Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 1166

 

 

 

 

 

 2019        11            19                                            2019/ДШМ/1166                                                           

         

                         П.Б, Г.Х-, Б.У- нарт

                                     холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхцэцэг,

хохирогч Ц.Төгөлдөр,

иргэний нэхэмжлэгч П.Дашням,

шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч М.Цэнд-Аюуш,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1810 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Г.Эрдэнэбаатарын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/23 дугаартай эсэргүүцлээр П.Б, Г.Х-, Б.У- нарт холбогдох эрүүгийн 1805043620269 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Х-, П.Б, Б.У- нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 4-нөөс 21-ний өдрүүдийн хооронд Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лион” зочид буудалд насанд хүрээгүй Э.Анхбаярыг тохуурхан доромжилж, бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн зодож, Э.Анхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Буяндалай, Б.Жамбал, Ц.Төгөлдөр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан, бүлэглэн хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймгийн прокурорын газраас: Г.Х-, П.Б, Б.У- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийн үйл баримтаас үзэхэд энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Э.Анхбаяр, Ц.Төгөлдөр, Б.Жамбал, Г.Буяндалай, П.Дашням нарыг Тагнуулын сургуульд оруулна гэж хуурч эссэ бичүүлж, тэднийг итгүүлэн Улаанбаатар хотод ирүүлж, бие бялдрын шалгалт нэрийдлээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тойруулж гүйлгэсэн, Тэрэлжид усанд сэлэлтийн, 13 дугаар дунд сургууль дээр гүйлт, гэдэс таталт, сунайлгаж, “Лион” зочид буудлын өрөөнд үсийг нь хуссан, ...тэдгээрийн амь даатгал гэхчлэн ар гэрээс нь тус тус 50.000 төгрөг шилжүүлэн авсан болон бусад идэвхтэй үйлдлүүдийг Г.Х- бусадтай бүлэглэж үйлдсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгах зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн нэр бүхий хохирогч нарт учирсан гэмтлүүдийг хэн хэний үйлдлээс учирсан болохыг нарийвчлан тогтоох нь зүйтэй. Эдгээр болон бусад ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Хэргийн бодит байдлыг тогтоох”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” үндэслэлд хамаарах тул Г.Х- нарт холбогдох эрүүгийн 1805043620269 дугаартай хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орхон аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Х-, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У- өмнөх шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн үндэслэлээр шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Г.Эрдэнэбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгах шаардлагатай гэж үзэж, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т “...гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотолж тогтооно” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Х- нь насанд хүрээгүй хохирогч нарын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хуурч шилжүүлэн авах санаа зорилготой байсан эсэхийг шалгаж тогтоосон ба тэрээр ангийн багшдаа болон бусдад сайн хүн болж харагдах зорилгоор хохирогч нарыг Тагнуулын сургуульд оруулж өгнө гэж амласан, улмаар шүүгдэгч нарыг сургуульд оруулж чадахгүй болчихоод хохирогч нарыг зодвол шантраад Эрдэнэт рүүгээ буцчих байх гэж бодоод зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, энэ хугацаанд хохирогч нартай хамт архи ууж, писи тоглож байсан, хоол, буудлын мөнгөгүй болчихоод хохирогч нарын ар гэрээс мөнгө авсан болох нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийн шинжгүй, өөрөөр хэлбэл анх гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилго нь залилах гэмт хэргийн шинжгүй болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоосон.  Тухайлбал, насанд хүрээгүй хохирогч Э.Анхбаярын мэдүүлэг /хх-ийн 14-20, 2-р хавтас 91-92/, хохирогч Б.Жамбалын мэдүүлэг /2-р хавтас 97-98/, хохирогч Г.Буяндалай мэдүүлэг /хх-ийн 101, 166-167/, Ц.Төгөлдөрийн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 94-95, 168-169/, иргэний нэхэмжлэгч П.Дашнямын “...Бид нар хотод ирээд Лион гэх буудалд эхний 2-3 хоног тэр хоёртой цуг писи тоглож, цуг архи уусан. Ингээд 4 дэх хоног дээрээс бид нарыг дэглэж эхэлсэн. Гэтэл Хатаншагайгийн таньдаг хүн Ууган-Очир гэх ах ирээд бид нарыг 00-ын өрөөнд оруулж байгаад дэр тавьж байгаад толгой руу цохьдог байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 103-104, 170-171/, гэрч Б.Алтантуяагийн мэдүүлэг/хх-ийн 60/ зэрэг болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан ба яллагдагч Г.Х-, П.Б, Б.У- нар нь 2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 21-ний өдрүүдийн хооронд хохирогч нарыг ээлжлэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр олон тооны гэмтэл шарх учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба гэмт хэргийг үйлдэхдээ нэг санаа зорилгод нэгдэж, тухайн хор уршгийг хүсэж учруулсан, хохирогч нар яг хэний үйлдлээс аль гэмтэл учирсныг ялгаж хэлж мэдэхгүй байна гэж удаа дараа мэдүүлсэн байдаг тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар хэний үйлдлээс аль гэмтэл учирсныг шүүгдэгч тус бүрээр тогтоох боломжгүй юм. Шүүх хохирогч нарт учирсан гэмтлийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах боломжтой гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1810 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...П.Б, Г.Х- нар нь хохирогч нарыг Тагнуулын сургуульд оруулж өгнө гэж амлан, улмаар шүүгдэгч нарыг сургуульд оруулж чадахгүй болчихоод хохирогч нарыг зодвол шантраад Эрдэнэт рүүгээ буцчих байх гэж бодоод зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, энэ хугацаанд хохирогч нартай хамт архи ууж, писи тоглож байсан, хоол, буудлын мөнгөгүй болчихоод хохирогч нарын ар гэрээс мөнгө авсан болох нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийн шинжгүй, өөрөөр хэлбэл анх гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилго нь залилах гэмт хэргийн шинжгүй болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоосон. Гэмт хэргийн үйлдлийг бүлэглэн үйлдсэн байгаа. Эдгээр хүмүүсийн санаа зорилго нэг байсан. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч М.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1810 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.Төгөлдөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Хэлэх зүйлгүй. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч П.Дашням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Х-, П.Б, Б.У- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг хянаж, шийдвэрлэх ёстой байдлыг шийдвэрлээгүй байна гэж дүгнэлээ.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлагын нийтлэг үндэслэл, зарчмуудыг тогтоон, нийгэмд аюултай ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох талаар нэг бүрчлэн тодорхойлон хуульчилсан.

Шүүх аливаа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн субъектив талыг зайлшгүй тогтоох ёстой бөгөөд уг хэрэг чухам ямар гэмт хэрэг болох, түүний бүрэлдэхүүн, үндсэн шалгуур шинж, хөөн хэлэлцэх хугацаа, харьяаллын тухай асуудлыг нягтлан шалгадаг.

Өөрөөр хэлбэл, ямар ч гэмт хэргийн бүрдэл нь эрх зүйн хэм хэмжээгээр урьдчилан тодорхойлсон гэм буруутайд тооцогдох хүн /хуулийн этгээд/-ий нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, түүнээс учирсан хохирол, хор уршиг бүхий шинжүүдийн нийлбэр юм.

Хууль зүйн ач холбогдлоор гэмт хэргийн заавал байх шинж, хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл хариуцлагыг үгүйсгэх нөхцөл байдал, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд холбогдох гэх мэт тухайн хуульд заасан нэмэгдэл болон үндсэн шинжийг нэг мөр шалгаж тогтоодог.

Эдгээрийг шалгасны эцэст шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтад бодиттой үнэлэлт өгч, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага оногдуулдаг учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаадаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заажээ.

          Прокуророос Г.Х-, П.Б, Б.У- нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 4-нөөс 21-ний өдрүүдийн хооронд Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лион” зочид буудалд насанд хүрээгүй Э.Анхбаярыг тохуурхан доромжилж, бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн зодож, Э.Анхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Буяндалай, Б.Жамбал, Ц.Төгөлдөр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан, бүлэглэн хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөх оруулах тухай тогтоолууд, прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэрэг гарсан байдал, цаг хугацаа, гэм буруугийн хэлбэр /гэмт хэргийн сэдэлт, зорилго/ зэргийг ерөнхий байдлаар, тодорхой бус бичсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзэх үндэслэл болно.

Иймээс хохирогч нарын эрүүл мэндэд хэн, яаж, хэдийд ямар гэмтэл учруулсан, хэргийн үйл баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л арга, хэрэгслийг ашиглан тодруулах шаардлагатай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж шударга ёсны зарчмыг тодруулан хуульчилсан байна.

          Прокурорын яллах дүгнэлтэд Г.Х-, П.Б, Б.У- нарыг бүлэглэн Э.Анхбаярын эрүүл мэндэд хүндрүүлэх шинжтэй хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Г.Буяндалай, Б.Жамбал, Ц.Төгөлдөр нарын эрүүл мэндэд хүндрүүлэх шинжтэй хөнгөн хохирол учруулсан гэж хавтгайруулан бичсэн нь ойлгомжгүй болжээ. 

Энэ нь шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчимд нийцэхгүй болно.

Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягтлаж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Мөрдөн шалгах ажилнааны явцад ямар нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Х-, П.Б, Б.У- нарыг бүлэглэн хохирогчдын эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан болохыг нарийвчлан шалгаагүй, тэдний ямар гэмт үйлдэл тухайн хуулийн хүндрүүлэх шинж болсныг тодруулаагүй, энэ талаар прокурорын яллах дүгнэлтэд тусгагдаагүй байна.

 Шүүгдэгч Г.Х-, П.Б, Б.У- нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал, тус бүрийн үйлдэл, оролцоо, тэдний ямар гэмт үйлдэл тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болж байгааг нарийвчлан тогтоох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, Г.Х-, П.Б, Б.У- нарын гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг шалгасны дараа, яллах дүгнэлтэд хэн, хэзээ, хаана, хэрхэн, хэнд ямар үйлдлээр гэмтэл учруулсныг хүн бүрээр дүгнэж, хэргийн үйл баримт буюу Г.Х-, П.Б, Б.У- нарын оролцоог тодорхой дүгнэсний дараа шүүх бүлэглэсэн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх зайлшгүй нөхцөл байдал, шаардлага үүссэн, энэ нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ.

3. Хэрэгт насанд хүрээгүй хохирогч Э.Анхбаярын “...бид хэдэд архи хүчээр уулгасан, ... би нилээн хэдэн удаа ухаан алдаж ойчсон. ...гаргахгүй хориод байсан, ...энэ сургуулиас гарлаа л бол, та нарыг иргэний бүртгэлээс хасна, зугтах юм бол хаанаас бол хаанаас олж ирээд үр удмаар чинь устгана, хүйс тэмтэрнэ, ...хил даваад хүн алаад ирж чадна биз дээ гэж байсан, ...архи уу, уухгүй бол цохино, зодно гэдэг байсан, ... сэлж чадахгүй гэж байхад сур сур гээд хүчээр сэлүүлсэн, би живж үхэнгээ алдсан. ...19 цагаас үүрийн 5 цаг хүртэл бид хэдийг жагсааж байгаад, ...Бид нар тухайн зочид буудлаас гарч явах ямар ч боломжгүй байсан. Учир нь Хатаншагай, Б- хоёр гарч явахдаа бид хэдийг гаднаас нь цоожлоод явчихдаг байсан. ...” /1хх 14-18, 20, 2хх 91, 172-175/,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Төгөлдөрийн “...бид нарыг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүчээр архи уулгаж, зодож байсан, ...буудлаас гаръя гэхэд яах гэж байгаа юм, гаргахгүй гээд гаргадаггүй, хорьдог байсан. ...Эрдэнэтэд ирэхэд Хатаншагай миний гар утсыг хурааж байгаа гэж хэлээд авсан. ...надаас хүчээр хурааж авсан. ...Өмнөх орой архи ууж байхад Хатаншагай нь Анхбаярын бэлэг эрхтнийг Буяндалайгаар оролдуулсан. ...” /1хх 22-25, 26-27, 2хх 94, 168/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Жамбалын “...бид нарыг архи уу гэсэн, бид хэд уухгүй гэхэд “хохий шүү” гээд байсан, ...ээж, ааваасаа мөнгө авна гэвэл хариулахгүй, та нар эндээ байцгаана гэсэн. ... бид нар шууд буудлаас гараад вокзал хүртэл тэр хоёроос зугтааж гүйгээд бөөндөө Эрдэнэт явах билет аваад Эрдэнэт рүү явсан. ...Хатаншагай намайг хүн алж сургана гэсэн. ...хоногт 4 цаг унтуулж байсан. ...21 цагаас хойш өглөөний 7 цаг хүртэл биднийг дэглэж, ...Анхбаярыг архиндаа согтоод унтчихсан хойгуур Хатаншагай ах Дашнямыг наад боовыг нь босго гэхэд Дашням Анхбаярын боовыг оролдоход Хатаншагай ингэж босго гээд гараараа Анхбаярын боовыг оролдоод байсан. Анхбаярт ундааны сав бариулаад наадхаа хөх, тавь гээд байсан. ...Хатаншагай нь Анхбаярын бэлэг эрхтнийг гаргаад зогсож үзүүлнэ гээд гараараа оролдсон, мөн Буяндалайг Хатаншагай наад Анхбаярын бэлэг эрхтэнг бариад босго гээд байсан. ...” /1хх 29-35, 52-54, 2хх 97, 164/,

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Буяндалайн “...Анхбаяр бид хоёр живэнгээ алдсан, ...2018 оны 7 дугаар сарын 12-ноос 15-ны өдөр хүртэл өдөр болгон хүчээр архи уулгаж байсан. ...Анхбаяр, Жамбал бид гурвыг оройны 19 цагаас өглөөний 6 цаг хүртэл унтуулахгүй, зодож дарамталсан, ...гаргахгүй хориод байсан. Явлаа гэхээр та нар сургуульгүй, амьдралгүй болно гэсэн. ...сэлж чадахгүй гэж байхад хүчээр сэлүүлсэн. Би сэлж чадахгүй болохоор живэнгээ алдсан. ...Дашням, Анхбаяр хоёр хувцсан дээрээ бөөлжихөд хувцсыг тайлаад нүцгэлж, намайг Анхбаярын боовыг босго гээд байсан. ...Анхбаяр сандал дээр сууж байсан ба өөрөө өмдөө тайлсан. Би Анхбаярын хажуу талаас нь бэлэг эрхтнийг нь бариад 5 орчим минут дээш, доош чиглэлтэй хөдөлгөж байхад Хатаншагай ах “одоо болно” гэхээр нь би болчихсон...” /хх 37-40, 55-57, 2хх 166/,

 

Насанд хүрээгүй гэрч П.Дашнямын “...18 цагаас өглөөний 6 цаг хүртэл цэргийн цол асууж, мөн танин мэдэхүйн асуулт асуугаад буруу хариулахаар нь нүүр лүү цохих, алгаддаг, хөлөөрөө өшиглөж унагаах үйлдэл хийж зодож байсан. ...Буяндалайгаар Анхбаярын бэлэг эрхтнийг оролдуулсан. Мөн ундааны савны нүр рүү Анхбаярын бэлэг эрхтэнг Хатаншагай хий гэж байгаад өөрөөр нь хийлгүүлж байсан. ...Орой унтуулахгүй цохиж зоддог байсан...” /1хх 49, 86, 2хх 170/ гэх мэдүүлгүүдийг өгчээ.

 

Прокуророос шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж гэж зүйлчилсэн эсэх нь яллах дүгнэлтэд тодорхойгүй байх ба үүнийг тодруулах, мөн өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй байна.

Дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн зарчим, зорилтод нийцэх юм.

Иймд дээд шатны прокурор Г.Эрдэнэбаатарын бичсэн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан залилах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгах шаардлагагүй болно.

          Энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийн хэсгийг үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1810 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Г.Эрдэнэбаатарын бичсэн “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ