Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2019/00253

 

 

 

 

 

2019 6 26 103/ШШ2019/00253



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Энканто тоун, 2207 дугаар байр, 14 тоотод оршин суух, Далбан согоот овогт Цэрэндуламын Өнөрцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, 48 дугаар байр, 45 тоотод оршин суух, Кенкрит овогт Жунайн Дуламцэнд, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжны 317а тоотод оршин суух, Норсүн овогт Бадарчийн Сайханцэцэг нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 17.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Өнөрцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Өнөрцэцэгээс Багануур дүүргийн иргэн Ж.Дуламцэнд нь 2017 оны хавар орон сууцны ипотекийн зээл авахад 30%-ийг бүрдүүлэх хэрэг болоод байна мөнгө зээлээч, ипотекийн зээл бүтэхээр буцаагаад өгчихнө гэж хүсэлт тавьсан юм. Хэрвээ 30 хувиа урьдчилаад олчихвол ипотекийн зээл олдох боломжтой байна гэж хэлж байсан юм. Миний бие тухайн үед авах гэж байгаа байрных нь тухай асууж мэдсэнээр тухайн байр нь ипотекийн зээл олгох боломжтой байр байсан учир 2 удаа цувуулан 19 сая төгрөг зээлдүүлсэн юм. Ипотекийн зээл нь бүтчихээр бүгдийг нь буцаагаад өгнө гэсэн болохоор хүлээгээд байсан гэтэл тухайн үед зээл нь бүтээгүйн улмаас Багануур дүүрэгт орон сууц авсан байсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд зээлж авсан 19 сая төгрөгөөс 4 сая төгрөгийг буцааж төлсөн. Одоо үндсэн өрөөс 15 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тухайн үед бид албан ёсоор бичгийн гэрээ байгуулаагүй боловч амаар тохиролцоо хийсэн байсан юм. Өнөөг хүртэл үлдсэн зээлээ төлөхгүй иргэн намайг хохироосоор байна. Иргэний хуульд зааснаар хугацаандаа төлөөгүй бол алданги төлдөг гэж өмгөөлөгч надад зөвлөсөн. Иймд зээл авснаас хойш бараг 2 жил өнгөрсөн тул энэ хугацааны торгууль, алданги, надад төлөх ёстой гэж ойлгож байгаа. Надаас зээлдсэн мөнгөөр орон сууц авсан байх тул байрны эзнээс үлдэх 15 сая төгрөгт хамгийн багаар хүү тооцож 2 сая төгрөг нэмж нийт 17 сая төгрөгийг нэхэмжилж байна. Мөнгө зээлдүүлэхдээ бичгээр байгуулсан гэрээгүй боловч уг мөнгөөр өөрийн хэрэгцээг хангасан тул маргалдах асуудал үүсгэхгүй байх, нөгөө талаар надад мөнгөний хэрэгцээ их байгаа тул яаралтай шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд бичсэн шаардлага дээр нэмж хэлэхэд мөнгө зээлээд 2 жилийн хугацаа өнгөрсөн тул үндсэн мөнгийг авах нь хохиролтой байна гэж үзэж байгаа. Монгол банкны дундаж хүү 14,15 хувь байдаг, банкны хүүгээр тооцохгүй юм аа гэхэд 2 жилийн хугацаанд энэ мөнгийг дансанд байлгасан бол хүү өсөх байсан. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш 2 сая төгрөгийг хүү биш үндсэн зээлийн төлбөрөөс барагдуулж байна гэж хэлж өгсөн. Тэгэхээр үндсэн зээлээс нь 2 сая төгрөгийг хасаад 13 сая төгрөг, зээлийн хүү 2 сая төгрөг буюу нийт 15 сая төгрөг нэхэмжилж байна. Яагаад гэхээр нэхэмжлэгч нь хариуцагч нарт хэрэгтэй үед нь мөнгө зээлсэн, мөн мөнгөө өгөөгүй 2 жил болсон учраас хүү нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч, хариуцагч нарт хувийн харилцаа байсан. Өгнө гэсэн боловч 2 жилийн хугацаа өнгөрсөн болохоор шүүхэд хандсан. Бичгээр хийгдсэн зүйл байхгүй нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ хүү, алданги 2 сая төгрөг бичсэн байгаа. Иймд үндсэн зээл 13 сая төгрөг, алданги 2 сая төгрөг нийт 15 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Дуламцэнд, Б.Сайханцэцэг нар нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Өнөрцэцэгээс 30 сая төгрөг зээлэх үү гэсэн хүсэлт тавьж очсон. Өнөрцэцэг өмнө нь хариуцагч нартай холбоотой байсан ба хариуцагч нар нь өмнө мөнгө зээлээд буцааж өгч байсан учир итгээд дахин мөнгө зээлсэн. Тухайн үед Өнөрцэцэгт 30 сая төгрөг байгаагүй учир 19 сая төгрөгийг зээлсэн. 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн мөн хувцас гоо сайхны байраа гээд нийт 4 сая төгрөг өгсөн. 2019 оны 5 дугаар сард нэхэмжлэл гаргаснаас хойш 2 сая төгрөгийг төлөөд нийт 6 сая төгрөгийг төлсөн байгаа. Уг нь ингээд цувуулаад төлбөрөө барагдуулаад байгаа. Цаашид ч барагдуулсаар байна. Харин зээлийн хүүгийн хувьд бичгээр хийсэн зүйл байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн дагуу зээлийн хүү, алдангийг бичгээр хийх ёстой. Гэтэл ямар ч бичгээр хийсэн зүйл байхгүй учраас 2 сая төгрөгийг төлөхгүй үндсэн зээл 13 сая төгрөгийг төлнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Өнөрцэцэг нь хариуцагч Ж.Дуламцэнд, Б.Сайханцэцэг нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 17.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч нь 2.000.000 төгрөг өгсөн учир үндсэн зээл 13.000.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөг нэхэмжилсэн болно.

Хариуцагч нар нь зээлийн үлдэгдэл 13.000.000 төгрөгийг төлнө, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү алданги төлөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч нар нэхэмжлэгчээс 19.000.000 төгрөг зээлдэж авснаа хүлээн зөвшөөрч, 6.000.000 төгрөг өгснийг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас хуульд заасан алданги нэхэмжлэх эрхээ алджээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй 222 дугаар зүйлийн 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Ц.Өнөрцэцэг нь хариуцагч Ж.Дуламханд, Б.Сайханцэцэг нарт зээлдүүлсэн 19.000.000 төгрөгт алданги тооцож авах боломжгүй, харин Иргэний хуулийн 232, 222 дугаар зүйлд зааснаар хохирлоо шаардаж авах эрхтэй байна.

Хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид үндсэн зээлээс 2.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 13.000.0000 төгрөг үлдсэн гэдэгт талууд маргаагүй учир хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 13.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, алданги 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 242.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 222.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Кенкрит овогт Жунайн Дуламцэнд, Норсүн овогт Бадарчийн Сайханцэцэг нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 13.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Далбан согоот овогт Цэрэндулам Өнөрцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 222.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ