Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 1165

 

 

 

 

 

 

 

 2019         11            19                                             2019/ДШМ/1165         

 

 

 

                                    Г.Нд холбогдох эрүүгийн

                                                                хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Г.Н,

хохирогч Ж.Болормаа,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/1518 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Нын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1906034471870 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн;

Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Их орд” худалдааны төвийн 3 давхрын 14 дүгээр лангуунд үйл ажиллагаа явуулдаг “Мартуузай” ломбарданд теллерээр ажиллах хугацаандаа 19.562.500 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хатгин овгийн Гэрэлтуяагийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус зааснаар Г.Нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж, нийт түүний биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Г.Нд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Наас хохирол төлбөр болох 19.562.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Болормаад олгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Г.Н давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсандаа харамсаж байна. Энэхүү хэргийг мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд очсон аль ч үед өмгөөлөгчөөс хууль зүйн ямар ч зөвлөгөө мэдээлэл аваагүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд миний мэдэхгүй, аваагүй баримтууд гарч ирж байсныг хэлсэн боловч тухайн баримтуудыг хохиролд нэмж оруулсанд гомдолтой байна. Тиймээс тэдгээр баримтуудыг дахин нягтлан шалгуулж, үнэн зөв хохирлын хэмжээг гаргуулан, тухайн байгууллагад аудитын шалгалт оруулан, өөрийн өмгөөлүүлэх эрхийг эдэлж, тухайн хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Мөн миний бие 35-36 хоногтой жирэмсэн байгаа бөгөөд хоригдож байх хугацаанд хүүхдэд шаардлагатай хоол хүнс, амин дэм, нар салхийг үзүүлж чадахгүй байгаа учраас биеийн жин болон ургийн жин байх ёстой жингээсээ бага буюу жингийн дутагдалтай, шээсний шинжилгээгээр бөөрний архаг үрэвсэлтэй гэж оношлогдон эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Хүүхдийн төрөхөөс өмнөх үеийн үзлэг шинжилгээнд хамрагдаж чадаагүйгээс ургийн гажиг болон хүүхдийн өсөлт хөгжлийн байдал, эрхтэн тогтолцоо зэргийг үзүүлж чадаагүй тул хүүхдийнхээ эрүүл мэндийн байдалд маш их санаа зовж байна. Иймд тухайн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэргийг мөрдөн байцаалтын шатнаас нь эхлэн шалгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ж.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Миний хувьд маш их гомдолтой байна. 19.562.500 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Дотоод аудит хийгээд Г.Н бид хоёр 10 гаруй хоногийн турш анхан шатны баримт хуудас болгоныг тулгаад программ, хар дэвтэр, барьцаа, кассын дэвтэр зэргийг шалгаад Г.Н хуудас болгонд гарын үсэг зурсан байгаа. Одоо болтол Г.Н нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа. Би 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Миний хувьд энэ бол маш их мөнгө. Энэ байдлаас болж хүүхдүүдийн сургалтын төлбөр, хувцас зэрэг бүх л зүйл нь хасагдаж байгаа. Санхүүгийн хувьд ч гэсэн намайг хүнд байдалд оруулсан. Би яаж энэ хүнээс хохирлоо барагдуулж авах вэ. Үүнийг шүүхийн шийдвэртээ тусгаж өгнө үү.  ...” гэв.

Прокурор Б.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд би өөрийн биеэр оролцсон. Г.Нд холбогдох хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотлогдсон. Г.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 2019 оны 5 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд “Мартуузай” ломбардаас нийт 19.562.500 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, мөрдөгчийн хохирлын тооцоо нийлсэн баримт зэргээр тогтоогдсон байдаг. Г.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо аудитын шалгалт оруулах талаар хүсэлт гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд “эргэлзээ төрвөл шинжилгээ хийлгэж, хохирлын тооцоо нийлэхээр” заасан. Харин мөрдөн шалгах ажиллагаа явуулж хохирлыг тогтоох боломжтой хэрэгт заавал шинжилгээ хийлгэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйл хамаарахгүй байгаа. Г.Н болон хохирогч Ж.Болормаа нарын хувьд анхан шатны баримтууд дээр хохирлын тооцоо нийлсэн байдаг. Үүнийг үндэслээд мөрдөгч хохирлын тооцоо гаргаж, яллагдагч болон хохирогч нараар гарын үсэг зуруулж, хохирол дээр ямар нэгэн маргаан гараагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр Г.Н хохирол дээр маргадаггүй, хохирлоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийм учраас анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Г.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Их орд” худалдааны төвийн 3 давхрын 14 дүгээр лангуунд үйл ажиллагаа явуулдаг “Мартуузай” ломбарданд теллерээр ажиллах хугацаандаа 19.562.500 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ж.Болормаагийн “...Г.Н шүүхээр орж тэнсэн авахаас өмнө 11.414.950 төгрөгийн хохирлоос 6.414.950 төгрөгийг барагдуулаад үлдэгдэл 5 сая төгрөгийг төлөхөөр 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хохирлоо барагдуулахаар хэлцэл байгуулсан. Тус хэлцлээр ажил хийж төлбөрөө цалингаасаа барагдуулахаар тохирсон бөгөөд энэ хэлцлээр cap бүр 400.000 төгрөг төлөх график гаргасан. Графикийн дагуу 2019 оны 5 дугаар сарыг хүртэл 2.400.000 төгрөг суутгуулаад одоо 2.600.000 төгрөг үлдсэн байгаа. Ингээд шүүхэд хохирлоо барагдуулсан гэдгээр миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Ингээд Г.Н 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед Г.Н өөрийнхөө 88018357 дугаараас залгаад “кассанд мөнгөгүй болчихлоо, 650.000 төгрөгийн зээл гаргах боллоо, та данс руу шилжүүлчих” гээд зээлийн гэрээ хийсэн баримтаа явуулсан бөгөөд баримтан дээр Уранчимэг гэх хүний 5926067898 дугаар руу 5753337226 дугаартай данснаас шилжүүлсэн. Ингээд маргааш нь Г.Нын хариуцан ажилладаг “Их Орд” худалдааны төвийн лангуу руу өглөө 10 цаг болж байхад очоод шалгахад Уранчимэгийн барьцааны эд зүйлийг тулгаж хартал 2 ширхэг монетон бөгж нь байхгүй, зөвхөн гинж байсан. Уг гинж нь 650.000 төгрөгийн үнэлгээ хүрэхээргүй байсан. Ингээд бүх зээлүүдийг нэг бүрчлэн шалгахад өмнө нь зээл авсан хүний хаяг, утасны дугаар, нэрийг ашиглан программ дээр зээл үүсгэн шивж оруулаад өөрөө тухайн мөнгийг бэлнээр хэрэглэж байсан байна. ...нийт 19.562.500 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /хх 26-27, 28, 151 /,

иргэний нэхэмжлэгч С.Алтанчимэгийн “...2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Мартуузай” ломбарданд 6.2 гр алтан ээмэг, 4.1 гр алтан бөгж, мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг 1 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Ломбарднаас надтай холбогдож алтан бөгжөө буцааж авсан эсэхийг асуусан. Ямар нэгэн эд зүйлээ буцааж аваагүй байгаа. 2018 оны 2 дугаар сард манай охин Оюунбилэг надад тэр бөгжийг 550.000 төгрөгөөр авч өгч байсан.” /хх 30/,

гэрч Б.Уранчимэгийн “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр би “Их Орд” худалдааны төвд байрлах “Мартуузай” ломбарданд 2 ширхэг монетон бөгж, 1 ширхэг гинжээ 650.000 төгрөгөөр барьцаалсан. Ингээд 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр барьцаалсан зүйлсээ буцааж авахаар очтол гинжнээс бусад зүйлс нь байхгүй болсон байсан.” /хх 33/,

гэрч С.Батболдын “...Би Гүндсамбуу, Гантөгс гэх хүмүүстэй хамтарч Банк бус санхүүгийн байгууллагаас машин зээлээр аваад авсан машинаа өдрөөр түрээсэлж гаргадаг юм. Энэ ажлыг 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хийж байна. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байх Н гэх охин 88018357 дугаарын утсаар холбогдож ирээд хамт явж байсан эмэгтэй Баатархуягийн Зуунжаргалан гэх эмэгтэйн бичиг баримтаар 39-28 УБУ улсын дугаартай приус маркийн машин 4 хоногийн хугацаатай өдрийн 50.000 төгрөгөөр түрээсэлсэн. Машин авснаас хойш дугаар явахгүй өдөр машинаа сольё гээд 2, 3 хоногийн дараа машинаа 10-30 УНС улсын дугаартай машинаар сольсон. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш залгасан чинь маргааш нөгөөдрөөс өгнө гээд машин өгөхгүй яваад байсан. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш дээрх утсаа авахгүй байсан учир Баянхошуунд очиж машинаа хурааж авсан. ...” /хх 34/,

гэрч Б.Гантөгсийн “...Би Батболд, Гүндсамбуу гэх хүмүүстэй хамтарч Банк бус санхүүгийн байгууллагаас машин зээлээр авсан. Машинаа өдрөөр нь түрээсэлж гаргадаг юм. Энэ ажлыг 2019 оны 1 сараас хойш хийж байна. 2019 оны 5 сарын дундуур хамтарч ажиллуулах Батболд гэх хүн энэ Н гэх эмэгтэйд 10-30 УНС улсын дугаартай машиныг хоногоор түрээсэлсэн юм. Яг түрээслэх үед нь би байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. ...” /хх 35/,

гэрч Б.Зуунжаргалангийн “...Би цаг хугацааг сайн санахгүй байна. Н над руу яриад “жолооны үнэмлэх, бичиг баримт чинь хэрэгтэй байна, машин түрээслэх гэсэн” юм гэсэн. “Завтай бол Аглаг бүтээлийн хийд хамт явах уу” гэхээр нь тухайн үед ажилтай байсан учраас Төмөр замын варетэ чуулгын зогсоолд очоод нэг хүнтэй уулзаад тэр хүн миний бичиг баримтын зургийг аваад буцаагаад өгсөн. Эхлээд хар өнгийн харейр машин сонирхож байгаад хөдөө явахаар их иддэг гээд ногоон өнгийн приус 20 машин авсан. Тэр машиныг хашаанаас би унаж гараад цаашаа Н унаад явсан. ...” /хх 36/,

гэрч Э.Алтанцэцэгийн “...Ингээд тэр өмнөх хохирлоос мөнгө төлөөд үлдсэн 5 сая төгрөг дээр нь гэрээ байгуулсан байгаа. Сүүлд гэрээ байгуулахдаа тус ломбардандаа ажил хийж, мөнгөнөөсөө төлөхөөр болсон. 2018 оны 11 сараас тус ломбардандаа эргэж ажилласан. Ингээд сүүлд мөнгө ахиад завшсан гэж Болормаа залгаж хэлэхээр нь мэдсэн. Энэ завшсан мөнгөө юунд зарцуулсан талаар мэдэхгүй. ...” /хх 37/,

гэрч Г.Цэрэндолгорын “...2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр шигтгээтэй монетон бөгж тавьж байгаагүй, надад тийм бөгж ерөөсөө байхгүй. Одоо надад энэ мартуузай ломбарданд барьцаанд тавьсан зүйл байхгүй. ...” /хх 38/,

гэрч Ч.Алтантуулын “...Би өмнө нь тус ломбардаар 2019 оны 2 сард үйлчлүүлж, 100.000 төгрөгөнд монетон ээмэг болон бөгж барьцаалж, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр барьцаалсан зүйлсээ авсан. ...” /хх 39/,

гэрч Б.Сарантуяагийн “...Би өмнө нь тус ломбардаар 2019 оны 1 сард үйлчлүүлж, 210.000 төгрөгөнд монетон гинжийг барьцаалж, 7 орчим хоногийн дараа барьцаалсан зүйлийнхээ мөнгийг өгөөд авсан. ...” /хх 40/,

гэрч Б.Энхтуулын “...Би тус ломбардаар 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр үйлчлүүлж, 500.000 төгрөгөнд алтан ээмэг, бөгж барьцаалж, 1 cap бололгүй авч байсан. ...” /хх 39/,

гэрч Н.Мөнх-Амгалангийн “...Миний дүү Мөнхтуяа нь 2019 оны 2, 3 сард “Мартуузай” ломбардаар үйлчлүүлж, 100.000 төгрөгөнд монетон ээмэг барьцаалан, маргааш нь эд зүйлсээ буцаан авсан байсан. ...” /хх 42/,

гэрч Б.Алдармаагийн “...2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр мөнгөний хэрэг гараад монетон ээмгээ 300.000 төгрөгөнд барьцаалж, 2019 оны 4 сарын сүүлээр авсан. ...” /хх 43/,

гэрч О.Цэгмидийн “...Т.Н нь миний эгч болох Нарангэрэлийн охин Гэрэлтуяагийн том охин юм. Би “Мартуузай” ломбардаар үйлчлүүлдэг. Хамгийн сүүлд очиход Г.Н “би энэ газарт ажиллаж байгаа” гээд сууж байсан. Тэр үед би 200.000 төгрөгөөр монетон бөгж барьцаалж зээл авсан. Надад монетон гинж байхгүй, гинж барьцаалж 1.100.000 төгрөг авсан тохиолдол байхгүй. ...” /хх 45/,

гэрч Э.Энхжингийн “...Би 2019 оны 3 сард мөнгөний хэрэг гараад монетон бөгжөө 120.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би өөрийн бөгжийг одоо болтол аваагүй байгаа. Би монетон ээмэг барьцаалж байгаагүй. ...” /хх 46/,

гэрч Б.Нарантуяагийн “...Би тус ломбардаар 2 удаа үйлчлүүлж байсан. Би 2 удаа монетон гинжээ тавьсан бөгөөд нээх удалгүй буцаагаад авсан. ...” /хх 47/,

гэрч А.Алтанхуягийн “...Би 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 600.000 төгрөгөнд эхнэрийн монетон бөгж, гинжийг барьцаанд тавьсан. Тэр үед бэлэн мөнгө байхгүй гээд цаашаагаа утсаар яриад дансаар 600.000 төгрөг шилжүүлж байсан. 3, 4 хоногийн дараа эд зүйлээ буцааж авсан. ...” /хх-48/,

гэрч Б.Өнөрбуянгийн “...Би 1 удаа “Мартуузай” ломбардаар үйлчлүүлж байсан. Үйлчлүүлэхдээ нэг ширхэг өрөөсөн цэцэгтэй монетон ээмэг 20.000 төгрөгөөр барьцаалан зээл авч байсан. Уг ээмгээ буцааж авч чадаагүй. Би 2 ширхэг монетон бөгж 910.000 төгрөгөөр барьцаанд тавьж байгаагүй. ...” /хх 49/,

 

гэрч Ц.Цэцэгмаагийн “...Би 2019 оны 4 сарын дундуур өөрийн навчин хэлбэртэй монетон ээмгийг 120.000 төгрөгийн барьцаанд тавиад cap орчмын дараа буцааж авсан. ...” /хх 50/,

гэрч Ж.Энхмаагийн “...Би “Мартуузай” ломбарданд 2018 оны 5 сард анх ажилд орж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад төрөх хугацаа дөхсөн тул ажлаасаа гарсан. Би ажлаасаа гарахдаа Г.Н гэх хүүхэнд ажлаа хүлээлгэж өгсөн. М.Алтанчимэг гэх хүн манайхаар байнга үйлчлүүлдэг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хос алтан ээмэг, 1 ширхэг алтан бөгж барьцаанд тавьж зээл авсан. Би Нд бүх зүйлийг тоо ёсоор нь баримтан дээр үндэслэн хүлээлгэн өгсөн. Г.Н надаас бүх зүйлийг бүрэн хүлээн авч, өөрийн биеэр гарын үсэг зурж хүлээж авсан. ...” /хх 51/,

шүүгдэгч Г.Нын “...Би 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хохирлын тооцоотой танилцлаа. Хохирлын тооцоотой холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Дээрхи хохирол 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зузаатгал хийхээр 1 сая төгрөгийг Болормаа эгчээс авсан нь үнэн. Би дээрх төлбөр тооцоог хүлээн зөвшөөрч байна. Мөн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гаргасан “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлантай танилцлаа. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. 18.050.000 төгрөг дээр зузаатгалаар 1 сая төгрөг, мөн бөгжний 512.500 төгрөгийн хохирлыг нэмээд нийт 19.562.000 төгрөгийг Болормаа эгчид учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо төлж барагдуулах болно. ...” /хх-152-153, 164-165/ гэх мэдүүлгүүд,

үзлэг хийсэн тэмдэглэл /хх 52-57/, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ, зээлийн гэрээ /хх 66-67, 68-69/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 70/, гар утасны мессежийг зургаар баримтжуулсан тэмдэглэл /хх 71-73/, “Мартуузай” ломбардны зээлийн баримтууд /хх 74-136/, Г.Н, хохирогч Ж.Болормаагийн нарын хохирлын тооцоо нийлсэн баримт /хх-146-147/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Ныг “Мартуузай” ломбарданд теллерээр ажиллах хугацаандаа 19.562.500 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр тэнссэн хугацаанд шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт түүний биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигджээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Нын “...зээлийн гэрээний баримтуудыг дахин нягтлан шалгуулж, үнэн зөв хохирлын хэмжээг гаргуулах, тухайн байгууллагад аудитын шалгалт оруулж, хэргийг мөрдөн байцаалтын шатнаас нь эхлэн шалгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

 

Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг учиртай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “яллагдагч сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт  “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй” гэж хуульчилсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс яллагдагчид энэ эрхийг танилцуулсан байна. /хх 164/

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Н “...2019 оны 5 дугаар сард Болормаа захирал программ болон баримтуудыг барьцаанд тавьсан эд зүйлсүүдтэй тулгаад дээрх үнийн дүнг гаргаж ирсэн. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мөнгө, төгрөг завшсан нь үнэн гэж гараараа бичиж өгч байсан юм. ...Би дээрх үнэлгээ болон хохирлын тооцоотой танилцсан. 19.562.500 төгрөг завшсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. ...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж мэдүүлсэн байна. /хх 164, 165, 191/

Шүүгдэгч Г.Нын мэдүүлгүүдээс дүгнэвэл, тэрээр хуульд заасан эрхийнхээ хүрээнд сонсгосон ялын талаар маргадаггүй, гэм буруугаа болон учруулсан хохирол, түүний хэмжээтэй маргаагүй байна.

Түүнчлэн шүүгдэгчийн мэдүүлгээс гадна, хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг /хх 28/, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хх 30/, нэр бүхийн гэрч нарын мэдүүлэг /хх 33-51/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 52-54/, гар утасны мессежийг зургаар баримтжуулсан тэмдэглэл болон “Мартуузай” ломбардны зээлийн баримтууд /хх 44-128/, зээлийн багц хүлээлцэх акт /хх 129-134/, хохирол болон үйлдлийн тооцоо /хх 146-147/ зэрэг баримтуудаар давхар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Нын мэдүүлгийг анхан шатны шүүх нотлох баримтаар тооцсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зөвхөн прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар бус оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилдог болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн үзвэл, шүүгдэгч Г.Н Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заавал шинжилгээ хийх тохиолдлуудыг хуульчилсан байх ба шүүгдэгч Г.Нд холбогдох хэрэг үүнд хамаарахгүй юм.

Шүүгдэгч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд “...би өмгөөлөгч авахгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө, би бичиг үсэг мэднэ...”, анхан шатны шүүхэд “...миний бие 1906034471870 энэ дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно...” гэсэн хүсэлт гаргасан, /хх 164, 187/, мөн шүүх хуралдаанд “...өмгөөлөгч авахгүй. Бичгээр хүсэлт гаргасан...” гэх мэдүүлгээс харахад түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг хэрэг хянан шийдвэрлэх явцад зөрчсөн гэж үзэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

Дээрх байдлуудад тулгуурлаж, хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн” зорилт, зарчимд нийцнэ.

.

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодруулан хуульчилсан байна.

 

Давж заалдах шүүхээс шүүгдэгч Г.Н давж заалдах гомдолд дурьдсаны дагуу хэргийг прокурорт буцаасан тохиолдолд хуульд нийцэхгүй.

 

Шүүхээс аливаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тухайн хуулийн үндсэн болон хүндрүүлэх шинжид тусгагдсан байдлаар гэм буруутайд тооцох ёстой байдаг.  

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж ерөнхий байдлаар бичиж, хууль зүйн техникийн хувьд буруу бичсэн байдлыг зөвтгөх нь зүйтэй.

 

Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...шүүх хуралдаанд улсын яллагч Э.Чингис, Б.Алтанзул...” гэж бичсэн нь ноцтой алдаа биш боловч цаашид анхаарвал зохино.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/1518 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Хатгин овогтой Гэрэлтуяагийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ