Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0041/З |
Дугаар | 128/ШШ2021/0689 |
Огноо | 2021-10-21 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2021/0689
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Д ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Дүйцүүлэн газар ашиглах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүйцүүлэн газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******, нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Д ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн аманд Аялал жуулчлалын зориулалтаар 0.65 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болж Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 7-ны өдөр олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/215 тоот гэрчилгээг гардан авсан.
Дээрх тушаалын дагуу 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2016/181 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулсан.
Бид нийт 3.831.400.000/гурван тэрбум найман, зуун гучин нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн төсөв бүхий Аялал жуулчлал, үйлчилгээний цогцолбор төслийг боловсруулсан.
Ингээд тусгай зөвшөөрөл бүхий О******* ХХК-иар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хийж гүйцэтгүүлсэн.
Мөн тус газартаа хийж гүйцэтгэхээр төлөвлөж байсан Аялал жуулчлал, үйлчилгээний цогцолбор-ийн барилгын эскиз зураг, барилгын ажлын зургуудыг хийж гүйцэтгүүлэх зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэж, нэлээдгүй хэмжээний зардлыг гаргаад байсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бидэнтэй холбогдож, танай ашиглаж буй газрыг зайлшгүй шаардлагын улмаас улсын хэрэгцээнд авах боллоо, харин өөр газрын та бүхэнд нөхөн олгож зохицуулъя гэж мэдэгдээд газар ашиглах эрхийг цуцалсан сайдын тушаал гаргах гэж байгааг танилцуулсан.
Гэтэл бодит байдал дээр манай ашиглаж буй газрыг зайлшгүй шаардлагын улмаас улсын тусгай хэрэгцээнд авах нөхцөл байдал үүсээгүй байсныг бид бүхэн олж мэдсэн.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын дээд шүүхийн нэхэмжлэлтэй Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад манай компанийн газар ашиглах эрхийг цуцалж, буцаан Улсын дээд шүүх ашиглах хэлбэрээр газрыг олгосноор нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болжээ.
Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай компанийн эрх, ашиг сонирхол шууд хөндөгдөж байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэж заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс биднийг гуравдагч этгээдээр татаж оролцуулаагүй, мэдэгдээгүй болно.
Мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлүүд, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлүүдийн алинд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт хууль ёсны итгэлийг хамгаалах тайлбар хэсэгт Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно гэж Захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг хуульчилсан. Манай компани дээр дурдсаны дагуу их хэмжээний зардал гаргасан байхад ашиглаж буй газрыг нөхөж олгоно хэмээн эргүүлэн авсан, нөхөж газар ашиглах эрх олгохгүй байгаа Байгаль орчин аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүй нь хууль бус юм. Тиймээс дүйцүүлэн газар ашиглах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2016 оны 06 дугаар сарын 7-ны өдөр олгосон Улсын тусгай хамгаалалтын нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/215 тоот гэрчилгээний дагуу эзэмшиж байсан газартай дүйцүүлэн газар ашиглах эрх олгохыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр Газар ашиглах эрхийг цуцалж, эрх олгох тухай тушаалаар Д ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Д ХХК-ийн ашиглаж байсан Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 0.65 га талбайг тусгай хэрэгцээнд аваагүй болно. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 2-т Ашиглагчаас газрыг хуульд заасан үндэслэлээр эргүүлж авах тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгаас түүнд дахин газар олгохгүй байж болно гэж заасны дагуу Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд дүйцүүлэн газар ашиглах шийдвэр гаргах үүрэг хүлээхгүй юм.
Мөн энэ талаар Д ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/4497 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байна.
Иймд нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Д ХХК-ийн өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирцтэй холбоотойгоор дараах хүсэлтийг гаргажээ анх тус шүүхэд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 тоот тушаалын Д ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Улсын Дээд шүүхийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байсан учраас шүүхээс гуравдагч этгээдээр Улсын Дээд шүүхийг татан оролцуулсан харин бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож дүйцүүлэн газар олгохыг хариуцагчид даалгах гэж өөрчилсөн учраас манай энэ шаардлагын хүрээнд авч үзвэл гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй иймд гуравдагч этгээдээр Улсын Дээд шүүхийг оролцуулалгүйгээр цааш нь хуралдааныг явуулж хийж өгнө үү гэсэн ирцтэй холбоотой хүсэлтийг хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас зөвшөөрсөн учир гуравдагч этгээдээр Улсын Дээд шүүхийг оролцуулалгүйгээр цааш хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж заасны дагуу Д ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд хаан уул, Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 0.65 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болж Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2016/215 тоот Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг гардан авсан байна.
Улмаар дээрх тушаалын дагуу 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2016/181 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулан Аялал жуулчлал, үйлчилгээний цогцолбор төслийг боловсруулан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэн, Аялал жуулчлал, үйлчилгээний цогцолбор-ийн барилгын эскиз зураг, барилгын ажлын зургуудыг хийж гүйцэтгүүлэх зэрэг ажлуудыг хийж нийт 3.831.400.000 /гурван тэрбум найман зуун гучин нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн төсөв бүхий төслийг боловсруулан хийж гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар маргаагүй болно.
Харин нэхэмжлэгч дээрх ажлуудыг хийж гүйцэтгэн бодиттой зардал гарсны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Д ХХК-ийн удирдлагатай холбогдон ...танай ашиглаж буй газрыг зайлшгүй шаардлагын улмаас улсын хэрэгцээнд авах боллоо, харин өөр газрыг та бүхэнд нөхөн олгож зохицуулъя.. гэж мэдэгдээд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар Д ХХК-ийн Газар ашиглах эрхийг цуцалсан байх боловч энэ тохиолдолд зайлшгүй шалтгааны улмаас нэхэмжлэгч Д ХХК-нд олгосон газрыг хүчингүй болгосон гэж дүгнэхэд учир дутагдалтай.
Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Улсын Дээд шүүхийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр Д ХХК-ийг гуравдагч этгээдээр давталгүйгээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 832 дугаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
Мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, 39.1.2-д газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, 39.1.4 газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 39.1.5-д газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн, бол газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Газар ашиглах эрх дуусгавар болох, газрыг чөлөөлөх -ийг хуульчилсан бөгөөд 40.1-д Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, 40.2-д тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.2.2-д Газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байсан газраа чөлөөлж энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор тухай газар нутгийн хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө гэж заасан байх бөгөөд бодит байдал дээр авч үзвэл дээрх хоёр хуулийн аль нь ч бүрдээгүй байхад хариуцагч нэхэмжлэгчийн газрыг шууд дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д ХХК нь дээрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчөөгүй байхад хариуцагчаас дүйцүүлэн газар олгоно гэж амлалт өгч бусдын газар эзэмших эрхийг дуусгавар болгон цуцалсан нь үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг хөндөхөд хүргэсэн гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн Газар ашиглах эрхийг цуцалж, эрх олгох тухай захирамжийг гаргахдаа хариуцагчаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 36 дугаар зүйлийн 36.1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасныг баримталсан нь нэхэмжлэгчид огт хамааралгүй хуулийн заалт байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн газрыг цуцлах шууд зохицуулалт биш гэж үзнэ.
Мөн нэхэмжлэгчээс Байгаль орчин аялал жуулчлалын сайдад хандаж дээрх маргаан бүхий газарт дүйцүүлэн газар олгох хүсэлтээ гаргахад боломжгүй гэсэн хариу өгч байгаа нь хуульд нийцээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах үндсэн зарчим алдагдахад хүрсэн байна.
Учир нь Төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа эрх зүйт төрийн үндсэн зарчмыг баримтлах бөгөөд иргэний хууль ёсны итгэлийг хамгаалах үүрэгтэй гэтэл хуулиар хүлээлгэсэн энэ үндсэн зарчмыг алдагдуулж Төрөөс иргэн аж ахуй нэгжийн газрыг хүчингүй болгохдоо итгэл хамгаалах зарчмыг захиргаанаас хэрэглэх ёстой байтал энэ зарчмыг хэрэглэлгүйгээр нэхэмжлэгчийн хуулийн дагуу эзэмшиж байсан эрх зүйн зөрчилгүй газрыг шууд дуусгавар болгож, мөн дүйцүүлэн газар олгохгүй гэж тус тус шийдвэрлэж байгаа нь хуульд нийцээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага Дүйцүүлэн газар ашиглах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүйцүүлэн газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хууль ёсоор ашиглаж байсан газартай дүйцүүлж газар олгохыг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ