Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/193

 

 

  2023         03          17                                     2023/ШЦТ/193

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Г.Тамир,

шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Р.Булгамаа,

шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Х.Бямбасүрэн,

хохирогч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт ӨБ, Нүүдэлчин овогт АС нарт холбогдох эрүүгийн 2211 01208 0137 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол овогт ӨБ, регистрийн дугаар .................................

Монгол улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “АТГ.мн” сайтад сэтгүүлч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 31 дүгээр гудамжны 521 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 33а-14 тоотод оршин сууж байгаа гэх,

урьд: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 841 дугаартай шийтгэх тогтоолоор 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ШЗ/3526 дугаартай захирамжаар оногдуулсан торгох ялаас төлөөгүй үлдсэн 450.000 төгрөгийг 1 хоногоор тооцож, 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон, хэрэг хариуцах чадвартай,

 

2. Нүүдэлчин овогт АС, регистрийн дугаар ................................................

Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, даатгалын эдийн засагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт  Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31-72 тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Б нь А.С нар нь бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Д.Быг "Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 23 дугаар сургуульд хүүхдийг чинь оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар 6.000.000 төгрөгийг А.Сын дүү Н.Одончимэгийн эзэмшлийн “Хаан” банкны 5330024316 дугаарын дансаар шилжүүлэн авч, залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ө.Б нь А.С нар нь бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Д.Боог "Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 23 дугаар сургуульд хүүхдийг чинь оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар 6.000.000 төгрөгийг А.Сын дүү Н.Одончимэгийн эзэмшлийн “Хаан” банкны 5330024316 дугаарын дансаар шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

           Шүүгдэгч Ө.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Болд гэж хүнээс 6 сая төгрөг авсан нь үнэн. Хүүхдийг нь сургуульд оруулж өгч чадаагүй, мөнгийг нь цувуулаад өгөөд дуусгасан байгаа. Гэм буруугаа ухаарч байна” гэв.

Шүүгдэгч А.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

          Хохирогч Д.Боо нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлыг маань барагдуулаад дууссан. Анх Булганцэцэг хүүхдийг чинь сургуульд оруулж өгнө, тэгээд 6 сая төгрөг өнөөдөр хэрэгтэй байна гэсэн. Тэгээд л би шилжүүлсэн. Тэгээд оруулчих юм байна гэж бодоод байгаад л байсан. Хэдэн жил өнгөрсөн ...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Д.Боогийн “...Ө.Б нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр над дээр 23 дугаар сургуулийн захирлын дүү гэж Н.Одончимэг гэх эмэгтэйг дагуулж ирсэн. Тухайн эмэгтэй надтай уулзахдаа өөрийгөө “23 дугаар сургуулийн захирал Цолмонбаатарын дүү нь байгаа юм. Би танай хүүхдийг 23 дугаар сургуульд ямар ч асуудалгүй оруулж өгч чадна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үгэнд нь итгээд 6 сая төгрөгийг Нямдоржийн Одончимэг гэх эмэгтэйн 5330024316 гэсэн данс руу шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

Хохирогч Д.Боогийн гэрчээр өгсөн “...Булган надад хэлэхдээ би зуучилж өгч байгаа. Хамгийн гол нь анхны өдөр надтай ирсэн захирлын дүү гэх эмэгтэй хүүхдийг чинь 23 дугаар сургуульд оруулж өгч байгаа гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

Гэрч Т.Батзоригийн “...Манай баз хүргэн Д.Боо нь надтай уулзахдаа “Хүүхдээ 23 дугаар сургууль руу оруулмаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн хамаатны дүү Булганцэцэгээс “Чамд 23 дугаар сургуульд таних хүн байна уу” гэж асуусан чинь Булганцэцэг надад хэлэхдээ “Захирлыг нь танина, та Болдоог надтай яриулчих” гэж хэлэхээр нь Болдод Булганцэцэгийн утсыг өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,  

Гэрч Ц.Цолмонбаатарын “...Би Ө.Б, Н.Одончимэг нарыг танихгүй. Би эдгээр хүмүүстэй ямар нэг харилцаа, холбоо байхгүй. Би Нийслэлийн 23 дугаар сургуульд 2006 оноос менежер хийж байгаад 2018 оноос захирлаар ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ... Намайг сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаанд Ө.Б, Н.Одончимэг нар нь хүүхэд сургуульд оруулж өгөх талаар өргөдөл, хүсэлт гаргаж ирж байгаагүй. Надтай тийм хүмүүс ерөөсөө уулзаж байгаагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

Гэрч Н.Одончимэгийн “... Манай эгч Сэр-Од хийлгэсэн байх, дансны хуулга, интернэт банкаар харахад тухайн мөнгө нь миний дансаар орсон боловч манай ах Хосбаярын данс руу тухайн үедээ 3 сая төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийгдэж гарсан байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/,

Хохирогч Д.Боогийн эзэмшлийн “Хаан” банкны 5003545560 дугаарын дансны 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 62 дугаар тал/,

Шүүгдэгч А.Сын “...2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүүхэдтэйгээ гадуур явж байсан чинь Булганцэцэг эгч над руу залгаад эгч нь 2-3 хүнтэй уулзах ажил байна. Машин бариад яваад өгөөч завтай байна уу гэж залгасан. Тэгэхээр нь би одоохондоо завгүй байна. Үдээс хойш юмаа цуглуулна гэж хэлэхэд “Ямар ч байсан эгчийнхээ машиныг бариад өгчих, тэгээд үдээс хойш эгчийнхээ машинтай цуглуулчих” гэж хэлсэн ...Булганцэцэг эгч Болд гэх хүнтэй уулзахаар явж байхдаа “Эгчийг нь хүүхэд сургуульд оруулаад өг гэж гуйгаад байгаа юм. Намайг Цолмонбаатарын дүү гээд хэлчихээрэй” гэж надад хэлсэн. Ингээд бид хоёр Болд дээр очоод уулзсан. Булганцэцэг эгч Болд хоёр хоорондоо юмаа ярьж байсан. Тэгсэн Болд нь Булганцэцэг эгч ярьж байгаад надаас “Хүүхэд оруулж өгч болно биз дээ” гэж асуухаар нь би зааж өгсөн үгнийх нь дагуу болно гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэндээс хөдлөөд явж байхад Булганцэцэг эгч данс байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би “Надад Хаан банкны данс байгаа гэхдээ зээлтэй учраас зээлэнд татагдчихна гэж хэлсэн ...өөр ямар ч хамаагүй данс байна уу гэхээр нь би хамт амьдардаг дүү болох Одончимэгийн дансыг өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дугаар тал/,

Шүүгдэгч Ө.Бийн “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дүгээр тал/,

Шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 118, 122/, иргэний үнэмлэхийн лавлагаанууд /хх 44, 108/, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 135-136/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Ө.Б нь А.С нар нь бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Д.Боог "Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 23 дугаар сургуульд хүүхдийг чинь оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар 6.000.000 төгрөгийг А.Сын дүү Н.Одончимэгийн эзэмшлийн “Хаан” банкны 5330024316 дугаарын дансаар шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч нар нь гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Ө.Б, А.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бт оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд,

шүүгдэгч А.Сод оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тус тус тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялуудыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Д.Боогоос мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлтдээ “...миний бие Даваадорж овогтой Болдоо нь Сэр-Од болон Булганцэцэг нараас хохирлын мөнгө болох 6.000.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч хохиролгүй болсон тул гомдол санал байхгүй болно ...”,

Мөн тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлыг маань барагдуулаад дууссан ...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт ӨБ, Нүүдэлчин овогт АС нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бийг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Сыг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бт оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч А.Сод оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б, А.С нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.Б, А.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б, А.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ