Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2019/00236

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ....дүүргийн ... дүгээр хороо, ...тоотод оршин суух, Б- овогт Д-вын Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..... дүүргийн ... тоотод оршин суух, Б- овогт Л-ын Э-,

Хариуцагч: .......дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, Б- овогт М- А- нарт холбогдох худалдах худалдан авах гэрээнээс  татгалзаж гэрийг нь буцаан өгч  800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т-, хариуцагч М.А-, Л.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний  бие 2019 оны 4 дүгээр сарын дунд үеэр Багануур дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн хажууд өөрийн таньдаг хүнтэйгээ гэр авах тухай ярьж байхад М.А- гэдэг хүн ирээд гэр авах гэж байгаа юм уу?, манайх дээр үеийн модтой, дээвэр, туурга бүтэн их 5 ханатай гэр зарна гэж хэлсэн. Хоёр хоногийн дараа би Багануур дүүргийн хоёрдугаар хороонд хураалттай байгаа гэрийг очиж үзсэн. Намайг очиход М.А- нь ээж Л.Э-гийн хамт өөрийнхөө гэрийг үзүүлээд гадна талын цагаан бүрээс байхгүй, берзенттэй, их таван ханатай гэр байгаа гэж хэлсэн. Намайг настай хүнээс гэр авч байгаа юм чинь дээвэр, туурга нь бүтэн байлгүй дээ гэж хэлэхэд бүтэн гэж хариулсан.  Бид гэрийг 750.000 төгрөгөөр, гэрийн хуучин хивсийг 50.000 төгрөгөөр буюу нийт 800.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр уг мөнгөнөөс 500.000 төгрөгийг М.А-д бэлнээр өгсөн. Би 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 2 дугаар хорооноос гэрийг очиж авсан. Гэрийг хүлээж авахдаа би М.А-д гэрийн унь дутуу юу? гэж асуухад 3, 4 унь дутуу, дээвэр, туурга бүрэн гэж хэлсэн. Би тухайн үед түүнд найдаад гэрийг нь нэг бүрчлэн нарийн үзэж хараагүй үлдэгдэл 300.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгөөд гэрээ ачаад явсан. Би гэртээ ирээд үзэхэд дээвэр, туурга нь уранхай, 15 унь дутуу, берзент нь алга болчихсон байсан учир би тэр дор нь М.А- руу залгаад энэ талаар хэлэхэд М.А- үгүй гээд утсаа тасалсан. Би эгчийгээ дагуулаад М.А-ын гэрт очоод энэ талаар дахин хэлэхэд мөнгийг чинь өгч чадахгүй, хүнс авчихсан гэж хариулсан. Тэгэхээр нь би та тэгвэл дутуу юмнуудаа гүйцээгээд өгчих гэхэд манай гэр бүрэн, өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгвэл одоо очоод буулгасан юмнуудаа харчих гэхэд М.А- үгүй, та одоо яамаар байна гэхэд нь дутуу юмнуудаа өг, эсвэл мөнгөө буцааж авъя гэхэд наймаа буцаахгүй гэж хэлсэн. Би маргааш гэрийг нь буцаагаад аваачиж өгье гэхэд за тэр яах вэ? маргааш авчраад өгчихвөл гэрээ буцаагаад авъя, 2, 3 хоног болсон тохиолдолд гэрээ буцааж авахгүй шүү гэж хэлсэн. Би маргааш өдрийн 11 цагийн үед гэрийг нь ачаад аваачиж өгөхөөр очтол зарагдсан барааг буцаахгүй гэсэн бөгөөд М.А-ын ээж Л.Э- нь эгч нь орой хүүхдүүдтэйгээ яръя, мөнгийг нь эргүүлж өг гэх нь үү? эсвэл гэрээ ав гэх нь үү? мягмар гарагийн өглөө 10 цаг гэхэд хариу өгье, дутуу унийг нь гүйцээж өгөөд, берзентийг нь аваад өгье, дээвэр, туургыг нь заваараа очоод оёоод өгье гэж хэлсэн. Хэлсэн ёсоороо над руу залгаагүй тул би гэрт нь дахин очиход М.А- нь гэрээ буцааж авахгүй гэж уурласан. Дараа нь бид ярилцаад М.А-, Л.Э-гийн хамт манай гэрт очиж гэрийг үзүүлэхэд унь нь дутуу, дээвэр, туургыг үзүүлэхэд нэг туурга, дотор гэрийн цавгийг нь намайг сольчихсон байна гээд байсан. Намайг 16 унь дутаад байна гэхэд зөвшөөрөхгүй байсан. М.А-ын ээж Л.Э- нь одоо гэрээ авч явж зараад мөнгийг чинь өгье гэхээр нь би гэрийг нь өгөөгүй. Миний хувьд энэ хүмүүсээс авсан гэрээ авчраад тэр даруй утсаар мэдэгдсэн. Надад бусдаас авсан гэрээ солих ёс суртахуун байхгүй ээ. Иймд М.А-, Л.Э- нараас 800.000 төгрөгийг гаргуулж гэрийг нь буцааж өгөх хүсэлтэй байна  гэжээ.

Хариуцагч Л.Э- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр Д.Т- гэдэг хүн гэр үзье гээд ирсэн юм. Бүтэн сайн өдөр Багануур дүүргийн 2 дугаар хороонд байрлах контейнерт хураалттай байгаа 5 ханатай гэрийг үзүүлэхээр болсон. Гэр үзэхээр Д.Т- гурван хүний хамт ирсэн. Тэгээд гэр таалагдлаа 750.000 төгрөгөөр зарах уу? гэж асуусан. Тэгээд бүрээсийн 50.000 төгрөгийг хасаж 750.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож 500.000 төгрөгийг бэлнээр өгөөд явсан. Гэрээ ачаад явахдаа үлдсэн 250.000 төгрөгөө өгөөд явсан. 5 ханатай, шалгүй, хуучин шар эсгий дээвэр, 6 ширхэг туурга, 3 ширхэг бүслүүр, 2 ширхэг тэмээний ноосон хавтгай дотуур бүслүүр, цаваг, хөшиг зэргийг хүлээлгэж өгсөн. Тэр үед берзент байхгүй байсан. Гэр очиж үзэхэд ч берзент байхгүй байсан, мөн унь дутуу гэдгийг хэлж байсан. Нэгэнт гэрийг ачиж явчихаад берзент байхгүй байхад байсан гэж намайг гүтгээд байгаа. Би гэрийн унь дутуу гэдгийг анхнаасаа хэлж байсан. Их 5 ханатай гэрийн туурга, дээврийг худалдаж авснаас хойш 4 ханатай гэрийн дээвэр, туургаар, мөн цаваг, дотуур бүслүүр зэргийг сольсон байсан. Энэ гэр миний гэр байгаа юм. Гэр зарсан мөнгийг би охиноосоо хүлээн авч хэрэгцээндээ зарцуулсан  гэв.

Хариуцагч М.А- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 5 ханатай, шалгүй, хуучин шар эсгий дээвэр, 6 ширхэг туурга, 3 ширхэг бүслүүр, 2 ширхэг тэмээний ноосон хавтгай дотуур бүслүүр, цаваг, хөшиг зэргийг хүлээлгэж өгсөн. Тэгтэл Т- 4 ханатын дээвэр туургаар сольсон учраас маргаад байгаа. Угаасан цагаан бүрээс өгсөн байтал халтар цагаан бүрээс өгсөн, тэмээний ноосон хавтгай дотуур бүслүүр өгсөн байтал 1 ширхэг болгоод 3 шүлжээстэй бүслүүрээр сольсон байсан. Өмнө нь берзенттэй гэр барьж байсан гэж хэлсэн болохоос берзенттэй гэж хэлээгүй, берзент ч анх Т-ыг гэр очиж үзэхэд байхгүй байсан, өөр 3 хүнтэй хамт очиж үзсэн тэд ч мэдэж байгаа. Унь дутуу гэдгийг анхнаасаа хэлсэн, гэр ачиж явахад нь ч хэлсэн. Гэрээ хураагаад тавьсан 12 ширхэг зураг үзүүлсэн, манай хурааж тавьсан зүйлийг хөдөлгөсөн байсан, 2 ширхэг дээврийг 4 болгосон, 6 ширхэг туургыг 4 ширхэг болгосон учраас наймаагаа буцаагаагүй. Берзенттэй өгнө гэж хэлээгүй, өмнө нь барьж байсан гэр юм. Гэрээ 800.000 төгрөгөөр зарна гэж байсан боловч гадуур цагаан бүрээсийн үнэ 50.000 төгрөгийг хасаад 750.000 төгрөгөөр зарсан. Гэрийн эд зүйлийг сольсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Т- анх О.Норовсамбуу, С.Долгорсүрэн, Б.Бат-Эрдэнэ гээд 3 хүнтэй хамт контейнерт хураалттай байсан гэрийг ирж үзсэн энэ үед унь дутуу гэдгийг хэлж байсан. Худалдах худалдан авах гэрээ хийгээд гэрийг ачиж явчихаад наймаагаа буцаана гэдэгт гомдолтой байна. Энэ гэр ээжийн минь гэр байгаа юм. Гэр зарсан мөнгийг ээждээ өгсөн гэв.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:                                                                                      Нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч М.А-, Л.Э- нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 800.000 төгрөг гаргуулж гэрийг нь буцаан өгөх  тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

    Хариуцагч М.А-, Л.Э- нар нь “үзэж харж үнэ тохирч авсан бөгөөд бүрээс, туурга, хана, бүслүүрийг сольсон байх тул гэрээ буцааж авахгүй” гэж маргаж байгаа болно.   

  Нэхэмжлэгч Д.Т-,  хариуцагч Л.Э- нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 5 ханатай гэрийг хуучин хивсний хамт 800.000 төгрөгөөр  худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

Уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд  нийцсэн, талуудын хүсэл зориг тусгагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч тал 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 300.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрийг ачих үедээ бэлнээр өгчээ. Талууд энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “ худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж  худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “ гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй” гэнэ, 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ”, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “ худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах эрхтэй”, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт” эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч худалдан авагчийн аль ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Талууд  худалдан худалдах гэрээ байгуулах үед дээвэр туурга бүтэн, 3-4 тооны унь дутуу, берзэнттэй гэр зарахаар тохиролцсон боловч бодит байдалд 16 тооны унь дутуу, уранхай дээвэр туургатай, берзэнтгүй гэрийг зарсан болох нь гэрч С.Долгорсүрэнгийн шүүхэд өгсөн: Би 2019.04.28-нд буюу бүтэн сайн өдөр Т- авсан гэрээ машинаас дөнгөж буулгаад бранк байшиндаа яг хураах гэж байхад нь  очсон. Т-ынх манай хашаанд 3 жил амьдраад нүүсэн байсан. Би гэр баривал туслах гэж очсон юм. Дээвэр нь уранхай, туурга нь хуучин муудсан, гэрийн унь  16  орчим дутаж байсан. Т- авахдаа 81 уньтай гэж авсан юм байна  лээ. Цаваг нь уранхай хуучин цаваг байсан. Би угаах гээд дэлгэж үзсэн юм. Гэрийн берзэнт байхгүй, гадуур цагаан бүрээс бас байхгүй байсан. Берзэнт бол үнэхээр байгаагүй. Бүслүүр нь зүгээр дээр үеийн адууны дэлээр томоод хийчихсэн нэг ширхэг бүслүүр л байсан. Т- байшин руугаа хийгээд миний дэргэд утасдаж дээвэр туурга нь уранхай муудсан байна , ирж юмаа үз гэж хэлэх гээд залгаад байхад аваагүй. Ирэхгүй болохоор нь Д.Т- бид хоёр М.А-, Л.Э- хоёрынд очсон. Очиход ээж нь байсан.  Охин нь жаахан байж байгаад ирсэн. Тэгэхээр нь гэр чинь ийм байдалтай байна, очиж үз гэж Д.Т- хэлсэн. Тэгэхэд одоо орой болсон байна, бид нар очиж үзэж амжихгүй, гал голомтоо шөнөөр буцааж авахгүй, маргааш өглөө бол 10 цагийн үед гэрээ буцааж авна гэж хэлсэн. Маргааш өглөө ирэхгүй болохоор нь 11 цагийн үед Д.Т- бид хоёр дахиад цуг очиход ээж Л.Э- нь хот явчихсан байсан. Дээвэр туурга нь том 5 ханатынх байсан.  Гэрийн 2 ширхэг дээвэр нь уранхай туурганууд нь ялзарсан их богинохон байсан. Одоо тэр хэвээрээ л байгаа даа гэсэн мэдүүлэг,

 гэрч О.Норовсамбуугийн шүүхэд өгсөн : “2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Д.Т- намайг монгол гэр мэднэ гэдэг утгаар дагуулж явсан. Очоод үзэхэд унь тооно хоёр нь дээр үеийн гэрийнх байсан. М.А- хэлэхдээ 2 хөшиг байгаа, берзент байгаа, битүү хулдаас байгаа гэж хэлж байсан. Би контейнерээс бууж байхад Д.Т- хэдэн унь дутуу байгаа вэ? гэж асууж байсан. Тун цөөхөн юм хэлж байсан. 16 тооны дутуу гэж хэлээгүй  ээ, тийм олон биш. Маш цөөхөн тооны юм хэлж байсан, Контейнер нилээн өндөр, буух гэж байхад унины тухай яриа  болсон. Гэхдээ 16 унь дутуу байвал яагаад ч авахгүй шүү дээ. Берзэнт мөн байгаа гэж хэлж байсан, берзент унин дээр байхыг би харсан. Бас битүү хулдаастай гэж байсан мөртлөө тэрийгээ өгөөгүй л юм байна лээ. Тэр үед дээвэр туургаа боогоогүй,  униныхаа дэргэд эвхээд тавьчихсан байсан. Уранхай гэж юм хэлээгүй. Манай зарах гэж байгаа гэр ээж барьж байсан боломжийн сайн гэр байгаа гэж хэлж байсан. Хулдаастайгаа зарна гэж хэлсэн мөртлөө өгөөгүй байна лээ гэсэн мэдүүлэг,  үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр  тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч нь худалдан авсан гэрийг биет байдлын доголдлын улмаас зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байгаа бөгөөд хариуцагчид гэрийг хүлээлгэж өгөөгүй өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшилд байлгаж байгаа талууд тайлбараа өгсөн байна.

          Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулж гэрийн дутуу зүйлийг бүрдүүлж өгөх шаардлагыг тавьсан боловч хариуцагч талаас эд хөрөнгийг доголдлыг арилгах арга хэмжээ аваагүй байх тул гэрээнээс татгалзах шаардлагыг шүүхэд гаргасан нь хуулийн үндэслэлтэй байна.

        Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн эдэлж хэрэглэж байсан гэрийн шинж байдлын талаар нэхэмжлэгчид зөрүүтэй мэдээлэл өгч зарж борлуулсан байх тул нэхэмжлэгчийг 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагчийн эд хөрөнгийн доголдолтой гэр зараагүй, тухайн гэрийн унь бүрэн байсан, нэхэмжлэгчийг их 5 ханатай гэрийн туурга, дээврийг худалдаж авснаас хойш 4 ханатай гэрийн дээвэр, туургаар, мөн цаваг, дотуур бүслүүр, хана  зэргийг сольсон гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, хариуцагчийн тайлбар нь нэхэмжлэгч нь худалдаж авсан гэрээ гэртээ очоод тэр даруй буулгахад хамт байсан гэрч С.Долгорсүрэнгийн мэдүүлгээр няцаагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогчийн үүргийг “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж тодорхойлсноор хариуцагч  тал  өөрийн татгалзлаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байна.

Гэрээний зүйл болсон гэр нь хариуцагч Л.Э-гийн өмчлөлийн гэр бөгөөд гэр зарсан мөнгөө охин М.А-аас хүлээн авч хэрэглэсэн талаарх тайлбараа шүүх хуралдаанд өгч байх тул хариуцагч М.А-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгч Д.Т-, хариуцагч Л.Э- нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн болно.

   Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 23.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Л.Э-гаас 23.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт тусгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсгүүдэд зааснаар Боржигон овогт  Л-ын Э-гаас  800.000 төгрөг гаргуулж Б- овогт Д-вын Т-д олгож, нэхэмжлэгчээс худалдан авсан гэрийг нь хариуцагч Л.Э-д буцаан шилжүүлж,  Боржигон овогт М- А-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 23.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Л.Э-гаас 23.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ТУЯА