| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0078/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/78 |
| Огноо | 2023-03-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/78
2023/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Шүүгдэгч: Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чонон бөртө овогт Батмөнхийн Сид холбогдох эрүүгийн 2212000000401 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг.......... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Чонон Бөртө овогт Батмөнхийн С/РД:АВ................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Батмөнхийн С нь Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Дөрөлж гэх газраас 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 15.9459 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 3,150,399 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000401 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Ж.Б.дын өгсөн:
“...Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн Б.С нь Жаргалант сумын багийн Дөрөлж гэх газраас хэрэглээний шургааг мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 3.150.399 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Байгал орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 84-85 дугаар тал/
*Гэрч Д.Ш....ын өгсөн:
“...Иргэн ойд мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авч, ойд огтлолт хийж босоо мод унагаахгүй цэвэрлэгээний ажлаар гишүү, унанги модноос бэлтгэнэ. 2022 онд Асайт багийн Булгийн хоолой, Цохиотын ар, Хонгор өвөр гэх газар талбай тусгаарлалт хийсэн. Асайт багийн Дөрөлж гэх газар 2022 онд мод бэлтгэх тусгаарлалт хийсэн газарт орохгүй. Иргэн од хэрэглээний мод бэлтгэхдээ босоо мод унагаахгүй цэвэрлэгээний ажлаар гишүү, унанги модноос бэлтгэнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 58-59 дүгээр тал/
*Гэрч Б..........ын өгсөн:
“...2022 оны 08 сарын үед манай ах Б.С манай гэрт ирээд цуг яваад мод ачилцаад өгөөч гэхээр нь би цуг явж ачилцаж өгсөн. Б.С ах урьд нь өмнө нь бэлтгэсэн байсан хэзээ, хэнтэй явсныг нь би сайн мэдэхгүй байна. Намайг мод ачилцаад өгөөч гэхээр нь л би хамт явж тусалсан. Би модыг нь тоолоогүй хэдэн ширхэг мод байсныг сайн мэдэхгүй байна. Мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар нь би мэдэхгүй байна. Б.С ахын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 79-80 дугаар тал/
*Яллагдагч Б.Сийн өгсөн:
“...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 92-93 дугаар тал/
*Архангай аймгийн Эрдэнэмандал сум дахь Сум дундын ойн ангийн инженер Д.Мөнхнарангийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаартай”...Эрдэнэмандал сумын иргэн Б.Сийн бэлтгэсэн 4.1 метр урт 179 ширхэг шургааг мод нь хуурай шинэс мод, 15.9459 метр куб мод байна. Б.Сийн бэлтгэсэн 4.1 метр урт 179 ширхэг шургааг модны экологи эдийн засгийн үнэлгээ 3.150.399 төгрөгөөр тогтоов. 11.8769 метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /шинэс хуурай/ шууд үр ашгийн 48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу бөөрөнхий мод 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 2.346.495₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 42-44 дүгээр тал/
*Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн АА22-95 дугаартай:
“...2002 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол улсад орж ирсэн 68-02 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 3.919.039/гурван сая есөн зуун арван есөн мянга гучин ес/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 72-75 дугаар тал/
*Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн АЦ22-141 дугаартай:
“...Цахилгаан хөрөөний үнэ 92.000/ерэн хоёр мянга/ төгрөг, 15.9459 метр куб модны үнэ 1.913.508/нэг сая есөн зуун арван гурван мянга таван зуун найм/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 64-66 дугаар тал/
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 25-36 дугаар тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 6-24 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Сид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Дөрөлж гэх газраас шүүгдэгч Б.С нь зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 15.9459 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 3.150.399 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.С үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Ж...”...Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн Б.С нь Жаргалант сумын Асайт багийн Дөрөлж гэх газраас хэрэглээний шургааг мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 3.150.399 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Ш.н”...Иргэн ойд мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авч, ойд огтлолт хийж босоо мод унагаахгүй цэвэрлэгээний ажлаар гишүү, унанги модноос бэлтгэнэ. 2022 онд Асайт багийн Булгийн хоолой, Цохиотын ар, Хонгор өвөр гэх газар талбай тусгаарлалт хийсэн. Асайт багийн Дөрөлж гэх газар 2022 онд мод бэлтгэх тусгаарлалт хийсэн газарт орохгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б..ын”...2022 оны 08 сарын үед манай ах Б.С манай гэрт ирээд цуг яваад мод ачилцаад өгөөч гэхээр нь би цуг явж ачилцаж өгсөн. Б.С ах урьд нь өмнө нь бэлтгэсэн байсан хэзээ, хэнтэй явсныг нь би сайн мэдэхгүй байна. Намайг мод ачилцаад өгөөч гэхээр нь л би хамт явж тусалсан. Би модыг нь тоолоогүй хэдэн ширхэг мод байсныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 3.150.399 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Эрдэнэмандал сум дахь Сум дундын ойн ангийн инженер Д.Мөнхнарангийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Сийн хууль бусаар ойгоос босоо мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Сийн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Б.Сийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 3.150.399 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /3.150.399*3=9,451,197/есөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга нэг зуун ерэн долоо/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 9,451,197/есөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга нэг зуун ерэн долоо/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.С нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос хэргийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Б.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Сийн хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн портер маркийн автомашиныг хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Сийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.919.039/гурван сая есөн зуун арван есөн мянга гучин ес/ төгрөгийн үнэлгээ бүхий 68-02 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашин, хэрэгт битүүмжлэгдсэн 1.913.508/нэг сая есөн зуун арван гурван мянга таван зуун найм/ төгрөгийн үнэ бүхий 15.9459 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 92.000/ерэн хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 9,451,197/есөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга нэг зуун ерэн долоо/ төгрөгийг төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонон Бөртө овогт Батмөнхийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Соос 9,451,197/есөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга нэг зуун ерэн долоо/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Сийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.919.039/гурван сая есөн зуун арван есөн мянга гучин ес/ төгрөгийн үнэлгээ бүхий 68-02 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашин, хэрэгт битүүмжлэгдсэн 1.913.508/нэг сая есөн зуун арван гурван мянга таван зуун найм/ төгрөгийн үнэ бүхий 15.9459 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 92.000/ерэн хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 9,451,197/есөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга нэг зуун ерэн долоо/ төгрөгийг төлүүлэхэд зарцуулсугай.
7. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Сид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР