Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч О.Баасанхүү,

хохирогч Б.Самдан,

хохирогчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан,

шүүгдэгч Д.Болдсайхан,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр,

иргэний нэхэмжлэгч Г.Даваабаяр,

гэрч Н.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Дэлгэр овогт Даваасүрэнгийн Болдсайханд холбогдох эрүүгийн 2016 2400 0818 дугаар хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага, төмөр замын ашиглалтын техникч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3 дугаар баг, 10 дугаар байр 13 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ГЗ83083116 дугаартай, Дэлгэр овогт Даваасүрэнгийн Болдсайхан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Болдсайхан нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг 35 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ургах наран хорооллын урд замд “Х.Сонота-7” маркийн 10-09 ГСА улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ урдаа явж байсан “Beiben HD” маркийн 56-89 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхээр эсрэг урсгал сөрөн орж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота Ланд круйзер” маркийн 15-51 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Самдан нь Н.Гэрэлт-Одын жолоодон явсан “Beiben HD” маркийн 56-89 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гарч, “Beiben HD” маркийн 56-89 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.023.800 төгрөгийн шууд, Б.Самдангийн эзэмшлийн “Тоёота Ланд круйзер” маркийн 15-51 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 17.980.000 төгрөгийн шууд, нийт 22.003.800 төгрөгийн шууд хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Болдсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 12 цагаас 01 цагийн үед Говьсүмбэр аймгаас Улаанбаатар руу явсан. Налайхаас Улаанбаатар орох замд буюу Ургах наран хорооллын замд явж байхад миний урд талд хайрга ачсан “Хово” машин нилээн удаан явж байсан. Би тэр машиныг 500 метр дагаж яваад эсрэг урсгалын 5, 6 машиныг өнгөрөөд гүйцэж түрүүлэх боломжтой байсан учир гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байхад урдаас 500, 600 метр зайтай Жип машин ирж байсан. Тэгээд би нөгөө “Хово” машиныг гүйцэж түрүүлээд жолоочтой нь харалдаа ирэхэд урдаас “Ланд 80” маркийн автомашин гэрлээ дохиод нилээд хурдтай орж ирсэн. Тухайн үед би гүйцэж түрүүлж амжихгүйгээ мэдээд хурдаа хасаад хажуугийн шороон зам руу гарч зогссон. Тэгтэл “Ланд 80” маркийн машин тэр чигээрээ ирээд миний урд явсан “Хово” машины хойд дугуй руу нь хүчтэй мөргөж бөгс нь шидэгдэж ирээд миний машин дээр буусан. Тухайн үед “Ланд 80” маркийн автомашинаас хүмүүс нь бууж ирэхэд урд талын суудалд сууж явсан Найданжавын толгой нь халцарсан байсан. Хэргийн газрын ойр хавьд байсан хүмүүс цагдаа, түргэн дуудсан. Хамгийн түрүүнд энгийн машинтай 2 цагдаа бууж ирсэн. Дараа нь түргэн ирээд Найданжавт үзлэг хийсэн. Дараа нь бүрэлдэхүүн ирж хэргийн газарт зураг авч, үзлэг хийсэн. “Ланд 80” маркийн машин болон миний машиныг ачаад журмын хашаанд аваачсан. Орой нь Замын цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн. …тэр “Хово” машин хайрга нилээд их ачсан байсан. Тэр машиныг дагаж нилээн явсан. Хайрга миний машины урд салхины шил, копут дээр унаад байсан. Зам үзэгдэх орчин сайтай, тэгшхэн зам байсан.” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Самдангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед би Улаанбаатараас Налайх руу Ургах наран хорооллын урд замд Хонхорын ойролцоо явж байхад 10-09 ГСА саарал өнгийн “Х.Сонота-7” маркийн автомашин урсгал сөрөн хурдтайгаар гарч ирсэн. Би яг урсгал сөрөөд гараад ирэхээр нь гэрлээрээ дохьсон. Тухайн үед намайг гэрлээрээ дохиход хурдаа сааруулаад буцаад эгнээндээ орох байх гэж бодсон. Тухайн өдөр 8 дугаар сарын 30, яг 9 дүгээр сарын 1-ний урд өдөр, хичээл ном цуглаж байсан, замын хөдөлгөөн ачаалал ихтэй байсан. Зам хальтиргаа гулгаагүй байсан. Гэтэл хурдаа тааруулаад эгнээндээ орчих байх гээд би гэрлээрээ дохьтол юу юугүй өмнөөс ороод ирсэн. Тэгээд би тормозоо гишгээд баруун гар тал руугаа дарж баруун гар талынхаа 2 дугуйг бүр шороо руу ортол дарсан. Энийг надтай явсан 2 хүн ч мэдэж байгаа, тэр гэрлээрээ дохиод байсныг “Хово”-ны жолооч ч мэдэж байх учиртай. Тэгээд бүр хурдаа сааруулаад шороо руу баруун гар тал руугаа дартал яг өөдөөс мөргөлдөх гэж байгаа юм шиг, ерөөсөө л амиа золиослох гэж байгаа юм шиг л намайг дагуулаад дарсан, өөрийнхөө зүүн гар талруу. Би тэгээд тэр чигээр нь мөргөсөн бол эсхүл машин дээгүүр нь гараад явчих эсхүл замын хажуу руу унагаагаад хаячихаар байсан. Энэ Соната зогсож барьсан зүйл ерөөсөө байхгүй ш дээ. Шүүгдэгч жаахан худлаа мэдүүлэг өгөөд байх шиг байгаан. Тэгээд би тормозтой чигээрээ сандраад зайг нь харж зүүн тийшээгээ дараад “Хово”-ны дугуй руу зүүн урд хэсгээрээ мөргөсөн. Ерөөсөө би ч “Хово”-ны дугуй руу очоод эхлээд мөргөсөн зүйл биш зэрэг л мөргөлдөөн болсон. “Х.Сонота” ч миний баруун хойд крыло доогуур машиныхаа баруун хэсгээр шургаж орсон. Би 50 орчим км цагийн хурдтай явсан. Тухайн үед 2 “Хово” машин өөдөөс ирж байсан. Нэг нь миний хажуугаар өнгөрсөн. Гэтэл бас юм ачсан “Хово” машин ирж байтал тэрний хажуугаар гэнэтхэн яах ийхийн духандгүй Соната гараад ирсэн. Би тэгээд хурдаа сааруулаад эгнээндээ орчих байх гэсэн байдалтай гэрлээрээ дохиод баруун гар тал руугаа дарж хурдаа сааруултал яах ийхийн зуургүй л ороод ирсэн. Их л хурдан хугацаанд болсон доо. Би хамгаалах бүс бүсэлсэн явсан. Хэд хоног сэтгэл санааны байдал хүнд, хүний нэр мартах зэргээр цочролд орсон байсан. Машинд  18.737.000 төгрөгийн хохирол тогтоогдсон баримттай. Би бол биеэ үзүүлээгүй. Би өнөөдөр машиныхаа хохирлыг нэхэж байгаа ч хэзээ нэгэн өдөр энэнээс илүү биед хохирол учрахыг би үгүйсгэхгүй. Гэхдээ би эмнэлэгт үзүүлээгүй, ер нь бие хаа гайгүй болохоор гайгүй болуу гэж бодоод явж байгаа. Надтай хамт явж байсан Найданжавын дух нь халцарч толгой нь гэмтсэн. Зураг авахуулж эм авч 200.000 орчим төгрөгийн хохирол учирсан юм шиг байна лээ. Тэгээд өөрөө л өөртөө үйлчилсэн дээ. “Бэст Истимэйт” гэдэг компаниар техникийн үнэлгээ хийлгэхэд машиныг бүрэн сүйрсэн гэж гарч ирсэн.  17.980.000 төгрөгийн хохирол гарсан. Дээр нь Хонхорлуу явж машин ачсаны хөлс 120.000, журмын хашааны мөнгө, журмын хашаанаас гаргаж авч задалсан 150.000 төгрөг, нийт 18.737.000 төгрөгийн хохирол надаас гарсан. Би одоо унаа тэрэггүй байгаа. Хохирол баримттайгаа байгаа. Шүүгдэгч энэ хохирлоос төлсөн зүйл байхгүй. Би өөрөө жолоочийн хариуцлагын даатгалтай байсан. …Болдсайхан урсгал сөрж хурдтай орж ирээгүй бол, явдаг эгнээгээрээ явж байсан бол ийм юм болохгүй байсан. Болдсайхан хурдтай орж ирсэн. Яах ийхийн зуургүй орж ирсэн. Болдсайхан яг гүйцэд түрүүлэх үйлдэл хийгээд гараад ирэхэд би гэрлээрээ дохиод анхааруулга өгөхөд тэрийг хараад хурдаа хасаад эгнээндээ орох боломжтой байсан. Том машины араас гарч ирсэн. Ер нь том машиныг гүйцэд түрүүлэх боломжгүй байсан, тэгээд л ийм зүйл болсон л доо. Энэ машинаа би 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр АСЕМ-ийн уулзалт өнгөрөөгөөд 28.500.000 төгрөгөөр худалдан авсан. Би хувиараа жуулчинд явдаг байсан. 9 дүгээр сарын 3, 8-нд жуулчинд явах ажилтай  байсан. Машинаа бүх оношлогоо үйлчилгээнд хамруулсан байсан. Хаашаа л бол хаашаа явах боломжтой байсан.” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Г.Даваабаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр би хөдөө орон нутаг руу явж байсан. Ийм осол болсон талаар жолооч маань утсаар ярьж мэдэгдсэн. 56-89 УНН Норд Бенз маркийн ачааны машинд маань энэ ослоос болж гарсан хохирлын үнэлгээ гарсан. Машинд маань дотор гэмтэл их гарсан байсан. Тэр ослоос болж өнөөдрийг хүртэл ажил явахгүй зогсож байна. Би машиныхаа хэдэн зүйлийг янзалсан боловч эвдрэлүүд гарсаар байгаа. Тухайн үед машин маань гэрээтэй ажилд явж байсан. Одоо бүрэн ажиллагаанд ороогүй. Үнэлгээгээр 4.543.800 төгрөгийн хохирол учирсан байсан. Би энэ машиныг лизингээр авсан. Сарын 2.000.000 төгрөг төлдөг. Би 9 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл энэ зээлээ төлж байгаа. Нийт 4 сарын хохирол болох 8.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Автомашины шууд хохирлыг нэхэмжилнэ. Энэ тээврийн хэрэгслийг ажилд явж байсан талаарх баримт байгаа боловч хавтаст хэрэгт байхгүй. Нийт 12.543.800 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Болдсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 12-13 цагийн хооронд Налайхаас Улаанбаатарын чиглэлд “Соната-7” маркийн 10-09 ГСА дугаартай автомашиныг жолоодож явтал урд талд хайрга ачсан “Хово” маркийн автомашин явж байсан. Түүний араас 500 метр газар дагаж явсан. Эсрэг урсгалд явсан нилээн олон машиныг өнгөрөөгөөд “Хово” автомашины зүүн гар талаар нь гүйцэд түрүүлэх үйлдэл хийж явахад өөдөөс 500 метр орчим зайтай Ланд маркийн автомашин ирж явсан. Гүйцэд түрүүлэх үйлдэл хийж явах үед Ланд машин маш хурдтай орж ирсэн. Тэр үед би хурдаа хасаад явж байтал Ланд машин “Хово” машины арын дугуй руу хүчтэй мөргөхөөр нь би зүүн гар тийш жолоогоо дарж замаас гарч зогссон. Ланд автомашин “Хово” машиныг мөргөх үедээ Ланд автомашины арын хэсэг миний машины баруун урд крылон дээр унасан. Ланд машин дотор зорчиж явсан хүмүүс цагдаа түргэн дуудсан. Цагдаагийн бүрэлдэхүүн ирж ослын газарт үзлэг хэмжилт хийсэн. Түргэн ирж Ланд машины зорчигч нарын биеийг үзсэн. Миний машинд 4 зорчигч сууж явсан. Гэмтэж бэртсэн хүн байхгүй. “Соната-7”, “Ланд-80” машинуудыг ачилгын машинд ачуулж явуулсан. 23 цагийн үед би Замын цагдаагийн газарт очиж мэдүүлэг бичиж өгсөн. …Салхины шил хагарсан, копут цөмөрсөн, баруун урд крылон хонхойсон. Өөр эвдрэл байхгүй. Үнэлгээ хийлгэсэн 1.270.000 төгрөг тогтоогдсон. …Миний буруутай үйлдэл биш учир төлж барагдуулахгүй. Цаг агаар тогтуун, бороо цас ороогүй зам халтиргаа гулгаагүй. Зам хэвийн хөдөлгөөн сийрэг үзэгдэх орчин чөлөөтэй байсан. …Би шоконд орчихсон тэр хавиар явж байх үед бүгд явцгаасан  байсан. Тэр хүмүүс манай нутгийн хүмүүс байсан. Би сайн танихгүй зүс мэднэ, утасны дугаар, гэрийн хаяг, овог нэрийг тэмдэглэж аваагүй, одоогоор олох боломжгүй. …Намайг Монгол Улсын “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 8.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би “Хово” машиныг гүйцэж түрүүлэх хангалттай зай байсан. Ланд машин маш хурдтай орж ирсэн. Тормосны мөр тухайн зам дээр байгаагүй гараагүй байсан. Би зам чөлөөлж эсрэг урсгалын шороон зам дээр гарч зогссон. 40-50 км/цагийн хурдтай явсан. Бусдад учруулсан хохирлоо одоогоор төлж барагдуулаагүй, төлөх боломжгүй байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 97, 102 дугаар тал/

Хохирогч Б.Самдангийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед өөрийн эзэмшлийн “Т.Ланд-80” маркийн 15-51 УБЗ дугаартай автомашиныг жолоодож Улаанбаатараас Налайх руу явж байсан. Тэгээд баруунаас зүүн чиглэлтэй Ургах наран хорооллын урд замд иртэл эсрэг урсгалд “Хово” маркийн ачааны автомашин явж байсан, түүний араас буюу миний өөдөөс 10-09 ГСА дугаартай саарал өнгийн “Соната” маркийн автомашин их хурдтай орж ирсэн. Би гэрлээрээ дохиж тормос гишгээд баруун гар тийш жолоогоо дартал “Соната” машины жолооч өөрийнхөө зүүн гар тийш дагуулж жолоогоо дараад яг миний өөдөөс мөргөлдөх гэж байгаа юм шиг байхаар нь би сандарч тормостой чигээрээ зүүн гар тийш жолоогоо дарж эсрэг урсгалд явсан “Хово” машины зүүн хойд дугуй руу нь машиныхаа урд хэсгээр мөргөж хөндөлстөл Соната машины жолооч машиныхаа баруун урд хэсгээр миний машины баруун хойд дугуйны крылон доогуур шургаж орсон байсан. “Хово” машины жолооч цагдаа дуудсан гэж ярьж байсан. Би Мандал даатгал дуудсан. Эхлээд энгийн машинтай 2 замын цагдаа ирж жолооч нараас бичиг баримт хурааж авсан. Түргэн тусламж ирж Найданжавын биеийг үзээд толгойд нь боолт хийж өгөөд явсан. Соната машинд явсан хүмүүс бүгд зугатаж байгаа юм шиг яваад өгсөн. Би араас нь дуудтал харчихаад жижиг машинд суугаад явсан. Тэгэхээр нь 2 цагдаагаас энэ хүмүүсийг явуулж болох юм уу гэж асуутал “бэртэл гэмтэлгүй бол явж болно” гэж хэлсэн. Дараа нь замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж ослын газарт үзлэг хэмжилт хийж зураг авсан. Соната, Ланд машинуудыг ачилгын машинд ачуулсан. Тэндээсээ ЗЦГ-т очиж тайлбар бичиж өгсөн. 54 км/цагийн хурдтай явсан. Найданжав, Чойжамц гэх хоёр найзын хамт явсан. Найданжавын дух нь зулгарсан. Өөр бэртсэн гэмтсэн хүн байхгүй. Найданжав жолоочийн хажуугийн суудалд сууж хамгаалах бүс бүсэлсэн байсан. Чойжамц арын суудалд сууж явсан. ...“Хово” машины араас гэнэт зэрэгцээд гарч ирсэн. Соната машиныг хурдаа сааруулж эгнээндээ орно гэж бодож яваад тулж ойртоод ирэхээр нь би жолоогоо баруун гар тийш дарсан. Машины урд хэсэг чихэгдэж цөмөрсөн, урд салхины шил, арын цонх хагарсан, тэнхлэг нь мурийсан, урд хоёр хаалга чихэгдсэн гэх мэт эвдрэлүүд гарсан. Үнэлгээ хийлгэхэд бүрэн сүйрсэн гэж тогтоогдсон. …Цаг агаар тогтуун, зам халтиргаа гулгаагүй, замын хөдөлгөөн сийрэг, бага зэргийн өгсүүр зам байсан. Соната машины жолоочид маш их гомдолтой байна. Машин ачуулсаны хөлсөнд 120.000 төгрөг, машины үнэлгээ тогтооход 527.000 төгрөг, машин ачилгын хөлс, журмын хашааны төлбөрт 230.000 төгрөг, нийт 757.000 төгрөгийг өөрөөсөө гаргасан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 29-30 дугаар тал/

Иргэний нэхэмжлэгч Г.Даваабаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Н.Гэрэлт-Од манай ээжийн төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. 56-89 УНН улсын дугаартай “Хово” маркийн автомашин миний эзэмшлийн автомашин боловч одоогоор “ХАС” банкинд зээлийн гэрээтэй барьцаанд тавьсан байгаа. Би Н.Гэрэлт-Одыг хувиараа цалинжуулж автомашинаа жолоодуулж элс хайрга зөөлгөдөг юм. Тэр өдөр намайг хөдөө явж байх үед Н.Гэрэлт-Од ослын талаар утсаар мэдэгдэж хэлсэн. Зүүн талын крылоноос хойш их муухай болсон байсан. 4 дугуй хагарч 1 дугуй дахин ашиглах боломжгүй болсон. Зүүн урд гэрэл, крылон, аккумляторын хайрцаг хагарсан. Н.Гэрэлт-Од автомашинд эвдрэлийн үнэлгээ хийлгэсэн байсан. 4.543.800 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон. Буруутай жолоочид гомдолтой байна. Машин ажилд явахгүй санхүүгийн байдлаар хүнд байна. Би банкинд сард 2 сая гаруй төгрөг төлдөг. Маш их хохирч байна. Орон сууцны зээл болон машины зээл төлдөг. 2 зээлээ төлөх гэж 10 хоног хугацааг нь хэтрүүлж төлсөн. Тус машинаар ажил хийж сард 6.000.000-9.000.000 төгрөгийн ашиг олдог байсан. Ажилд гараагүй 1 сар болж байна. Өнөөдөр “Цолмон” авто сэлбэгийн дэлгүүрээс сэлбэг зээлээр авч 2 хүн хөлсөлж жолооч Н.Гэрэлт-Одын хамтаар засуулж янзлуулж байна. Н.Гэрэлт-Одын цалин хөлсийг өгч чадалгүй 1 сар болж байна. Ямар нэгэн хохирлын баримт байхгүй. Автомашины засвар хийж байгаа хүмүүсийг тус бүрт нь 200.000 төгрөгөөр хөлсөлж ажиллуулж байна. Гэрээ хийгээгүй. Н.Гэрэлт-Од сарын 1 саяаас 1.5 сая төгрөгийн цалинтай ажилладаг.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 39-40 дүгээр тал/ 

Гэрч Н.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед Налайхаас Улаанбаатар руу “Норд бенз” маркийн 56-89 УНН улсын дугаартай автомашиныг жолоодож Ургах наран хорооллын урд замаар уруудаж явтал өөдөөс “Ланд-80” маркийн автомашин гэрлээрээ дохиод байхаар нь яагаад дохиж байгаан бол гэж бодоод зүүн талын толиндоо хартал 10 орчим метрийн цаана мөнгөлөг саарал өнгийн суудлын автомашин гүйцэд түрүүлэх үйлдэл хийж явсан. Гүйцэд түрүүлж явсан автомашиныг амжихгүй нь гэж бодож явтал Ланд автомашины жолооч баруун гар тийш жолоогоо дараад буцаад зүүн гар тийш жолоогоо дарж хөндөлсөж миний машины урд дугуйг шүргээд хойш явж арын дугуйг мөргөөд хөндлөн болоод зогстол “Соната-7” маркийн автомашин баруун урд хэсгээрээ Ланд машины баруун хойд дугуй руу мөргөөд яндан доогуур нь орсон. Замд явсан нэг автомашины жолооч цагдаад дуудлага өгсөн байсан. Би 103 дугаарт дуудлага өгтөл өмнө нь дуудлагыг хүлээн авсан байсан. Эхлээд 2 замын цагдаа ирээд жолооч нарын бичиг баримтыг хурааж авсан. Түргэн тусламж ирж Ланд автомашинд сууж явсан зорчигчийн биеийг үзчихээд явсан. Удалгүй цагдаагийн бүрэлдэхүүн ирж ослын газарт үзлэг хэмжилт хийж зураг авч 3 жолоочийн согтуурлыг шалгасан 0.00% гарсаныг харуулж байсан. Ачлагын машинд Соната, Ланд хоёрыг ачуулж явуулсан. Би машинаа чирч замын хажуу руу гаргаж үлдээгээд Замын Цагдаагийн Газарт очиж цагдаа нартай уулзтал маргааш Баянзүрхийн замын цагдаагийн тасагт очоорой гэсэн. 38 км/цагийн хурдтай явсан. Би ганцаараа явсан бэртэж гэмтээгүй. Зүүн талын гурван дугуй хагарсан, доод шулуун штангель нумны гулгаа тасарсан, блансерийн боолтнууд тасарсан, чагтан голны шаариг хагарсан, зүүн урд их гэрэл хагарсан, зүүн урд пивор крылон хагарсан, шаврын хаалт чихэгдсэн гэх мэт эвдрэлүүд гарсан. Эвдрэлийн үнэлгээ хийлгэсэн гараагүй байгаа. Манай ээжийн эгчийн хүүхэд Даваабаярын эзэмшлийн автомашин. Би байнга жолоодож хайрга зөөдөг юм. Цаг агаар тогтуун цэлмэг,  хонхорхой ихтэй уруу зам байсан. Замын хөдөлгөөн сийрэг байсан.” гэх мэдүүлэг,   

/хх-ийн 51-52 дугаар тал/

Шинжээч Т.Баатарчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “Би хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, ослын акт, схем зураг, фото зураг, зам тээврийн осол гарсан замын нөхцөл байдал зэргийг үндэслэж замын хөдөлгөөний дүрмийн дагуу зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоож зам тээврийн ослын дүгнэлтийг гаргасан. Зам тээврийн осол гарсан зам нь сөрөг хөдөлгөөнтэй 2 эгнээтэй асфальтан зам байх бөгөөд жолооч Д.Болдсайхан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгал сөрж гүйцэд түрүүлэх үйлдэл хийхдээ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр гүйцэд түрүүлэх үйлдлийг хийгээгүй эсрэг урсгал сөрсөнөөс зам тээврийн осол гарсан нь тогтоогдож байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 66 дугаар тал/

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Т.Баатарчулууны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 85 дугаар:

1. Х.Соната-7 маркийн 10-09 ГСА улсын дугаартай автомашины жолооч Даваасүрэнгийн Болдсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.   

2. Т.Ланд крузер маркийн 15-51 УБЗ улсын дугаартай автомашины жолооч Бавуудоржийн Самдан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Beiben HD:3253 маркийн 56-89 УНН улсын дугаартай автомашины жолооч Норовын Гэрэлт-Од нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 70 дугаар тал/

 

“Бэст-Эстимэйт” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Тоyota Landcruiser 80” маркийн 15-51 УБЗ улсын дугаартай, HDJ81-0055286 арлын дугаартай автомашины эвдрэл хохирлын үнэлгээний 201609010101 дугаар:

Тоyota Landcruiser 80 маркийн HDJ81-0055286 арлын дугаартай, 15-51 УБЗ улсын дугаартай автомашиныг бүрэн сүйрсэн гэж тогтоож, хохирлын үнэлгээг зохих журмын дагуу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 17.980.000 төгрөгөөр тогтоож дүгнэлт гаргаж байна” гэх тайлан,

/хх-ийн 73-76 дугаар тал/

“Вендо” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний 7150 дугаар:

 Beiben HD 3253B38 маркийн 56-89 УНН улсын дугаартай, LBZF46EA6AA016603 арлын дугаартай автомашинд нийт шууд зардлын дүн 4.023.800, үнэлгээгээр тогтоогдсон дүн 4.543.800 төгрөг” гэх тайлан,

/хх-ийн 80-82 дугаар тал/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

/хх-ийн 3 дугаар тал/

 

Гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 4-7 дугаар тал/

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,

/хх-ийн 8-9 дүгээр тал/

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа,

/хх-ийн 22-23 дугаар тал/

 

Бэлэн мөнгөний орлогын баримтууд,

/хх-ийн 37 дугаар тал/

 

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

/хх-ин 55 дугаар тал/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 105 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 106 дугаар тал/

 

Тээврийн дээд сургуулийн дипломын хуулбар /хх-ийн 117-120/ зэрэг болно.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Болдсайхан нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг 35 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ургах наран хорооллын урд замд “Х.Сонота-7” маркийн 10-09 ГСА улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ урдаа явж байсан “Beiben HD” маркийн 56-89 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхээр эсрэг урсгал сөрөн орж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота Ланд круйзер” маркийн 15-51 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Самдан нь Н.Гэрэлт-Одын жолоодон явсан “Beiben HD” маркийн 56-89 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гарч, “Beiben HD” маркийн 56-89 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.023.800 төгрөгийн шууд, Б.Самдангийн эзэмшлийн “Тоёота Ланд круйзер” маркийн 15-51 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 17.980.000 төгрөгийн шууд, нийт 22.003.800 төгрөгийн шууд хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Самдангийн өгсөн “2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед би Улаанбаатараас Налайх руу Ургах наран хорооллын урд замд Хонхорын ойролцоо явж байхад 10-09 ГСА саарал өнгийн “Х.Сонота-7” маркийн автомашин урсгал сөрөн хурдтайгаар гарч ирсэн. Би яг урсгал сөрөөд гараад ирэхээр нь гэрлээрээ дохьсон. Тухайн үед намайг гэрлээрээ дохиход хурдаа сааруулаад буцаад эгнээндээ орох байх гэж бодсон. Тухайн өдөр 8 дугаар сарын 30, яг 9 дүгээр сарын 1-ний урд өдөр, хичээл ном цуглаж байсан, замын хөдөлгөөн ачаалал ихтэй байсан. Зам хальтиргаа гулгаагүй байсан. Гэтэл хурдаа тааруулаад эгнээндээ орчих байх гээд би гэрлээрээ дохьтол юу юугүй өмнөөс ороод ирсэн. Тэгээд би тормозоо гишгээд баруун гар тал руугаа дарж баруун гар талынхаа 2 дугуйг бүр шороо руу ортол дарсан. Энийг надтай явсан 2 хүн ч мэдэж байгаа, тэр гэрлээрээ дохиод байсныг “Хово”-ны жолооч ч мэдэж байх учиртай. Тэгээд бүр хурдаа сааруулаад шороо руу баруун гар тал руугаа дартал яг өөдөөс мөргөлдөх гэж байгаа юм шиг, ерөөсөө л амиа золиослох гэж байгаа юм шиг намайг дагуулаад дарсан өөрийнхөө зүүн гар талруу. Би тэгээд тэр чигээр нь мөргөсөн бол эсхүл машин дээгүүр нь гараад явчих эсхүл замын хажуу руу унагаагаад хаячихаар байсан. Энэ Соната зогсож барьсан зүйл ерөөсөө байхгүй ш дээ. Шүүгдэгч жаахан худлаа мэдүүлэг өгөөд байх шиг байгаан. Тэгээд би тормозтой чигээрээ сандраад зайг нь харж зүүн тийшээгээ дараад “Хово”-ны дугуйруу зүүн урд хэсгээрээ мөргөсөн. Ерөөсөө би ч “Хово”-ны дугуй руу очоод эхлээд мөргөсөн зүйл биш зэрэг л мөргөлдөөн болсон. “Х.Сонота” ч миний баруун хойд крыло доогуур машиныхаа баруун хэсгээр шургаж орсон. Би 50 орчим км цагийн хурдтай явсан. Тухайн үед 2 “Хово” машин өөдөөс ирж байсан. Нэг нь миний хажуугаар өнгөрсөн. Гэтэл бас юм ачсан “Хово” машин ирж байтал тэрний хажуугаар гэнэтхэн яах ийхийн духандгүй Соната гараад ирсэн. Би тэгээд хурдаа сааруулаад эгнээндээ орчих байх гэсэн байдалтай гэрлээрээ дохиод баруун гар тал руугаа дарж хурдаа сааруултал яах ийхийн зуургүй л ороод ирсэн. Их л хурдан хугацаанд болсон доо.” гэх,

иргэний нэхэмжлэгч Г.Даваабаярын өгсөн “Тухайн өдөр би хөдөө орон нутаг руу явж байсан. Ийм осол болсон талаар жолооч маань утсаар ярьж мэдэгдсэн. Машинд маань дотор гэмтэл их гарсан байсан. Тэр ослоос болж өнөөдрийг хүртэл ажил явахгүй зогсож байна. Тухайн үед машин маань гэрээтэй ажилд явж байсан. Одоо бүрэн ажиллагаанд ороогүй.” гэх,

шүүгдэгч Д.Болдсайханы өгсөн “…Тэгээд би нөгөө “Хово” машиныг гүйцэж түрүүлээд жолоочтой нь харалдаа ирэхэд урдаас “Ланд 80” маркийн автомашин гэрлээ дохиод нилээд хурдтай орж ирсэн. Тухайн үед би гүйцэж түрүүлж амжихгүйгээ мэдээд хурдаа хасаад хажуугийн шороон зам руу гарч зогссон. …дүрмээрээ бол урдаас машин ирээгүй үед гүйцэд түрүүлэх үйлдэл хийнэ. Тухайн үед надад гүйцэд түрүүлэх хангалттай зай байсан.  Осол болохоос өмнө миний ард машин явсан байсан учир араасаа мөргүүлэхгүйн тулд шороон зам руу гарч зогссон. Эсрэг урсгалын шороон зам байсан. Намайг шороон зам руу гарч зогсоход нөгөө машин дундуур нь гарч явах боломж байсан.” гэх,

гэрч Н.Гэрэлт-Одын өгсөн “2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би Налайхын чиглэлээс Улаанбаатар руу ачаа тээвэрлэн явсан, 56-89 УНН улсын дугаартай автомашинаар явж байсан. Налайхаас наашаа Ургах наран хорооллын харалдаа явж байсан. Өмнөөс Ланд 80 маркийн машин надтай зөрөх гэж явж байсан, зөрөх гэж байхад араас машин гүйцэд түрүүлэх үйлдэл хийгээд Ланд 80 маркийн машин надтай зөрөх гэж байхдаа өөрийн явж байсан эгнээний баруун тал руугаа дараад буцаад зүүн дарахад хөндлөн гулгаад миний машиныг ирээд мөргөсөн. Ланд 80 маркийн машины баруун хойд булан руу Соната 7 машин мөргөөд зогссон байсан.” гэх,

мөрдөн байцаалтад хохирогч Б.Самдангийн өгсөн  “…Тэгээд баруунаас зүүн чиглэлтэй Ургах наран хорооллын урд замд иртэл эсрэг урсгалд Хово маркийн ачааны автомашин явж байсан, түүний араас буюу миний өөдөөс 10-09 ГСА дугаартай саарал өнгийн “Соната” маркийн автомашин их хурдтай орж ирсэн. Би гэрлээрээ дохиж тормос гишгээд баруун гар тийш жолоогоо дартал “Соната” машины жолооч өөрийнхөө зүүн гар тийш дагуулж жолоогоо дараад яг миний өөдөөс мөргөлдөх гэж байгаа юм шиг байхаар нь би сандарч тормостой чигээрээ зүүн гар тийш жолоогоо дарж эсрэг урсгалд явсан Хово машины зүүн хойд дугуй руу нь машиныхаа урд хэсгээр мөргөж хөндөлстөл Соната машины жолооч машиныхаа баруун урд хэсгээр миний машины баруун хойд дугуйны крылон доогуур шургаж орсон байсан. …54 км/цагийн хурдтай явсан. ...Хово машины араас гэнэт зэрэгцээд гарч ирсэн. Соната машиныг хурдаа сааруулж эгнээндээ орно гэж бодож яваад тулж ойртоод ирэхээр нь би жолоогоо баруун гар тийш дарсан.” гэх /хх 29-30/,

Д.Болдсайханы сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “…Эсрэг урсгалд явсан нилээн олон машиныг өнгөрөөгөөд Хово автомашины зүүн гар талаар нь гүйцэд түрүүлэх үйлдэл хийж явахад өөдөөс 500 метр орчим зайтай Ланд маркийн автомашин ирж явсан. …тэр үед нь би зүүн гар тийш жолоогоо дарж замаас гарч шороон зам дээр зогссон”  гэх /хх 97, 102/,

иргэний нэхэмжлэгч Г.Даваабаярын өгсөн “…Зүүн талын крылоноос хойш их муухай болсон байсан. 4 дугуй хагарч 1 дугуй дахин ашиглах боломжгүй болсон. Зүүн урд гэрэл, крылон, аккумляторын хайрцаг хагарсан. Н.Гэрэлт-Од автомашинд эвдрэлийн үнэлгээ хийлгэсэн байсан. 4.543.800 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон.“ гэх /хх 39-40/,

гэрч Н.Гэрэлт-Одын өгсөн “Би 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед Налайхаас Улаанбаатар руу “Норд бенз” маркийн 56-89 УНН улсын дугаартай автомашиныг жолоодож Ургах наран хорооллын урд замаар уруудаж явтал өөдөөс “Ланд-80” маркийн автомашин гэрлээрээ дохиод байхаар нь яагаад дохиж байгаан бол гэж бодоод зүүн талын толиндоо хартал 10 орчим метрийн цаана мөнгөлөг саарал өнгийн суудлын автомашин гүйцэд түрүүлэх үйлдэл хийж явсан. Гүйцэд түрүүлж явсан автомашиныг амжихгүй нь гэж бодож явтал Ланд автомашины жолооч баруун гар тийш жолоогоо дараад буцаад зүүн гар тийш жолоогоо дарж хөндөлсөж миний машины урд дугуйг шүргээд хойш явж арын дугуйг мөргөөд хөндлөн болоод зогстол “Соната-7” маркийн автомашин баруун урд хэсгээрээ Ланд машины баруун хойд дугуй руу мөргөөд яндан доогуур нь орсон. 38 км/цагийн хурдтай явсан. Зүүн талын гурван дугуй хагарсан, доод шулуун штангель нумны гулгаа тасарсан, блансерийн боолтнууд тасарсан, чагтан голны шаариг хагарсан, зүүн урд их гэрэл хагарсан, зүүн урд пивор крылон хагарсан, шаврын хаалт чихэгдсэн гэх мэт эвдрэлүүд гарсан. …Цаг агаар тогтуун цэлмэг, хонхорхой ихтэй уруу зам байсан. Замын хөдөлгөөн сийрэг байсан.” гэх /хх 51-52/,

гэрч Ц.Найданжавын өгсөн “…Ургах наран хорооллын урд замд явж байтал ачааны автомашин өөдөөс ирж явсан. Араас нь Соната маркийн автомашин гүйцэд түрүүлэх гэж урсгал сөрж манай машины өөдөөс орж ирсэн. Хүүе гэж хэлтэл Самдан жолоогоо баруун гар тийш дарж замын хажуугийн шороо руу орсон. Тэгтэл Соната машины жолооч зүүн гар тийш жолоогоо угтуулж дарж өөд өөдөөсөө мөргөлдөх шиг болтол Самдан буцаагаад зүүн гар тийш жолоогоо дарж ачааны автомашины зүүн хойд дугуй руу машиныхаа зүүн урд талаар мөргөсөн. Соната машины жолооч Самдангийн машины ар тал руу мөргөж маш  хурдан хугацаанд мөргөлдсөн. Соната машины жолооч маш их хурдтай орж ирсэн.” гэх, /хх- 45/

гэрч Г.Чойжамцын өгсөн “…Налайхын замд зүүнээс баруун зүгт явсан “Хово” маркийн машины араас “Соната-7” машин урсгал сөрж гарч ирсэн. Самдан сандарч баруун гар тийш жолоогоо дартал “Соната-7” машины жолооч зүүн гар тал руугаа жолоогоо дарсан. Тэгтэл Самдан тэр машинаас зайлуулж буцаагаад зүүн гар тийш жолоогоо дарж Хово машины зүүн хойд хоёр дугуй руу машиныхаа урд талаар мөргөсөн. Самдангийн машин бүтэн эргэж Соната машины урд хэсэг дээр арынх нь хэсэг ирж ослын газарт үзлэг хэмжилт хийсэн. …Нилээн хурдтай эсрэг урсгал сөрж явсан.” гэх,

/хх-49/

шинжээч Т.Баатарчулууны өгсөн “Би хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, ослын акт, схем зураг, фото зураг, зам тээврийн осол гарсан замын нөхцөл байдал зэргийг үндэслэж замын хөдөлгөөний дүрмийн дагуу зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоож зам тээврийн ослын дүгнэлтийг гаргасан. Зам тээврийн осол гарсан зам нь сөрөг хөдөлгөөнтэй 2 эгнээтэй асфальтан зам байх бөгөөд жолооч Д.Болдсайхан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгал сөрж гүйцэд түрүүлэх үйлдэл хийхдээ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр гүйцэд түрүүлэх үйлдлийг хийгээгүй эсрэг урсгал сөрсөнөөс зам тээврийн осол гарсан нь тогтоогдож байна.” гэх /хх-66/ мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт цугларсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Т.Баатарчулууны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 85 дугаар дүгнэлт /хх 70/, “Бэст-Эстимэйт” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 201609010101 дугаар тайлан /хх 73-76/, “Вендо” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний 7150 дугаар тайлан /хх 80-82/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 8-9/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 22-23/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа нь шүүгдэгч Д.Болдсайханыг яллах үндэслэл болж байна.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Болдсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

         

Иймд шүүгдэгч Д.Болдсайханыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо шүүгдэгч Д.Болдсайханаар төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Хохирогч Б.Самдан гэм хорын хохиролд нийт 18.737.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан автомашины эвдрэл хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон 17.980.000 төгрөг /хх-73/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-37/-аар тогтоогдсон хохирол  757.000 төгрөг, нийт 18.737.000 төгрөгийг шүүгдэгч Д.Болдсайханаар төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Мөн иргэний нэхэмжлэгч Г.Даваабаяр нь “автомашины эвдрэл хохиролд 4.543.800 төгрөг, автомашин эвдэрч ажил гүйцэтгээгүй хугацааны гэм хорын хохиролд 8.000.000 төгрөг, нийт 12.543.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжилсэнээс автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар /хх80/ тогтоогдсон 4.543.800 төгрөгийг шүүгдэгч Д.Болдсайханаар төлүүлэх үндэслэлтэй байна.

Харин иргэний нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн автомашиныг ажилд явж байсан талаарх нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй тул автомашинаар ажил гүйцэтгээгүй хугацааны гэм хорын хохирол 8.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул иргэний нэхэмжлэгч нь энэ шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

           Шүүх шүүгдэгч Д.Болдсайханд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “техникийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн байцаалтад шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хүсэлт гаргасан, хүсэлтийг шийдвэрлээгүй, дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй, шүүгдэгч Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж тайлбар гарган мэтгэлцэж байх боловч Д.Болдсайханд холбогдох хэргийг хэлэлцээд тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг бүрэн тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Болдсайхан нь мөрдөн байцаалтад гаргасан хүсэлтдээ “анхны шинжээчийн дүгнэлтээр буруутайг тогтоогдсон. Энэхүү дүгнэлтийг эсэргүүцэж байгаа тул ахин шинжээчийн бүрэлдэхүүн томилон шалгуулах хүсэлтэй байна” гэж дурьдсан байх бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийх, мөн хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болох бөгөөд энэ хэрэгт гарсан техникийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 85 дугаар дүгнэлт үндэслэлгүй, үнэн зөв болох нь эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 788117 дугаартай B ангиллын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 01262494 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Д.Болдсайханд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.1, 298.1.2, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дэлгэр овогт Даваасүрэнгийн Болдсайханыг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар Д.Болдсайханд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 1 сар 10 хоног баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Д.Болдсайханд оногдуулсан 1 сар 10 хоног баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Д.Болдсайханд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг баривчлах ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурьдсугай.

 

5. Д.Болдсайхан цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Болдсайханаас 18.737.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Самданд, 4.543.800 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Даваабаярт тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Г.Даваабаяр нь автомашинаар ажил гүйцэтгээгүйгээс учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

       

        7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

        8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Болдсайханд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ОДОНТУУЛ