| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2019/00126/И |
| Дугаар | 103/ШШ2019/00277 |
| Огноо | 2019-07-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2019/00277
2019 07 09 103/ШШ2019/00277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймгийн Заамар сум, 3 дугаар баг, Хайлааст өгөөмөрийн 6 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, Боржигон овогт Ганбатын Чулуунаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 13 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, Ухаасай овгийн Арвинбаярын Баттөрд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Чулуунаа, хариуцагч А.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Г.Чулуунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний 2009 оны 03 сараас А.Баттөртэй танилцан хамтран амьдарч 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Цовоо, 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр охин Б.Гэгээн-Учрал нар төрсөн. Нөхөр маань архи ууж амьдралаа авч явж чадахгүй байгаа бөгөөд удаа дараа ийм асуудал гаргаж байна. Өмнө нь хоёр ч удаа салж явсан боловч засрахгүй байгаа тул 2018 оны 9 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Тэр үеэс хойш хүү, охин хоёр маань эх Г.Чулуунаа миний биеийн асрамжид амьдарч байна. Одоо бид буцаж нийлэх боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж, хүү Б.Цовоо, охин Б.Гэгээн-Учрал нарыг миний асрамжинд үлдээж эцэг А.Баттөрөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Чулуунаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхээс бидэнд эвлэрэх 2 сарын хугацаа өгсөн ч эвлэрээгүй, эвлэрэх боломжгүй байна. А.Баттөр өнгөрсөн хугацаанд байнга архи уусан байх, хааяа залгахаар утас нь холбогдохгүй байдаг байсан. Өөрөө гэрлэлтээ цуцлуулахгүй гээд байгаа мөртлөө эвлэрэх ямар ч оролдлого хийгээгүй. Нэг ч удаа ирээгүй, яг л ямар байдалтай байсан тийм байдалтай хэвээрээ байна. Би энэ хүнтэй хамт амьдрах хүсэлгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж хүү Б.Цовоо, охин Б.Гэгээн-Учрал нарыг миний асрамжинд үлдээж эцэг А.Баттөрөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Баттөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Г.Чулуунаагаас салж хоёр хүүхдээ өнчрүүлэх бодолгүй байна. Хамт амьдрахад үзэл бодол, зан ааш таарч тохирохгүй зүйл байхгүй. Шүүхээс өгсөн хугацаанд би Чулуунаа руу олон удаа залгасан боловч энэ хүн ерөөсөө утсаа авахгүй, араас нь очих гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Өөрөө над руу нэг ч удаа залгаагүй. Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Г.Чулуунаа нь хариуцагч А.Баттөрд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч А.Баттөр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч Г.Чулуунаа хариуцагч А.Баттөр нар нь 2009 оны 03 сараас хамтран амьдарч 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, хамт амьдрах хугацаанд 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Цовоо, 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр охин Б.Гэгээн-Учрал нарыг төрүүлсэн, 2018 оны 9 дүгээр сараас хувийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрлэлтийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж тус тус заажээ.
Зохигчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2018 оны 09 дүгээр сараас тусдаа амьдарсан, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, шүүхээс 2 сарын хугацаа өгч эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч талууд ямар нэг санаачлага гаргаагүй, эвлэрээгүй, нэхэмжлэгчийн хувьд хариуцагчтай эвлэрэхгүй, эргэж хамт амьдрахгүй гэсэн эрс хатуу шийдвэрт хүрсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх гэрлэлт цуцлах болсон үндэслэлийг заавал тогтоох үүрэгтэй бөгөөд талуудын шүүхэд өгсөн тайлбараас дүгнэхэд хариуцагчийн архи согтууруулах ундаа хэрэглэдэг зуршил нь гэрлэгчдийн хоорондын таарамжгүй харилцаа үүсгэж энэ нь гэрлэлт цуцлах гол үндэслэл болжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлэгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч Г.Чулуунаа нь 8 настай хүү Б.Цовоо, 5 настай охин Б.Гэгээн-Учрал нарыг өөрийн асрамжинд авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хүү Б.Цовоогоос асрамжийн талаар санал асуухад ээжийн асрамжинд үлдэх талаар тайлбараа өгсөн байна. / хх-48/
Хүүхдүүд 2018 оны 09 дүгээр сараас эх Г.Чулуунаагийн асрамжинд байгаа, зохигчдын хөдөлмөр эрхлэлтийн байдал, хүүхдийн санал, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан тэднийг хамтад нь ээжийнх нь асрамжинд өгч өсгөх нь хүүхдийн хүмүүжил болон хөгжилд илүү үр дүнтэй, түүнчлэн бага насны хүүхдүүд ээжийнхээ асрамжинд өсөж бойжих нь нийгэм, оюун ухаан, ёс суртахууны сайн сайхан байдал, бие бялдар, сэтгэл зүй, эрүүл мэндийн хөгжлийн хувьд хүүхдийн эрх ашигт илүү нийцнэ гэж дүгнэж ээжид нь үлдээхээр шийдвэрлэв.
Дээрх үндэслэлээр хүү Б.Цовоо, охин Б. Б.Гэгээн-Учрал нарыг эхийнх нь асрамжинд үлдээсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Ухаасай овогт Баттөрийн Цовоо, охин Ухаасай овогт Баттөрийн Б.Гэгээн-Учрал нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоолгож эцэг А.Баттөрөөс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно,
мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан байгааг зохигчдод анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Чулуунаа гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад 63.128 нийт 203.528 төгрөг улсын тэмдэгтийн хураамжинд төлөх ёстой атал 212.136 төгрөгийг төлсөн байх тул 203.528 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8608 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Баттөрөөс 203.528 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Ганбатын Чулуунаа, Ухаасай овгийн Арвинбаярын Баттөр нарын 2018.08.06-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 1101000117-рт бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Цовоо, 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр төрсөн охин Б.Гэгээн-Учрал нарыг эх Ганбатын Чулуунаагийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Ухаасай овогт Баттөрийн Цовоо, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Ухаасай овогт Баттөрийн Б.Гэгээн-Учрал нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Ухаасай овогт Арвинбаярын Баттөрөөс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хотын Багануур дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Амарбилэгт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203.528 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8608 төгрөгийг улсын орлогоос, 203.528 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА