 9 дүгээр сард айл гэр болоход Д.З- нь өөрийн хуваарьт хөрөнгө болох 137 тооны малтай ирсэн. Үүнээс ямаа 78 ирснээс бүдүүн ямаа 20 гаруй, эр ямаа 3 толгой, ухна 1 толгой, шүдлэн 20 толгой, ишиг эр хонь 30 толгой, 60 толгой хониноос эр төлөг 10, охин төлөг 10, охин хурга 10, эр хурга 10, эм хурга 20 байсан. Дээрх мал нь бидний нийлж амьдарсан 4 жилийн хугацаанд тодорхой тоогоор өссөн байх.  Д.З- нь 2016, 2017 онд  малаа өөрийн нэр дээр тоолуулж 2016 оны тооллогоор нэмэгдсэн үр төл болох эр ямаа 14, эм 16 бүгд 100 тооны ямаа , 2017 онд 60 толгой хонь болж нэмэгдсэн. Төл байхгүй. Ямаа 120 толгой байгаа. Үүнээс нь хээлтүүлэгч ухна 1, нэмэгдсэн төл болох эр төлөг 14, эм төлөг 16 бүгд 120 ямаа тоологдсон. Д- миний хувьд өссөн цагаасаа хойш өөрийн эцэг Ө-ын ам бүлийн тоонд 2014 он хүртэл бүртгэлтэй байж эцгийн гал голомтоос өрх тусгаарлаагүй. 2008 оноос Говь-Алтай аймаг Улаанбаатар хотын хооронд  ажил хөдөлмөр эрхэлж, олсон мөнгөөрөө эцэгтэйгээ нийлж ихэнхдээ бог мал, цөөн тооны адуу, бод мал худалдан авч байсан. Би өрх тусгаарлаагүй тул 2015 оноос өмнө өөрийн малыг эцгийнхээ А дансанд тоолуулж ирсэн. Улмаар 2015 онд Д.З-тэй өрх тусгаарлаж амьдрахад миний хуваарьт хөрөнгө  ямаа 110 толгой үүнээс эм ямаа 45 толгой, эр шүдлэн 40, ишиг 25 толгой, хонь 190 толгой,  үүнээс эм хонь 100 толгой, шүдлэн эр хонь 25 толгой, төлөг хурга нийлсэн 65 толгой байсан. Ойролцоогоор 2016 онд 400 гаруй, 2017 онд 500 гаруй мал тоолуулж байсан. Харин 2018 оны мал тооллогын үеэр улсын клиникийн 1 дүгээр эмнэлэгт шулуун гэдэсний хагалгаанд орж биеийн байдал тааруу байсан. Мөн 2018 оныхоо 12 дугаар сард Д.З-тэй гэрлэлтээ батлуулж улмаар

 

 

өөр өөрсдийн малыг нийлүүлж тоолуулсан. Үүнд хонь 350 толгой, ямаа 355 толгой, адуу 14 гэж тоологдсоноос 14 тооны адуу нь миний эцэг Ө-ын тавиул адуу болно. Үүнийг гэрчлэх болно. Д.З- бид хоёрт  бод мал огт байхгүй... Өөрийнх нь авчирсан малын тоотой харьцуулан  өсч үрэгдсэн, хээрийн амьтанд бариулсан, зуд цас бороонд үхэж үрэгдсэн, малын зүй бус хорогдлыг тооцож бодоод  Д.З-т ...130 толгой хонь, ..125 толгой ямаа буюу хонь ямаа нийлсэн нийт 255  толгой малыг өгөх боломжтой гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

             Нэхэмжлэгч  Ө.Д- нь хариуцагч Д.З-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж,  хүүхдийн асрамж тогтоолгох, хариуцагч Д.З-  нь нэхэмжлэгч Ө.Д-д холбогдуулан  232 хонь, 222 ямаа, 7 адуу нийт 461 тооны мал буюу 34.325.000 төгрөг болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  тус тус шүүхэд гаргажээ.

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Ө.Д-, Д.З- нар нь 2015 оны 9 сараас хамтран амьдарч, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд хамт амьдрах хугацаанд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр охин С-г  төрүүлж, гэр  бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2019 оны 01 дүгээр сараас тусдаа амьдарсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Д.С-гийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2019 оны 01 дүгээр сараас тусдаа амьдарсан, хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй  болж дуусгавар болсон, нэхэмжлэгч нь  цаашид хариуцагчтай эвлэрэхгүй, эргэж  хамт амьдрахгүй гэсэн эрс хатуу  шийдвэрт хүрсэн, зохигчид гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа талаарх тайлбараа шүүх хуралдаанд өгсөн, эвлэрүүлэх арга хэмжээ авлаа ч үр дүнд хүрэхээргүй нөхцөл байдал бий болсон байх тул   хуульд заасан   эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр шууд гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх гэрлэлт цуцлах болсон үндэслэлийг заавал тогтоох үүрэгтэй бөгөөд талуудын шүүхэд өгсөн тайлбараас дүгнэхэд зохигчдийн хоорондын хувийн  болон бусад дотоод асуудалд эцэг, эх садан төрлийнхөн их оролцдог,  талуудын бие биенээ гэх хүндлэл, хайр сэтгэлийн холбоо байхгүй болсон болон  гэрлэгчдийн хоорондын таарамжгүй харилцаа нь гэрлэлт цуцлах гол үндэслэл болжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ” гэж заасан бөгөөд нэгэнт талуудын гэр бүл болж амьдрах сайн дурын хүсэл зоригийн асуудал байхгүй тохиолдолд шүүхээс хуульд заасан ямар ч арга хэмжээ авах нь үр дүнд хүрэхгүй гэж үзэв.

Зохигчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Д.С-г эх Д.З-ийн асрамжинд үлдээхээр тохиролцож хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын  хувьд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан болно.  

Иймд талуудын гэрлэлтээ цуцлуулах талаар өгсөн  тайлбарыг үндэслэн  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалж  хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн асуудлыг талуудын эвлэрлийн  дагуу шийдвэрлэв.

          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26  дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ:  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх;  хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох;  хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах,  эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно”,

 мөн хуулийн 26 дугаар зүйлийн   26.4-т  “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд  26.6 дахь хэсэгт “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглоно” гэж тус тус хуульчилсан байгааг зохигчдод анхааруулах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх....эрхтэй” гэж зааснаар хариуцагчийн  зүгээс охиноо  эцэгтэй нь уулзуулахгүй байх эрхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д-н гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж тогтоолгох  нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 365.523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  нэхэмжлэгчээс 182.761 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор тус тус шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, гаргаж өгсөн байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт  зааснаар Х- овогт Ө-ын Д-, Б- овогт Д-ийн З-  нарын гэрлэлтийг цуцалсугай.       

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2017  оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Д-н С-г эх Д-ийн З-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Хариуцагч Д.З- нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон 7 тооны адуу нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж зохигчид эд хөрөнгийн хувьд харилцан тохиролцож хариуцагч Д.З-т  40 толгой шүдлэн ямаа, 100  толгой эм ямаа, 70 толгой эр ямаа буюу нийт 210 толгой ямаа,- төлөгнөөс дээш насны 50 толгой эр хонь, төлөгнөөс дээш насны 60 толгой эм хонь, 150 толгой эр төлөг, 30 толгой эм төлөг нийт 290 толгой хонь буюу нийт 500 толгой бага мал өгөхөөр, дундын өмчлөлийн Маяти 2 маркийн 37-09 БРА дугаартай авто машины эзэмших эрхийн гэрчилгээг Д.З-ээс шилжүүлэн Ө.Д-д өмчлүүлэх, prius 11 маркийн 60-22 БРА дугаартай суудлын авто машиныг Ө.Д-д өгч  банкны зээлийн үлдэгдэл 3.463.414 төгрөгийг Ө.Д- төлөхөөр эд хөрөнгийн хувьд эвлэрснийг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад  төлсөн 365.523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  нэхэмжлэгчээс 182.761 төгрөгийг гаргуулж хариуцагчид  олгосугай.

5.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар  шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэст  хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Амарбилэгт  даалгасугай.

6.   Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар  зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг, хэн нэгэндээ уг үүргээ биелүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ТУЯА