Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 24

 

2023                    04               07                                          2023/ШЦТ/24

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж

Нарийн бичгийн дарга О.Уламмандах

Улсын яллагч  Д.Зуунай

Хохирогч Э.Пүрэвбаатар

Шүүгдэгч Г.Билгүүний өмгөөлөгч Н.Баярмаа

Шүүгдэгч Г.Билгүүн

Шүүгдэгч Ш.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “A”  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоохор овогт Гансүхийн Билгүүн, Урианхай овогт Шагдарсүрэнгийн Даваадорж нарт холбогдох эрүүгийн 2320000000017 дугаартай хэргийг 2023 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 11 сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ачаа ачдаг, ам бүл 3, 2 дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р баг Ханшонхорын  1-14 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  Цоохор овогт Гансүхийн Билгүүн /ЕС00311911/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, дулааны станцын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав ээж дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг  145-р байрны 24 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  Урианхай овогт Шагдарсүрэнгийн Даваадорж /РУ94112418/

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Г.Билгүүн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг “Булган” плаза баарны гадаа хохирогч Э.Пүрэвбаатартай маргалдаж нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ш.Даваадорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт  үйл ажиллагаа явуулдаг “Булган” плаза баарны гадаа хохирогч Б.Мөнхболдыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

                 ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүгдэгч Г.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 02 сарын 01-ний өдөр найз Ш.Даваадорж, Цамбагарав, О.Энхбаатар нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах Булган плаза бааранд ороод их удаагүй 1 лааз пиво уугаад сууж байсан. ...тэгээд манай найзын хажуугаас нэг үл таних залуу ирээд түлхэх шиг болсон тэгтэл хохирогч гээд байгаа 2 залуу гаднаас орж ирээд манай найз Ш.Даваадоржийг гараараа  2-3 удаа нүүр цээж рүү цохисон. ...намайг гараараа 1 удаа цохисон. Би зөрүүлээд  гараараа 1 цохиод хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...Хохирогч Э.Пүрэвбаатарын биеийн толгой, шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон өөр цохиогүй харин хөлөөрөө нэг удаа гуя хэсэгт цохисон” гэжээ.

       Шүүгдэгч Ш.Даваадорж мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...баарны гадаа юм яриад тамхи татаад зогсож байтал хажуугаас нэг танихгүй залуу ирээд манай найзтай юм ярьж байсан би нээх их тоогоогүй тамхи татаж дуусаад баар луу орж хэсэг бижиглэж байгаад баарнаас  буцаад гараад зогсож байтал үүдэнд байсан залуучууд хоргоогоод өдөөд бид нар муудалцсан. Тэгтэл хохирогч гээд байгаа залуу гаднаас орж ирээд нэг нь болох Б.Мөнхболд нь шууд гараараа миний шанаа, цээж хэсэгт 2-3 удаа гараараа цохисон, зөрүүлээд би  гараараа 1 цохиод хөлөөрөө бас нэг уда өшиглөсөн” гэжээ.

      Хохирогч Б.Мөнхболдын мөрдөн шалгах ажиллаанд өгсөн: “...Булган бааранд ороод хүн бүр 4 лаазтай 500 грамм пиво ууж байгаад их согтсон байсан юу болсон талаар сайн санахгүй байна, нэг мэдсэн чинь зодуулсан байсан. ...намайг зодож миний биед хөнгөн гэмтэл учруулсан хүмүүсийг  хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

   Хохирогч Э.Пүрэвбаатарын мөрдөн шалгах ажиллаанд өгсөн: “...баарны үүдэнд хүмүүс хоорондоо маргалдаад байхаар нь баарны үүдээр ортол хоорондоо маргалдаж байхаар нь та нар боль гэсэн чинь миний өөдөөс танихгүй хүн гараараа цохиж газар унасан үед дээрээс хөлөөрөө цохисон. ...өндөр бор нөхөр байсан. Харин газар унасан байхад буржгар бандгар залуу байсан. Намайг зодож миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хүмүүсийг хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлттэй байна. Мөн эмчилгээнд гаргасан зардлаа гаргуулан авна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

        Иргэний нэхэмжлэгч Х.Лхагважаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Б.Мөнхболд нь нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 275,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Ш.Даваадоржоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 10900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү, ...мөн тус хэргийн улмаас иргэн Э.Пүрэвбаатар нь нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,521,400 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Г.Билгүүнээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 10900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21,26-27/

            Гэрч Б.Цамбагаравын мөрдөн шалгах ажиллаанд өгсөн: “...манай найз болох Ш.Даваадорж, О.Энхбаатар, Г.Билгүүн нар миний араас гараад ирсэн.  Тэгээд тэр танихгүй залуутай маргалдаад зогсож байтал хохирогч гээд байгаа 2 залуу гаднаас  орж ирээд манай найз Ш.Даваадоржийг гараараа 2-3 удаа нүүр цээж рүү цохисон тэгэхээр нь би тэр залууд хөөе чи манай найзыг яаж байгаа юм бэ? гэсэн чинь үгийн зөрүүгүй Г.Билгүүнийг гараараа 1 удаа цохисон. ...хохирогч гэх Пүрэвбаатар Г.Билгүүнтэй зууралдаад зодолдож байсан. Тэнд байсан манай найз О.Энхбаатар бид 2 зодооныг салгасан. Хохиогч болох Э.Пүрэвбаатар Б.Мөнхболд манай хоёр найзыг өөрсдөө эхэлж үгийн зөрүүгүй цохиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

   Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

   Хохирогч Б.Мөнхболд, Э.Пүрэвбаатар нарын Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 17,23/

2023 оны 02-р сарын 06-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 04/31 дугаартай шинжээчийн

- Б.Мөнхболдын биед гэмтэл тогтоогдлоо.

- Б.Мөнхболдын биед хамар ясны зөрүүгүй хугарал, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, доод уруулын баруун дотор талд шарх, хамрын нурууны зүүн талд, баруун хацарт зулгаралт, хуйханд дагзны зүүн талд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

-Дээрх гэмтлүүдийн  хамар ясны зөрүүгүй хугарал, хамар орчмын зөөлөн эдийн  няцрал, доод уруулын баруун дотор талд шарх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд  “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба хамар нурууны зүүн талд, баруун хацарт зулгарал, хуйханд дагзны зүүн талд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 37-39/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 41-42,50-51/

2023 оны 02-р сарын 06-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 04/32 дугаартай шинжээчийн

- Э.Пүрэвбаатарын биед гэмтэл тогтоогдлоо.

- Э.Пүрэвбаатарын биед  хамар яс, хамрын таславчны хугарал, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, эрүүнд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хуйханд баруун чамархай болон дагзны баруун талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

-Дээрх гэмтлүүдийн хамар яс, хамрын таславчны хугарал, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, эрүүнд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба хуйханд баруун чамархай болон дагзны баруун талд цус хуралт гэмтлүүд нь  “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 47-49/

Шүүгдэгч Г.Билгүүн нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72,101/

Шүүгдэгч Г.Билгүүний ХААН банкны дансны хуулга /хх-ийн 79-88/

Хохирогч Э.Пүрэвбаатарын эмчилгээний 338,640 төгрөгийн хохирлын тооцооны баримт /хх-ийн 142/

Хохирогч Э.Пүрэвбаатарын эмнэлэгт үзүүлсэн томографик, ор хоногийн 323,100 төгрөгийн баримт /хх-ийн 143/

Шүүгдэгч Г.Билгүүний хохирогч Э.Пүрэвбаатарт хохирол төлбөрт 300,000 төгрөгийг төлсөн талаарх Хаан банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 146/

Шүүгдэгч Ш.Даваадоржийн Эрүүл мэндийн даатгалын санд 275,000 төгрөгийн хохирол барагдуулсан баримт /хх-ийн 147/

Шүүгдэгч Г.Билгүүний хохирогч Э.Пүрэвбаатарт үлдэгдэл эмчилгээний зардалд 361,740 төгрөг төлсөн, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд  1,521,400  төгрөг төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Г.Билгүүн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг “Булган” плаза баарны гадаа хохирогч Э.Пүрэвбаатартай маргалдаж нүүрэн тус газарт зодож хамар яс, хамрын таславчны хугарал, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, эрүүнд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хуйханд баруун чамархай болон дагзны баруун талд цус хуралт зэрэг гэмтлийг учруулсан,

Шүүгдэгч Ш.Даваадорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт  үйл ажиллагаа явуулдаг “Булган” плаза баарны гадаа хохирогч Б.Мөнхболдыг зодож хамар ясны зөрүүгүй хугарал, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, доод уруулын баруун дотор талд шарх, хамрын нурууны зүүн талд, баруун хацарт зулгаралт, хуйханд дагзны зүүн талд зулгаралт, зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтлийг учруулсан үйл баримт болжээ.

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад П.Гаваасүрэн нь хохирогч Э.Пүрэвбаатарын эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар 2023 оны 02 сарын 06-ны өдөр 04/32 тоот дүгнэлтийг,

хохирогч Б.Мөнхболдын эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар 2023 оны 02 сарын 06-ны өдөр 04/31 тоот дүгнэлтийг тус тус гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан бөгөөд энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

            Шүүгдэгч Г.Билгүүн, Ш.Даваадорж нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Г.Билгүүний хохирогч Э.Пүрэвбаатартай маргалдаж нүүрэн тус газарт зодож хамар яс, хамрын таславчны хугарал, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, эрүүнд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хуйханд баруун чамархай болон дагзны баруун талд цус хуралт бүхий хөнгөн хохирлыг учруулсан, шүүгдэгч Ш.Даваадоржийн хохирогч Б.Мөнхболдыг зодож хамар ясны зөрүүгүй хугарал, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, доод уруулын баруун дотор талд шарх, хамрын нурууны зүүн талд, баруун хацарт зулгаралт, хуйханд дагзны зүүн талд зулгаралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Мөнхболдын мөрдөн шалгах ажиллаанд өгсөн “...Булган бааранд ороод хүн бүр 4 лаазтай 500 грамм пиво ууж байгаад их согтсон байсан юу болсон талаар сайн санахгүй байна, нэг мэдсэн чинь зодуулсан байсан. ...намайг зодож миний биед хөнгөн гэмтэл учруулсан хүмүүсийг  хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, хохирогч Э.Пүрэвбаатарын мөрдөн шалгах ажиллаанд өгсөн “...баарны үүдэнд хүмүүс хоорондоо маргалдаад байхаар нь баарны үүдээр ортол хоорондоо маргалдаж байхаар нь та нар боль гэсэн чинь миний өөдөөс танихгүй хүн гараараа цохиж газар унасан үед дээрээс хөлөөрөө цохисон. ...өндөр бор нөхөр байсан. Харин газар унасан байхад буржгар бандгар залуу байсан. Намайг зодож миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хүмүүсийг хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлттэй байна. Мөн эмчилгээнд гаргасан зардлаа гаргуулан авна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, иргэний нэхэмжлэгч Х.Лхагважаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Б.Мөнхболд нь нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 275,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Ш.Даваадоржоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 10900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү, ...мөн тус хэргийн улмаас иргэн Э.Пүрэвбаатар нь нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,521,400 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Г.Билгүүнээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 10900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21,26-27/, гэрч Б.Цамбагаравын мөрдөн шалгах ажиллаанд өгсөн “...манай найз болох Ш.Даваадорж, О.Энхбаатар, Г.Билгүүн нар миний араас гараад ирсэн.  Тэгээд тэр танихгүй залуутай маргалдаад зогсож байтал хохирогч гээд байгаа 2 залуу гаднаас  орж ирээд манай найз Ш.Даваадоржийг гараараа 2-3 удаа нүүр цээж рүү цохисон тэгэхээр нь би тэр залууд хөөе чи манай найзыг яаж байгаа юм бэ? гэсэн чинь үгийн зөрүүгүй Г.Билгүүнийг гараараа 1 удаа цохисон. ...хохирогч гэх Пүрэвбаатар Г.Билгүүнтэй зууралдаад зодолдож байсан. Тэнд байсан манай найз О.Энхбаатар бид 2 зодооныг салгасан. Хохиогч болох Э.Пүрэвбаатар Б.Мөнхболд манай хоёр найзыг өөрсдөө эхэлж үгийн зөрүүгүй цохиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/, хохирогч Б.Мөнхболд, Э.Пүрэвбаатар нарын Эрүүл мэндийн даатгалаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа,  2023 оны 02-р сарын 06-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 04/31 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 41-42,50-51/, 2023 оны 02-р сарын 06-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 04/32 дугаартай шинжээчийн дүгнэлт  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.Билгүүн, Ш.Даваадорж нар нь  уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Г.Билгүүн, Ш.Даваадорж нар нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирлын хувьд:

Хохирогч Б.Мөнхболд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ш.Даваадоржоос хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Х.Лхагважаргал хохирогч Б.Мөнхболдын нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авсан 275,000 төгрөгийн зардлыг шүүгдэгч Ш.Даваадоржоос нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь  уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч Ш.Даваадоржийг  бусдад төлөх  төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Э.Пүрэвбаатар нь эмчилгээний хохирол төлбөрт шүүгдэгч Г.Билгүүнээс  шинжилгээний төлбөр 179,000 төгрөг, эм 10,000 төгрөг, бинзены 149,640 төгрөг, томограффик шинжилгээний 120,000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн 203,100 төгрөг, нийт 661,740 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.Билгүүн нь шүүхийн шатанд хохирол төлбөрт 661,740 төгрөгийг хохирогч Э.Пүрэвбаатарт шилжүүлж төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын тайлбар, ХААН банкны шилжүүлгийн хуулгаар нотлогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Э.Пүрэвбаатарын эмнэлгийн үйлчилгээний зардалд 1,521,400 төгрөгийн эмчилгээний зардал гарсан бөгөөд  шүүүгдэгч Г.Билгүүн нь дээрх эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,521,400 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан нь шүүгдэгчийн тайлбар, ХААН банкны шилжүүлгийн хуулгаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Билгүүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нарт хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Билгүүн, Ш.Даваадорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Билгүүн, Ш.Даваадорж нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Билгүүн, Ш.Даваадорж нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хуралдаанд хохирогч Э.Пүрэвбаатар нь цаашид хамрын мэс засалд орно гэж мэдүүлж байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах зүйтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох санал гаргасан.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Билгүүн, Ш.Даваадорж нарын  хувийн зан төлөв, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч нарын зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл болсон байдал болон шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн байдал зэргийг  тал бүрээс нь харгалзан шүүгдэгч тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.  

Шүүгдэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан торгуулийн ялыг сайн дураар төлөх хугацаанд төлөх боломжтой тул хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч нар нь торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарт  өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цоохор овогт Гансүхийн Билгүүн /ЕС00311911/, Урианхай овогт Шагдарсүрэнгийн Даваадорж /РУ94112418/ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гансүхийн Билгүүн, Шагдарсүрэнгийн Даваадорж нарыг тус бүр 450 / дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Билгүүн, Ш.Даваадорж нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч Г.Билгүүн, Ш.Даваадорж нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Э.Пүрэвбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Билгүүн, Ш.Даваадорж нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.Ц