Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/51

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир /томилолтоор/,

хохирогч Г.*******,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2307000000098 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******,******* суманд төрсөн, *******тай, эмэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, “” т ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт ,, тоот хаягт бүртгэлтэй боловч ,, тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/299 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

******* овогт *******ийн ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 26-аас 27-ны шилжих шөнө нд байрлах “” т тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.*******тэй маргалдах явцдаа түүний толгой руу аяга шидэж, эрүүл мэндэд нь дагзны хуйханд няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

Хохирогч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Над руу уучлалт гуйж залгаагүй, цагдаагийнхаа дугаарыг өг гэж залгасан. Би чиний шидсэн юмнаас бултаж толгойныхоо ард хэсэгт цохиулсан, хоёр оёдол тавиулсан. Дээрээс нь би янхан гэж хэлээгүй. Би дээд боловсролтой хүн. Харин энэ хүн өөрөө муухай хараалын үг хэлсэн. Би ч гэсэн ийм муухай үг хэлж чадна шүү, чи ямар муухай хараал хэлдэг юм гэсэн. Миний толгойг цохичхоод цус гоожоод байна гэхэд дахиж над руу дайрч ирсэн. Уучилж болохгүй юм байна гэж бодсон. Дахиж ийм үйлдэл гаргахаар хүн байна. Боолтын 170.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би баримт бүрдүүлдэг гэж мэдээгүй. Эмийн сангаас боолт аваад өөрөө боосон. Шүүх эмнэлэг дээр 8.000 төгрөгийн төлбөр төлсөн, дуудлагаар толгойгоо 3 удаа бариулсан.” гэв.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

  1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал),
  2. Хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 05, 07 дахь тал),
  3. Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
  4. Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
  5. Яаралттай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 25 дахь тал),
  6. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3145 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
  7.  Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг болно.

 

Харин шүүгдэгч Г.*******, хохирогч Г.******* нар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 26-аас 27-ны шилжих шөнө нд байрлах “” т тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.*******тэй маргалдах явцдаа түүний толгой руу аяга шидэж, эрүүл мэндэд нь дагзны хуйханд няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

  • 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
  • Хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ганц бие аав, ээжүүдийн групп гэх фейсбүүк группийн уулзалтад явсан юм. Ингээд бид хэд бөөндөө Улаанбаатар хотоос хөдлөөд , Тэрэлж рүү явсан. Тэрэлжид “” гэх шөнө 22 цагийн үед очсон. Очоод амралтын гэртээ ороод авчирсан архи, согтууруулах ундааны зүйлсээ хувааж ууцгаасан. Тэгээд үүрээр 04 билүү 05 цагийн үед архиа ууцгааж дуусгаад бүгдээрээ унтаж амрахаар болсон. Тэгсэн тэнд Г.******* гэх эмэгтэй хүмүүсийг “чи энд унт, чи наанаа унт” гэж хуваарилж байснаа өөрөө ганцаараа унтах гээд байсан. Тэгэхээр нь би түүнд “бүгдээрээ л адилхан хоёр хоёроороо л унтаж байна ш дээ, чи яагаад ганцаараа унтах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь над руу уурлаад намайг хараагаад эхэлсэн, тэгэхээр нь би түүнд “би ч гэсэн чам шиг муухай үг хэлж чадна ш дээ” гэж хэлсэн чинь хажуудаа байсан нэг архины шилийг аваад миний толгойг тэр шилээрээ 1 удаа цохисон. Тухайн үед миний толгойноос цус гараад эхэлсэн тэрнийхээ дараа нь ундааны сав, хуванцар пивоны сав шидсэн. Дээрээс нь цагдаа нарыг ирэхээс өмнө Г.*******ын миний толгой руу цохисон архины шил нь харагдахаа больчихсон. Тэр архины шил одоо хаана байгааг би мэдэхгүй байна, хэрүүл маргааны дараа тэр шилийг гэрээс хайхад олдоогүй. Дээрээс нь тухайн шил хагараагүй байсан. ...архины шилээр цохичих шиг боллоо гэж санаад байгаа юм. Яг аяга байсан уу, архины шил байсан уу гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Би эмчилгээ хийлгэсэн баримтуудаа ерөөсөө хадгалж аваагүй учир гаргаж өгөх хохиролтой холбоотой баримт бичгүүд алга...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05, 07 дахь тал),

 

  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд жоохон нойр авъя гэж бодоод хэвтэж байтал хоёр залуу газар суугаад байхаар нь Г.******* “эрэгтэй хүмүүсийг орон дээр суулгая” гэсэн утгатай зүйл яриад байж байтал Г.*******тэй хар өнгийн дээлтэй Г.******* гэсэн нэртэй хүүхэн маргалдаад эхэлсэн. Тэгээд хоорондоо муудалцаж байгаад Г.******* нь Г.******* рүү архины шил аваад толгой руу нь цохиод толгойг нь хагалсан бөгөөд Г.*******ийн толгойноос цус гараад байсан болохоор бид нар цагдаа дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

  • Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Г.******* гэх эмэгтэйтэй хамт унтахаар болоод хэвтэх гэхэд багтахгүй байхаар нь өөр газар унтах гээд боссон чинь гэрийн нөгөө талаас цэнхэр өнгийн жинсэн өмтэй, хар цамцтай, туранхай нэрийг нь мэдэхгүй охин “чи юун сүртэй гичий вэ хамт унтчихаач” гэж хэлээд хараагаад дайрч эхэлсэн чинь Г.******* урдаас нь хэрэлдсэн. ... гэж танилцуулсан эрээн алаг хувцастай охин юм шидэж эхлэхээр нь бид нар болиулахад буцаад хэрэлдээд аяга, бэлэн хоол, ундааны сав, архины шил зэрэг зүйлсийг шидэлцэж байх хооронд анх ундааны сав шидсэн охины толгойг Г.******* бариултай шаазан аягаар оночихсон чинь тухайн охин хэсэг байж байгаад толгой хагарчихлаа гээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дах тал),

 

  • 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Яаралттай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 25 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3145 дугаар “Г.*******ийн биед дагзны хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2023.02.27-ны өдөр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

  • Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Г.*******ийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Би бол ерөөсөө архины шил бариагүй, над руу эхэлж шидэж байсан тэр шаазан ч билүү шилэн аяга орон дээр байхаар нь түүнийг аваад шидчихсэн юм. Тэрнээс биш Г.*******ийн толгойг ерөөсөө архины шилээр цохиж гэмтээгээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Шүүгдэгч Г.******* нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Г.*******ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч Г.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.******* нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцаа буюу унтах орны хуваарилалттай холбоотой хэрүүл маргааны улмаас хохирогч Г.*******ийн толгой руу аяга шидэн биед нь халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн шатанд эм тариа, шинжилгээний зардалд 170.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч холбогдох баримтыг ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Г.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой баримтуудыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Г.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч нар санал, тайлбар гаргаагүй болно.

Шүүгдэгч Г.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч, хохирогч нар маргалдаж, харилцан бие бие рүүгээ эд зүйлс шидэлцэх явцад онож хохирол учруулсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй), хувийн байдал (гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, бага насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой) зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ