| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2022/0037/э |
| Дугаар | 2023/ШЦТ/38 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Х |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/38
2023 04 11 2023/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Д,
Улсын яллагч Н.Х
Шүүгдэгч Ц.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.И-д холбогдох эрүүгийн 2304000000022 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны ............ оршин суух хаягтай боловч одоо оршин суух хаяггүй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны орцонд хоноглодог гэх,
урьд Багануур дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Д-д овогт Ц И /РД: /.
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч Ц.И нь 2023 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 4 дүгээр гудамжны 22б тоот хашааны урд байрлах Д.А-ын гэрт хохирогч Н.Э-тэй согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэн согтуурсан үедээ гал тогооны шүүгээнд байсан бор иштэй хутгыг авч түүний зүүн талын гуяных нь дотор хэсэгт хатгасны улмаас эрүүл мэндэд нь зүүн талын гуяны дотор хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Ц.И-ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн үед 0.750 граммын “Монгол стандарт” нэртэй архи дэлгүүрээс аваад А, Э бид гурав хувааж уусан бөгөөд архи ууж байхдаа Э намайг “хошного, бандиар” нь дуудаад янз бүрээр хэлээд доромжлоод байсан. Дахиад гарч архи аваад архиа уугаад сууж байхад Э хэрүүл өдөөд, миний цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд эсхүл гараараа цохиод байхаар нь би гал тогооны шүүгээнд байсан бор иштэй хутгыг аваад Э-д өгөөд “чи ингэж байснаас намайг алчих” гэсэн. Тэгээд Э бид хоёр хутгаа булаацалдаж байгаад би зүүн гуяных нь дотор хэсэг рүү хатгачихсан. Тэгтэл Э-н гуяны дотор талаас цус гарч байсан. Тэгэхээр нь би айгаад хутгыг аваад шууд гэрээс гараад явсан. Тэгээд айлд очиж хонох гээд явах замдаа барилгын хундаам цутгасан талбайн хажууд хутгаа уутанд ороогоод нууж үлдээсэн. Дараа нь мөрдөгчид тэр хутгыг өөрөө аваачиж өгсөн.”гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
- Н.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
- Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
- Д.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/,
- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-3-р хуудас/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-27-р хуудас/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 38, 41-43-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8-р хуудас/,
- Шүүгдэгч Ц.И-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 48, 52-62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Ц.И нь 2023 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 4 дүгээр гудамжны 22б тоот хашааны урд байрлах Д.А-ын гэрт хохирогч Н.Э-тэй согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэн согтуурсан үедээ гал тогооны шүүгээнд байсан бор иштэй хутгыг авч түүний зүүн талын гуяных нь дотор хэсэгт хатгасны улмаас эрүүл мэндэд нь зүүн талын гуяны дотор хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр А-ын гэрт Ц.И ирчихсэн архи уугаад сууж байсан. Тэгээд би яриан дундаа И-ыг пизда наахуугаар нь дуудаж байсан. Би И-тай муудалцаж маргалдсан зүйл байхгүй, сууж байхад И хутга аваад миний гуя руу хатгачихсан. Тэгээд би тасарчихсан шөнө газар унтаж байгаад даараад сэрсэн. Тухайн үед миний хөлнөөс цус гараад эгч манай хүүхдүүд рүү залгаад, манай хүүхдүүд цагдаагийн байгууллагад хандсан байсан. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
-Н.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Э манай гэрт ирсэн бөгөөд гуянаас нь цус гарчихсан байхаар нь юу болсон тухай асуухад “хашаа давах гэж байгаад гуяа гэмтээсэн” гэж байсан. Тэгээд би өмдийг нь тайлаад үзтэл зүүн гуяных нь дотор хэсэгт нь зүсэгдсэн юм шиг шархтай байсан бөгөөд би цэвэрлэж өгөөд охин руу нь залгаж хэлсэн. Охин нь цагдаагийн байгууллагад хандаж, эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
-Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...И манай гэрт ирээд бид нар нэмж архи уусан бөгөөд Эрдэнээ И-тай “хоолоо хурдан хий, архиа хурдан аягалаач” гэх мэтээр дээрэнгүй харьцаж байсан. Тэгээд би согтоод тасарчихсан юу болсныг санахгүй байна. Би шөнө 01 цагийн үед сэрэхэд Н.Э газар хэвтчихсэн “даараад байна” гэж байхаар нь “хажуугаар ороод хэвт” гэхэд Э-ийн өмд цус болчихсон байсан бөгөөд би юу болсон талаар асуухад “И бид хоёр муудалцсан” гэж хэлсэн. Тэгээд би өмдийг нь тайлж харахад зүүн гуяных нь дотор талд зүсэгдэж ангайсан байдалтай цус болж хатсан байсан. Бид хоёр гэрт байсан бор хүрэн өнгийн иштэй хутгыг хайхад олдоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
-Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд “Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайд хүн хөлөндөө хутгалуулсан байна” гэжээ /хх-ийн 1-р хуудас/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-3-р хуудас/,
-2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар бор хүрэн өнгийн бариултай ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг нь 13 см, нийт 27 см урттай 1 ширхэг хутгыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/,
-Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 09шэ/056 дугаартай дүгнэлтэд: “1.Н.Э-н биед зүүн талын гуяны дотор хэсэгт хатгагдаж зүсэгдсэн ил шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 34-35-р хуудас/,
-шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.И нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд Ц.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Н.Э нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Ц.И-ыг хохирогч Н.Э-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 262,000 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчээс 262,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна” гэв.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тус хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.И-ыг хохирогч Н.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэв.
Шүүгдэгч Ц.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Уг нь Э бид хоёр хотод хамт ажиллаад хамт байцгаая гэж ярьж байсан юм.” гэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ц.И-ны үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар бор хүрэн өнгийн бариултай ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг нь 13 см, нийт 27 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН