| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0074/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/74 |
| Огноо | 2023-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/74
2023/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: П.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Пын Лд холбогдох эрүүгийн 2212000000346 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Архангай аймгийн Тариат сумын ........ ажилтай, ам бүл 6 эх, дүү, ахын хамт Архангай аймгийн ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигин овогт Пын Л/РД:А3............./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Пын Л нь 2022 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис баарны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар М.Аийн хамар тус газар нь мөргөж, хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000346 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч М.Аийн өгсөн:
“...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Тариат сумын төв рүү орж ирээд найз Ттэй уулзаад хуучилж байгаад Цагаан нуурын эрэг орохоор болоод явсан нуурын эрэг дээр очоод нэг нэг лааз пиво ууж байгаад Т 2 эмэгтэй найзаа дуудсан танихгүй 2 эмэгтэй ирсэн тэр хоёр эмэгтэй хоёр эрэгтэй найзаа дуудсан юм. тэр 2 залууг Нямка, Х.Өр гэдэг юм би танина бид 6 дэлгүүрээс 4 ширхэг 2.5 литрийн пиво авч хувааж уугаад ярилцаж байгаад Архангай аймгийн төв орж бааранд бүжиглэхээр болоод миний приүс-20 маркийн машинтай 20 цаг өнгөрч байхад гарсан аймагт 22 цаг өнгөрөөд ирсэн тэгээд “Арвис” бааранд ороод 1 шил 0.75 литрийн архи аваад сууцгаасан зарим нэг нь бүжиглэж байсан тэгсэн чинь миний танил П.Л /бид хоёр өмнө тэмцээнд хамт орж хамт тоглож байсан юм/ орж ирээд манай ширээний хажууд 2 залуутай суухаар нь очоод юу байна хөгшөө гээд мэндэлсэн чинь П.Л намайг за зайлаа гэхээр нь би П.Лд хандаж чи хэзээ ийм болчихсон юм бэ гэж хэлээд баарнаас гарч тамхи татаж байгаад буцаж ороод ширээн дээрээ суусан манай хэд авсан архиа уугаад талбай дээр гарч бүжиглээд л байж байсан би энэ зуур хэд хэдэн удаа гарч тамхи татсан тэгээд би машиндаа сууж байгаад баар луу ортол үүдний шатан дээр П.Лтэй таарсан. Тэгсэн чинь ямар нэгэн зүйл хэлээгүй миний баруун хацар руу алгаараа зөөлөн ширвээд өнгөрсөн үл тоосон байдалтай байхаар нь яагаад байгаа юм бэ ална шүү гэж хэлээд баар луу орсон хэсэг хугацааны дараа би машиндаа суух гээд гарсан чинь Х.Өр, П.Л хоёр юм яриад зогсож байх шиг байсан машин руугаа алхаж байтал хөөе гээд П.Л дуудсан. Тэгээд би эргээд харсан чинь П.Л намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдсан тэгсэн чинь намайг татаад духаараа миний хамар луу нэг удаа мөргөсөн Х.Өр салгасан миний хамраас цус гарсан хамраа бариад үзсэн чинь баруунаас зүүн тал руугаа далийчихсан байсан тэгээд би машин руугаа очоод цаас аваад арчсан тэгсэн чинь араас ирээд цохих гээд байсан Х.Өр боль гээд холдуулсан, тэгсэн чинь гайгүй болохоор нь П.Лд хандаж би өмнө хамрын хагалгаанд орсон юм одоо чиний мөргөснөөс болоод далийчихлаа хамраа янзлуулчих юм бол ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн тэгсэн чинь угаасаа чиний хамар далий байсан бизд ээ гэж хэлээд баар руу орсон тэр үед Нямка баарнаас гараад ирчихсэн байсан. Би бодохдоо П.Л миний хамар янзлуулж өгөхгүй юм байна гэж бодсон. Тэгээд би цагдаагийн машин явж байхаар нь очиж зогсоогоод болсон асуудлыг хэлсэн тухайн цагдаа машинаасаа буусан чинь П.Л баарнаас гараад ирчихсэн байсан тэгээд тэр цагдаатай хамт П.Л юу байна хөгшөө гээд мэндлээд байсан таньдаг юм шиг байна лээ. Тухайн цагдаа П.Л бид хоёрыг цагдаагийн газар авч ирсэн. 2022 оны 09 дүгээр сарын 07-оос 28-ны хооронд болсон зүйл гэвэл энэ л байна. П.Л нь 10 жилд байхад манай дээд ангид байсан юм. Тэгээд саяхан буюу 2022 оны 09 дүгээр сард багш нарын баярыг угтсан тэмцээн болсон тэр үеэр П.Л манай Мөрөн багийн сургуулийн нэр дээр надтай хамт тоглосон юм тэгээд илүү танилцсан болохоор бааранд мэнд мэдсэн юм өөр зүйл байхгүй. Х.Өр байсан цохиулсны дараа Нямка гарч ирсэн, мөн зодуулсны дараа Тариатаас хамт ирсэн хүмүүс мэдэж байгаа. Би Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчид үзүүлсэн чинь өмнө хагалгаанд орсон юм бол яаралтай хагалгаанд орох юм бол сайн байдаг юм гэж хэлсэн тийм учраас би хагалгаатай холбоотой зардал мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-6 дугаар тал/
*Гэрч Х.Өрын өгсөн:
“...Тухайн өдөр би Тариат сумын төвд гэртээ байж байхад орой 17-18 цагийн үед найз Т утсаар Цагаан нуурын эрэг дээр байна хүрээд ир гээд байгаа газраа хэлээд 2,5 литрийн пиво аваад ир гэж захисан тэгээд би ганцаараа тухайн захисан пиво аваад очсон чинь М.А, Т, Нямка тэгээд тахихгүй 2 эмэгтэй байсан тэд пиво уугаад сууцгааж байсан. Би авч ирсэн пиво өгөөд бүгдээрээ ууцгааж байгаад Архангай аймгийн төв орж бааранд бүжиглэж байгаад ирье ярилцаад М.Аийн машинтай бүгдээрээ яваад 22 цаг өнгөрч байхад аймгийн төвд орж ирээд “Арвис” нэртэй бааранд орсон тэндээ бид нар 0,75 литрийн архи захиалж уугаад бүжиглэсэн, тухайн бааранд манай сумын П.Л гэх залуу явж байсан бид нар таарсан. Тэгээд 23 цаг өнгөрч байсан байх цагийн нарийн сайн санахгүй байна. П.Лтэй хамт баарны гадна тамхи татаад зогсож байсан чинь М.А гараад ирсэн тэгээд машин руугаа алхаж байхад нь П.Л М.Аийг дуудаад муудалцаад хэрүүл хийсэн би ойлгохдоо бааранд өмнө маргалдаж муудалцсан гэж ойлгосон. Тэгээд хоорондоо нэг нэгнийгээ заамдалдаж барилцаад П.Л М.Аийг татаад нэг удаа мөргөсөн тэгээд би очоод салгасан чинь М.Аийн хамраас цус гарсан П.Л дахин зодолдох гээд байхаар нь би хориод салгасан. М.А машин руугаа явж цаас авч ирээд цусаа арчсан буцаж ирээд цагдаа дээр очих талаар юм яриад байсан. Тэр үед найз Нямка гэж дууддаг Б.Н баарнаас гарч ирээд юу болсон талаар асуусан би болсон үйл явдлыг хэлсэн. Бааранд байсан байх гэж бодож байна тухайн үед М.А П.Л хоёрын хажууд би байсан мөн тусдаа явж байгаа танихгүй хүмүүс байсан. М.А нь П.Лг цохисон зүйл байхгүй. П.Л нэг л удаа хамар хэсэг рүү нь мөргөсөн өөр зүйл болоогүй. Тариат суманд байхад хамар нь зүгээр мөн бааранд ирсний дараа ч зүгээр байсан ямар нэгэн хүнтэй хэрүүл маргаан хийж маргалдаж зүйл байхгүй. П.Лтэй маргалдаж зодолдоод л хамар нь гэмтэж цус гарсан. Намайг бааранд байхад гадна уулзаад муудалцсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр тал/
*Гэрч Б.Нгийн өгсөн:
“...Тухайн өдөр би Тариат сумын төвд байхад орой 17 цаг өнгөрч найз Т утсаар Цагаан нуурын эрэг дээр байна 2,5 литрийн 2 ширхэг пиво аваад ир гэж захиад над руу мөнгийг нь шилжүүлсэн юм. би ганцаараа тухайн захисан пиво аваад очсон чинь М.А гэх залуу, Т, түүний найз гээд танихгүй 2 эмэгтэй байсан тэд пиво уугаад сууцгааж байсан. Би авч ирсэн пиво өгөөд юм яриад сууж байсан чинь Х.Өр ганцаараа мотоциклтой 1 ширхэг 2.5 литрийн пиво аваад ирсэн тэгээд бид нар тухайн авсан пивонуудаа хувааж ууцгаагаад Архангай аймгийн төв орж бааранд бүжиглэж байгаад ирье ярилцаад Аийн машинтай бүгдээрээ яваад 22 цаг өнгөрч байхад аймгийн төвд орж ирээд “Арвис” нэртэй бааранд орсон тэндээ бид нар 0,75 литрийн архи, цэвэр ус захиалж уугаад бүжиглэсэн, тухайн бааранд бид нар бүжиглэж, архи ууж сууцгаасан, тухайн бааранд манай сумын залуу П.Л 2 хүнтэй сууж байсан юм. М.А баарнаас орж гараад л яваад байсан намайг баарнаас гараад ирсэн чинь Аийн хамраас цус гарчихсан П.Л М.Атэй хэрүүл хийчихсэн хоорондоо зодолдсон бололтой зогсож байсан хажууд нь Х.Өр байсан юу болсон талаар асуусан чинь Х.Өр надад М.Аийг П.Л хамар луу нь мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр ирсэн чинь М.Аийн машиныг цагдаа хураагаад авсан бид хоёр М.Аийн хамаатны айлд очиж амарсан юм маргааш өглөө нь босоод харсан чинь хамар нь хавдаад мурийчихсан байсан. Бааранд бүжиглэж байсан байх. Би зодооныг хараагүй намайг гараад ирэхэд зодоон болоод дуусчихсан байсан. М.А П.Л хоёрын хажууд Х.Өр зогсож байсан. Би согтуу байсан гэхдээ бүрэн гүйцэт болсон үйл явдлыг санаж байгаа. М.А согтоогүй зүгээр байсан, П.Л, Х.Өр хоёр хэрэг зэрэг согтсон байсныг сайн мэдэхгүй байна. Намайг бааранд байхад миний хажууд маргалдсан зүйл байхгүй...”гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/
*Гэрч Л.Мын өгсөн:
“...Тухайн өдөр хөдөө ажлаар яваад шөнө 00 цаг өнгөрч байхад аймгийн төв орж ирсэн чинь манай эхнэр над руу залгаад Од буудлын ойролцоо байна ирээд ав гэж хэлсэн тэгээд би яваад очсон чинь М.Атэй хамт машинд сууж байсан. Тэгээд би юу болсон талаар нь асуухад Тариат сумаас аймгийн төв орж ирээд “Арвис” бааранд бүжиглэж байгаад манай сумын П.Лд М.А зодуулсан байна гэж хэлсэн. Тэгээд би М.Аийн нүүрийг харсан чинь хамар нь хавдчихсан байсан. Тэгсэн чинь М.А надад хандаж би өмнө хамрын хагалгаанд орчихсон байсан, П.Л миний хамрыг мөргөөд гэмтээчихлээ гэж хэлсэн. Тэгээд би П.Л хаана байгаа талаар асуухад цагдаа дээр саатуулагдсан гэж хэлсэн би уулзах гээд цагдаа дээр ирсэн боловч саатуулсан байсан учир уулзаж чадаагүй. Манай эхнэр одоо Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хавиргаа гэмтээсэн... “гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/
*Яллагдагч П.Лгийн өгсөн:
“...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 29 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 401 дугаартай “...М.Аийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис баарны гадна М.А нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Л нь 2022 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис баарны гадна “ална шүү гэх зэргээр доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар М.Аийн хамар тус газар нь мөргөж, хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Аийн“...П.Л намайг за зайлаа гэхээр нь би П.Лд хандаж чи хэзээ ийм болчихсон юм бэ гэж хэлээд баарнаас гарч тамхи татаж байгаад буцаж ороод ширээн дээрээ суусан манай хэд авсан архиа уугаад талбай дээр гарч бүжиглээд л байж байсан би энэ зуур хэд хэдэн удаа гарч тамхи татсан тэгээд би машиндаа сууж байгаад баар луу ортол үүдний шатан дээр П.Лтэй таарсан. Тэгсэн чинь ямар нэгэн зүйл хэлээгүй миний баруун хацар руу алгаараа зөөлөн ширвээд өнгөрсөн үл тоосон байдалтай байхаар нь яагаад байгаа юм бэ ална шүү гэж хэлээд баар луу орсон хэсэг хугацааны дараа би машиндаа суух гээд гарсан чинь Х.Өр, П.Л хоёр юм яриад зогсож байх шиг байсан машин руугаа алхаж байтал хөөе гээд П.Л дуудсан. Тэгээд би эргээд харсан чинь П.Л намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдсан тэгсэн чинь намайг татаад духаараа миний хамар луу нэг удаа мөргөсөн Х.Өр салгасан миний хамраас цус гарсан хамраа бариад үзсэн чинь баруунаас зүүн тал руугаа далийчихсан байсан тэгээд би машин руугаа очоод цаас аваад арчсан тэгсэн чинь араас ирээд цохих гээд байсан Х.Өр боль гээд холдуулсан, тэгсэн чинь гайгүй болохоор нь П.Лд хандаж би өмнө хамрын хагалгаанд орсон юм одоо чиний мөргөснөөс болоод далийчихлаа хамраа янзлуулчих юм бол ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн тэгсэн чинь угаасаа чиний хамар далий байсан бизд ээ гэж хэлээд баар руу орсон тэр үед Нямка баарнаас гараад ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Өрын“...Тухайн бааранд манай сумын П.Л гэх залуу явж байсан бид нар таарсан. Тэгээд 23 цаг өнгөрч байсан байх цагийн нарийн сайн санахгүй байна. П.Лтэй хамт баарны гадна тамхи татаад зогсож байсан чинь М.А гараад ирсэн тэгээд машин руугаа алхаж байхад нь П.Л М.Аийг дуудаад муудалцаад хэрүүл хийсэн би ойлгохдоо бааранд өмнө маргалдаж муудалцсан гэж ойлгосон. Тэгээд хоорондоо нэг нэгнийгээ заамдалдаж барилцаад П.Л М.Аийг татаад нэг удаа мөргөсөн тэгээд би очоод салгасан чинь М.Аийн хамраас цус гарсан П.Л дахин зодолдох гээд байхаар нь би хориод салгасан. М.А машин руугаа явж цаас авч ирээд цусаа арчсан буцаж ирээд цагдаа дээр очих талаар юм яриад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Нгийн”...М.А баарнаас орж гараад л яваад байсан намайг баарнаас гараад ирсэн чинь Аийн хамраас цус гарчихсан П.Л М.Атэй хэрүүл хийчихсэн хоорондоо зодолдсон бололтой зогсож байсан хажууд нь Х.Өр байсан юу болсон талаар асуусан чинь Х.Өр надад М.Аийг П.Л хамар луу нь мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр ирсэн чинь М.Аийн машиныг цагдаа хураагаад авсан бид хоёр М.Аийн хамаатны айлд очиж амарсан юм маргааш өглөө нь босоод харсан чинь хамар нь хавдаад мурийчихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Мын”...П.Лд М.А зодуулсан байна гэж хэлсэн. Тэгээд би М.Аийн нүүрийг харсан чинь хамар нь хавдчихсан байсан. Тэгсэн чинь М.А надад хандаж би өмнө хамрын хагалгаанд орчихсон байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 401 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Л нь хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Лгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч П.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан. Гэмт хэргийн улмаас хохирогч М.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч П.Л нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Пын Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лг 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л нь шүүхээс оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОРС