Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Х.Гүнжидмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б-д холбогдох 2316000250032 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1*** оны ** дугаар  сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ****** сумын ******* багт оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 ахь хэсгийн 2.3-т заасныг журамлан Г.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж, нийт 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, ДВ******** регистрийн дугаартай, У овогт Г-н Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Б-н 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумын ****** багийн нутаг Б**** гэх газраас хохирогч Д.М-н эзэмшлийн хар, улаан зүстэй 2 тооны үхрийг/гунж/ хулгайлж, 2,200,000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумын ***** нутаг Б****** гэх газраас хохирогч Д.М-н эзэмшлийн хар, улаан зүстэй 2 тооны үхрийг/гунж/ хулгайлж, 2,200,000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Манайх ***** сумын төвөөс 5 км зайд Б***** гэх газарт өвөлждөг. Манайх 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ хүнсээ хийж байхад үхэрнүүд ирсэн. 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө хотноосоо 18 тооны үхэр гарсан. Тухайн өдөр үхрээ тоолж амжаагүй байж байгаад 27-ны өглөө тоолоход 2 гунж байхгүй байсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/

2. Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Манай хүү Г.Б нь өдөр 13 цагийн үед гэрээсээ гарсан. Хаашаа явсан талаар мэдээгүй. Үдээс хойш 15-16 цагийн үед 2 гунж туугаад хашаа руу оруулсан. Би ямар учиртайг нь асуутал хүн хоёр үхэр гаргаад өгөөд явуул гэсэн юм гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Тэгээд гадаа ганцаараа хүлж байгаад гаргаад байсан... Үхэр саах гээд эхнэр бид хоёр 18 цагийн үед гэрээсээ гарахад  янзлаад амбаарт загсаачихсан байсан...Тэгээд хэсэг байж байтал Г.Б сумын төв рүү шуудай авч ирнэ гээд явсан. Тэгээд байж байтал Г машинтайгаа нэг залуутай хамт ирсэн. Тэгсэн араас нь манай хүү Г.Б нь П-г сундлаад бас ирсэн. Тэгээд Г-т ачуулаад явсан...манай үхэр биш, манай хүү хэлэхдээ хүнээс авсан юм, гаргаад хүнд явуулах гэж байгаа юм л гэсэн...  Тухайн хоёр гунж нь улаан хар өнгийн л юм байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/

3. Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай хүү Г.Б өдөр 12 цагийн үед босоод цай ундаа уучихаад гараад явсан. Үдээс хойш 15-16 цагийн хооронд гэртээ ирсэн. Тэгээд би гадаа гартал  хашаанд 2 улаан, хар гунж байсан. Ямар учиртай гунж вэ гээд хүү Г.Б-с асуутал хүн хоёр үхэр гаргаад хот руу явуулаадах гээд авч ирсэн юм гэж хэлсэн. Тэгээд удалгүй байж байтал гаргаад дууссан надаас ус аваад ир гээд би гаргаж өгсөн. Тухайн үхрийн гэдсийг нь цэвэрлэж өгсөн. Тэгээд дуусгаад амбаарт загсаасан... Үхрийн арьс ширийг нь өөрийн үхрийн ширтэй Г гэдэг хүнд өгсөн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/

4. Гэрч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Г.Б нь 2022 оны 11 сарын 25-ны өдөр надтай сумын төв дээр ирж уулзаад  Улаанбаатар хот руу хүнд хоёр хоол явуулах гэсэн юм гэж ярьсан. Тэгэхээр нь би том үхрийн мах байвал 80,000 төгрөг, бага үхрийн мах байвал 60,000 төгрөгөөр ачна гэж хэлсэн. 2022 оны 11 сарын 26-ны өдөр 20 цагийн үед Г.Б над руу миний ***** дугаарын утас руу залгасан. Би том үхрийн мах бол 80.000 төгрөг, бага үхрийн мах бол 60.000 төгрөгөөр ачна гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 26-ны орой надтай утсаар яриад нөгөө хоёр үхрийн мах бэлэн, та замдаа ачаад явчих гэж хэлсэн. Тэгээд гэрийнх нь гадаа очоод гэрт нь орж цай уучихаад гараад ачсан. Гэрийнх нь ар талын амбаараас 50 шуудайтай 5 ширхэг мах машины ард ачсан... З гэх залууд явуулж байгаа юм.Тэр залуу тээврийн хөлсийг нь өгөөд авна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 37 дугаар тал/

5. Гэрч М.З-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны үед **** сумын зарын групп дээр идэшний үхэр авна гээд зар тавьсан чинь Г.Б залгаж мөнгөний хэрэг байна ямар үхэр авах юм  гэж надаас асуухаар нь 2 үхэр авна, бага шиг хязаалан үхэр авна гэж хэлэхэд Б надад мөнгөний хэрэг байна. Би чамд хоёр үхэр гаргаад явуулъя мөнгө өгөх боломж байна уу гэхээр нь 350,000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн. Тэгээд 2 үхрийг чинь гаргаад махыг нь манай сумын Г ахаар явуулсан гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотод ирэхэд нь би 7 буудлын тэндээс очиж авч байсан. Г.Б-н явуулсан хоёр мах бага байхаар нь Г.Б руу залгаж бага үхрийн мах байна 800,000 төгрөгөөр бодож авах боломжгүй байна гэж хэлэхэд 600,000 төгрөгөөр бодож ав, надад 1,200,000 төгрөг өгчих гэхээр нь Б-н аав, ээжийнх нь данс руу бага багаар цувуулж шилжүүлсэн ... Б-нх мал ахуйтай айл байдаг болохоор нь би өөрийнхөө үхрийг зарж байна гэж бодсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 39 дүгээр тал/

6. Гэрч Г.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 11 дүгээр сарын 26-нд би ЗДТГ-т  ээлжийн галлагааны гараатай байсан. Орой 20-21 цагийн үед Г.Б намайг галаа түлээд уурын зууханд байж байхад ороод ирсэн. Тэгснээ “...хойно гэрт мах ачих хэрэгтэй байна, хамжаад өгөөч би дэлгүүрээс шуудай аваадахъя...” гэж хэлсэн. Тэгээд Г.Б-н өөрийнх нь мотоциклтой гэр лүү нь бид 2 очсон....Г.Б бид хоёр шуудайлаад амбаараас Г ахын машинд ачсан. Тэгээд ачиж дуусаад Б намайг буцаагаад хүргэж ирсэн...Хот руу хүнд өгч явуулж байгаа үхрийн мах гэж хэлсэн... Г.Б нь махыг эвдээд шуудайлаад бэлэн болгосон байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 42-44 дүгээр тал/

7. Ашид Билгүүн ХХК-н 2023 оны 02  дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-921/4430 дугаартай хохирогчийн хулгайд алдсан гэх 2 тооны үхрийг /гунж/ тус бүрийг 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгөөр, нийт 2,200,000(хоёр сая хоёр зуун мянга) төгрөгөөр үнэлсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 56-58 дугаар тал/

8. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 5-10 дугаар тал/

9. Шүүгдэгч Г.Б-н шүүх хуралдаанд өгсөн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” / шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын малыг хулгайлсан тохиолдолд хэргийн үндсэн шинж, энэ гэмт хэргийг олон тоон мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хүндрүүлэх шинж тус тус хангагдахаар хуульчилжээ.

Мөн “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж, “олон тооны мал” гэж найман бог,  хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус хуульчлан тайлбарласан.

Шүүгдэгчийн үйлдэл нь бусдын 2 үхэр буюу олон тооны бод малыг хулгайлснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан  “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Г.Б-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 83 дугаар тал/,  Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 111-118 дугаар тал/, Ашид Билгүүн ХХК-н 2023 оны 02  дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-921/4430 дугаартай хохирогчийн хулгайд алдсан гэх 2 тооны үхрийг /гунж/ тус бүрийг 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгөөр, нийт 2,200,000(хоёр сая хоёр зуун мянга) төгрөгөөр үнэлсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 56-58 дугаар тал/, Б.Н-н эзэмшлийн ************ дугаартай ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 127 дугаар тал/, ХААН банкны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б.Н-с Д-н Х-т 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн баримт /хавтаст хэргийн 128 дугаар тал/, хохирогч Д.М-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар гаргасан “... миний бие Г-н Б-с 2 үхрийн хохирлоо барагдуулахаар болсон  тул ямар нэгэн санал гомдол байхгүй болно...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 119 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Б-н гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хэдийгээр шүүгдэгч нь урьд өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн боловч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “... нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч Г.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан бөгөөд прокурор “... 1 ( нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ...” санал гарган яллагдагч хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчтэй тохиролцсон прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар  1 (нэг) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт “... хорих ялын нэг хоногийг  ...” тооцож, ялыг нэмж нэгтгэхээр хуульчилсан.

Шүүгдэгч Г.Б-н тухайд мал хулгайлах гэмт хэргийг шүүхээс ял шийтгүүлэхийн өмнө үйлдсэн тул түүнд тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1(нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтад нийцэхээр байна.

Шүүгдэгч Г.Б тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болтол цагдан хоригдсон нийт 117 (нэг зуун арван долоо) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Г-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Б-г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн  2.4 дэх хэсгүүдэд зааснаар тус шүүхийн 2022  оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж шүүгдэгч Г.Б-н нийт эдлэх ялыг 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Г.Б-н цагдан хоригдсон 117 (нэг зуун арван долоо) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Г.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Энэ хэрэг хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохиролд 2,200,000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөг төлсөн, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХТУЛГА