| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2019/00165/И |
| Дугаар | 103/ШШ2019/00226 |
| Огноо | 2019-06-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2019/00226
| 2019 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ2019/00226 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-4, Экспресс таур, 9 давхарт байрлах Практикал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1974 оны 01 сарын 05-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 12 дугаар гудамжны 6 тоотод оршин суух Боржигон овогт Эрдэнэбатын Азбаярт / РД: УГ 74010504 / холбогдох 5.020.585 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нарангоо, Б.Амарбаясгалан, хариуцагч Э.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Практикал даатгал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.Азбаяр нь 2015 оны 05 сарын 12-ны өдөр 8.500.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1,4%-ийн хүүтэйгээр Капитал банкнаас зээлж авсан бөгөөд 2015 оны 11 сарын10-ны өдөр 1.200.000 төгрөгийг, 2016 оны 1 сарын 28-ны өдөр 400.000 төгрөгийн цалингийн зээлийг нэмж авсан байдаг. Э.Азбаяр нь зээл авахдаа Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 11 сарын 02-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. 2017 оны 07 сарын 18-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөхөө байж үүргийн зөрчил үүссэн. Зээлдүүлэгч Капитал банк нь манай даатгалын компанитай 2016 оны 05 сарын 16-ны өдөр Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба зээлдэгч Э.Азбаяр нь ажлаас чөлөөлөгдөж, зээлийн хугацаа хэтрэлт 30 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. Ийнхүү Капитал банкны нөхөн төлбөр хүссэн 2017 оны 08 сарын 28-ны өдрийн 92 дугаар өргөдлийн дагуу компанийн гүйцэтгэх захирлын 3011703424 дүгээр тушаалын дагуу нөхөн төлбөрт тооцож 5.020.585 төгрөгийг төлсөн байдаг. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9.1 дүгээр зүйлд заасны дагуу даатгуулагчаас шаардах эрх Капитал банкинд олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн билээ. Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй байх тул Э.Азбаяраас 5.020.585 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Азбаяр нь Капитал банкны Багануур салбараас зээл авах үедээ Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн үйлчлэгчээр ажиллаж байсан. Капитал банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө төлөх үүрэгтэй байсан боловч ажлаасаа гарсан гэсэн үндэслэлээр зээлээ төлөөгүй. Манай байгууллага Капитал банктай 2012 оноос цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулан ажиллаж байгаа. Э.Азбаярын ажлаас чөлөөлөгдсөн тушаалаас харахад үйлчлэгчийн орон тоо нь хасагдсан байсан. Манайх банктай байгуулсан гэрээгээр даатгалын эрсдэлийн 10 тохиолдол үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохоор тохиролцсон. Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын 30С1200335 дугаартай гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан орон тоо нь хасагдсан гэсэн тохиолдлыг үндэслэн банкны хүсэлтээр нөхөн төлбөрт 5.020.585 төгрөгийг олгосон. Дэд даатгуулагч Э.Азбаяртай байгуулсан цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын 16060600045 дугаартай гэрээгээр зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадвараа бүрэн мөсөн алдсан, ажил олгогч татан буугдсан тохиолдолд нөхөн төлбөр олгохоор тохиролцсон. Эдгээр 3 тохиолдлын аль нь ч үүсээгүй учраас Капитал банктай байгуулсан Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг үндэслэн 5.020.585 төгрөгийг Э.Азбаяраас нэхэмжилсэн гэв.
Хариуцагч Э.Азбаяр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрдэнэбатын Азбаяр миний бие нь 2013 оны 03-р сараас 2016 оны 11-р сар хүртэл Хөдөлмөрийн яамны харъяа Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн үйлчлэгчээр томилогдон ажиллаж байсан ба энэ хугацаанд 8.500.000 төгрөгийн цалингийн зээлийг Капитал банкнаас авч 2016 оны 02-р сарын 03-ны өдөр Практикал даатгал ХХК-тай цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын 160606300045 дугаартай гэрээ байгуулж даатгалын хураамж төлсөн болно. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар Хөдөлмөрийн яамыг татан буулгах шийдвэр гаргасан тул яамны харъяа хөдөлмөрийн хэлтсүүд мөн татан буугдсанаар миний бие ажилгүй болж, цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 3.1.3-т заасан даатгалын эрсдэл бий болж Даатгалын тухай хуулийн 4.1.4-т заасан даатгалын тохиолдол үүссэн. Даатгагч гэрээний үүргээ биелүүлж 5.020.585 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагч миний өмнөөс Капитал банкинд шилжүүлсэн. Даатгалын тухай хуулийн 3.2-т Даатгагч, даатгуулагчийн хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэж заасан тул Капитал банкны нэхэмжлэл болон нэхэмжлэлийн хавсралтад дурьдсан Даатгалын тухай хуулийн заалтууд нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй юм. Иргэний хуулийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Даатгагч ба даатгуулагч хуулийн заалт, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Даатгалын тухай хууль, Иргэний хууль , Капитал банктай байгуулсан цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээнд даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагч эргэн төлөх тухай ямар нэгэн заалт байхгүй. Эдгээр шалтгаанаар миний бие даатгалын нөхөн төлбөрийг эргүүлэн төлүүлэх тухай Практикал даатгал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Азбаяр нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний ажлаас чөлөөлөгдөх тушаал дээр үйлчлэгчийн орон тоо хасагдсан гэсэн үндэслэл заасан. Манай байгууллага татан буугдаад би ажилгүй болсон гэж ойлгож байгаа. Тиймээс надтай байгуулсан гэрээний 3.1.3 д заасан даатгалын эрсдэлийн тохиолдол үүссэн гэж үзэж байгаа учраас шаардлагыг зөвшөөрөхгүй. Байгууллага татан буугдсан нь надаас шалтгаалаагүй, би буруутай этгээд биш. Даатгалынхаа мөнгийг эргүүлээд төлдөг журамтай юм бол яагаад надад хэлээгүй юм бэ, гэнэт л шүүхэд өгсөн байсан, эрсдлээс сэргийлж л даатгуулсан, эрсдэл үүсэхэд даатгалын байгууллага төлнө гэж гэрээ байгуулсан биз дээ. Зээлийн хувьд 5.020.585 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаа зөвшөөрч байна гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Практикал даатгал ХХК нь хариуцагч Э.Азбаярт холбогдуулан 5.020.585 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Э.Азбаяр нь Байгууллага татан буугдаад ажилгүй болсон. Практикал даатгал ХХК-тай байгуулсан цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 3.1.3 д заасан даатгалын тохиолдол үүссэн учраас шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
Хариуцагч Э.Азбаяр нь Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс-т үйлчлэгчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа 2015 оны 05 сарын 12-ны өдөр 8.500.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1,40%-ийн хүүтэйгээр Капитал банкнаас зээлж авсан бөгөөд 2015 оны 11 сарын 10-ны өдөр 1.200.000 төгрөгийг, 2016 оны 1 сарын 28-ны өдөр 400.000 төгрөгийн цалингийн зээлийг нэмж авсан. Зээлээс төлөлт хийж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн, ажилгүй болсон үндэслэлээр 2017 оны 07 сарын 18-ны өдрөөс эхлэн төлөлт хийлгүй 5.020.585 төгрөгийн өр төлбөртэй үлдсэн болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, барьцаат зээлийн гэрээ зэргээр тогтоогджээ.
Практикал даатгал ХХК нь 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Капитал банк ХХК-тай Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан байх ба гэрээний зорилгыг дэд даатгуулагч зээл болон хүүний үлдэгдлийг төлж барагдуулахад даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлоос даатгуулан хураамж төлж, даатгагч даатгалын хугацаанд гэрээнд заасан нөхцлөөр даатгалаар хангах, даатгалын баталгаа нь гэрээний салшгүй хэсэг болох, гэрээний зүйлийг даатгалын баталгаанд бичигдсэн дэд даатгуулагчийн зээл төлөх үүрэг гэж, даатгуулагч нь Капитал банк, дэд даатгуулагч нь банкнаас зээл авч буй зээлдэгч гэж тодорхойлсон, дэд даатгуулагч тус бүрийн хувьд даатгалын баталгаанд бичигдсэн хугацаагаар /2016.01.29 нөөс 2018.01.28/ даатгал үйлчлэхээр заажээ.
Нэхэмжлэгч Практикал даатгал ХХК нь Капитал банк ХХК-тай байгуулсан Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ-гээр даатгалын эрсдэлд гэрээний 5 дугаар зүйлд заасан Зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадвараа бүр мөсөн алдах, ажил олгогч татан буугдах, сонгууль томилолтоор өөр орон тооны ажил албан тушаалд ажиллах болсон, өөрийн хүсэлтээр ажлаас гарсан, эрүүл мэндээр тэнцэхгүй болсон, орон тоо нь хасагдсан, ажилтны тоо цөөрсөн, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан, мэргэжил ур чадвараар тэнцэхгүй болсон гэсэн 10 тохиолдлыг нэрлэн зааж, гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д Дэд даатгуулагчид 5.1-д заасан даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагч даатгуулагчид зээлийн нийт үлдэгдлийг даатгалын үнэлгээнд багтаан 100 хувь нөхөн төлнө. 5.1.4-5.1.10-д заасан даатгалын тохиолдол бий болж нөхөн төлбөрийг даатгагчаас зохих журмын дагуу олгосон нөхцөлд дэд даатгуулагчаас банканд төлөхөөр гэрээнд тусгагдсан зээлийн төлбөр хүүгийн хамт нэхэмжлэх эрх даатгагчид үүснэ, 9 дүгээр зүйлийн 9.1-д Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг даатгагч аливаа хохирлыг нөхөн барагдуулах хугацаанд буруутай этгээдээс төлбөрөө нэхэмжлэн авах эрхтэй ба даатгуулагч даатгагчид бүхий л талын туслалцаа үзүүлж хамтран ажиллах үүрэгтэй, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ, Дэд даатгуулагчтай байгуулсан цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д Даатгуулагч дор дурдсан нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ 30-аас дээш хоногоор хожимдуулсан. Үүнд: 3.1.1 нас барах, 3.1.2 хөдөлмөрийн чадвараа бүр мөсөн алдсан, 3.1.3 ажил олгогч татан буугдсан тохиолдолд даатгалын эрсдэлд тооцно гэж тус тус заасныг үндэслэн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Э.Азбаяр нь цалингийн барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл 5.020.585 төгрөгийг төлөөгүй гэдэгтэй маргаагүй боловч байгууллага татан буугдаад ажилгүй болсон. Практикал даатгал ХХК-тай байгуулсан цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 3.1.3 д заасан даатгалын тохиолдол үүссэн учраас зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Практикал даатгал ХХК нь дэд даатгуулагч Э.Азбаяр нарын хооронд 2016 оны 01 сарын 29-ний өдөр байгуулагдсан цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын 16060600045 дугаартай гэрээгээр даатгалын эрсдэлд Зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадвараа бүр мөсөн алдах, ажил олгогч татан буугдах 3 тохиолдлыг нэрлэн заасан бөгөөд гэрээний 4.1-д Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагч төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл төлбөрийг түүнд ногдох хүүгийн хамт бүрэн төлнө гэж талууд тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.
Даатгалын эрх зүйн харилцаа нь хариу төлбөртэй харилцаа бөгөөд даатгалын гэрээ байгуулж хураамж төлсний дараа даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгуулагчийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг даатгагчид үүсдэг. Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байгуулагдсан, дэд даатгуулагч 5.020.585 төгрөгийн үнэлгээнд тохирсон даатгалын хураамж төлсөн, талуудын хооронд 2016 оны 01 сарын 29 ний өдөр байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан Зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадвараа бүр мөсөн алдах, ажил олгогч татан буугдах гэсэн 3 тохиолдлыг заасан байна.
Багануур дүүргийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 11 сарын 02-ны өдрийн Б/07 дугаартай Э.Азбаярыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаас харахад тухайн байгууллага татан буугдаагүй, харин байгууллагын бүтэц орон тоо шинэчлэн батлагдаж, үйлчлэгчийн орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлийг баримтлан Э.Азбаярыг 2016 оны 11 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 1.113.048 төгрөгийг олгосон үйл баримт тогтоогдож байна. Иймээс гэрээнд заасан Зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадвараа бүр мөсөн алдах, ажил олгогч татан буугдах гэсэн 3 тохиолдлын аль нэг нь бий болоогүй, энэ талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас даатгалын байгууллага нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үүргийг хэрэгжүүлэх нөхцөл үүсээгүй байна гэж дүгнэв.
Практикал даатгал ХХК нь Капитал банк ХХК-тай 2012 оны 06 сарын 08 ны өдөр байгуулсан Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ-гээр хүлээсэн үүргийнхээ дагуу гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6 буюу орон тоо нь хасагдсан тохиолдлыг үндэслэн, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нөхөн төлбөрт 5.020.585 төгрөгийг Практикал даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 09 сарын 18-ны өдрийн 30/1703424 дугаартай тушаалаар Капитал банк ХХК-д шилжүүлсэн байх тул Практикал даатгал ХХК нь гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар 5.020.585 төгрөгийг Э.Азбаяраас шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Э.Азбаяраас 5.020.585 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Практикал Даатгал ХХК-д олгохоор шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар , нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 95.280 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хариуцагч Боржигон овогт Эрдэнэбатын Азбаяраас 5.020.585 / таван сая, хорин мянга, таван зуун наян таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Э.Азбаяраас 95.280 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ