Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2019/00204

 

          Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19.. оны .. сарын ..-ны өдөр  .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эмэгтэй, халх,  бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл .., нөхөр, хүүхдийн хамт  .. аймгийн .. боловч, одоо .. дугаар хороо.. түр оршин суух, И- овогт Б-ийн О-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: 19.. оны ..  сарын ..-ний өдөр .. аймгийн .. суманд төрсөн, эрэгтэй, .. настай, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, .. аймгийн  .. газар нутаглах, Х- овогт Д-гийн О-т /РД:................/ холбогдох  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах  тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар  сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц-, хариуцагч Д.О-, хариуцагчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга   Б.Одгэрэл  нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь :

           Нэхэмжлэгч Б.О- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:  Б.О- бид хоёр 2008 онд Төв аймгийн Угтаалцайдам сумын ЗДТГ-т гэрлэлтээ бүртгүүлсэн. Намайг О-тай гэрлэхээс өмнө 2002.05.12-ны өдөр миний охин Бат-Эрдэнийн Энхмаа төрсөн байсан. Гэрлэснээс хойш хүү Т- 2009.12.20-ны өдөр, охин У- 2014.10.14-ний өдөр, бага хүү О- 2017.05.22-ны өдөр тус тус төрсөн. Нөхөр О- нь Ч- гэх эмэгтэйтэй дотно харилцаатай болсныг  2017 онд анх мэдсэн. Энэ талаар хэлэхэд О- уурлан намайг зоддог болсон. Энэ эмэгтэйтэйгээ 2018 оны намраас одоог  хүртэл хамт амьдарч байгаа. Намайг 2018 оны 07 сарын 13-ны өдөр хүүхдүүдийн маань дэргэд сандлаар болон гараараа зодож, хөлөөрөө өшиглөж, миний биед гэмтэл учруулсан. Цагдаагийн ажилтан, түргэн тусламж Угтаалцайдамд байх бидний  амьдарч байсан гэрт ирж намайг авч явсан. Түүнээс хойш би энэ гэртээ очоогүй. Багануур дүүрэгт 1-16 насны 4 хүүхэдтэйгээ амьдарч байгаа. О- миний биед гэмтэл учруулж, надтай удаа дараа харгис хэрцгий харьцаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр цагдаад шалгагдаж байгаад шүүхээр  ял шийтгүүлсэн. О- нь өөр хүнтэй амьдарч байгаа, сэтгэл нь хувирсан, намайг зоддог болсон учир би гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Би 4 хүүхдээ өөрийн асрамжинд авна. Эцэг нь эрүүгийн шүүх хурал болсны дараа хүү Т-, охин У- нарыг өөр дээрээ авна хэмээн авч явсан боловч  асрамжилж чадаагүй. О-ын ээж Чулуунбаатар над руу утасдаж “охин чинь санаад уйлаад байна, ирж авах арга байна уу” гэхээр нь би 2 хүүхдээ очиж авсан. Намайг очиход охин халуураад, биен дээр нь яр шарх гарчихсан хэцүү байдалтай байсан. Хүү Тулгыг эцэг нь сургуулийн дотуур байранд орхисон байсан. Хүүгийн багш эцгийг нь ирж уулз гэхэд нэг ч удаа очиж уулзаагүй гэсэн. Хүү маань хагас бүтэн сайн өдрийн  амралтаараа манай эгчийн гэрт очоод “ээждээ очно” гээд хичээлдээ явахгүй байсан гэсэн. Охиныг өөрөө асрамжлахгүй өндөр настай ээж дээрээ орхисон байсан. Манай гэр бүлийн дундын өмчид одоогоор байгаа нь 320 мал, ачааны  болон суудлын машин, мотоцикль, 5 ханатай гэр, бусад гэрийн эд хогшил байна. Салснаас хойш нөхөр маань суудлын машин малаа дур мэдэн зарж үрсэн байсан. Уг нь анх намайг салахад 650 толгой мал байсан. Үүнээс 2018 оны мал тооллогоор аавынхаа нэр дээр малынхаа зарим хэсгийг тасдаж тоолуулсан байсан. Одоо үлдэгдэл хөрөнгө  нь 320  тооны мал /адуу 30, үхэр 20, хонь 180, ямаа 80/ эсгий гэр, ачааны автомашин, гэрийн тавилга байгаа. Гэр бүлийн дундын өмчөөс 256 тооны мал, ачааны автомашин, 5 ханатай эсгий гэрийг би хүүхдүүдийн  хамт өөрсдийн  өмчлөлд авах хүсэлтэй байна. Адууг дунджаар 1 толгойг нь 400.000 төгрөгөөр тооцвол 25 адуу 10.000.000 төгрөг, үхрийг дунджаар 1 толгойг нь 400.000 төгрөгөөр  тооцвол 16 үхэр 6.400.000 төгрөг, хонийг дунджаар 1 толгойг нь 50.000 төгрөгөөр тооцвол 150  хонь 7.500.000 төгрөг, ямааг дунджаар 1 толгойг нь 40.000 төгрөгөөр тооцвол 65 ямаа 2.600.000 төгрөг болно. Ачааны Портер-2 маркын  32-92 ТӨВ улсын дугаартай автомашиныг 2018 онд  14.000.000 төгрөгөөр худалдан авсан. Энэ машиныг 12.000.000 төгрөгөөр үнэлнэ. 5 ханатай эсгий гэрийг 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Эдгээр мал, автомашин, гэрийн нийт үнэлгээ 40.000.000 төгрөг болж байна гэв.

          Нэхэмжлэгч О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 08 сард анх гэрлэснээсээ хойш би энэ айлын малыг ганцаараа маллаж гадаа гарч эр, гэрт орж эм болж явсан. Энэ хүнийг нэг ч удаа моринд мордуулж үзээгүй. 2018 оны 7 сард өмссөн хувцастайгаа гэрээсээ хөөгдөж гарсан, хөөж явуулснаасаа хойш эвлэрэх талаар огт ярилцаагүй, хүүхдээ авмаар байна гээд байхаар нь өгөөд явуулсан. Гэтэл нэг хүүхдийг дотуур байранд, нөгөөхийг нь ээж аав дээрээ орхисон байсан. Манай нөхөр  маш харамч, хүүхдүүддээ нэг ч тоглоом авч өгч байгаагүй, хүүхдүүд одоо эцэгтэйгээ ярих дургүй, эвлэрэх болов уу гээд зөндөө харсан, 11 сард хувцасаа авах гээд очтол цагдаад өгсөн гээд дахин зодоод гадаа хонуулсан, хүүхдийн маань хөл нь хайрагдсан. Тэгж очих үедээ 50 толгой мал авсан, аав ээж ах дүү нар нь байсан, авсан малаа бүгдийг тэмдэглээд үлдээсэн. Би анх энэ айлд бэр болж очихдоо 50 толгой малтай очсон, тэр малаа л авсан. Тэр үед О- өөрөө байгаагүй. Би гэрээсээ явснаасаа хойш 3 удаа гэртээ очсон. Намайг очих болгонд зоддог, хөөдөг, намайг явснаас хойш  2 машинаа өөрөө дур мэдэн үгүй хийсэн, би найз нөхдөөс нь зарсан талаар мэдсэн. Надад эвлэрэх хүсэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

                    Хариуцагч Д.О-  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймгийн Угтаалцайдам сумын  “Талын уул” 1 дүгээр багт оршин суугч хариуцагч Боржигон овогт Д-гийн О- би Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын уул 1-р багт оршин суугч нэхэмжлэгч  Б.О-ийн зүгээс надад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах тухай  шаардлагатай танилцаад дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Хариуцагч Д.О- би нэхэмжлэгч Б.О-тэй 2007 онд танилцаж 2008 онд гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Ингээд бид хоёрын дундаас хүү О.Т-  2009.12.20-нд,   охин У- 2014.10.14-нд бага хүү О.О- 2017.05.22-нд төрж том охин Б.Энхмаа нь надаас өмнө ханилж байсан Бат-Эрдэнэ гэгчийн хүүхэд бөгөөд бид ам бүл 6-уулаа амьдарч  байсан. Энэ хооронд эхнэр Б.О-тэй болохоосоо болохгүйгээ хүртэл, чадахаасаа чадахгүйгээ хүртэл үр хүүхдийнхээ төлөө зүтгэж амьдарч ирсэн. Бид 2 амьдрах хугацаанд, тэр өөрөө намайг хардаж сэрдээд сайдаж  муудаж байсан удаа олон бий. Одоо би түүний гаргасан 4 үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүү О.Т-, охин О.У-, хүү О.О- нарыг өөрийн асрамжинд авах, мөн 3 хүүхдэд тэтгэлэг гаргуулахыг хуулийн дагуу төлөхөөс татгалзахгүй, зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэгч Б.О-ээс гаргасан дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь тэр нэхэмжлэлдээ гэр бүлийн дундын өмчлөлөөс 256 тооны мал, ачааны автомашин, 5 ханатай эсгий гэрийг өөрийн өмчлөлд авахаар нэхэмжилсэн байна. Тухайлбал  адууг 1 толгойг нь 400.000 төгрөгөөр тооцож 25 адууг 10.000.000 төгрөгөөр, үхрийг дунджаар 1 толгойг нь 400.000 төгрөгөөр тооцож, 16 үхрийг 6.400.000 төгрөгөөр, хонийг 1 толгойг нь 50.000 төгрөгөөр тооцож 150 хонийг 7.500.000 төгрөгөөр, ямааг дунджаар 1 толгойг нь 40.000 төгрөгөөр тооцож 65 ямааг 2.600.000 төгрөгөөр,  мөн ачааны “Портер” маркын 32-92 ТӨВ улсын дугаартай автомашиныг 12.000.000 төгрөгөөр, 5 ханатай  эсгий гэрийг 1.500.000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 40.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл надад одоогийн байдлаар 320 толгой бод, бог мал байхгүй, 2-рт бод, бог малаа үнэлэхдээ, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж, зөвхөн намайг өөрийн гэсэн өмч хөрөнгөүй болгож  гудамжинд үлдээх гэсэн өс хонзонгийн хэлбэртэй, хуульд нийцээгүй нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

              Хариуцагч Д.О- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: О-ийн зарим үг нь худлаа ярьж байна. Энэ хүн гэрээсээ явснаасаа хойш  9 сард буцаж очоод цуг байж байгаад намайг 12 сарын 23-нд шүүх дээр эрүүгийн хэргийн улмаас шалгагдаж байх хойгуур 50 толгой мал аваад явсан байсан. Хөдөө гадаа хонуулсан асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэгт холбогдуулан гаргасан шаардлага,  мөн “Porter-2” маркын 32-92 ТӨВ улсын дугаартай ачааны автомашиныг өгөхийг зөвшөөрч байна. Харин 256 толгой мал нэхэмжилснээс 100 толгой мал, 50 төл мал нийт 150 толгой мал өгөх бодолтой байна. Намайг эзгүй хойгуур аваад явсан 50 толгой малаа зарж үрээд дуусгасан сурагтай байсан. Анх манайд ирэхдээ хонь ямаа нийлсэн 30 толгой, 1 тугалтай үнээтэй ирсэн нь үнэн. Би одоо хүүхдүүдийнхээ тэтгэлгийг хэдэн малаа өсгөж түүнийхээ ашиг шимээр төлөхөөс өөр боломж байхгүй. Машинаа зараад банкны зээлээ төлсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О- нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ оногдох хэсгээ гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

             Хариуцагч Д.О- нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 5 ханатай гэр, ачааны автомашиныг өгөхийг хүлээн зөвшөөрч, таван хошуу малаас оногдох хэсгийг гаргуулах шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

         Нэхэмжлэгч Б.О-, хариуцагч  Д.О- нар нь 2008 оны 08 сарын 08-ны өдөр  гэр бүл болж 2009 оны 12 сарын 18-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа хүү О.Тулгыг 2009 оны 12 сарын 20-ны өдөр, охин О.У-ыг 2014 оны 10 сарын 14-ний өдөр, хүү О.О-г 2017 оны 05 сарын 22-ны өдөр төрүүлсэн болох нь 0026185/25 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 0295463/60, 4170000033, 4170000067 тоот хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.

Зохигчид нь 10 жил хамтран амьдраад хариуцагч   Д.О-  нь өөр хүнтэй гэр бүлээс гадуур эр эмийн харьцаа тогтоосноос тэдний дунд таарамжгүй харьцаа үүсэж, хэрүүл маргаантай байх болсон, хариуцагч О- нь  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ зоддог байсан учраас нэхэмжлэгч нь 2018 оны 07 сараас тусдаа хүүхдүүдийн хамт амьдрах болсон үйл баримт нь  Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоол, / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох, 11.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1, 1.2-т  зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан  хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн/ зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.  

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “ …хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох…асуудлыг шүүх шийдвэрлэнэ”,  21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд  төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”,   38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу хүүхдүүдийг эх Б.О-ийн асрамжид үлдээж ,Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Д.О-аас  тэтгэлэг гаргуулж хүү  О.Т-, охин О.У-, хүү О.О- нарыг  тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Д.О-аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагчид  анхааруулах нь зүйтэй.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгээ шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь  256 толгой мал, 5 ханатай гэр, Porter маркын автомашиныг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэж өөрт болон өөрийн дагавар охин болох Б.Энхмаа, хариуцагчийн хүүхдүүд болох У-, Т-, О- нарт оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “ Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг ойлгоно”, 21 дүгээр зүйлийн 21.3-д “Дагавар хүүхэд хойд эцэг, хойд  эхийн хооронд  эцэг эх хүүхдийн эрх үүрэг үүснэ”, 25 дугаар зүйлийн 25.2-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон  гэрлэгчдийн хэн нэгний дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж  эрх ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно” гэж тус тус хуульчилснаар нэхэмжлэгч О-ийн охин болох Бат-Эрдэнийн Энхмаа нь тухайн гэр бүлийн гишүүн мөн байх тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг гаргуулах үндэслэлтэй.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн”, 126.2.4 дэх хэсэгт “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө байна” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилж буй эд хөрөнгүүд гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байна.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллогоор адуу 80, үхэр 40, хонь 350, ямаа 180,  бүгд 650,  2018 оны тооллогоор адуу 30, үхэр 20, хонь 180, ямаа 80, нийт 310 толгой мал тоологджээ.

Нэхэмжлэгч нь 2018 онд  тооллуулсан 310 толгой малаас хээлтүүлэгч адуу 1, бүдүүн гүү 8, бүдүүн морь 9, шүдлэн эр адуу 3, эм адуу 4, соёолон эм үхэр 5, хязаалан  эр үхэр 1, эм үхэр 2, шүдлэн эр үхэр 3, эм үхэр 2, эр бяруу 1, эм бяруу 2,

 хязаалан эр хонь 20, эм хонь 70, шүдлэн эр хонь 14, эм хонь 15, эр  төлөг 15, эм төлөг 16, хязаалан эр ямаа 3, эм ямаа 30, шүдлэн эр ямаа 3, эм ямаа 3, эр борлон 15, эм борлон 11   нийт 256 мал нэхэмжилсэн.

Хариуцагч О- нь нэхэмжилж буй эд хөрөнгөөс 5 ханатай гэр,  Porter маркын автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн учраас зөвшөөрөхгүй байгаа эд хөрөнгө болох малыг Иргэний хуулийн 129 дүгээр  зүйлийн 129.2-д “ гэр бүлийн нэг гишүүнд оногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж заасныг, мөн хариуцагчийн амьжиргаагаа залгуулах, хойшид 3 хүүхдийн тэтгэлэг төлөх эдийн засгийн нөхцөл бололцоо, малаас өөр орлого байхгүй зэргийг харгалзан үзэж  адуу 23 толгой,  үхэр 13 толгой, хонь 140 толгой, ямаа 53 толгойг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон хариуцагчид адуу 7 толгой, үхэр 7 толгой, хонь 40 толгой, ямаа 27 толгой нийт 81 толгой мал үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 229 толгой малыг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээгээр үнэлвэл 48.190.000 төгрөг, 5 ханатай  гэр 1.200.000 төгрөг, автомашин 13.000.000 төгрөг, хариуцагчийн өөрийнх нь  үнэлсэн үнэлгээ болох  адууг нэг толгойг 400.000 төгрөг, үхрийг нэг толгойг 400.000 төгрөг, хонийг нэг толгойг 50.000 төгрөг, ямааг нэг толгойг 40.000 төгрөгөөр тооцож үнэлвэл нийт малын үнэлгээ 23.520.000 төгрөг, 5 ханатай гэр 1.500.000 төгрөг, автомашин 12.000.000 төгрөг нийт эд хөрөнгийн үнэлгээ нь 37.020.000  болж байна. Нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгийг үнэлүүлэх хүсэлт гаргаагүй, үнэлгээн дээр маргаагүй учраас түүний анх гаргасан эд хөрөнгийн үнэлгээг харгалзан маргааныг шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597.794 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад төлсөн 248.004 төгрөг, эд хөрөнгийн үнэлгээ болох 37.020.000 төгрөгт ногдох хураамж 343.020  нийт 591.020 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар    зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар И- овогт Б-ийн О-, Х- овогт Д-гийн О- нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар О-ын Т-, У-, О- нарыг эх Б.О-ийн  асрамжид үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд  зааснаар 2009 оны 12 сарын 20-ны өдөр төрсөн  хүү О-ын Т-,  2014 оны 10 сарын 14-ний өдөр төрсөн охин О-ын У-, 2017 оны 05 сарын 22-ны өдөр төрсөн  хүү О-ын О- нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг  тогтоон эцэг  Д.О-аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  4. Хариуцагч Д.О- нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 5 ханатай гэр / 1.500.000 төгрөг/, Porter-2  маркын 32-92 ТӨВ улсын дугаартай автомашиныг /12.000.000 төгрөг/ нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрснийг баталсугай.
  5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар хариуцагч  Д.О-аас хээлтүүлэгч адуу 1, шүдлэн эр адуу 2, эм адуу 3, бүдүүн морь 9, бүдүүн гүү 8 нийт 23 толгой адуу буюу 9.200.000 төгрөг,  эр бяруу 1, эм бяруу 1,  шүдлэн эр үхэр 2, эм үхэр 2, хязаалан эр үхэр 1, эм үхэр 1,  соёолон эм үхэр 5 нийт 13 толгой үхэр буюу 5.200.000 төгрөг, эр төлөг 20, эм төлөг 20, шүдлэн эр хонь 10, эм хонь 10, хязаалан эр хонь 15, эм хонь 65, нийт 40 толгой хонь буюу 7.000.000 төгрөг, эр борлон ямаа 12, эм борлон 10, шүдлэн эр ямаа 2, эм ямаа 2, хязаалан эр ямаа 2, эм ямаа 25 нийт 53 толгой ямаа буюу 2.120.000 төгрөг нийт 229 толгой мал буюу 23.520.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгон, хээлтүүлэгч адуу 1, шүдлэн эр адуу 1, эм адуу 1, бүдүүн морь 2, бүдүүн гүү 2, хээлтүүлэгч үхэр 1,  эр бяруу 1, эм бяруу 1,  шүдлэн эр үхэр 1, эм үхэр 1, хязаалан  эм үхэр 1,  соёолон эм үхэр 1,  хээлтүүлэгч хонь 1, эр төлөг 5, эм төлөг 5, шүдлэн эр хонь 4, эм хонь 5, хязаалан эр хонь 5, эм хонь 15, хээлтүүлэгч ямаа 1, эр борлон ямаа 3, эм борлон 5, шүдлэн эр ямаа 1, эм ямаа 1, хязаалан эр ямаа 1, эм ямаа 15 нийт 81 толгой малыг хариуцагч Д.О-ын өмчлөлд үлдээсүгэй.
  6. Нэхэмжлэлийн шаардлагаас 27 толгой мал нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах  П.Нансалмаад  даалгасугай.
  8. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 103/ШЗ2019/00716 дугаартай “Хөрөнгө битүүмжлэх тухай” шүүгчийн захирамжийг шийдвэр биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
  9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597.794 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 591.020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                       ДАРГАЛАГЧ                               П.ЦЭЦЭГДУЛАМ