Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 1161

 

 

 

 

 

 

 

2019          11            19                                             2019/ДШМ/1161

 

           Ө.Т-өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сансарсайхан,

хохирогч Ж.Бат-Оргил,

шүүгдэгч Ө.Т-ийн өмгөөлөгч Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2187 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай эсэргүүцлээр Ө.Төд холбогдох 1908 02883 1072 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ө-ны Т, 1997 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “....................................” ХХК-д барилга угсралтын ажилтан, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .............................. дүгээр гудамжны ... тоотод оршин суух, /РД:............................../,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 1 жил 6 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Ө.Т нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8б байрны орцонд уг орцны 5 тоотод оршин суух иргэн Ж.Бат-Оргилтой “дээрээс ууттай ус шидсэн, цонх руу нь чулуу шидэж цуулсан” гэх шалтгаанаар харилцан бие биеэ буруутган маргалдаж, улмаар зууралдаж байх үедээ Ж.Бат-Оргилын нүүрэн тус газар нь гараараа цохиж, мөргөснөөс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ө.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Прокурорын яллах дүгнэлтэд “...яллагдагч Ө-ны Т нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны орой Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8б байрны орцонд уг орцны 5 тоотод оршин суух иргэн Ж.Бат-Оргилтой “дээрээс ууттай ус шидсэн, цонх руу нь чулуу шидэж цуулсан” гэх шалтгаанаар харилцан бие биеэ буруутган маргалдаж, зууралдаж байх үедээ Ж.Бат-Оргилын нүүрэн тус газар нь гараараа цохиж, мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. ...” гэх боловч Ө.Т хохирогч Ж.Бат-Оргилын биед чухам аль гэмтлийг нь учруулсныг тогтоогоогүй байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр сарвуунд зулгаралт, цус хуралт” бүхий гэмтэл тогтоогдсон гэжээ. Эдгээр гэмтлүүд нь биеийн өөр өөр хэсэгт учирсан байх боловч Ө.Т алийг нь учруулсан бэ гэдгийг прокурор дүгнээгүй байна. Мөн эдгээр гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарах уу, хамаарвал гэмтлийн ямар зэрэгт хамаарах вэ гэдгийг бүх талаас нь шалгаагүй байгаа нь шүүгдэгч Ө.Төд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолж чадаагүй гэж дүгнээд мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүгдэгч Ө.Төд холбогдох эрүүгийн 1908 02883 1072 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор М.Сансарсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь учир дутагдалтай байна.

Тухайлбал, хавтаст хэрэгт хохирогч Ж.Бат-Оргил “...би гараад орцны хаалгаар гарах гээд хаалга түлхтэл өөдөөс үл таних нэг залуу орж ирээд дээрээс ус асгачихлаа гээд дайрч эхэлсэн. Би “юу яриад байгаа юм бэ” гэтэл үгийн зөрүүгүй миний зүүн нүд рүү 2 удаа мөргөж, 4-5 удаа гараараа нүүр рүү цохисон. ...надад учирсан гэмтлүүдийг үл таних залуу гараараа цохиж, мөргөж, гарнаас зуурч учруулсан. ...” гэж,

Гэрч Б.Халиуны “...Би орцны хаалга татаад хартал Т нэг эмэгтэй хүнтэй барилцаад зууралдаад зогсож байтал үл таних хоёр ах, эгч дээрээс бууж ирээд салгаж байх шиг байсан. ...” гэж,

Яллагдагч Ө.Тийн “...тэр эмэгтэй миний цамцнаас зуураад тавихгүй байхаар нь гарыг нь тавиулах гээд хэсэг ноцолдсон. Энэ үед тэр эгчийн нүүр рүү мөргөчихсан, тэгээд би гарыг нь тавиулах гээд чадахгүй зууралдаад орцны үүдний хэсэгт ирсэн. Тэгээд цагдаа нар ирсэн. ...” гэж тус тус мэдүүлсэн.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5923 дугаартай “...Ж.Бат-Оргилын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт болон шүүх хуралдаанд хохирогч Ж.Бат-Оргилын “...Би “юу болсон бэ” гэхэд манай том хүүхэд босоод цонхоо онгойлготол өөдөөс нь том хайрганууд ороод ирсэн. Цонх руу хартал цонхны доод тал нь хагарчихсан байсан. Би гарахдаа хэлнэ гэж бодоод гартал шүүгдэгч миний урдаас үсрээд гараад ирсэн. Би “хүүе ээ, яаж байгаа хүүхэд вэ, чи цонх хагалчихлаа” гэхэд “битгий хуцаад бай, та нар миний дээрээс ус асгадаг хэн бэ” гэхээр нь “чиний дээрээс ус асгасан хүн байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл хоёр гараа чичлээд над руу дайраад байхаар нь би хоёр бугуйнаас нь бариад авсан. Ардаас нь хоёр хүүхэн ороод ирсэн. Шуугиан болонгуут манай хүүхэд дээрээс буугаад ирсэн. Гэтэл шүүгдэгч намайг үгийн зөрүүгүй хоёр удаа мөргөөд, гар нь тавигдангуут намайг 2-3 удаа цохиод авсан...” гэж,

шүүгдэгч Ө.Тийн “...орц руу нь яваад ороход хохирогч Бат-Оргил чи яагаад цонх хагалж байгаа юм бэ” гээд 2 шуунаас бариад авсан. Би танай цонхыг хагалахаар том чулуу шидээгүй гэж хэлсэн. Та нарыг “цагдаад барьж өгнө гэж хэлэхээр нь би айгаад зугтаах гээд гартай нь ноцолдсон. Дээрээс эрэгтэй, эмэгтэй хоёр бууж ирсэн. Би зугтаах гээд оролдсон. ...” гэж тус тус мэдүүлсэн.

Дээрх баримтуудаас дүгнэхэд, яллагдагч Ө.Т, хохирогч Ж.Бат-Оргил нар нь “дээрээс ууттай ус шидсэн, цонх руу нь чулуу шидэж цуулсан” гэх шалтгаанаар бие биенээ буруутган маргалдах явцад Ө.Т нь Ж.Бат-Оргилын нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, зүүн нүдний зовхинд цус хуралт, цус хуралт бүхий гэмтлийг учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдсон байхад шүүх “хохирогчийн биед учирсан гэмтлүүдийн алийг нь Ө.Т учруулсан бэ гэдгийг прокурор дүгнээгүй, ...гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарах уу, хамаарвал гэмтлийн ямар зэрэгт хамаарах вэ гэдгийг бүх талаас нь шалгаагүй” гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлаагүй, үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, тухайн цаг үед Ө.Т нь хохирогчийн биед санаатайгаар гэмтэл учруулах үйлдэл хийх үед түүний үйлдэлд хэн нэг этгээд дэмжлэг үзүүлэн санаатай нэгдсэн, хамтран оролцсон гэх ямар нэгэн үйл баримт тогтоогдоогүй.

Иймд Ө.Тийн хохирогч Ж.Бат-Оргилын биед хэд хэдэн удаагийн үйлдлээр учруулсан хэд хэдэн гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалган тогтоох үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэж байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2187 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч Ө.Тийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Яллагдагч хэрэг болсон газарт өөр хоёр этгээд байсан, мөн цагдаагийн албан хаагч ирсэн гэсэн. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг авах шаардлагатай. Хэргийг прокурорт буцаасан гол нөхцөл нь хохирогчийн хоёр сарвуунд хэн гэмтэл учруулсныг тогтоох нь зүйтэй гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан гэж гарсан байдаг. Нүдний цус хуралт нь хөнгөн хохиролд тооцогдохгүй юм уу гэх зэрэг асуудлууд байсан. Эдгээр нөхцөл байдлуудыг хангалттай тогтоогоогүй гэж хэргийг буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Ж.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Ө.Төд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим хэсэг үндэслэл бүхий болжээ.

Прокуророос Ө.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд болон  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн 5923 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “Ж.Бат-Оргилын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” /хх 29/ гэсэн дүгнэлт,

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 816 дугаартай “Ж.Бат-Оргилын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Нэмэлтээр ирүүлсэн материалаас үзэхэд дээрх гэмтэл дээр нэмэлт өөрчлөлт орохгүй, гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй болно.” гэсэн дүгнэлтүүд тус тус хэрэгт авагдсан байх бөгөөд эдгээр шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч Ж.Бат-Оргилын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирол, хор уршиг тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дугаар заалтад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгана гэж хуульчилжээ.

Харин прокурор 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 906 дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ “Ө.Т нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8б байрны орцонд уг орцны 5 тоотод оршин суух иргэн Ж.Бат-Оргилтой “дээрээс ууттай ус шидсэн, цонх руу нь чулуу шидэж цуулсан” гэх шалтгаанаар харилцан бие биеэ буруутган маргалдаж, зууралдаж байх үедээ Ж.Бат-Оргилын нүүрэн тус газар нь гараараа цохиж, мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэж тэмдэглэх хэсэгтээ тусгасан атлаа шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “хохирогчийн зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр сарвуунд зулгаралт, цус хуралт” зэрэг гэмтлүүд болон үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой эсэхэд хууль зүйн дүгнэлт хийлгүй яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч Ж.Бат-Оргилын биед учирсан буюу шинжээчийн дүгнэлтэд “хоёр сарвуунд зулгаралт, цус хуралт” тусгагдсан уг гэмтлийг яллагдагч Ө.Тийн ямар үйлдлийн улмаас учирсан гэж үзсэн талаар прокурор дүгнэлт хийгээгүй, энэ талаар яллах дүгнэлтэд тусгагдаагүй байна.

Шүүх, энэхүү яллах дүгнэлтийг үндэслэн Ө.Төд холбогдох хэргийн үйл баримтыг тогтоон хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож  байх тул энэ талаар бичсэн шүүгчийн захирамжийг хүлээн авч, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлохыг заасан хэсгийг дахин шалгаж, тогтоох шаардлагагүй гэж үзэв.  

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Сансарсайханы бичсэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2187 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Сансарсайханы бичсэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

 

 

                    ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                    ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ