Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2025/0230

 

 

 

 

 

                                       

                                 М.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч М.М*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т*******, өмгөөлөгч М.А*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч М.М*******

Хариуцагч Төв аймгийн Сонгуулийн хорооны эрх залгамжлагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гуравдагч этгээд Ц.Н*******

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар “Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай” тогтоолын Ц.Н*******д холбогдох хэсэг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын Ц.Н*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 123/ШШ2025/0010 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.М*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*******, Т.М*******

Гуравдагч этгээд Ц.Н*******

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 123/2024/0068/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.М*******эс Төв аймгийн Сонгуулийн хорооны эрх залгамжлагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар “Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай” тогтоолын Ц.Н*******д холбогдох хэсэг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын Ц.Н*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.

2.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 123/ШШ2025/0010 дугаар шийдвэрийн:

1 дэх заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2 дахь хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.М*******эс Төв аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 12-ны өдрийн 13 дугаартай Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын Ц.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9, 73 дугаар зүйлийн 73.1, 73.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.М*******эс Төв аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын Ц.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч М.М*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т******* нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1.2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуралдсан анхан шатны шүүх хуралдаанаар талууд хэрэгт цугларсан нотлох баримтуудад холбогдох тайлбаруудаа гаргаж мэтгэлзсэн ба ингэхэд Төв аймгийн Сонгуулийн хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн нэр дэвшигчдэд тавих нийтлэг шаардлага болох тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан "…ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэснийг зөрчиж нэр дэвшигч Ц.Номин-Эрдэнийг бүртгэсэн нь Төв аймгийн Сонгуулийн хорооны тайлбар, Улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа, гуравдагч этгээд болох Ц.Н******* өөрөө Төв аймагт 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шилжин ирснээ хүлээн зөвшөөрсөн зэргээр нотлогдсон.

3.2.Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнийн “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар “Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай” тогтоолын Ц.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох гэснийг үл зөвшөөрсөн тухайд:

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-д “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй” этгээдийг бүртгэхээс татгалзана гэжээ.

Нэхэмжлэгч би Төв аймгийн Сонгуулийн хороог тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “...ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэх нэр дэвшигчдэд тавьсан шаардлагыг хангасан этгээдүүдийн ирүүлсэн материалыг хянан үзэж, хэрэв эргэлзээтэй бол холбогдох лавлагааг авсны үндсэн дээр нэр дэвшигчээр бүртгэсэн гэж итгэж ирсэн.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулна” гэж заасан ба өмнөх сонгуулийн тухай хуулиудад шат шатны сонгуулийн хороодод сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөөллийг оролцуулж байсан нь сонгуулийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалт хуулийн дагуу явагдахгүй байсныг халах зорилгоор тангараг өргөсөн, сургалтанд хамрагдсан төрийн албан хаагчдаар сонгуулийн хороодыг бүрдүүлэх болсон нь сонгуулийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрт итгэх итгэлийг бий болгосноос гадна хууль зөрчсөн төрийн албан хаагчдад хүлээлгэх хариуцлага ч нэмэгдсэн.

Нэр дэвшигчдийг хуульд нийцүүлэн бүртгэх, ирүүлсэн материалыг хянах нь нэхэмжлэгч миний эрх, үүрэг биш харин сонгуулийн байгууллагын эрх, үүрэгт шууд хамаарах тухайд шүүх алдаатай дүгнэсэн гэж үзэж байна.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тодорхойлсон. Тухайлбал тус хуулийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зохицуулсан.

Сонгуулийн санал хураалт 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр явагдаж сонгуулийн дүн гарсны дараа нэхэмжлэгч би нэр дэвшигч Ц.Номин-Эрдэнийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан "...ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй" гэх нэр дэвшигчдэд тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй байхад аймгийн Сонгуулийн хороо хууль зөрчин бүртгэж сонгуульд оролцуулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдсөнийг сонгуулийн дүн гарсны дараа бусдаас мэдсэн. Энэ тухай анхан шатны шүүх хуралдаан дээр ч би онцлон хэлж байсныг шүүх үл тоосонд гомдолтой байна.

3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т “Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо ...нь дээд шатны сонгуулийн хороо байна" гэж зааснаар Төв аймгийн Сонгуулийн хороо нь дээд шатны шийдвэр гаprax байгууллага бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс аймгийн Сонгуулийн хорооны хууль зөрчсөн шийдвэрийг мэдсэн даруйдаа хүчингүй болгуулж хуульд нийцүүлэхээр удаа дараа гомдол гаргасан.

Тухайлбал анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.13-т “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь Төв аймгийн Сонгуулийн хороонд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, мөн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан, тус хорооноос 2024 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрийн 43, 49 тоот албан бичгээр “...хууль хяналтын байгууллагад хандана уу” гэсэн, "хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг өгч түүний гомдлыг шийдвэрлээгүй болохыг дурдаж байна гэсэн нь намайг аймгийн Сонгуулийн хороонд удаа дараа гомдол гаргаж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар хичээж байсныг нотолно.

Аймгийн Сонгуулийн хороо миний гомдлыг шийдвэрлээгүй харин шүүх шийднэ биз гэж орхисон учраас /энэ тухай Төв аймгийн Сонгуулийн хорооны тайлбарт бий/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... заасан эрх... нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч М.М******* нь сонгуулийн 6 дугаар тойрогт Ц.Н******* нэр дэвшиж байгааг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр мэдсэнээс хойш долоо хоногийн дотор буюу 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байсан... иймд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж дүгнээд... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэг тойрогт Ц.Н*******тэй хамт өрсөлдөх юм байна гэдгийг мэдсэн болохоос түүнийг хуулийн шаардлага хангаагүй байхад аймгийн Сонгуулийн хороо бүртгэснийг мэдэх ямар ч боломжгүйг мэдсээр байж намайг мэдэх ёстой байсан, энэ тухай ямар нэг үйлдэл хийгээгүй нь миний буруу гэж дүгнэсэнд гомдолтой байна.

4.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.11-т “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нэр дэвшигчийн танилцуулга, намтар, эвслийн мөрийн хөтөлбөрийг нэгтгэн хэвлэж сонгогчдод хүргэх ажлыг зохион байгуулж болно” гэж зааснаар нэр дэвшигч нар нь өөрт шаардлагатай мэдээлэл, лавлагаа, тодруулбал нэг тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг Сонгуулийн хорооноос, мөн тухайн нэр дэвшигчийг дэвшүүлсэн нам, эвслээс шаардан гаргуулах эрхтэй байна гэжээ.

Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь нэр дэвшигчдийнхээ сурталчилгааг дэмжих зорилгоор тэдний намтар, ажилласан байдал, мэргэжил, боловсрол, мөрийн хөтөлбөрийг нэгтгэн хэвлэж тараадаг боловч тухайн мэдээлэлд нэр дэвшигчдэд тавигддаг нийтлэг болон тусгай шаардлагыг бичдэггүйг бүгд мэднэ, жишээлбэл, Ц.Номин-Эрдэнийн тухайд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө Төв аймагт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй тухай мэдээлэл тавигдаагүй ба тавихгүй нь бүр ойлгомжтой.

Харин би Ц.Номин-Эрдэнийн сурталчилгааны материалтай танилцаж, сонгуульд амжилт гаргахаар хичээж байснаас Ц.Номин-Эрдэнийн бүртгэлтэй холбоотой асуудал миний толгойд ч орж ирээгүй байдаг. Энэ тухайд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхээс зайлсхийж хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна.

Харин эсрэгээрээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно” гэсний дагуу аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигч Ц.Номин-Эрдэнийг хугацаа хэтрүүлэн Төв аймагт шилжин ирснийг түүнийг нэр дэвшүүлсэн Ардчилсан намын сонгууль эрхлэх байгууллагаас бүрдүүлж ирүүлсэн бичиг баримтаас мэдэх бүрэн боломжтой байсан ба энэ тухай улсын бүртгэлийн байгууллагад хандаж лавлах үүргээ биелүүлээгүй, харин нэхэмжлэгч гомдол гаргасны дараа аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа гаргуулж Ц.Номин- Эрдэнийн бүртгэл дээр хууль зөрчсөнөө мэдэж энэ тухай тайлбар ирүүлсэн баримтыг шүүх дүгнэхгүй орхигдуулсан байна.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1-т удирдлага болгосон гэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэснийг үл зөвшөөрч байна.

Тухайлбал би Төв аймгийн Сонгуулийн хорооны нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрийн Ц.Н*******тэй холбоотой хэсгийг мэдэх боломжгүй байсан энэ тухай мэдээлэл нийтэд ил тавигддаггүйг бүгд мэднэ. Иймээс миний мэдээгүй, мэдэх боломжгүй байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ.

Анхан шатны шүүх Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр 81.4-т “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гарrax бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй” гэснийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Харин энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэснийг баримтлах ёстой байсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч миний бие Ц.Номин-Эрдэнийг хууль зөрчин бүртгэснийг мэдсэн даруйдаа аймгийн Сонгуулийн хороонд хэд хэдэн удаа хандсаны дагуу холбогдох шийдвэр гарсны дараа хуулийн хугацаанд шүүхэд хандсаныг хэрэгт авагдсан нотлох баримтууд нотолдог.

3.3.Анхан шатны шүүхийн “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын Ц.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үл зөвшөөрч байна.

1.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 2.3-д “нэхэмжлэгчээс “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаартай тогтоолын Ц.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг “хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй” үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоосон гэж дүгнээд нэхэмжлэгчийн Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын Ц.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.М******* нь сонгуулийн 6 дугаар тойрогт Ц.Н******* нэр дэвшиж байгааг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр мэдсэнээс хойш долоо хоногийн дотор буюу 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байсан... иймд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж дүгнээд... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг би үйл баримт, нотлох баримтыг дутуу дүгнэсэн, хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гэж үл зөвшөөрч байна.

Ц.Номин-Эрдэнийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан нэр дэвшигчдэд тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй байхад Төв аймгийн Сонгуулийн хороо хууль зөрчин нэр дэвшигчээр бүртгэж сонгуульд өрсөлдүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын Ц.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй, логикийн хувьд зөв гэж үзэж байна.

Би сонгуулийн процесс, сонгуулийн үр дүнгийн талаар огт маргаагүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.4 болон 2.5-д бичсэн сонгуулийн процесс болон сонгуулийн үр дүнтэй холбоотой дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагатай огт холбоогүй болно.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2-т удирдлага болгосон гэх Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана”, мөн хуулийн 73.1-т “Тухайн шатны сонгуулийн хороо санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчийн авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана”, 73.3-т “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ” гэснийг дурдсан нь миний нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй юм.

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 123/ШШ2025/0010 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье” гэжээ.  

4.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:        

…Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2025/0010 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 2 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан байдаг. Тус хуулийн 5.2-т нэр дэвшигч тухайн жил буюу 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө гэхээр 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 59 минутын өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн байхыг ойлгоно. Гуравдагч этгээд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Баян суманд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Н******* нь 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргээс Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт шилжиж ирсэн бөгөөд хуульд заасан хугацаа буюу 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн өмнө биш хуульд заасан хугацааг хэтрүүлж шилжин ирсэн нь, хуульд заасан шаардлагыг зөрчсөн үйлдэл юм. Энэхүү үйлдэл нь Төв аймгийн Сонгуулийн хорооны тайлбар, Улсын бүртгэлийн лавлагаа, гуравдагч этгээд Ц.Номин-Эрдэний тайлбараар нотлогдож байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй” тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана гэж заасан байдаг. Төв аймгийн Сонгуулийн хороо нь 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар тогтоолоор гуравдагч этгээд Ц.Номин-Эрдэнийг тус хуулийн 5.2-т “18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 2 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан шаардлагыг хангаагүй байхад бүртгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл байна.

Төв аймгийн Сонгуулийн хорооноос гаргасан 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэж заасны дагуу 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан хууль бус захиргааны акт юм. Төв аймгийн Сонгуулийн хороо сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн уг хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан эсэхийг шалгах үүрэгтэй бөгөөд хэрэв хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд дээр дурьдсанаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үүрэгтэй.

Нэхэмжлэгч М.М******* нь сонгуулийн санал хураалт 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр явагдаж сонгуулийн үр дүн гарсны дараа гуравдагч этгээд Ц.Номин-Эрдэнийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан шаардлагыг хангаагүй байхад Сонгуулийн хороо хууль зөрчин бүртгэсэн байсныг бусдаас сүүлд мэдэж, мэдсэн даруйд гомдол гарган, шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т “Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь; сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна” гэж заасны дагуу Төв аймгийн Сонгуулийн хороонд нэхэмжлэгчээс аймгийн Сонгуулийн хорооноос гаргасан хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөн оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус тус гомдол гаргасан. Тус хорооноос 2024 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрийн 43, 49 тоот албан бичгээр “...хууль хяналтын байгууллагад хандана уу, хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ үү” гэх хариуг өгч нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлээгүй болно.

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаар бус шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.11-т “Хуулийн дээрх буюу зохицуулалтын дагуу нэхэмжлэгч М.М******* нь сонгуулийн 6 дугаар тойрогт Ц.Н******* нэр дэвшиж байгааг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр мэдсэнээс хойш долоо хоногийн дотор буюу 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь Ц.Номин-Эрдэнийг хууль зөрчсөн үйлдлийг дээд шатны сонгуулийн хороонд гомдол гарган мэдэгдсэн боловч дээд шатны сонгуулийн хороо гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргана уу гэсэн албан тоот ирүүлсний дагуу хуульд заасан хугацаанд дараа шатны байгууллага болох шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2025/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.

1.Шийдвэрт Төв аймгийн Сонгуулийн хорооноос 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж, тэдгээрийг нийтэд мэдээлснээр сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнийн тухайд 2024 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Номин-Эрдэнийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “…ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, …иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэснийг хангасан эсэхийг мэдэх, энэ талаар тодруулах боломжтой байсан үе гэж дүгнэн, үүнээс нэхэмжлэл гаргах хугацааг тооцсон нь үндэслэлгүй.

Хэдийгээр уг хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй” гэж заасан, мөн маргаж буй Төв аймгийн Сонгуулийн хорооны “Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 13 дугаар тогтоол 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гарсан ч уг тогтоолын Ц.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгчээс нэр дэвшигч Ц.Номин-Эрдэнийг хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй болохыг сонгуулийн дүн гарсны дараа бусдаас сонссон гээд аймгийн Сонгуулийн хороонд мөн оны 10 дугаар сарын 14, 17-ны өдөр тус тус гомдол гаргасан боловч Төв аймгийн Сонгуулийн хорооноос 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр албан бичгээр “…Аймгийн сонгуулийн хороо 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж нэр дэвшигчийн ирүүлсэн материалд тулгуурлан бүртгэсэн бөгөөд энэ талаар улсын бүртгэлийн холбогдох байгууллагаас лавлагаа аваагүй болно. Иймд  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-ын дагуу шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн, хуулийн уг заалтад “Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд энэхүү хариуг авсан өдрөө шүүхэд хандсан, түүнчлэн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 26 дугаар тогтоолын Ц.Н*******д холбогдох хэсгийг шүүх шийдвэрлэж байгаа энэ тохиолдолд хоорондоо шууд хамааралтай шаардлагуудыг нэхэмжлэл гаргах хугацаагаар ялгах шаардлагагүй.

Тэр тусмаа маргаан бүхий тогтоолуудын Ц.Н*******д холбогдох үндэслэл нэг байх тул шүүх маргааныг хамтад нь нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

2.Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд ч М.М******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй, өөрөөр хэлбэл нэр дэвшигч Ц.Номин-Эрдэнийг хуульд заасан шаардлага хангасан эсэхийг шалгаж бүртгэх чиг үүргийг аймгийн сонгуулийн хороонд хүлээлгэснээс бус түүнтэй адил нэр дэвшигч М.М*******д хүлээлгээгүй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан “Нэр дэвшигч өөрт шаардлагатай мэдээлэл, лавлагааг холбогдох байгууллагаас зохих журмын дагуу гаргуулан авч болно” гэсэн нь нэхэмжлэгчийн тухайд үүрэг хүлээлгэсэн зохицуулалт огт биш.

Мөн Төв аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “…хуулийн 5.2-т заасан шаардлагыг хангаагүй нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 27/953 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нотлогдсон…” гэсэн үндэслэлээр маргаан бүхий Төв аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралт дахь Цэрэнбалтавын Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон төдийгүй нэр дэвшигчээр бүртгэгдсэн шийдвэр ийнхүү хүчингүй болсонтой холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар тогтоолын хавсралт дахь Ц.Н*******д холбогдох хэсгийг мөн хүчингүйд тооцсон атлаа үүнээс 2 хоногийн дараа буюу 24-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор дээрх тогтоолоо хүчингүй болгосон байх тул шүүх нэхэмжлэлийн гол үндэслэл болох хуулийн 5.2-т заасан шаардлагыг гуравдагч этгээд Ц.Н******* хангасан эсэх, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэрээр тогтоолыг хүчингүй болгох боломжтой эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

3.Хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “…ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсний 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө гэдгийг 02 дугаар сарын 14-ний өдрийн 00 цаг хүртэлхийг ойлгох бөгөөд энэ талаарх гомдол үндэслэлтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.12-т “Гарагаар тогтоосон хугацаа тухайн товлосон гараг дуусах эцсийн цагт дуусна” гэж заасан ч дээрх хуульд “…15-ны өдрөөс өмнө…” гэж тодорхой заасан тул тухайн өдөр нь өөрөө орохгүй.

Гэтэл Ц.Н******* 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Яармаг, наадамчдын зам, 303 дугаар байрны 74 тоотоос тус аймгийн Зуунмод 1-р багийн Номт, Бугат хотхоны 105 дугаар байрны 22 тоотод шилжин суурьших хүсэлт гаргаж, мөн өдөр нь байнга оршин суугаа газрын хаягын өөрчлөлт хийсэн болох нь түүний иргэний үнэмлэхний лавлагаа, бичгээр гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

4.Гэвч мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2-т зааснаар аймгийн сонгуулийн хороо “аймаг, …-ын Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох” бүрэн эрхийн хүрээнд, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.9 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий тогтоолоор сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж ирүүлсэн материалууд нь хуулийн шаардлагад нийцсэн гэсэн үндэслэлээр Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Номин-Эрдэнийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Баян 6 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн, ийнхүү бүртгэснээр уг хуулийн 31.11-т зааснаар “Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно”.

Хэдийгээр М.Мөн-Эрдэнээс дахин сонгууль явуулахыг даалгах шаардлага гаргаагүй ч нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, маргаан бүхий тогтоолуудын Ц.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох тохиолдолд тухайн тойрогт дахин сонгууль явагдах үр дагавар үүсэх тул маргааныг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр биелэгдэх байдал, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх эсэхийг анхаарч үзэх ёстой.

Гэтэл хуулийн 74 дүгээр зүйлд заасан “Нэр дэвшигчийг хасах” зохицуулалтаас үзэхэд нэгэнт санал хураалт явагдаж, Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон энэ тохиолдолд тухайн нэр дэвшигчийг зөвхөн уг хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болохыг санал хураалтын дүн гарсны дараа шүүх тогтоож болохоор 74.3-т хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл одоогийн маргаж буй 5.2-т заасан хугацаанд Төв аймагт байнга оршин суугчаар бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр шүүх маргаан бүхий 2 тогтоолыг хүчингүй болгох боломжгүй, мөн Ц.Номин-Эрдэнийг нэр дэвшигчээс дээрх үндэслэлээр хассан тохиолдолд л дахин сонгууль явуулахаар байх тул одоогийн нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй. 

Тухайлбал уг хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ”, 74.6-д “Энэ хуулийн 74.3-т заасны дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль явуулна” гэж заажээ.

Иймд нэхэмжлэлийн болон давж заалдах гомдлын үндэслэлд хамаарах 5.2 дахь заалт дээрх зохицуулалтад хамаарахгүй байгаагаас гадна өмнө дурдсанчилан Төв аймгийн Сонгуулийн хорооноос 2024 оны 28 дугаар тогтоолоор маргаан бүхий 2024 оны 13, 26 дугаар тогтоолын Ц.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон боловч 29 дүгээр тогтоолоор 28 дугаар тогтоолоо хүчингүй болгосон нь хүчинтэй, мөн нэхэмжлэгчээс энэ талаар маргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 123/ШШ2025/0010 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.9, 73 дугаар зүйлийн 73.2, 73.3, 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан М.Мөнх-Эрдэнийн гаргасан “Төв аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 13, мөн оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 26 дугаар тогтоолын Ц.Н*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3, 4 дэх заалтын дугаарыг “2, 3” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгч М.М*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т*******, өмгөөлөгч М.А******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 Д.ОЮУМАА

                     ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

                                ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН