Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2025/0244

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Э.Оюун-Эрдэнийн гомдолтой

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б*******

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч Э.О*******

Хариуцагч Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч А.Н*******

Гомдлын шаардлага: Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0074889 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 158/ШШ2025/0003 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******

Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б*******, Г.Ч*******, Д.О*******, О.Т*******

Хариуцагч А.Н*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 158/2024/0032/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч Э.О*******эс Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч А.Н*******д холбогдуулан “татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0074889 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”-оор маргаж байна.

2.Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 158/ШШ2025/0003 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дах хэсгийн 6.12, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4, Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Э.Оюун-Эрдэнийн Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч А.Н*******д холбогдуулан гаргасан “татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0074889 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүхийн шүүгч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.1-т “…нам эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна” гэж заасныг буруу тайлбарласан байна. Тодруулбал нам, эвсэл, нэр дэвшигч тус бүр заавал зардлын данс нээх агуулгаар тус заалтыг тайлбарлаж байгаа нь буруу юм. Хэрэв хуулийн тус хэсэг тийм агуулгатай бол эвсэл болж орж байгаа нам бүр нэг зардлын данс нээх хэрэгтэй болно. Гэтэл хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс "хоёр нам эвсэл болж орж байгаа нөхцөлд нам зардлын данс нээхгүй зөвхөн эвсэл дээрээ данс нээлгэнэ” гэж тайлбарласан. Мөн хуулийг дээрх байдлаар тайлбарлах юм бол намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид ч зардлын данс нээх хэрэгтэй болно. Гэтэл хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид “намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүс зардлын данс нээх үүрэггүй” хэмээн шүүх хуралдаанд тайлбарласан. Хариуцагч талын энэ тайлбарууд хуулийн 51.1 дэх заалтын талаарх бидний тайлбарыг дэмждэг. Хуулийн 51.1 дэх заалт бол зардлын данс нээх бол зөвхөн нэг л данс нээх тухай буюу олон данс нээхгүй байх агуулгатай юм.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтыг зөрчсөн гэж торгосон. Хуулийн тус заалтад "сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн" хэмээн заасан. Харин хуулийн тус хэсэгт “зардлын данс нээгээгүй бол” гэж заагаагүй. Бидний энэ агуулга бүхий үндэслэлийг шүүх няцаахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7.4.3-т заасан шударга ёсыг сахих зарчимд нийцэхгүй (Шүүхийн шийдвэрийн 21 дүгээр хэсэг) гэсэн байна. Харин Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т "Зардлын данс нээхгүй байх" гэдэг эс үйлдэхүйг зөрчил болгон хуульчилсан гэх агуулга бүхий дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл шүүгч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т "Зардлын данс нээхгүй байх" гэдэг зөрчил хуульчлагдаагүй болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан. Зардлын данс нээхгүй байх эс үйлдэхүй, үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заагаагүй тул тус үйлдэл, эс үйлдэл нь зөрчил биш юм.

Шүүхийн шийдвэрийн 23 дугаар хэсэгт Сонгуулийн ерөнхий хорооны өгсөн албан бичгүүдийн талаар дүгнэхдээ "зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдсэнээс хойших гарсан албан бичгүүд байна” гэсэн байна. Гэвч энэ нь сонгуулиас өмнө ч Сонгуулийн ерөнхий хороо тус байр суурьтай байсныг илэрхийлэх, харуулах баримт юм. Харин Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулиас өмнө нэг байр суурьтай байж байгаад дараа нь байр сууриа өөрчилсөн асуудал байхгүй юм. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс 2020, 2024 оны сонгуульд ч тэр “хэрэв нам өөрөө зардал гаргаж, сурталчилгаа хийж байгаа бол нэр дэвшигч данс нээхгүй байж болно” хэмээн хэлж, зөвлөсөөр ирсэн. Иймд шүүхийн шийдвэрийн 23 дугаар хэсэг дэх дүгнэлт үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэрийн 24 дүгээр хэсэгт Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар шийдвэрийн талаар буруу дүгнэлт хийсэн байна. Тодруулбал тус шийдвэрээр ижил агуулга бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохдоо зөвхөн шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр гарсан мэтээр буруу тайлбарласан. Тус шүүхийн шийдвэрийн Хянавал хэсэгт нэр дэвшигч зардлын данс нээх үүрэгтэй эсэх асуудлаар хууль хэрэглээний дүгнэлт хийсэн, тодруулбал үндэслэх хэсэг, 6 дахь хуудсанд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-ноос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж зааснаас харахад нэр дэвшигч нь банкинд нээлгэсэн дансны талаарх мэдээллээ холбогдох байгууллагад бүртгүүлэхийг үүрэг болгосон зохицуулалт байна. Нэгэнт нэр дэвшигч нь намын шийдвэрийн дагуу сонгуулийн зардлын данс нээлгээгүй учир зардлын дансыг бүртгүүлэх, холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээхгүй хэмээн тайлбарлаж байсан. Мөн шүүхийн шийдвэрийн 5 дахь хэсэгт намын эрх барих байгууллагын зүгээс нэр дэвшигчид зардлын данс нээхгүй байхаар шийдвэрлэснийг Улс төрийн намын тухай хуулиар баталгаажуулсан хууль ёсны шийдвэр болох талаар дүгнэлт хийсэн байдаг.

Анхан шатны шүүхийн тус шийдвэрийг Булган аймаг дахь Татварын г*******, улсын байцаагчид хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110.2-т "Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй" гэж заасан. Иймд татварын байгууллаra, байцаагчдын зүгээс 2021 онд хүлээн зөвшөөрч байсан асуудлаараа дахин маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 онд шийдвэр гаргаж, Э******* нам, түүний нэр дэвшигчдийн үйл ажиллагааг хууль ёсны гэж дүгнэсэн мөртлөө одоо эсрэг байр суурь, шийдвэр гаргаж байгаа нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110.2 дахь заалтыг зөрчиж байна.

Товчхондоо Э******* нам, түүний нэр дэвшигчид нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, тайлбар, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар шийдвэр, татварын байгууллагаас захиргааны хэргийн шүүхийн тус шийдвэрийг хүлээн зөвшөөрч байсан нөхцөл байдалд итгэж, өмнө оролцож байсан арга, хэлбэрийн дагуу Улсын Их хурлын 2024 оны сонгуульд оролцсон. Гэтэл татварын улсын байцаагч нь үүнийг дахин хууль бус хэмээн торгосон. Тус торгуулийг хэвээр үлдээж буй шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байж чадсангүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.Шүүх маргааныг шийдвэрлэхдээ процессийн зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Учир нь уг хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс томилсон шүүгч даргална” гэж тус тус заасан, гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн Э.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Татварын газрын нэр бүхий татварын улсын байцаагчид холбогдох, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн даргалагч шүүгчийг дээрх хуульд заасны дагуу ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулаагүй, захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс нягталж үзэхэд ч даргалагч шүүгчийг албажуулсан захирамжийн дугаар авагдаагүй болох нь тогтоогдлоо.

Тус хэрэг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Мд анх хуваарилагдсанаас хойш 2024 оны 12 дугаар сарын 9-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, 30-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг 2025 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 10.00 цагт хийхээр товлож, мөн товлосон шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 1 удаа сунгасан байх боловч шүүх хуралдаан даргалагчийг албажуулаагүй байна.

2.Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Э******* намд, 6-ны өдөр Сангийн яаманд, 19-ний өдөр Үндэсний Аудитын г*******т тус тус хүргүүлсэн албан бичигт “…нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны шаардлагатай зардлыг …нам, эвсэл өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдүүлж, улмаар нам, эвслийн сонгуулийн зардлын данснаас зарцуулж байгаа тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой” гэсэн хариу өгсөн, хэдийгээр эдгээр албан хариу нь цаг хугацааны хувьд маргаан бүхий шийтгэлийн хуудаснаас хойш гарсан хэдий ч шүүх маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн хугацаагаар хязгаарлан үүнийг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж болохгүй.

Тухайлбал анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Сонгуулийн ерөнхий хорооны дээрх байрь суурийг нэхэмжлэлийн үндэслэлд хамааруулан тайлбарлаж, мэтгэлцэж байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, мөн давж заалдах гомдолдоо ч энэ талаар тусгасан байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “…нам данс нээгээд хандив хүлээн авсан нь сонгуулийн зардлын тайлангаар нотлогддог, …Э******* намын тогтоол тэгж гарсан ч намын сонгуулийн дансанд хандив цугларч, хандиваа бас зарцуулсан, …Сонгуулийн ерөнхий хорооны албан бичиг бол нам хандив авахгүй, зөвхөн өөрийн хөрөнгөөс сонгуулийн сурталчилгаагаа хийсэн байх агуулгатай…” гэж тайлбарлаж байгаатай холбогдуулан Э******* намын бүртгүүлсэн дансаар хандив авсан эсэхтэй холбоотой баримтыг цуглуулах, мөн Сонгуулийн ерөнхий хорооноос дээрх байр суурийг тодруулах шаардлагатай байна.

Э******* намын Сенатын 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн С/05 дугаар тогтоолд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сурталчилгааг тус намаас нэгдсэн байдлаар зохион байгуулахаар, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй, зардлын тусдаа данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бусаар хандив авахгүй байхаар тус тус шийдвэрлэж, харин Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний Аудитын г*******т бүртгэлтэй тус намын Капитрон банкны 3012061206 тоот дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж, хуульд заасан хугацаанд тайлангаа хүргүүлэхийг Удирдах зөвлөлдөө даалгасан, өөрөөр хэлбэл нэгэнт намын эрх барих дээд байгууллагаас ийнхүү Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчиддээ данс нээлгэх шаардлагагүй болохыг, мөн сонгуулийн сурталчилгааны зардлыг намын нэгдсэн 1 дансаар явуулахыг ийнхүү шийдвэрлэсэн тохиолдолд дээрх ажиллагааг хийх нь хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 158/ШШ2025/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.   

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                        ШҮҮГЧ                                                 Д.ОЮУМАА

 

                          ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН