| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2016/0295/Э |
| Дугаар | 284 |
| Огноо | 2016-12-15 |
| Зүйл хэсэг | 147.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч О.Сандагдорж,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,
хохирогч Ц.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигин овогт Очирбүдийн Сандагдоржид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 2004 дугаар хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 204 дүгээр цэцэрлэгт цахилгаанчин ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 29 дүгээр гудамжны 786 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 6 дугаар гудамжны 50 тоотод түр оршин сууж байсан, урьд Даланзадгад хот дахь Цэргийн тусгай шүүхийн 1991 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Монгол Ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх комиссын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 21 хоног хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, регистрийн ЗЮ71061379 дугаартай, Боржигин овогт Очирбүдийн Сандагдорж.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Сандагдорж нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Отгонбаярын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хоолойг нь боож, баруун гарын 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүр ясыг хугалж бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж “Нокиа” маркийн гар утас, жолооны үнэмлэх, “ХААН” банкны карт зэрэг эд зүйлийг дээрэмдэн 20.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Сандагдоржийн шүүхийн хэлэцүүлэгт өгсөн: “Найзаасаа би уучлалт гуйж байна. Би архи уусан согтуу байхдаа найздаа ингэж хандсан нь миний буруу. Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлгүүд үнэн зөв.” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би өөр найзтайгаа уулзаад машин үзэх гэж байсан. Нэг машин үзээд явж байхад Сандагдорж над руу утсаар залгаад “1 сая төгрөгийн үнэтэй машин байна. Чи ирээд үз” гэхээр нь би Налайхаас Баянзүрхийн товчоон дээр ирээд Сандагдоржийн гэрт очсон. Тэгээд хэлсэн машиныг нь үзэх гэтэл эзэн нь байхгүй байсан. Тэгэхээр нь нарийн гудмаар Сандагдоржтой хамт явж байтал Сандагдорж “хоёулаа архи ууя” гэсэн. Тэгэхээр нь би мөнгөгүй гэдгээ хэлсэн. Надад угаасаа мөнгө байгаагүй, зөвхөн виза карт болон иргэний үнэмлэх, гар утас зэрэг байсан. Тэр бичиг баримтууд тухайн хэрэг гарахад газар унасан байх. Харин цагдаа дээр очоод үзэхэд Сандагдоржоос миний гар утас гарч ирсэн. Харин миний утсыг цагдаа хурааж авчихаад буцааж утсыг маань надад өгөөгүй. Сандагдоржийг эрүүлжүүлээд би Гэмтлийн эмнэлэг явсан. Маргааш нь ирэхэд Сандагдоржийг эрүүлжүүлэхээс гаргасан байсан. 14 хоногийн дараа миний жолооны үнэмлэх, виза карт болон иргэний үнэмлэх зэргийг нэг оюутан хүүхэд хашааны булангаас оллоо гээд надад өгсөн. Сүүлд нь Сандагдорж надад 20.000 төгрөг өгсөн. Би гараа гипсдүүлээд 14 хоногийн дараа авхуулаад дахин гипсдүүлсэн. Өөр эмчилгээ хийлгээгүй. Надад эмчилгээний талаар баримт байхгүй. Тухайн үедээ ч аваагүй. Одоо гар маань эдгэсэн. Би Сандагдоржоос нэхэмжлэх зүйлгүй. Би Сандагдоржтой 169 дүгээр цэцэрлэгт 1 жилийн өмнө хамт ажиллаж байхдаа танилцсан. Урьд нь Сандагдорж ийм байдал гаргаж байгаагүй. Би тэр өдөр түүнтэй нийлж архи уугаагүй. Сандагдорж тэр өдөр их согтолттой байсан. Би ч бас бага зэрэг уусан байсан. Сандагдорж нь архи уугаад надтай тийм харьцаа урьд нь үүсгэж байгаагүй. Тэр өдөр гэнэт л ийм байдал надад гаргасан. Би Сандагдоржийн гэрт тэр өдөр анх удаа очсон. …Би найзын хувьд Сандагдоржийн ял шийтгэлийг биеэр эдлүүлмээргүй байна. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Түүнд аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед байх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ найз О.Сандагдорж утсаар намайг дуудаж, автомашин үзэх үү гэхээр нь очсон. Тэгэхэд би халамцуу очсон. Гэхдээ болсон явдлыг санаж байна. Сандагдорж намайг очиход нилээн согтуу байсан. Тэгээд гэрээс нь гараад холдоогүй машин үзэхээр гудамжинд явж байхад Сандагдорж надаас “архи авч өг” гэж нэхээд би “архины мөнгө байхгүй” гэхэд намайг боосон. Тэгэхэд би боосон гарыг нь тавиулах гэхэд миний баруун гарын чигчий хуруунаас татаж хугалсан. Тэгээд миний баруун хөл өвчтэй болохоор дийлэхгүй газар унахад миний халаас нэгжээд малгайтай цамцны гадна зүүн халаасанд байсан “Нокиа” маркийн гар утас, өмдний зүүн халаасанд байсан жолооны үнэмлэх, “ХААН” банкны карт байсныг аваад Сандагдорж зугатаагаад явсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 26 дугаар тал/
Гэрч Л.Бадрахсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэх үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрээс 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр товчоонд зодоон болоод байна гэх дуудлагаар очиж шалгахад дуудлага өгүүлсэн Отгонбаяр гэх хүнтэй уулзахад архи үнэртээд бага зэрэг халамцуу “намайг Сандагдорж гэх хүн зодоод миний гар утас, бичиг баримтыг аваад зугтаасан, миний хуруу гэмтсэн” гэж байсан. Уг Отгонбаяр гэх хүнийг дагуулан Сандагдоржийн гэрийг заалган очиход гэртээ байхгүй байсан. Тэгээд хүлээж байхад Сандагдорж гэх хүн нилээд согтуу байдалтай гэртээ ирэхэд нь авч яваад Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байранд хүлээлгэж өгсөн. Сандагдоржийн биед үзлэг хийхэд ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Харин дуудлага өгсөн Отгонбаярын биед нь ил харагдах гэмтэл шарх анзаараагүй, харин баруун гарынх нь байх чигчий хуруу гэмтсэн байдалтай харагдсан, өөр зүйл анзаараагүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 27 дугаар тал/
О.Сандагдоржийн мөрдөн байцаалтад сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 19-өөс 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны задгай 50 тоотод орших гэртээ согтуу байж байтал танил Отгонбаяр гэрт хүрч ирсэн. Тэгээд товчоон дээр манай нэг таньдаг ах хүү машин зарна гэж ярьж байсан болохоор тэр машиныг нь үзэхээр бид хоёр явсан. Бид хоёр Өлзий ахынд очиж машин сонирхох гэтэл гэрт нь хүн байгаагүй. Дараа нь хүнээс сонсоход хөдөө явчихсан гэж байсан. Тэгээд Отгонбаяр бид хоёр гудамжаар явж байгаад би “найздаа ганц шил архи аваад өгчих” гэхэд Отгонбаяр “өө надад мөнгө алга байнаа” гэхээр нь би “чи гар утастай байгаа биздээ, утсаа барьцаалаад ганц юм авчихалдаа” гэхэд намайг тоохгүй чимээгүй яваад байхаар нь миний уур хүрээд араас нь очиж заамдаад “утсаа өг, дэлгүүрт тавиад ганц юм уумаар байна” гэхэд Отгонбаяр зөрүүлээд намайг заамдсан би гарыг нь тавиулах гээд хурууг нь мушгихад халааснаасаа “Нокиа” утас гаргаж ирсэн. Би тэр утсыг нь аваад халаасандаа хийгээд яваад өгсөн. Отгонбаяр тэр гудамжиндаа үлдсэн. Нэг мэдэхэд намайг цагдаа нар барьж яваад би саатуулагдсан юм. Би тухайн үед их хэмжээний согтолттой байсан болохоор яг нэг бүрчлэн детальчилж санахгүй байна. Б.Отгонбаярыг ирэхээс өмнө 2-оос 3 шил архи уучихсан нилээн согтуу байсан. Би “Нокиа” маркийн нэг утас л авсан. Өөрт нь буцаагаад өгөх гэхэд авахгүй гээд байсан. Тэгээд би эрүүлжүүлэх байрны төлбөрт өгөх мөнгөгүй байсан тул Ботаникийн тэнд гудамжинд танихгүй хүнд 20.000 төгрөгөөр зарсан юм. …Хурууг нь хугалж хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн. Архины гайгаар л ийм хэрэг хийчихлээ, гэм буруугаа ухаарч гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 44-45, 47-48 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6731 дүгээр:
1. Отгонбаярын биед баруун гарын сарвууны 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүр ясны далд хугарал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,
/хх-ийн 31 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 50 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 49 дүгээр тал/
Баянзүрх дүүргийн 204 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт,
/хх-ийн 52 дугаар тал/
Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 53-54 дүгээр тал/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.Сандагдорж нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Отгонбаярын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хоолойг нь боож, баруун гарын сарвууны 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүр ясыг хугалж бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж “Нокиа” маркийн гар утас, жолооны үнэмлэх, “ХААН” банкны карт зэрэг эд зүйлийг дээрэмдэн 20.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Отгонбаярын өгсөн “…Сандагдоржтой хамт явж байтал Сандагдорж “хоёулаа архи ууя” гэсэн. Тэгэхээр нь би мөнгөгүй гэдгээ хэлсэн. …Би тэр өдөр түүнтэй нийлж архи уугаагүй. Сандагдорж тэр өдөр их согтолттой байсан. …Тэр өдөр гэнэт л ийм байдал надад гаргасан. Би Сандагдоржийн гэрт тэр өдөр анх удаа очсон.” гэх,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Отгонбаярын өгсөн “…машин үзэхээр гудамжинд явж байхад Сандагдорж надаас “архи авч өг” гэж нэхээд би “архины мөнгө байхгүй” гэхэд намайг боосон. Тэгэхэд би боосон гарыг нь тавиулах гэхэд миний баруун гарын чигчий хуруунаас татаж хугалсан. Тэгээд миний баруун хөл өвчтэй болохоор дийлэхгүй газар унахад миний халаас нэгжээд малгайтай цамцны гадна зүүн халаасанд байсан “Нокиа” маркийн гар утас, өмдний зүүн халаасанд байсан жолооны үнэмлэх, “ХААН” банкны карт байсныг аваад Сандагдорж зугатаагаад явсан.” гэх /хх-26/,
мөн гэрч Л.Бадрахсүрэнгийн өгсөн “2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэх үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрээс 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр товчоонд зодоон болоод байна гэх дуудлагаар очиж шалгахад дуудлага өгүүлсэн Отгонбаяр гэх хүнтэй уулзахад архи үнэртээд бага зэрэг халамцуу “намайг Сандагдорж гэх хүн зодоод миний гар утас, бичиг баримтыг аваад зугтаасан, миний хуруу гэмтсэн” гэж байсан. Уг Отгонбаяр гэх хүнийг дагуулан Сандагдоржийн гэрийг заалган очиход гэртээ байхгүй байсан. Тэгээд хүлээж байхад Сандагдорж гэх хүн нилээд согтуу байдалтай гэртээ ирэхэд нь авч яваад Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байранд хүлээлгэж өгсөн. …дуудлага өгсөн Отгонбаярын биед нь ил харагдах гэмтэл шарх анзаараагүй, харин баруун гарынх нь байх чигчий хуруу гэмтсэн байдалтай харагдсан, өөр зүйл анзаараагүй” гэх /хх-27/,
О.Сандагдоржийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “…гудамжаар явж байгаад би “найздаа ганц шил архи аваад өгчих” гэхэд Отгонбаяр “өө надад мөнгө алга байнаа” гэхээр нь би “чи гар утастай байгаа биздээ, утсаа барьцаалаад ганц юм авчихалдаа” гэхэд намайг тоохгүй чимээгүй яваад байхаар нь миний уур хүрээд араас нь очиж заамдаад “утсаа өг, дэлгүүрт тавиад ганц юм уумаар байна” гэхэд Отгонбаяр зөрүүлээд намайг заамдсан би гарыг нь тавиулах гээд хурууг нь мушгихад халааснаасаа “Нокиа” утас гаргаж ирсэн. Би тэр утсыг нь аваад халаасандаа хийгээд яваад өгсөн. …Хурууг нь хугалж хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн. Архины гайгаар л ийм хэрэг хийчихлээ, гэм буруугаа ухаарч гэмшиж байна.” гэх /хх-44-45/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6731 дүгээр дүгнэлт /хх-31/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Сандагдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Сандагдоржийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Сандагдоржид Даланзадгад хот дахь Цэргийн тусгай шүүхийн 1991 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн ангид эдлүүлэхээр шийдвэрлэж Монгол Ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх комиссын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 21 хоног хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Отгонбаяр “Сандагдорж надад 20.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн, шүүгдэгч О.Сандагдорж нь хохирогчийн гар утасны үнэд 20.000 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч О.Сандагдоржийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүх шүүгдэгч О.Сандагдоржийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан шүүгдэгч О.Сандагдоржид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Сандагдорж нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигин овогт Очирбүдийн Сандагдоржийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар О.Сандагдоржид 3 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Сандагдоржид оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Сандагдорж нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар О.Сандагдоржид оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Сандагдоржид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ