Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2019/00349

 







2019 9 18

103/ШШ2019/00349



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус задгайн 28-1 тоотод оршин суух, Боржигон овогт Оюуны Оюунчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус задгайн 28-1 тоотод оршин суух, Боржигон овогт Дашпэлжээгийн Энхтайванд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Оюунчимэг, хариуцагч Д.Энхтайван, нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч О.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Д.Энхтайвантай 2008 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан бөгөөд 2008 онд том охин Золзаяа, 2013 онд охин Урангоо нарыг төрүүлсэн. Гэр бүл болох үед Д.Энхтайван нь эрхэлсэн тодорхой ажилгүй байсан 2017 он хүртэл хувийн байгууллагад ажиллаж байгаад 2017 оноос хойш БНЗӨБЦТС ТӨХК-д жижүүрээр ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2009 оноос эхлэн архи ууж, уухаараа агсам согтуу тавин сүүлдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж олон удаа зодож биед маань гэмтэл учруулж байсан. Энэ мэт танхай үйлдлээс нь болж хэрэг нь прокурорт очиж байсан удаа ч бий, би хоёр охиноо бодоод буцаан авч байсан. Согтохоороо бид гурвыг үнэхээр зовоодог, охидууд маань айгаад гараад гүйнэ, ээжийндээ очихоор араас ирээд ээжид маань агсам тавина. Д.Энхтайванг хашраах зорилгоор 2 сар тусдаа амьдарсан боловч уучлалт гуйгаад байхаар нь гэртээ ирсэн, гэтэл өнөөх байдал эргээд л давтагдсан. 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр төрсөн өдөр нь болж гадуур 7 хоног архи ууж 7 шөнө агсам тавихад нь тэвчээр алдаж цагдаа дуудсан. Ингээд 3 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудлаар 7 хоног баривчилгаанд явсан. Цагдаад байцаагдаж байх хугацаандаа бас л архи уун хаалгаа нээхгүй болохоор цонх хагалан орж ирсэн, баривчилгаанд явж ирээд шууд л архи ууж элдвээр аашилсан. Тэр цагаас хойш засрахгүй юм байна гэдгийг ойлгоод тусдаа амьдарч байна. Шүүхээс өгсөн эвлэрүүлэх 3 сарын хугацаанд бидний харилцаанд ямар ч өөрчлөлт орж, эвлэрээгүй. Бид 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа. Утсаар ярихдаа хоёулаа эвлэрье гээд уучлалт гуйдаг, гэвч архи уухаараа нөгөө л элдэв янзаар хэлсэн хэвээр байгаа. Өөрийн биеэр ирж, надаас уучлалт гуйж, эвлэрэх хүсэлт тавиагүй. Хоёр охиныхоо хичээлийн бэлтгэл болон хувцас ав гэж мөнгө өгсөн. Том охин одоо аавтайгаа байгаа, үнэхээр эвлэрэх чин сэтгэл байсан бол над дээр ирж очоод явж болох байсан. Би гэрээсээ өөрийнхөө хувцсыг аваад өөр юу ч аваагүй. Бид 3 сарын хугацаанд эвлэрээгүй учраас бидний гэрлэлтийг цуцлуулж, хоёр охиноо өөрийн асрамжиндаа үлдээж, хуулийн дагуу хоёр охиндоо тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Д.Энхтайван шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Өнгөрсөн хугацаанд найзаасаа 1 сая төгрөг зээлж, эхнэр хоёр охинтойгоо хот орж, хамтдаа цагийг сайхан өнгөрүүлсэн. Энэ мөнгөөр бид хүүхдүүддээ хувцас аваагүй, том охиндоо ганц цамц л авсан. Бид буудалд орж хамтдаа сайхан байсан. Эхнэр нөгөө залуутайгаа уулзахаа больсон гэхээр нь би их баярласан. Гэтэл урагшаа явж ирээд л зан нь өөрчлөгдөөд ирсэн. Үүрийн 4 цагт хүүхдээ дагуулаад айл хэсдэг багш хүн байж болох уу, тэр залуу /Шийрэв/ нь замын урд байдаг. Эхнэрийн эгч намайг хүүхдээ ч хувцаслаж чадахгүй байж гэж хэлэхээр нь найзаасаа 300.000 төгрөг зээлж, охиндоо хувцас авч өгсөн. Би уурандаа энэ 3 сарын хугацаанд очоогүй нь үнэн. Хамт ажилладаг хүн танай эхнэр Шийрэв гэдэг хүнтэй явалддаг юм уу, арай үгүй биз дээ гэж надад хэлсэн. Би зөндөө гуйсан чи тэр залуугаасаа сална гэвэл би архинаас гаръя, хоёулаа, хүүхдүүдтэйгээ сайхан амьдаръя, амьдралаа шинээр эхлэе гэж хэлсэн. Энэ хүн надтай утсаар ярихдаа намайг элдвээр хэлж, доромжилдог, үнсэх гэхээр хацрыг минь урж, сорив тогтоосон. Тэр Шийрэв гэдэг залуу бол үнэхээр муу хүн. Эхнэрийн найзтай нь өмнө үерхэж байгаад салсан. Гэтэл найзынхаа үерхэж байсан залуутай энэ хүн явалдаж байна. Би гомдолтой байна, хоёр охиноо би өөр дээрээ авна. Би энэ хүнийг цохиж зодоод хөөгөөд явуулсан бол өөр хэрэг, гэтэл тийм юм байхгүй. Хоёр хүүхдийг минь айлд хаяад шоудаад л явна. Том охин ээжтэйгээ байх дургүй энэ хүн над руу хутга барьж дайрч байсан удаа байгаа. Гэрлэлтээ цуцлуулж болно, хүүхдүүдээ би өгч чадахгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Оюунчимэг нь хариуцагч Д.Энхтайванд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Энхтайван нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авна гэж маргаж байна.

Нэхэмжлэгч О.Оюунчимэг, хариуцагч Д.Энхтайван нар нь 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдөр охин Э.Золзаяа, 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр охин Э.Урангоо нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.

Зохигчид нь 12 жил хамтран амьдрах хугацаандаа хоорондын харилцаа таарамжгүй, байнгын хэрүүл маргаантай байсан нь тус тусдаа амьдрах, гэр бүл салах шалтгаан болсон төдийгүй хариуцагч Д.Энхтайван нь эхнэрээ хэл амаар доромжилж дарамталдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрүүлжүүлэгдсэн байдал, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 сарын 22-ны өдрийн 54 дугаартай шийтгэвэр, Дүүргийн 3 дугаар Прокурорын газрыг 2015 оны 2 сарын 18-ны өдрийн 24 дугаартай прокурорын тогтоол зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүхээс хэргийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч дээрх хугацаанд гэрлэгчид нь эвлэрээгүй, эвлэрэх талаар хэн аль нь идэвхи санаачлага гаргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч талуудтай уулзсан боловч амжилтанд хүрээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас ирүүлсэн уулзалтын тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд утсаар дуудсан баримт, утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдсон, нэхэмжлэгч О.Оюунчимэгийн хувьд эвлэрэхгүй, хариуцагчтай эргэж амьдрахгүй гэсэн шийдвэрт хүрсэн, гэрлэгчид нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх .., тухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно, 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуй нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг эхийн хэний асрамжид үлдээх.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар хүүхдийн насны байдал, цаашид өсөж, хүмүүжих орчин нөхцөл зэргийг харгалзан охин Э.Золзаяа, Э.Урангоо нарыг эх О.Оюунчимэгийн асрамжид үлдээх нь зохистой.

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ , 26.2-т эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно,   26.4Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан. Иймд нэхэмжлэгч О.Оюунчимэгийн зүгээс хариуцагч Д.Энхтайваныг охин Э.Золзаяа, Э.Урангоо нартай уулзахыг хориглох эрхгүй, зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 233.055 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсгүүдэд зааснаар Боржигон овогт Дашпэлжээгийн Энхтайван, Боржигон овогт Оюуны Оюунчимэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Э.Золзаяа, 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Э.Урангоо нарыг эх О.Оюунчимэгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Э.Урангоог 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Э.Золзаяаг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг Д.Энхтайванаас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Энхтайванаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.Оюунчимэгт даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхтайванаас улсын тэмдэгтийн хураамжид 233.055 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Оюунчимэгт олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар

Шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ