| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0073/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/73 |
| Огноо | 2023-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/73
2023/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгч: Ө.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Өын Бд холбогдох эрүүгийн 2312000000063 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ............ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 901 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Өын Б/РД:АГ............./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Заан хошуу хороололд Д.Бг зодож биед нь зүүн хөмсөгт шарх, зүүн хацар, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун нүдний дээд зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2312000000063 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Бгийн өгсөн:
“...2023 оны 02 дугаар сарын 21-ний өглөө би хонио бэлчээх гээд гэрийнхээ гадаа байж байхад манай хадам дүү Ө.Б манайд машинтайгаа ирсэн тэгээд би хонио бэлчээрт нь гаргачихаад эхнэр О болон хадам дүү Ө.Б нарын хамт манай хойхно талд байдаг Отгоо гэдэг айлд очиж золгож цай уучихаад бид 3 манайд ирээд би хонь руугаа яваад урдуур нь тойрч хошууг нь эргүүлчихээд буцаад гэртээ ирээд цагаан сар болж байгаа юм чинь гээд хадам дүү Ө.Бд 1 шил архи задлаад тэр архинаасаа Ө.Б бид 2 хуваагаад нэлээн уусан тэгээд эхнэр хадам дүү бид 3 сумын төвд манай хадам ээжийнд золгохоор сумын төв рүү ирээд хадам ээжийн гэрт ороод бурханд нь зул өргөөд эргээд орон дээр ирээд суусан чинь манай хадам дүү Ө.Б миний хажууд ирээд миний дээлийн 2 ханцуйг нударгаар нь доош нь дараад миний өвөр дээр сууж байгаад миний толгой болон нүүр лүү бараг 6-7 удаа цохьсон тэгсэн манай хадам ээж, манай эхнэр, хадам эгч Оюунгэрэл, хадам дүү Өлзийсайхан нар салгасан би хадам ээжийнхээс гараад ирсэн чинь цагдаа ирсэн байсан хадам эгч Оюунгэрэл цагдаа дуудсан миний зүүн талын нүдний хажуу талаас цус гараад байсан тул би Оюунгэрэл эгч, хадам эгч Наранхүү эгчийн хүү Шагай 2 намайг эмнэлэг дээр хүргэж өгч эмч нүдний хажуу талд 3 оёдол тавьж байж цус нь тогтсон. Тэгээд би хадам эгчийн хүүхэд Шагайгаар шууд Жаргалант руу гэр лүүгээ хүргүүлсэн. Би хадам дүү Ө.Бтой тухайн үед хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Б, манай эхнэр О, бид 3 Отгоо гэдэг айлд золгочихоод буцаж манайд ирээд жаахан байж байгаад сумын төв рүү хадам ээжид золгох гэж ирээд ийм асуудал болсон. Би хадам ээжийн бурханд зул өргөчихөөд буцаад орон дээр ирээд суусан чинь миний хажууд ирээд миний дээлийн 2 ханцуйг нударгаар нь холбож байгаад нэг гараараа дараад миний өвөр дээр сууж байгаад миний толгой болон нүүр лүү 6-7 удаа цохисон. Яагаад намайг цохиж зодсоныг нь би мэдэхгүй байна хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй миний дээлийн нударгыг холбож миний 2 гарыг гаргахгүй болгож байгаад миний өвөр дээр сууж байгаад миний толгой болон нүүр лүү цохиж зодсон. Миний зүүн талын нүдний хойд хэсэгт язарсан, нүдний доод хэсэгт халцарсан, хөмсөгний дээд хэсэгт халцарсан, зүүн талын чихний дотор хэсэг тэр чигээрээ халцарсан байсан би эмнэлэг дээр очиж язарсан хэсэгт нь эмчээр 3 оёдол тавиулж байж цус нь тогтсон. Өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй. Гэхдээ 2021 оны цагаан сараар манай хадам дүү Б бас намайг зодож байсан би юунаас болж зодсоныг нь ойлгоогүй. Одоо манайх өвөлжиж байгаа өвөлжөө нь Ө.Бгийн аавынх нь өвөлжөө байгаа юм тэр өвөлжөөнд намайг буучихлаа гээд намайг зодсон болов уу гэж би өөрөө бодсон. Би хадам дүүтэй өс хонзонгийн ямар нэг асуудал байхгүй Б надад өс санадаг эсэхийг би мэдэхгүй би мөнгө төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би өөрөө 2022 оны 11 дүгээр сард малчны зээл хүртэл авч өгсөн одоо 2023 оны 04, 05 дугаар сарын үед би малчны зээлээ төлнө төлөхөд Б надад мөнгө өгөх үү үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Б.Б, манай эхнэр О, бид 3 Отгоо гэдэг айлд очоод нэлээн уусан байх манайд ирэхэд нь би нэг шил архи задлаад тэрнээс нь нэлээн уусан. Би шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулна тэгээд би 2023 оны 02 дугаар сарын 21-ний орой би гэртээ байж байсан чинь манай дүү өөрийнхөө нөхөртэй ирж надад золгоод намайг аваад Цагаан давааны ард Тарианы мухар гэх газар байдаг ээжийнд ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/
*Гэрч Д.Жы өгсөн:
“...Би нөхөр 3 хүүхдийн хамт 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгаас Ихтамир сумын Тарианы мухар гэдэг газар байдаг ээжийндээ шинэлэх гэж ирсэн. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ээжтэйгээ золгочихоод том ах Д.Бг ирж ээжтэй золгох байх гээд хүлээгээд байсан чинь ирээгүй тэгэхээр нь би, нөхрийн хамт, төрсөн ах, бэр эгч нарын хамт том ах Д.Бтэй золгох гээд гэрт нь очсон чинь миний ах Д.Б нүүр нь хавдаж халцраад аймаар болчихсон орон дээрээ хэвтэж байсан тэгэхээр нь би юу болсон яагаад ийм болсон талаар нь асуусан чинь манай хадам дүү Ө.Б намайг өнөөдөр зодоод ийм болгочихлоо гэж ярьсан тэгэхээр нь би ах Д.Бг аваад шууд ээжийнд ирсэн тэгээд өнөөдөр сумын төв орж ирээд Ө.Бгийн ээжийнд нь очсон чинь Д.Б, ээж нь, Д.Бгийн эгч нь, дүү нь гээд дөрвүүлээ хамт байсан. Тэгээд би Д.Бг яагаад ахыг минь зодож байгаа юм бэ гэсэн чинь би архи уусан согтуу байсан согтуудаа л ийм юм хийсэн байна би Жаргалантаас яаж машинаа барьж ирснээ санахгүй байна гэж ярьсан тэгэхээр нь би цагдаад хэлнэ өргөдөл өгнө гэсэн чинь ээж нь би яаж мэдэх вэ дээ цагдаа шүүх нь шийднэ биз дээ гэж хэлсэн. Манай ахын зүүн талын нүдний хойд хэсэгт язарсан, нүдний доод хэсэгт халцарсан, хөмсөгний дээд хэсэгт халцарсан, зүүн талын чихний дотор хэсэг тэр чигээрээ халцарсан байсан эмнэлэг дээр очиж язарсан хэсэгт нь эмчээр 3 оёдол тавиулж байж цус нь тогтсон гэж ярьсан нүд нь хавдаад бүр таг болсон байсан өнөөдрөөс овоо гайгүй болж байна. Би асуугаагүй манай ах хэрэлдэж маргалдсан талаар яриагүй хадам ээжийндээ орж ирээд бурханд нь зул өргөчихөөд орон дээр нь суусан чинь миний хажууд ирээд 2 нударгыг холбож дараад миний өвөр дээр сууж байгаад толгой болон нүүр лүү зөндөө олон удаа цохисон эгч нь цагдаа дуудсан би хадам ээжийнхээс гараад ирсэн чинь цагдаа ирсэн байсан намайг хадам эгч Оюунгэрэл, хадам эгчийн хүү Шагай нар эмнэлэг дээр хүргэж өгч 3 оёдол тавиулаад Шагай намайг гэрт хүргэж өгсөн гэж ярьсан. Урчд өмнө нь хэрэлдэж маргалдсаныг нь би мэдэхгүй. Одоогоос 2 жилийн өмнө бас цагаан сараар Ө.Б манай ахыг бас зодоод аймаар болгосон байсныг нь манай том эгч очиж мэдээд бид нарт утсаар хэлж байсан тэр үедээ манай ах зодуулчихаад ээжийнд ирж хэд хоноод гэртээ харьсан гэж байсан. Манай ах ааш зангийн хувьд ямар нэг гаж буруу юм байхгүй нэг их архи уугаад байдаггүй хааяа баяр ёслолоор л жаахан уудаг өөр үед уугаад байдаггүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/
*Гэрч Ч.Дгийн өгсөн:
“...2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу шинийн нэгний өглөө манай хүү Ө.Б надтай золгохоор хүргэн ах Д.Б, эгч О хоёрыг авч ирж таньд золгуулна гээд машинтай явсан. Тэгээд хэдэн цагийн үед ирснийг мэдэхгүй байна. Нэлээн удаж байгаад ирсэн хамгийн түрүүнд манай хүргэн Д.Б ганцаараа орж ирээд бурханд мөргөж байгаа нь гээд бурхан тахил нураачих шахаад надтай золгож байгаа нь гэж хам хум золгосон болоод тавагтай идээ нураачих гээд эргээд гэрийн зүүн талд миний урд суусан. Би орон дээр сууж байсан, тэгсэн манай хүү Ө.Б, эгч Оийн хамт орж ирсэн чинь Д.Б, Ө.Бг муу бандиа, гөлгөө чи гуйлгачин минь, шээс минь гэсэн чинь манай хүү Ө.Б ирээд барьцалдаад авахаар нь би манай охин Оюунгэрэл бид 2 арай гэж хөөж гаргасан. Тэгсэн удаа ч үгүй Д.Бгийн дух нь цус болсон байна гэхээр нь түргэн, цагдаа дуудаад эмч нь ирж үзэхэд эмнэлэг рүү авч яваад эмнэлэг дээр хөмсөгнийх нь дээд талд 3 оёдол тавьсан гэсэн. Д.Бгийн эхнэр Оюунгэрэл орж ирээд энэ нэг юм гээд нөхөр Д.Бгээ загнаад архи нэхээд танайхан ийм тийм гээд янз бүрээр хэлээд архи гаргаад ир гэсээр байгаад надаас архи авч уугаад согтсон гэж ярьсан. Д.Б гэрээсээ манайд иртэл машинд нь манай хүүг гөлөг гуйлгачин, шээс гээд зөндөө харааж зүхсэн гэсэн, би чиний малыг маллаж чадахгүй гэж манай хүү рүү хүртэл зөндөө дайрсан байсан. Д.Б нэлээн согтуу байсан орж ирэхдээ бурхан тахил, идээ будаа нураачих гээд надтай золгосон болсон. Ө.Б ч архи уусан согтуу байсан. Согтуу л манай хүү Ө.Б руу чи муу малаа аваарай гуйлгачин минь, гөлөг минь, шээс минь гээд дайраад байсан гэсэн. Д.Б манайд хүргэн орж ирсэн хүн байгаа юм. Архи уухаараа ер нь ааш муутай дандаа агсам тавьж явдаг гээд хүмүүс яриад байдаг. Манай гэрт барьцалдаж авахаар нь би охинтойгоо хөөгөөд гаргасан чинь гадаа хоёулаа зодолдоод байхаар нь цагдаа дуудчихаад байж байгаад гарахад харсан чинь Д.Бгийн дух нь цус болчихсон байсан. Тэгсэн эмнэлэг рүү ярьж түргэн дууд гэсэн эмч ирээд үзсэн чинь эмч рүү бас дайраад байсан. Эмнэлэг дээр очоод ирсэн чинь зүүн нүднийх нь дээд хөмсөгний хажууд нь 3 оёдол тавиулсан байсан. Зодолдож байхдаа л Ө.Б цохьсон шиглөсөн үү гэдгийг мэдэхгүй ба тэрийг нь хараагүй. Манай малыг малладаг, тэрнээс болоод архи уучихаараа манайхныг гуйлгачин гөлөг энэ тэр гээд байдаг гэсэн. Танай малыг би маллаж байгаа 5 хонийг чинь 50 болгож өгсөн гээд дайраад байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-24 дүгээр тал/
*Яллагдагч Ө.Бгийн өгсөн:
“…Би 2023 оны 02 дугаар сарын 16-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Ихтамир сумын төвд байх ээж дээрээ золгох гэж ганцаараа ирсэн байсан юм. Тэгээд ээждээ цагаан сарын ойр зуурын ажлыг хийж өгч тусалсан. Тэгээд цагаан сараар хүргэн ах болох Бгийнд битүүрээд хамт архи уугаад орой нь сумын төвд ээж дээрээ хоноод маргааш өглөө нь хүргэн ах Д.Бг эхнэрийн хамт хөдөөнөөс очих авахдаа тэндээ хүргэн ахтай нэг шил архи хувааж уугаад сумын төвд буцаад ирж ээжийндээ ирсэн. Тэгээд хүргэн ах Д.Бтэй үл ойлголцох асуудал үүсэж маргалдаад биед халдаж зодсон байсан. Би тухайн үед нэлээн согтсон байсан учир зарим зүйлийг сайн санахгүй байна. Орой нь архи гараад ээж цагаан сар болж байхад зодоон хийлээ гэж загнасан. Д.Б ахын эхнэр ч мөн адил намайг загнасан. Монголын уламжлалт цагаан сарын баярын өдөр согтож, Д.Бг ахыг зодсон нь миний буруу, би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Манай хэдэн мал хүргэн ах Б ахын байдаг юм. Тэрнээсээ болоод маргалдсан байх л гэж бодож байна. Би өөрийн гараараа толгой орчимд цохисон. Хэдэн удаа цохисноо санахгүй байна. Миний биед Д.Б ах халдаагүй. Тэгэхээр намайг цохиогүй байх л гэж бодож байна. Хэрэв цохисон бол биед яр шарх үлдэх ёстой. Одоогоор миний биед ямар нэгэн бэртэл, гэмтэл, шарх, сорви байхгүй. Хүргэн ах Д.Б нь надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, Би хүргэн ахаасаа уучлалт гуйсан. Бид 2 учир зүйгээ ололцсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-43 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаартай “...Д.Бгийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн чих, духанд зулгарал, дух, зүүн хацар, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун нүдний дээд зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ө.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Заан хошуу хороололд иргэн Д.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ө.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Заан хошуу хороололд Д.Бг зодож биед нь зүүн хөмсөгт шарх, зүүн хацар, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун нүдний дээд зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Бгийн“...хадам дүү Ө.Бд 1 шил архи задлаад тэр архинаасаа Ө.Б бид 2 хуваагаад нэлээн уусан тэгээд эхнэр хадам дүү бид 3 сумын төвд манай хадам ээжийнд золгохоор сумын төв рүү ирээд хадам ээжийн гэрт ороод бурханд нь зул өргөөд эргээд орон дээр ирээд суусан чинь манай хадам дүү Ө.Б миний хажууд ирээд миний дээлийн 2 ханцуйг нударгаар нь доош нь дараад миний өвөр дээр сууж байгаад миний толгой болон нүүр лүү бараг 6-7 удаа цохьсон тэгсэн манай хадам ээж, манай эхнэр, хадам эгч Оюунгэрэл, хадам дүү Өлзийсайхан нар салгасан би хадам ээжийнхээс гараад ирсэн чинь цагдаа ирсэн байсан хадам эгч Оюунгэрэл цагдаа дуудсан миний зүүн талын нүдний хажуу талаас цус гараад байсан тул би Оюунгэрэл эгч, хадам эгч Наранхүү эгчийн хүү Шагай 2 намайг эмнэлэг дээр хүргэж өгч эмч нүдний хажуу талд 3 оёдол тавьж байж цус нь тогтсон...” гэх мэдүүлэг, гэрч Д.Жы”...Д.Бг ирж ээжтэй золгох байх гээд хүлээгээд байсан чинь ирээгүй тэгэхээр нь би, нөхрийн хамт, төрсөн ах, бэр эгч нарын хамт том ах Д.Бтэй золгох гээд гэрт нь очсон чинь миний ах Д.Б нүүр нь хавдаж халцраад аймаар болчихсон орон дээрээ хэвтэж байсан тэгэхээр нь би юу болсон яагаад ийм болсон талаар нь асуусан чинь манай хадам дүү Ө.Б намайг өнөөдөр зодоод ийм болгочихлоо гэж ярьсан...” гэх мэдүүлэг, Ч.Дгийн”...тэгсэн манай хүү Ө.Б, эгч Оийн хамт орж ирсэн чинь Д.Б, Ө.Бг муу бандиа, гөлгөө чи гуйлгачин минь, шээс минь гэсэн чинь манай хүү Ө.Б ирээд барьцалдаад авахаар нь би манай охин Оюунгэрэл бид 2 арай гэж хөөж гаргасан. Тэгсэн удаа ч үгүй Д.Бгийн дух нь цус болсон байна гэхээр нь түргэн, цагдаа дуудаад эмч нь ирж үзэхэд эмнэлэг рүү авч яваад эмнэлэг дээр хөмсөгнийх нь дээд талд 3 оёдол тавьсан гэсэн...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ө.Бгийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Б нь хохирогчийн эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, зүүн чих, духанд зулгарал, дух, зүүн хацар, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун нүдний дээд зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Бгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ө.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ө.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ө.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Бд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Өын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ө.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР