Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/47

 

 

 

 

 

 

2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр                   Дугаар 2023/ШЦТ/47                                     Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,

Улсын яллагч: Б.Мөнхдөл,

Шүүгдэгч: Э.Б,

Өмгөөлөгч: И.Олонмөнх

Хохирогч: Ж.С /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү овогт Э-ын Б-д холбогдох 2228003850187 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын Цогт-Овоо сумаас баруун тийш 55 дахь километрт засмал зам дээр Тоуоtа alphard маркийн 45-99 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэх заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас зорчигч Ж.Сын биед зүүн эгэмний хугарал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч Ш.Нын биед зүүн эгэм, зүүн талын VI, VII, VIII хавирганы хугарал гэмтэл бүхий хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Бг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой хэлсэн учир нэмж хэлэх зүйл байхгүй.

Хохирогч Ж.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би гарандаа хадаас хадуулснаас хойш нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа. Гар хөдөлгөөнгүй байгаа. Мөн нурууны өвчнөөс болж хөдөлгөж чадахгүй, нойлын өрөө рүү явж чадахгүй байсан. Уламжлалтын аргаар зүү тавиулаад гайгүй болсон. Уламжлалтын эмч нь суугаа ажил хийдэг хүний нуруу нь суулт өгөөд мэдрэлийн судас дарагдсан байна гэж хэлсэн. Тэгээд нөхөн сэргээх эмчилгээ болон зүй тавиулаад гайгүй болж байгаа. Би нурууны өвчин дээр юм ярихгүй. Би шүүхийн хэлэлцүүлгийн өмнө гарандаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх болон хагалгаа хийлгэх талаараа хүсэлт бичиж явуулсан. Хийлгээд хэд хонож байгаа, цаашдаа хэд хоног хийлгэх талаар бичсэн. Мөн эмчилгээгээ хийлгэж дуусаад 04 дүгээр сард хагалгаанд орно. Тэгэхгүй бол гар хатангиршаад өвдөж байгаа учраас шууд хагалгаанд оруулах боломжгүй байгаа. Хагалгаанд ороод гарч ирээд дахин эмчилгээ хийлгэнэ. Түүнээс гарах зардлыг нэхэмжилнэ. Би ажилгүй болсон учир эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо байгаа байдалдаа дасан зохицоод гайгүй болж байгаа.

Хохирогч Ш.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу 45-99 УБУ улсын дугаартай Тоёота альпард маркийн тээврийн хэрэгслээр Х, Б, ХотолБ, Мөнх-Оргил, С нарын хамт явсан юм. Тухайн үед тээврийн хэрэгслийг Б гэх хүн жолоодож явсан. Хын байгууллага олон улсын арга хэмжээнд явахаар болоод уг Б гэх хүнийг машины хамт түрээслээд явж байсан юм. Тэгээд Цогт-Овоо сум өнгөрөөд 60 орчим километр явж байгаад жолооч Б нэг том оврын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд буцаж эгнээндээ орох үед машин нь шарваад замын хажуу тал руу онхолдсон. Тэгээд тэнд нутгийн машинтай хүн таараад намайг болон ХотолБ, С нарыг Өмнөговь аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн. Хавирга хугарснаас улбаалан уушгинд гэмтэл үүссэн. Хугарсан хавирга нь уушиг руу хатгаад цус хурсан байсан. Би гэмтлийн эмнэлгийн цээжний хөндийн тасагт 7 хоног буюу 10 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн. Одоо миний биеийн байдал анх гэмтэл авсан үеэс бол сайжирсан. Одоогоор эгэмний хугарал болон хавирганы хугарал бүрэн эдгэрээгүй. Уушигны цус хуралт шимэгдэж байгаа. Мөн бүрэн эдгээгүй байгаа. Одоогоор эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа. Гэмтлийн эмнэлгээс гараад 5 хоног уушигны эмчилгээ хийлгэж Намду мандал эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн осол жолоочийн туршлагагүй байдал нөлөөлсөн. Тухайн жолооч уг нь хурд хэтрүүлсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй. Машин гүйцэж түрүүлээд эргэж эгнээндээ орох үед замын гол хэсэгт бага зэрэг мөстсөн хэсэг байсан. Тухайн хэсэг дээр машин нь хальтирч шарваад уг зам тээврийн осол гарсан. Миний эмчилгээнд нийт 1.500.000 орчим төгрөг гарсан. С бид хоёр Өмнөговь аймгаас газраар явах боломжгүй гээд онгоцоор Улаанбаатар хотод ирсэн. Б бид хоёрын онгоцны зардалд 500.000 төгрөгийг өгсөн. Эмчилгээний зардалд 620.000 төгрөг өгсөн. Эмчилгээнд гарсан зардлын баримтаа гаргаж өгсөн. Цаашид дахин эмчилгээнд мөнгө төгрөг гарвал баримтаа гаргаж өгнө. Одоогоор бол нэмж гаргаж өгөх баримт байхгүй байна. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу Н, Б, Х, Х, м жолооч Б нарын хамт явж байсан. Тэгээд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум өнгөрөөд 60 орчим километр явж байтал жолооч Б ачааны машин гүйцэж түрүүлээд буцаж эгнээндээ орох үед замын голд байх мөстсөн хэсэг дээр машин нь хальтраад шарваад замын баруун тал руу онхолдоод машин нь хөрвөөгөөд хажуу талаараа ойчсон. Би Өмнөговь аймагт эмнэлэгт үзүүлэхэд эгэмний хугарал, мөрний мултрал гэмтэлтэй учраас хагалгааны заалттай Улаанбаатар хот яв гэсэн. Тэгээд Улаанбаатар хотод ирээд гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад эмнэлгээс гараад Мэлтэс мед эмнэлэгт хэвтэж 10 дугаар сарын 24-ний өдөр мөр эгэмний яс хадуулах хагалгаанд орсон. Одоо нурууны диск цүлхийлтээс болж хөл бадайрч өвдөж байна. Зүүн гар байнгын сойлттой өөрөө хөдөлж чадахгүй зовиуртай байгаа. Хамгийн багадаа 6 сарын дараа эгэмний хадаас авхуулах хагалгаанд дахин орно. Жолооч нээх хурдан бол яваагүй. Миллийг нь хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Бид нар аажуу тайван яв гээд нэг их хурдалж давхисан зүйл байгаагүй. Гэмтлийн эмнэлгийн эм тариа ор хоногийн мөнгө 420.000 төгрөг болсон. Дараа нь хагалгаанд ороход 1.000.000 төгрөг болсон. Одоо боолт хийлгэх үзлэг хийлгэх үед бол мөн зардал гарч байгаа. Одоогоор 350.000 орчим мянган төгрөгийн баримт байгаа. Цаашдаа мөн дахин хагалгаанд орж хадаас авхуулах мөн боолт үзлэг зэрэгт зардал мөнгө гарна. Б надад эмчилгээний зардалд 1.420.000 төгрөг өгсөн байгаа. Би одоо Бгаас цаашдаа гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. 6 сарын дараа дахин хагалгаанд хэдэн төгрөг зарцуулагдах талаар мэдэхгүй байна. Одоогоор надад 350.000 орчим мянган төгрөгийн баримт байгаа. Уг баримтыг гаргаж өгнө. Цаашид мөн эмчилгээнд гарах зардлыг мэдэхгүй байгаа болохоор тэр талаар тухай бүрт нь баримтаа бүрдүүлж нэхэмжилнэ. /хх-ийн 43 дахь тал/

 

Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу 45-99 УБУ улсын дугаартай тоёота альпард маркийн тээврийн хэрэгслээр Н, Б, ХотолБ, М, С нарын хамт ажлаар явсан юм. Тухайн үед Б гэх хүнийг машиных нь хамтаар түрээсэлж авч явсан юм. Тэгээд Цогт-Овоо сум өнгөрөөд цаашаа Даланзадгад сумын чиглэлд 60 километр явж байгаад жолооч нэг том оврын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд буцаж эгнээндээ орох үед машин нь гэнэт шарваад онхолдсон. Тухайн үед жолооч хариуцлага алдсан байх. Тухайн осол болсон хэсэгт буюу том машин гүйцэж түрүүлээд эргэж эгнээндээ орох үед замын гол хэсэгт овоорсон цасан дээр шарвуулаад тэр чигтээ замын хажуу тал руу онхолдсон. Тухайн үед жолооч уг замын голд байсан цас мөсийг өнгөрөөд эргэж эгнээндээ орсон бол уг осол болохгүй байх байсан. Урдаас буюу эсрэг урсгалд бол ямар нэгэн машин байгаагүй. Тухайн мөс миний нүдэн багцаагаар харахад 8 орчим метр байсан. /хх-ийн 48 дахь тал/

 

Гэрч Х.Ммөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу албан ажлаар 45-99 УБУ улсын дугаартай Тоёота альпард маркийн тээврийн хэрэгслээр ээж Н, Б, ХотолБ, аав Х, С нарын хамт явсан юм. Тэгээд Цогт-Овоо сум өнгөрөөд цаашаа Даланзадгад сумын чиглэлд 60 километр явж байгаад жолооч Б нэг том оврын ачааны тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд буцаад эгнээндээ орох үед машин нь гэнэт шарваад онхолдсон. Би ч тухайн үед тээврийн хэрэгслийн хамгийн арын суудалд сууж явсан. Машин эхлээд нэг удаа шарваад тэгээд хөндөлдөөд замын баруун тал руу хажуу талаараа онхолдоод нэг удаа өнхрөөд хажууд талаараа ойчсон. Тэгээд замаар явж байсан хүмүүс туслаад машиныг татаж босгоод эмнэлэг цагдаа дуудаж өгсөн. /хх-ийн 51-52 дахь тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг өнгөрч байхад замын автомашинд сууж Улаанбаатар хотын чиглэлд явж байгаад зам тээврийн осол аваарт орсон юм. Тухайн цаг хугацаанд уг автомашин дотор жолоочоос гадна зургаан хүн зорчин явсан ба уг зургаан хүний нэг нь би байгаа юм. Ослын улмаас гэмтэл авч Өмнөговь аймгийн БОЭТ-ийн эмнэлэгт үзүүлсэн тэгээд хагалгааны заалтай гэсэн тул онгоцоор Улаанбаатар хотод 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдөр 14 цагийн орчимд ирсэн. Онгоцоор нааш ирсэн төлбөрийг автомашины жолооч Б төлсөн байх надаас бол мөнгө төгрөг аваагүй. Улаанбаатар хотод ирээд Гэмтлийн эмнэлэгт 3 хоног эмчилгээ хийлгэсэн. Тухайн цаг хугацаанд зарцуулагдсан эм, тариа эмчилгээний мөнгийг Б өгсөн. Мөрний хагалгаа хийлгэх байсан учир эмнэлгээс гарсан. Гэрээр бол дандаа өвчин намдаах эм тариа хэрэглэсэн тэгээд 2022 оны 10 дугаар сарын 22-ний өдөр Мэлтэс мед эмнэлэгт 10 хоног хэвтэж зүүн мөр хэсэгт хагалгаа хийлгэж 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарсны дараа миний биед өвдөлт их байсан учир эм тариа авч ууж хэрэглэсэн. Хэсэг эм ууж хэрэглээгүй хартал миний нурууны өвчин надад мэдрэгдэхээр өвдсөн. Хөлөө дааж чадахгүй болсон тэгээд Мэлтэс мед эмнэлэгт дахин үзүүлсэн. Дараа нь Улсын хоёрдугаар эмнэлэгт үзүүлсэн эмчийн бичсэн заалтын дагуу эм тариа авах талаар зөвлөсөн өвчин намдахгүй бол дахин эмчилгээ хийлгэнэ гэсэн юм. Надад нийт 1.937.000 /нэг сая есөн зуун гучин долоон мянган төгрөг/ Б өгсөн. Одоо хоёрдугаар эмнэлэгт дахин эмчилгээ хийлгэхээр 2023 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн цаг авчихсан байгаа тэрнээс хойш өөрийнхөө нуруунд эмчилгээ хийлгэхээр эмчтэй ярилцсан. Ямар эмчилгээ хийх талаар мэдэхгүй байна. Түүнд зарцуулагдсан мөнгө төгрөгийг тухай үед нь Бгаас нэхэмжлэх болно. Автомашины жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн тухайн цаг хугацаанд гадаа хүйтэн зам тэрүүхэн хэсэгт жоохон газар халтиргаатай байсан. Тээврийн хэрэгслийн жолооч Б тухайн үед эрүүл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би автомашины хамгийн арын суудлын дунд хэсэгт сууж явсан болохоор тухайн цаг хугацаанд хэдэн километр цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. /хх-ийн 189 дэх тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 503 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ш.Нын биед зүүн эгэм, зүүн талын VI, VII, VIII хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас цээжний хөндийн зүүн талд цус хуралдалт үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 70 дахь тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 502 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ж.Сын биед зүүн эгэмний хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 74 дэх тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны  03 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Бүсэлхий нурууны тодосгогчгүй соронзон резонанст            томограффикийн шинжилгээгээр Ж.Сын биед бүсэлхий 6 нугалам тодорхойлогдоно, ууцны 31 нугалам 2 талдаа бүсэлхийн нугаламд шилжсэн гэсэн бүтцийн өөрчлөлт илэрсэн нь төрөлхийн бүтэц зүйн өвөрмөц байдал болно. L1, L2 жийргэвчинд төвийн байрлалтай, мөгөөрсөн цагираг ар хэсэгтэй урагдалтай, L5, LS1 түвшинд бага зэрэг цүлхийлттэй, 2 талын дамжих мэдрэлийн язгуурыг шүргэсэн гэх зэрэг дискний бүтцийн эвдрэлтэт өөрчлөлтүүд нь гэмтэлтэй холбоогүй болно. 3. 4. Тус соронзон резонанст томограффикийн шинжилгээгээр гэмтлийн гаралтай бүтцийн өөрчлөлт тогтоогдоогүй байна. /хх-ийн 204 дэх тал/

 

Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн магадлагаанд: Жолооч Э.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн. байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. /хх-ийн 86-87 дахь тал/

 

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би урьд нь энэ асуудлаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой бүгдийг ярьсан учраас одоо нэмж ярих зүйлгүй. Би хохирогчийн зүгээс гаргасан нэхэмжлэлүүдийг төлж барагдуулсан. /хх-ийн 62 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 100 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 95 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 96 дахь тал/

Жолоочийн лавлагаа /хх-ийн 97 дахь тал/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 101-122 дахь тал/

Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 125-139 дэх тал/

Эмнэлгийн бичиг баримтын хуулбар /хх-ийн 191-196 дахь тал/

Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 19 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын Цогт-Овоо сумаас баруун тийш 55 дахь километрт засмал зам дээр Тоуоtа alphard маркийн 45-99 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэх заалтыг тус тус зөрчин осол гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.  

 

           Улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Ж.Сын биед зүүн эгэмний хугарал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Ш.Нын биед зүүн эгэм, зүүн талын VI, VII, VIII хавирганы хугарал гэмтэл бүхий хүнд гэмтэл тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна.  

 

 Тодруулбал: Хохирогч Ш.Нын: 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу 45-99 УБУ улсын дугаартай Тоёота альпард маркийн тээврийн хэрэгслээр Х Б, ХотолБ М, С нарын хамт явсан юм. Тухайн үед тээврийн хэрэгслийг Б гэх хүн жолоодож явсан. Тэгээд Цогт-Овоо сум өнгөрөөд 60 орчим километр явж байгаад жолооч Б нэг том оврын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд буцаж эгнээндээ орох үед машин нь шарваад замын хажуу тал руу онхолдсон. Тэгээд тэнд нутгийн машинтай хүн таараад намайг болон ХотолБ, С нарыг Өмнөговь аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ гэх мэдүүлэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Сын: 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу Н, Б, ХотолБ, Х, Мжолооч Б нарын хамт явж байсан. Тэгээд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум өнгөрөөд 60 орчим километр явж байтал жолооч Б ачааны машин гүйцэж түрүүлээд буцаж эгнээндээ орох үед замын голд байх мөстсөн хэсэг дээр машин нь хальтраад шарваад замын баруун тал руу онхолдоод машин нь хөрвөөгөөд хажуу талаараа ойчсон /хавтаст хэргийн 43 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Э.Хын: 2022 оны 10 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу 45-99 УБУ улсын дугаартай тоёота альпард маркийн тээврийн хэрэгслээр Н, Б, ХотолБ, Мөнх-Оргил, С нарын хамт ажлаар явсан юм. Тухайн үед Б гэх хүнийг машиных нь хамтаар түрээсэлж авч явсан юм. Тэгээд Цогт-Овоо сум өнгөрөөд цаашаа Даланзадгад сумын чиглэлд 60 километр явж байгаад жолооч нэг том оврын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд буцаж эгнээндээ орох үед машин нь гэнэт шарваад онхолдсон. Тухайн үед жолооч хариуцлага алдсан байх. Тухайн осол болсон хэсэгт буюу том машин гүйцэж түрүүлээд эргэж эгнээндээ орох үед замын гол хэсэгт овоорсон цасан дээр шарвуулаад тэр чигтээ замын хажуу тал руу онхолдсон. хх-ийн 48 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М-ын: 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу албан ажлаар 45-99 УБУ улсын дугаартай Тоёота альпард маркийн тээврийн хэрэгслээр ээж Н, Б, ХотолБ, аав Х, С нарын хамт явсан юм. Тэгээд Цогт-Овоо сум өнгөрөөд цаашаа Даланзадгад сумын чиглэлд 60 километр явж байгаад жолооч Б нэг том оврын ачааны тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд буцаад эгнээндээ орох үед машин нь гэнэт шарваад онхолдсон /хх-ийн 51-52 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Нын биед зүүн эгэм, зүүн талын VI, VII, VIII хавирганы хугарал гэмтэл бүхий хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 503 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70 дахь тал/-ээр,

 

Хохирогч Ж.Сын эрүүл мэндэд зүүн эгэмний хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 502 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74 дэх тал/-ээр тус тус тогтоогдож байна.

 

Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн магадлагаагаар “Жолооч Э.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн. байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна” /хх-ийн 86-87 дахь тал/ гэж үзсэн бөгөөд хэргийн оролцогчид энэхүү магадлагааг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

Шүүгдэгч Э.Б нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын Цогт-Овоо сумаас баруун тийш 55 дахь километрт засмал зам дээр Тоуоtа alphard маркийн 45-99 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэх заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас зорчигч Ж.Сын биед зүүн эгэмний хугарал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч Ш.Нын биед зүүн эгэм, зүүн талын VI, VII, VIII хавирганы хугарал гэмтэл бүхий хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.  

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Над хүнд хохирол учирсан ба хохирогч Ш.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ болон шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний хохирлыг төлж барагдуулсан, өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тул шүүгдэгч Э.Бг хохирогч Ш.Над төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Одоогоор баримтаар нотлогдож байгаа 3.519.917 төгрөгийн зардал, зайлшгүй гарах 2.190.000 төгрөг, нийт 5.709.917 төгрөгийн зардлыг гаргуулж өгнө үү” гэх тайлбарыг гаргав.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Э.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.

Хохирогч Ж.С ...нурууны хагалгаа хийлгэх шаардлагатай ба үүнтэй холбоотой эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, хохирогчийн гэмтэлтэй холбоотой эмнэлгийн баримт, бусад нотлох баримтуудыг цуглуулж, уг нотлох баримтуудад үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргуулжээ.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны  03 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Бүсэлхий нурууны тодосгогчгүй соронзон резонанст томограффикийн шинжилгээгээр Ж.Сын биед бүсэлхий 6 нугалам тодорхойлогдоно, ууцны 31 нугалам 2 талдаа бүсэлхийн нугаламд шилжсэн гэсэн бүтцийн өөрчлөлт илэрсэн нь төрөлхийн бүтэц зүйн өвөрмөц байдал болно. L1, L2 жийргэвчинд төвийн байрлалтай, мөгөөрсөн цагираг ар хэсэгтэй урагдалтай, L5, LS1 түвшинд бага зэрэг цүлхийлттэй, 2 талын дамжих мэдрэлийн язгуурыг шүргэсэн гэх зэрэг дискний бүтцийн эвдрэлтэт өөрчлөлтүүд нь гэмтэлтэй холбоогүй болно. 3. 4. Тус соронзон резонанст томограффикийн шинжилгээгээр гэмтлийн гаралтай бүтцийн өөрчлөлт тогтоогдоогүй байна /хх-ийн 204 дэх тал/ гэснээр шүүгдэгч Э.Б нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Ж.Сын нуруунд гэмтэл учраагүй болохыг тусгай мэдлэгийн шинжээч тогтоосон ба хохирогч дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, үүнтэй холбоотой нэхэмжлэлийг гаргаагүй болно.

Шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 3.490.250 төгрөгийг шүүгдэгч Э.Бгаас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Сад олгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

Хохирогч Ж.С нь эгэм хугарсан хүндэвтэр гэмтлийн улмаас хугарлын ялтсан чиг ба бусад дотуур бэхлэлт хийлгэсэн ба уг бэхлэлт хийлгэсэн чигийг авахуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан рентген фото зураг болон эмнэлгийн бичиг баримтаар тогтоогдож байна.

Хохирогч нь хугарлын ялтсан чиг ба бусад дотуур бэхлэлт авах хагалгааны зардалтай холбоотой нотлох баримтыг бүрдүүлж, хагалгаа хийх эмнэлгийн байгууллага болох Мэлтэс мед эмнэлэг энэхүү хугарлын ялтсан чиг ба бусад дотуур бэхлэлтийг авах хагалгаа хийлгэх зардалд 2.762.200 төгрөг зарцуулах талаар тооцооллыг гаргаж, нотлох баримтын шаардлага хангуулж, хавтаст хэрэгт ирүүлсэн байх тул шүүх эгэмний хадаас авах хагалгаатай холбоотой зардлын баримтуудыг нотлох баримтад тооцох үндэслэлтэй байна.

Иймд хохирогч Ж.Сын эгэмний хугарлын ялтсан чиг ба бусад дотуур бэхлэлт авах хагалгаатай холбоотой зардалд 2.762.200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хохирогч Ж.С эгэмний гэмтэлтэй холбоотой зарим төрлийн эм тариаг эмчийн заалтаар хэрэглэж байгаа болох нь амбулаториор эмчлүүлэгсдийн картад бичигдсэн эмчийн тэмдэглэгээгээр тогтоогдож байх ба уг баримтыг мөрдөгч хуулбарлан авч хавтаст хэрэгт тусгасан байна.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хэрэглэж байгаа эм тариатай холбоотой зардлыг төлөхөө илэрхийлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эгэм ясны рентен зураг 25.000 төгрөг, Цагаан бүжин ХХК-ийн 203.100 төгрөгийн баримт, Монос эмийн сангаас эм авсан 112.040 төгрөг, эм авсан 110.000 төгрөгийн баримт, Эмчилгээ зөвлөгөө 60.000 төгрөг, эмчилгээ зөвлөгөө 60.000 төгрөг, Монос эмийн сангаас эм авсан 157.910 төгрөг нийт 728.050 төгрөг, хугарлын ялтсан чиг ба бусад дотуур бэхлэлт авах хагалгааны зардал 2.762.200 төгрөг, нийт 3.490.250 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ж.Сад олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч Э.Б хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага авч шүүхийн шийдвэрийг биелүүлж, 3.490.250 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл бий болов.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 1.937.000 төгрөгийг хохирогч Ж.Сад төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хохирол төлбөр төлсөн талаарх баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт хохирогч Ж.Сад нийт 5.427.250 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар “хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй” боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.

Хохирогч Ж.С нь ...өдрийн 60.000 төгрөгөөр нөхөн сэргээх эмчилгээ 2 хоног хийлгэж байгаа, одоо 8 хоног эмчлүүлэх шаардлагатай, уг төлбөрийг гаргуулна. Мөн хагалгааны дараа эмчилгээ хийлгэхэд 1.000.000 төгрөг орчим болно. Үүний төлбөрийг нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйн улмаас шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн хохирогчийн шүүхэд ирүүлсэн хохирол төлбөртэй холбоотой баримтуудаас хохирогчийн нэр бичигдээгүй, хэн авсан болох нь тодорхойгүй 29.670 төгрөгийн баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд хохирогч Ж.С нь нотлох баримтын шаардлага хангаагүй болон нотлох баримтгүй нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал 2.219.667 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэнийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Бгийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 98 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95 дахь тал/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 96 дахь тал/, Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 97 дахь тал/ зэрэг баримтаар тодорхойлогдож байна.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж заасан байх ба шүүгдэгч Э.Бгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах зардлаа нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлуудыг харгалзан хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Э.Б ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Хорих ял оногдуулахгүйгээр ялыг минь хөнгөлж өгнө үү гэх тайлбар тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.Бг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж хуульчилсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Б нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Ш.Над 2.018.055 төгрөг, хохирогч Ж.Сад 5.427.250 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Бгийн жолоочийн үнэмлэхийг хэрэгт эд мөрийн баримтаар хураах ажиллагааг мөрдөгч, прокурор хийх ёстой боловч, энэхүү ажиллагааг хийгээгүй, жолоочийн үнэмлэхийг хавтаст хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үндсэн ялтай хамт заавал хэрэглэхээр хуульчилсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг хурааж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг шүүгдэгчийн оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болох Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ү овогт Э-ын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Б нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бгаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 3.490.250 /гурван сая дөрвөн зуун ерэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Сад олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүгдэгч Э.Б биелүүлсэн, хохирогч Ж.С нь цаашид гарах эмчилгээний зардал 2.219.667 /хоёр сая хоёр зуун арван есөн мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.  Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Ж.Сад 5.427.250 төгрөг, хохирогч Ш.Над 2.018.055 төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Э.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг хурааж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА