| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2019/00278/И |
| Дугаар | 103/ШШ2019/00312 |
| Огноо | 2019-08-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2019/00312
2019 08 05 103/ШШ2019/00312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 44а байрны 3 тоотод оршин суух, Халтар овогт Бавуугийн Цэен-Ойдовын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 44а байрны 29 тоотод оршин суух, Харгана овогт Доржийн Отгонбаярт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 24.340.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэен-Ойдов, хариуцагч Д.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэен-Ойдов шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2016.01.07-ны өдөр би банкнаас 14.000.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл аваад Отгонбаярт өгсөн. Өмнө нь Отгонбаяр надад хэдэн төгрөг өгөх ёстой байснаа энэ 14.000.000 төгрөгөөсөө өгсөн. Энэ 14.000.000 төгрөгийг Отгонбаяр надад нэг ч төгрөгийн хүү алданги төлөхгүйгээр зөвхөн банкны хүү хэдэн төгрөг гарна тэрийг төлөх тийм гэрээ байгуулсан. Д.Отгонбаяр 2016 онд 14 сая төгрөгнөөс нэг ч төлөлт хийгээгүй, 2016 оны эцэс болоход хүнээс түр мөнгө олж хадгаламж барьцаалсан зээлийг маань сунгуулчихаад явсан. 2017 онд бас нэг ч төгрөгний төлөлт хийгдээгүй байсан. Энэ хүн байхгүй Солонгос улс руу явчихсан байсан. 2017 оны сүүлээр би охиноосоо мөнгө зээлж, зээлээ хаасан. Гэтэл 2017.12.7-ны өдөр нь Отгонбаяраас 6.090.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгийг банк 2018 оны 1 сард 4.500.000 төгрөгийг нь үндсэн зээлээс, 1.490.000 төгрөгийн хүүнээс нь хассан байсан. Банкны дотоод журам нь тийм байдаг юм байна лээ. 2018 оны эцэст Отгонбаяр хүнээс мөнгө олж 19.026.000 төгрөгөөр зээлийг маань хаасан. Отгонбаяр ч тухайн үед энэ үлдэгдлийг хүлээн зөвшөөрсөн. Эргээд Отгонбаяр Ойдов эмчээ та надад 20.000.000 төгрөг болгоод өгчих гэсэн, би ч зөвшөөрөөд нэмж мөнгө өгөөд 20.000.000 болгож өгсөн. Тэгээд Отгонбаяр мөнгөө өгч амжихгүй юм яриад байхаар нь би банкны эдийн засагчид хандаж зээлээ хаалгаад шүүхээр шийдүүлсэн дээр үү, оны эцэс хүртэл яваад шийдүүлсэн дээр үү гэж асуусан чинь хаалгаад шийдүүлсэн дээр байдаг юм, оны эцэс хүртэл явбал 20.000.000 төгрөгийн чинь хүү сарын 380.000 төгрөгөөр тооцогдож өндөр хүү гарна гэсэн. Тиймээс би зээлээ наана нь өөрөө 24.340.000 төгрөгөөр хаагаад баримтаа хэрэгт хавсаргасан байгаа. 14 сая төгрөгний зээл авч өгчөөд бид хоёр нотариатаар орж гэрээ байгуулсан. Энэ гэрээ хэрэгт байгаа. Энэ гэрээний дагуу би алданги тооцох эрхтэй. Гэвч би тэгээгүй, банкинд хаасан зээлийн төлбөрөөр л энэ хүнээс мөнгө нэхэмжилсэн байгаа. 3 жил болоход ганцхан удаа л 6.090.000 төгрөгийн төлөлт нэг удаа хийгдсэн. Өөр төлөлт хийгдээгүй. 14 сая төгрөг маань оны эцэст хүүтэйгээ нийлээд 16.885.000 төгрөг болсон. Энэ зээлээ хүнээс мөнгө олж хаагаад дахин хүүгээ нэмж зээл авч сунгаад 2017 онд 16.885.000 төгрөг маань 20.734.780 төгрөг болсон. 2018.12.10-нд нийт 19.050.430 төгрөг болсон. Энэ үнийн дүнг Отгонбаяр өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тэр үед уулзаж ярилцсан. Нэг мөсөн 20 сая болгоод өгчих гэсэн. Ингээд 20 сая төгрөгийг хүүгийн хамт би 2019 оны 06 дугаар сард 24.340.000 төгрөг болгож өөрөө төлсөн. Иймд уг мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Отгонбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2009 онд Ойдов гуайгаас 3.000.000 төгрөгийн зээл авсан юм. Энэ зээл маань сарын 8 хувийн хүүтэй байсан. Төлөөгүй үед хүү маань нэмэгдээд, төлөх үедээ хүнээс мөнгө зээлээд төлөөд явж байсан. Тэгж явсаар 2016 онд бид хоёр ярилцаж тохироод нэхэмжлэгч хадгаламж барьцаалсан зээл 14.000.000 төгрөгийг надад авч өгсөн. Авсан өдрөө өмнөх зээлийн үлдэгдэл 7.000.000 төгрөгийг ахад бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгийг нь Америк ажлаар явахдаа хэрэглэсэн. Эхний удаад хүн танихгүй болохоор ажил хийж чадалгүй ирсэн. Дахиж яваад 2017 онд ахад 6.090.000 төгрөг шилжүүлсэн. Зээл маань 17.000.000 гаран төгрөг болсон байсан, түүнээс явуулсан мөнгөө хасаад 11.000.000 орчим төгрөг болох юм байна, тэгэхээр иймэрхүү байдлаар хийж байгаад хаая гэж бодсон чинь нөгөө мөнгө маань өсөөд явчихсан байсан. Тэгээд бид хоёрын харилцаанд асуудал үүссэн. 14 сая төгрөгний зээлийг банкны хүүгээр хэдэн төгрөгний хүү гарна тэрийг төлнө гэж тохиролцсон. Өмнө нь би энэ хүнээс сарын 8 хувийн хүүтэй мөнгө зэлэдэг байсан болохоор банкны хүүгээр тооцож зээл авахад надад ашигтай байсан. Уг зээлийг 1 жил болоод төлнө гэсэн бодолтой байсан хэдий ч зээлээ төлж чадалгүй өссөн хүүгээр нь дахиж сунгалт хийгээд л яваад байсан юм. Хэрэгт авагдсан зээлийн гэрээг нотариатаар орж батлуулсан. Энэ гэрээг өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж хийсэн. Үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэен-Ойдов нь хариуцагч Д.Отгонбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 24.340.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Зохигчдын хооронд 2009 оноос зээлийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч нь 2016.01.07-ны өдөр өөрийн хадгаламжийг барьцаалж 14.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй хариуцагч Д.Отгонбаярт авч өгсөн, хариуцагч нь уг зээлийг банкны хүүгийн нөхцөлтөй төлөхөөр амаар гэрээ байгуулсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно, 236.1.3 дахь хэсэгт талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол гэж заажээ.
Зохигчид 2009 оноос эхэлсэн зээлийн гэрээний үүргийг нэгтгэн 14.000.000 төгрөгийг зээлэх гэрээ байгуулж хариуцагч 7.000.000 сая төгрөгийг өмнөх гэрээний үүргийн биелэлт тооцож нэхэмжлэгчид шилжүүлсэн нь Иргэний хуулийн 236.1.3 дахь хэсэгт нийцсэн байна.
Уг зээлийг албан ёсоор баталгаажуулж 2016.01.07-ны өдөр 14.000.000 төгрөгний зээлийн гэрээг сарын 1.8 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх нөхцөлтэй гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулжээ.
Талууд 2016.01.02-нд 14 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай авч 2016.12.02-нд үндсэн зээл 14.000.000 төгрөг, 12 сарын хүү 2.855.000 төгрөг нийт 16.885.000 төгрөгийн зээлийг хааж, дахин уг хэмжээгээр зээл 1 жилийн хугацаатай авч сунгаж явсаар байгаад 2019.8.18-ны өдөр нэхэмжлэгч нь 24.340.000 төгрөгний зээлийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-6/, 14 сая төгрөгний зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч нь 2017.12.07-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд 6.090.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд уг мөнгө нь 2018.01.07-ны өдөр үндсэн зээлэнд 4.500.000 төгрөг, хүүнд 1.590.000 төгрөг тус тус тооцогдож хасагдсан байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж тус заасны дагуу хариуцагч нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж 14.000.000 төгрөгийг банкны хүүгээр төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн, хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний хугацаа дуусахад өөрөө мөнгө олж зээлийг хааж дахин зээл авч сунгаж байсан, 14.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай 1,8 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй гэрээ бичгээр давхар байгуулсан, /уг гэрээний үүргийн биелэлтийг тооцож үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс илүү гарахаар байгаа/ зэргээс нэхэмжлэгч Б.Цэен-Ойдовт 24.340.000 төгрөгийг төлөх үүрэг хариуцагч Д.Отгонбаярт үүссэн байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 279.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Харгана овогт Доржийн Отгонбаяраас зээлийн гэрээний үүргийн биелэлт 24.340.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Халтар овогт Бавуугийн Цэен-Ойдовт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 279.650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА