| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0591/З |
| Дугаар | 221/МА2025/0203 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2025/0203
Г.С*******ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******
Нэхэмжлэгч: Г.С*******
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс
Гуравдагч этгээд: К******* ХХК дахь банкны эрх хүлээн авагч
Гуравдагч этгээд: Д.Б*******
Нэхэмжлэлийн шаардлага: Хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн хийгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, *******,*******,******* тоотын 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Б*******ийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөх эрхийг Г.С*******ын нэр дээр буцаан шилжүүлж бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0998 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******
Гуравдагч этгээд К******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, Г.М*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2024/0591/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.С*******оос Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн хийгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, *******,*******,******* тоотын 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Б*******ийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөх эрхийг Г.С*******ын нэр дээр буцаан шилжүүлж бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах”-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0998 дугаар шийдвэрийн:
1 дэх заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн хийгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, *******,*******,******* тоотын 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Б*******ийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож”
2 дахь заалтаар “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.6, 11 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан Улаанбаатар хот, *******,*******,******* тоотын 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.С*******ын нэр дээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Г.С*******ын нэр дээр буцаан шилжүүлж бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Нэхэмжлэгч Г.С******* нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Д.Б*******ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, *******,*******,******* тоотын 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2023/01892 дугаар шийдвэрийг үндэслэн хүчингүй болгох ёстой байтал үндэслэлгүйгээр татгалзаж байгаа Улсын бүртгэлийн Ерөнхий газрыг хариуцагчаар тодорхойлсон.
Харин 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчийн зүгээс жинхэнэ хариуцагчаар оролцох этгээд нь Улсын бүртгэлийн Ерөнхий газар биш Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс байна гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газрыг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээр солихоор шийдвэрлэж, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын даргын олгосон итгэмжлэлээр Улсын Бүртгэлийн Ерөнхий газрыг төлөөлөн оролцож буй улсын бүртгэлийн байцаагчийг шүүх хурал дээр шинээр хариуцагчаар тогтоогдсон Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийг төлөөлүүлэн оролцуулж, шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагааг явуулна”, мөн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, энэ тухай баримтжуулах” гэж заасан байхад шүүхээс хэрэг маргаанд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар оролцуулахаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр шийдвэрлэхдээ уг шинээр солигдон оролцохоор болсон Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст нэхэмжлэлийг гардуулах, хариу тайлбар авах ажиллагаануудыг хийж гүйцэтгэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн үйлдэл юм.
3.2.Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч тал нь гуравдагч этгээд “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн бүртгэлтэй маргаагүй” гэж дүгнэжээ.
Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, *******,*******,******* тоотын 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Б*******ийг бүртгэх үндэслэл болсон Д.Г, Д.Б******* нарын хооронд хийгдсэн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн болон 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүд хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул дээрх гэрээнүүдийг үндэслэн хийгдсэн өмчлөл шилжүүлсэн улсын бүртгэл мөн хүчингүй болох ёстой бөгөөд уг улсын бүртгэлийг хүчингүй болгосноор Д.Б*******ийн хүчин төгөлдөр бус гэрээ хэлцлийг үндэслэл хийгдсэн улсын бүртгэл хүчингүй болох эрх зүйн үндэслэл бий болно.
Тэгсэн тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр “К*******” ХХК-ийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах эрхтэй болно гэж маргасан боловч шүүхээс нэхэмжлэгч талын тайлбарыг буруу дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
3.3.Мөн хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаартай шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, *******,*******,******* тоотын 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцны өмчлөх эрхийг “К*******” ХХК-д шилжүүлэх асуудлыг хянан шийдвэрлэсэн гэсэн тайлбарыг өгсөн.
Гэтэл уг шүүхийн шийдвэрээр Д.Б*******, "К*******" ХХК-ийн хоорондын зээлийн болон барьцааны гэрээний маргааныг хянан шийдвэрлэсэн болохоос маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг "К*******" ХХК-д шилжүүлэх талаар шийдвэрлээгүй байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг үндэслэн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг "К*******" ХХК нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн дагуу шилжүүлэн авсан бөгөөд уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шилжүүлэн авсан өмчлөх эрхтэй холбогдуулан нэхэмжлэгч тал маргах боломжгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 998 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 14/1 дүгээр байрны 4 тоот 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцны анхны өмчлөгчөөр 2011 онд иргэн Д.Г бүртгэгдсэнээс хойш уг орон сууцны өмчлөгчөөр бэлэглэлийн болон худалдах, худалдан авах гэрээгээр Д.Гаас Ц.Лд, Ц.Лаас Г.С*******од, Г.С*******оос Д.Б*******т, харин Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 1795 дугаар шийдвэрээр Д.Б*******оос “К*******” ХХК-д тус тус шилжин бүртгэгдсэн байхад нэхэмжлэгчээс эдгээрийн зөвхөн Д.Б*******т хамаарах улсын бүртгэлийг хүчингүй болгуулж, улмаар уг орон сууцыг Г.С*******ын нэр дээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон, өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлага нь одоогийн өмчлөгч болох “Капиталбанк” ХХК-ний бүртгэл хүчинтэй байгаа энэ тохиолдолд хангагдах үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль ёсны болжээ.
Давж заалдах гомдолд дээрх шүүхийн шийдвэрээр “…Д.Б*******, “Капиталбанк” ХХК-ийн хоорондын зээлийн болон барьцааны гэрээний маргааныг хянан шийдвэрлэсэн болохоос маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг “К*******” ХХК-д шилжүүлэх талаар шийдвэрлээгүй…” гэх боловч 2013 оны 1795 дугаар шийдвэрт “…Д.Б*******оос 385.979.000 төгрөг гаргуулж К*******инд олгож, хариуцагч Д.Б******* үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд маргаан бүхий орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасан…” байна.
Гэвч төлбөр төлөөгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн буюу Д.Б*******ийн хүсэлтээр барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлснээр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “К*******” ХХК бүртгүүлж, 00386641 дугаар гэрчилгээ авсан талаар “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Д.Гад холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх зэрэг шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2943 дугаар шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 417 дугаар магадлалд тус тус тодорхой дүгнэжээ.
2.Мөн давж заалдах гомдолд “…маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Б*******ийг бүртгэх үндэслэл болсон Д.Г, Д.Б******* нарын хооронд хийгдсэн 2011 оны 12 дугаар сарын 15-ны болон 28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээнүүд хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул дээрх гэрээнүүдийг үндэслэж хийгдсэн өмчлөх эрх шилжүүлсэн бүртгэл хүчингүй болох ёстой…” гэдэг.
Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1892 дугаар шийдвэрээр Г.С*******оос хариуцагч Д.Г, Д.Б*******, “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид тус тус холбогдуулж гаргасан Д.Г, Д.Б******* нарын хооронд хийгдсэн 2011 оны 12 дугаар сарын 15-ны болон 28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, одоогийн маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах” шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцээд холбогдох гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Г.С*******ын орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхийг “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид даалгасан боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1717 дугаар магадлалаар “…Д.Г, Д.Б******* нарын хооронд байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шударга эзэмшигч “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагч хариуцах үндэслэлгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, …гэтэл анхан шатны шүүх хэлцлийн тал биш хамааралгүй этгээд болох тус банкны эрх хүлээн авагчаас хүчин төгөлдөр хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй…” гэсэн үндэслэлээр шийдвэрт хариуцагч “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн бүртгүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 1412 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.
Иймд барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийн хүрээнд маргаан бүхий орон сууцны эцсийн өмчлөгчөөр “К*******” ХХК бүртгэлтэй байхад өмнөх өмчлөгч болох Д.Б*******ыг өмчлөгчөөр бүртгэх үндэслэл болсон гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүнд хамаарах бүртгэлийг хүчингүй болгох, цаашлаад “К*******” ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг Г.С*******ын өмчлөлд буцаан шилжүүлж бүртгэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй болно.
Өөрөөр хэлбэл давж заалдах гомдолд дурдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно”, 6.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэсэн зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй.
Процессын хувьд шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 5724 дүгээр захирамжаар Г.С*******ын нэхэмжлэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулж захиргааны хэрэг үүсгэсэн боловч шүүх хуралдаанд жинхэнэ хариуцагчийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээр сольсон, ийнхүү солихыг ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* хүлээн зөвшөөрсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1/9380 дугаар албан бичгээр тус захиргааны хэрэгт оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч С.Г*******г томилсон байх тул давж заалдах гомдолд дурдсанчилан шүүх хуралдааныг зайлшгүй хойшлуулж, жинхэнэ хариуцагчаар татагдсан Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст нэхэмжлэлийн хувийг гардуулах, шинээр тайлбар авах ажиллагааг хийх шаардлагагүй, үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэхгүй, энэ талаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.2.1-д тодорхой дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0998 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Одын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН