| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2019/00233/И |
| Дугаар | 103/ШШ2019/00263 |
| Огноо | 2019-07-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2019/00263
2018 07 02 103/ШШ2019/00263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийний 5 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, Боржигон овогт Лхамын Алтангэрэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус задгайн 14-1 тоотод оршин суух, Ачит овогтой Баяртогтохын Сайнбаярт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Алтангэрэл, хариуцагч Б.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Сайнбаяр нь 2018 оны 6 дугаар сард миний хувийн өмчлөлийн 95-55 БРА улсын дугаартай микро автобусыг 1.200.000 төгрөгөөр худалдан авах санал гаргаж уг машиныг дагалдан ирсэн 4 хүний хамт асааж, шалгаж үзээд бүх бичиг баримтын хамт авч явсан юм. Иргэн Б.Сайнбаяр нь үнийг 3 сарын дотор төлнө гэсэн боловч одоо болтол өгөхгүй байгаа тул 1.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Сайнбаяр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Л.Алтангэрэлээс 2018 оны 6 дугаар сард радиатор, аккумляторгүй асаж явдаггүй бүрэн бус микро автобусыг моторыг нь сэлбэгэнд ашиглах зорилгоор үнэ тохирохгүй амаар тохиролцож авсан нь үнэн болно. Авснаас хойш моторыг нь ашиглах гэтэл хөлдөж хагарсан байсан. Мөн дээрх машин нь улсын бүртгэлээс хасагдаад 6,7 жил болсон байсан тул эд ангийг нь тарааж өгч мөнгийг нь цуглуулж Л.Алтангэрэлд өгнө гэсэн бодолтой байсан. Хүмүүсээс ойролцоогоор 650.000 төгрөг ирэх байх. Мөн Л.Алтангэрэл нь надаас ойролцоогоор 250.000-аас, 300.000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар авч тооцоондоо оруулахаар тохирсон. Иймд Л.Алтангэрэлд микро автобусын эд ангийг худалдаж авсан хүмүүсээс ирэх 650.000 төгрөгийг өгье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Алтангэрэл нь хариуцагч Б.Сайнбаярт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Сайнбаяр нь радиатор, аккумляторгүй асаж явдаггүй бүрэн бус микро автобусыг моторыг нь сэлбэгэнд ашиглах зорилгоор үнэ тохирохгүй амаар тохиролцож авсан, Л.Алтангэрэл нь надаас ойролцоогоор 250.000-аас, 300.000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар авч тооцоондоо оруулахаар тохирсон. Л.Алтангэрэлд микро автобусын эд ангийг худалдаж авсан хүмүүсээс ирэх 650.000 төгрөгийг өгье гэсэн тайлбарыг өгч байна.
Шүүх хариуцагчаас 1.040.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож үлдэх 160.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Зохигчдын хооронд Микро автобус БРА 95-55 улсын дугаартай машиныг 1.200.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ 2018 оны 6 дугаар сард байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.
Уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн, талуудын хүсэл зориг тусгагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч тал 100.000 төгрөгийг дансаар шилжүүлж, 60.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг өгчээ. Талууд энэ талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэнэ, 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах эрхтэй, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч худалдан авагчийн аль ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогчийн үүргийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж тодорхойлсноор хариуцагч тал өөрийн татгалзлаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас бэлнээр 100.000 төгрөг, мөн 60.000 төгрөгийн үн бүхий гар утас авсан талаар маргахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын 1.200.000 төгрөгөөс 160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг 1.040.000 төгрөгний хэмжээнд хангах үндэслэл нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбарыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан заалтыг баримтлан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 33.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 1.040.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 29.510 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт тусгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсгүүдэд зааснаар Ачит овогтой Баяртогтохын Сайнбаяраас 1.040.000 төгрөг гаргуулж Боржигон овогт Лхамын Алтангэрэлд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 33.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 29.510 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА