Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/79

 

 

 

 

 

                                   2022/ШЦТ/79

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Насанжаргал  

Шүүгдэгч: Ж.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жгийн Чт холбогдох эрүүгийн 2312000000035 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 57 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Ерөнхий боловсролын сургуулийн галч ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт Архангай аймгийн ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Жгийн Ч,/РД: АИ........./

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж овогтой Ч нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймаг Төвшрүүлэх сум Өртөнт багийн 03-04 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ж.Ад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар баруун нүдний зовхи, хамар, хацарт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                *Эрүүгийн 2212000000331 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ж.Агийн өгсөн:

“...Би нөхөр Ж.Чтай амьдраад 33 жил болж байна. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 17 цагийн үед нөхөр Ж.Чыгаа алга болчихоор нь утсаар залгаад хаашаа алга болчхов оо, бас архи уучихсан уу? үхэр малаа тэжээхгүй юм уу? гэхэд Ж.Ч би айлд цай ууж байна, айлд орж болохоо байчихсан юм уу? удахгүй очлоо" гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй 17 цаг өнгөрч байх үед гаднаас согтуу орж ирээд орон дээр хэсэг унтаж байгаад босч ирснээ би айлд орж болохгүй юу? яах гээд араас утсаар залгаад байдаг юм бэ?” Гэж уурлаад миний баруун хацар нүд тал руу гараараа 1 удаа цохиод, зүүн хацар шанааг хумсаараа маажиж самардсан. Тэгэхээр нь би аргадаад унтаад гайгүй болчихоор нь цагдаад мэдэгдэлгүй, маргааш өглөө нь цагдаад хэлж дуудлага өгсөн юм. Миний баруун нүд хөхөрч хавдсан, зүүн хацар зүүн шанаа халцарсан. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед айл руу хамт оччихоод ирье гэхээр нь “Одоо оройтчихлоо дэмий байх" гээд хэлсэн чинь уурлаад над руу сандал авч шидээд миний зүүн шанааг хальт оносон юм. Тэр үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би цагдаагийн байгууллагад ч мэдэгдээгүй. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гадуур гараад орой уучихсан орж ирсэн юм. Архи уугаагүй үедээ дөлгөөхөн, хүнд тусархуу цайлган сэтгэлтэй юманд амархан баярлаж, амархан гомддог хүн байгаа юм. Архи уугаагүй үедээ зарим үед гаагүй, зарим үед л ширүүн зан гаргадаг болчихоод байгаа. Бага хэмжээний архи уугаад л согтчихдог болчихоод байгаа. Би гэртээ ганцаараа байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17  дугаар тал/

 

*Гэрч Ч.Эын өгсөн:

“...Ж.Чын хувьд үг дуу цөөтэй, хүнд тусархуу, цагаан цайлган зантай нийгмийн идэвх сайтай хүн байгаа юм. Ж.Чын хувьд хааяа согтууруулах ундаа хэрэглэчихдэг. Тэр болгон хэрэглээд байдаггүй. Архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн үедээ бусадтай хэрүүл маргаан хийж байгаагүй. Архи уучихсан үед нь юм ярихад миний урдаас маргалдаж хэрүүл маргаан хийж байгаагүй. Одоо болчихсон хариарай гэхэд уучлаарай харилаа гээд явдаг. Ж.Чыг архи уусан үедээ агсам тавьдаг талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-26 дугаар тал/

 

*Гэрч Ж.Эгийн өгсөн:

“...2023 оны 01 дүгээр сарын 01-ний орой 18 цаг болох гэж байх үед үхрээ хашиж байранд нь хийж яваад дүү Ж.Атай тааралдахад нүүр нь халцраад баруун нүд нь улайгаад, бондойгоод хавдчихсан болохоор нь юу болсон талаар асуухад Ж.Ч согтуу ирээд намайг ийм болгочихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь чамайг юугаар, юунаас болоод цохиж байгаа юм бэ? гэж асуухад айлд ороход араас утасдлаа гэж уурлаад, гараараа цохичихлоо гэж хэлсэн. Ж.Ч нь архи уусан үедээ эхнэр Ж.Адаа нэлээн ширүүн зан гаргадаг. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед Ж.Чынд, дүү Ж.Атайгаа үхрээ хамт хаших гээд гэрт нь ороход Ж.Ч нэлээн согтуу эхнэр Ж.Агийнхаа зүүн шанаа руу нь модон сандлаар хальт цохихоор нь би болиулаад яаж байгаа юм, чи ингэж болохгүй гэж Ж.Чт хэлээд Ж.Агаас юу болсон тухай асуухад айлд хамт очно гэж уурлаад ийм болж байна гэж хэлсэн. Тухайн үед ямар нэгэн гэмтэл учраагүй. Сандлаар хальт цохисон юм. Ж.Ч нь үг дуу цөөтэй, хүнд тусархаг, цагаан цайлган сэтгэлтэй, амархан гомдож, амархан баярладаг, хүмүүстэй нийцтэй зантай хүн. Архи уусан үедээ эхнэрээ ширүүн зан гаргаад байдаг. Ж.Агийн хувьд үг дуу цөөнтэй, үглэж яншаад уурлаад байдаггүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-40 дүгээр тал/

 

*Яллагдагч Ж.Чын өгсөн:

“...2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багт байх гэртээ байж байгаад орой 17 цагийн үед гэж санаж байна ойролцоо байдаг Очироо гэх айлд ороод гэрийн эзэнтэй 3 хундага архи уугаад байж байтал манай эхнэр миний утас руу залгаж хаана байна бас архи уучихсан уу? ирж үхрийнхээ тэжээлийг өгөхгүй бол оройтлоо гэж ярьсан ингээд би гэртээ харьж үхэртэй тэжээлийг нь өгчхөөд гэртээ байсан жаахан архийг уугаад унтаад өгсөн унтаж байгаад нэг сэрэхэд манай эхнэр маш их гал түлчихсэн байсан би их манараад бачуураад эхнэртэйгээ маргаж чи айлд ороод сууж байхад тайван суулгахгүй араас залгалаа гээд нэг удаа гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиж мөн гараараа нүүрийг нь маажсан өөрөөр зодож цохиогүй. Айлд дөнгөж ороод байж байхад араас утсаар залгаж дуудсанд нь уурлаад л зодсон юм. Би өмнө 2022 оны 12 дугаар сарын сүүлчээр яг хэнд гэдгийг сайн санахгүй байна бас л архи уучихсан гэртээ ороод эхнэрийг хамт айлд очоод ирье гэж хэлтэл одоо орой болчихсон байна гээд хамт явахгүй байхаар нь уур хүрээд сандал шидсэн арай оночихгүй байх гэж бодтол зүүн хацрыг нь халт оносон өөрөөр би эхнэрээ зодож цохиж байгаагүй. Би өмнө ял шийтгүүлж байгаагүй. Би өөрийн эхнэр Ж.Агаас уучлалт гуйсан мөн бид эвлэрсэн би дахин архи уухгүй. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тухайн асуудал болох үед манай эхнэр Ж.А бид  хоёр байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-52 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаартай“...Ж.Агийн биед баруун нүдний зовхи, хамар, хацарт цус хуралт, нүүр, хацар, хоёр чихний дэлбээний дээд ирмэгт жижиг зулгаралтууд, нурууны голын доод хэсэг, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Нүүрний гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Хоёр шилбэний цус хуралт нь 1-2 хоногийн өмнө үүсэх боломжтой. Баруун нүдний зовхи, хамар, хацарт цус хуралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр чихний дэлбээний дээд ирмэг, хацрын жижиг зулгаралтууд, нурууны голын доод хэсэг, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 7-8 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймаг Төвшрүүлэх сум Өртөнт багийн 03-04 тоотод иргэн Ж.А нь өөрийн нөхөр Ж.Чт зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Аг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ж.Агийн”...Удалгүй 17 цаг өнгөрч байх үед гаднаас согтуу орж ирээд орон дээр хэсэг унтаж байгаад босч ирснээ би айлд орж болохгүй юу? яах гээд араас утсаар залгаад байдаг юм бэ?” гэж уурлаад миний баруун хацар нүд тал руу гараараа 1 удаа цохиод, зүүн хацар шанааг хумсаараа маажиж самардсан. Тэгэхээр нь би аргадаад унтаад гайгүй болчихоор нь цагдаад мэдэгдэлгүй, маргааш өглөө нь цагдаад хэлж дуудлага өгсөн юм. Миний баруун нүд хөхөрч хавдсан, зүүн хацар зүүн шанаа халцарсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Эгийн”...2023 оны 01 дүгээр сарын 01-ний орой 18 цаг болох гэж байх үед үхрээ хашиж байранд нь хийж яваад дүү Ж.Атай тааралдахад нүүр нь халцраад баруун нүд нь улайгаад, бондойгоод хавдчихсан болохоор нь юу болсон талаар асуухад Ж.Ч согтуу ирээд намайг ийм болгочихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь чамайг юугаар, юунаас болоод цохиж байгаа юм бэ? гэж асуухад айлд ороход араас утасдлаа гэж уурлаад, гараараа цохичихлоо гэж хэлсэн. Ж.Ч нь архи уусан үедээ эхнэр Ж.Адаа нэлээн ширүүн зан гаргадаг...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ж.Чын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ж.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Агийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед хэвлийн баруун хажуу, цээжний зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Ж.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Ж.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Чыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн эхнэр Ж.Агийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ж.Чын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Ж.Агийн биед Баруун нүдний зовхи, хамар, хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч Ж.А нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Ж.Чыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

             Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар

Шүүгдэгч Ж.Ч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ж.Чыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Жгийн Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чыг 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч нь шүүхээс оногдуулсан 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Ж.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР