Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/39

 

 

 

 

 

   

       2023        04        12                                         2023/ШЦТ/ 39 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга:                                            Б.Д,

Улсын яллагч:                                                            Д.А,

Шүүгдэгч:                                                         М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Г-т холбогдох эрүүгийн 2304000290019 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 52 настай, бүрэн дунд боловсролтой, эксковаторийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ........тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Н овгийн М-ын Г /РД:/.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч М.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны орой 21 цаг 00 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хэрлэн” худалдааны төвийн урд талын автомашины зогсоол дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Т-г газар хаягдсан тамхийг өөртөө авч ирүүлэхээр албадаж, улмаар “цагдаа дуудлаа шүү” гэхэд нь түүний зүүн гарын шуу хэсэгт нь гараараа нэг удаа цохисны улмаас зүүн гарын богтос ясны үзүүр хэсгийн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 30 дугаар гудамжинд айлд юм аваачиж өгөхдөө 0.75 литрийн архи ганцаараа уусан. Тэгээд 17 цагийн үед эхнэрийн ажлын газар болох Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 11 дүгээр байранд байрлах “Цагаан Уул” үсчний газарт очиж арын өрөөнд нь эхнэрийнхээ ажил тарахыг хүлээсэн. Тэгээд 21 цагийн үед эхнэрийн ажил тараад гарах үедээ би эхнэртээ хандан “ганц шил пиво аваад өг” гэхэд манай эхнэр өгөхгүй гэж бид маргалдсан. Бид 2 маргалдсаар “Хэрлэн” худалдааны төвийн зогсоол дээр очсон. Би эхнэрээсээ нэлээд зайтай зогсож байсан ба эхнэр пиво авч өгөхгүй гэхээр нь би “чи ч гэсэн уудаг биз дээ” гэж хэлээд очиж баруун гараараа цохих гэж байгаа юм шиг үйлдэл гаргахад манай эхнэр зүүн гараараа хаахад миний далайсан гар гарыг нь цохисон. Тэгтэл манай эхнэр Т миний гар эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тухайн үед ойрхон цагдаа явж байсан, тэгээд намайг цагдаагийн хэлтэст авч ирсэн.  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 48-49-р хуудас/,

Хохирогч Ш.Т-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

Гэрч Д.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09шэ/36 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,

Эрх бүхий албан тушаалтны “Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл”  /хх-ийн 76-77-р хуудас/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт  /хх-ийн 38-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 55-74-р хуудас/,

Шүүгдэгч М.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 54-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч М.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны орой 21 цаг 00 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хэрлэн” худалдааны төвийн урд талын автомашины зогсоол дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Т-г газар хаягдсан тамхийг өөртөө авч ирүүлэхээр албадаж, улмаар “цагдаа дуудлаа шүү” гэхэд нь түүний зүүн гарын шуу хэсэгт нь гараараа нэг удаа цохисны улмаас зүүн гарын богтос ясны үзүүр хэсгийн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Хохирогч Ш.Т-н эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч М.Г-н хохирогчийн зүүн гар хэсэгт нь баруун гараараа 1 удаа цохисон үйлдлээр эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл үүсгэж буй идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой болох нь:

- Хохирогч Ш.Т-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн орчимд ажил дээрээ байж байтал гаднаас нөхөр М.Г нэлээд согтуу орж ирээд үг дуугүй хойд өрөөнд ороод суугаад байсан. Тэгээд 1 цаг гарны дараа “тамхины мөнгө өгөөч” гэхээр нь би өгсөн, тэгтэл өөрөө гарч тамхи аваад эргэж орж ирээд хойд өрөөнд сууж байснаа дуулаад, уйлаад байсан. Би очиж М.Г-т хандаж “үйлчилгээний газар үйлчлүүлэгч байна шүү дээ” гэхэд” юун сүртэй юм бэ” гэхээр нь өрөөнийх нь хаалгыг хаасан. 18 цагийн үед манай ажлынхан ажлаасаа буугаад явсан. Би ганцаараа 20 цаг хүртэл ажлаа хийгээд тарах гээд хойд өрөө рүү шагайхад М.Г надад “нэг шил пиво аваад өг” гэсэн. Би “чи юу яриад байгаа юм бэ” гэхэд “сүртэй юм чи ганцаараа мөнгөтэй юм уу” гээд байсан. Бид хоёр хамт гарч Хэрлэн худалдааны төвийн зогсоол орох хүртлээ маргалдаж явсан. Г-т би “чиний татах тамхийг авч өглөө, одоо уух архийг чинь авч өгөх юм уу” гэхэд над руу “энэ тамхиа ав” гээд шидсэн. Би тамхийг нь авчихсан байснаа буцаагаад хаячихсан. Тэгтэл намайг “тэр тамхиа аваад ир” гэхээр нь “өөрөө очоод ав” гэхэд пизда чинь гээд над руу гараараа цохих үед би доошоо суугаад зүүн гараараа нүүрээ хаах үед миний зүүн гар дээр цохьсон. Би гараа доош буулгах гэхэд гар буухгүй байсан. М.Г архи байнга уудаг, нэг уухаараа 5-7 хоног ууна. Би энэ хүнтэй 32 жил хамт амьдарч байна, зодож цохихгүй ч гэсэн байнга агсам согтуу тавьж хэл амаар доромжилдог. Одоо энэ хүнээс салмаар байна. Энэ хэрэгт холбогдуулж гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх  мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

- Гэрч Д.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээрээ байж байтал гаднаас Т эгчийн нөхөр М.Г согтуу орж ирээд үг дуугүй хойд өрөөнд ороод суугаад байсан. Би Т  эгчтэй 6 дахь жилдээ хамт ажиллаж байна. Нөхөр нь байнга согтуу ажил дээр ирдэг, орж ирээд ажлыг нь хийлгэдэггүй, хэл амаар доромжилдлг. Т  эгч нөхөртэйгээ юм ярихгүй ажлаа хийгээд байсан. Би 18 цаг гээд ажлаа тараад явсан. Намайг байхад тэр хоёр муудалцсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09шэ/36 дугаартай: “1. Ш.Т-н зүүн гарын богтос ясны үзүүр хэсэгт хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,

- Эрх бүхий албан тушаалтны Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд: “Гэр бүлийн хүчирхийллийн зэрэг “өндөр”” гэжээ  /хх-ийн 76-77-р хуудас/,

- Амбулаториор эмчлүүлэгсдийн картад: “Үндсэн онош нь богтос ясны дээд үзүүр хугарал” гэжээ /хх-ийн 38-р хуудас/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд: “ Хэрлэн худалдааны төвийн урд манай нөхөр намайг зодсон” гэжээ /хх-ийн 4-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд “Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.” гэж тайлбарлажээ.

Шүүгдэгч М.Г, хохирогч Ш.Т нар нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хамтран амьдардаг, эхнэр, нөхөр байсан болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, гэрч Г.О, М.Г нарын мэдүүлэг /хх-ийн 19, 25-р хуудас/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын Ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 65, 67-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

              Улсын яллагч Д.А-с: “...шүүгдэгч М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно” гэсэн дүгнэлтийг гаргав.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

Иймд шүүгдэгч М.Г-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Ш.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 09шэ/36 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт  /хх-ийн 38-р хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Ш.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн байх тул шүүгдэгч М.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 301,000 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчээс 301,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна” гэв.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Г: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөр хэлэх зүйлгүй” гэсэн тайлбарыг гаргав.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Г нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, хохирогчид учирсан хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрлөөс 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н овгийн М-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н овгийн М-ын Г-т 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг М.Г-т мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Г-т тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ш.Т нь энэ хэрэгт холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Га-с  301,000 /гурван зуун нэг мянга/-н төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, М.Г-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол М.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН