Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/238

 

 

 

    2023         03           27                                   2023/ШЦТ/238

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар,

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос Х овогт Т-н Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн *** суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл урлагийн Их сургуулийн оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн *** сумын ** оршин суух хаягтай гэх боловч одоогоор Баянгол дүүргийн *** дугаар хороо, ** дугаар байрны *** тоотод оршин суудаг гэх, “...”-д хамгаалагч ажилтай гэх, ял шийтгэлгүй, Х овогт Т-н Т /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.Т нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийтийн караокены гадна хохирогч С.Этой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь дух, хоёр чих, доод уруулын салст, баруун дал, хоёр тохой, зүүн бугалга, зүүн шуу, хоёр сарвуунд зулгаралт, хүзүү, баруун нүдний зовхи, баруун нүдний алим, доод уруул, баруун тохой, зүүн шуу, зүүн мөр, зүүн даланд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т-ийн өгсөн “...Тухайн өдөр би нэг ахтайгаа хамт баар руу ороод 4 шил пиво авч уусан. Тэнд хүмүүстэй танилцаад нийтийн караоке орсон. Хөлөө авах гээд хөлөөрөө тийрсэн. Тэндээс шууд гэмтэл явж хөмсгөө оёулсан...” гэх мэдүүлэг,

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Э-ийн хохирогчоор өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчимд найзтайгаа хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед ороод 3 залуутай танилцсан. Бид нар тус газраас гараад Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийтийн караоке орсон. Тус караокед ороод нэг шил 0.75 граммын хэмжээтэй архи авч хувааж уусан. Тэгээд байж байгаад тамхи татах гээд тус газраас П, Т нарын хамт гарсан. Баарны гадаа байж байгаад Т-тэй нь маргаж би түүний толгой хэсэг рүү цохих үед буцаагаад намайг цохисон. Би Т гэх залууг дахин цохих үед намайг унагааж байгаад толгой хэсэг рүү өшиглөсөн. Тэр үед П хүрч ирээд нурууны ар хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би газар хэвтэж үлдээд тэд нар явчихсан. Т миний толгой, нүүр, гар руу цохиж өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б-н  гэрчээр өгсөн:

“...Тухайн өдөр би найз Э-ийн хамт нийтийн караоке ороод 12 шил пиво захиалж хувааж уусан. Э тамхи татахаар гарахаар нь араас нь гарахад 3 залуутай танилцаад зогсож байсан... Бид нар хамт Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийтийн караоке ороод нэг шил архи захиалаад хувааж уусан. Тэгээд бид нар сууж байсан чинь Э үл таних 3 залуугийн хамт тамхи татна гээд гарсан. Араас нь гарахад үл таних 3 залууд  зодуулж байхаар нь салгах гэхэд манай найз үл таних залуучуудтай зодоон хийгээд байсан. Манай найз Т.Т гэх залуугийн хөмсөг хэсэг рүү нь нэг удаа цохиход хөмсөгнөөс нь цус гарсан. Тэгээд салгах гэсэн боловч салахгүй, үл таних 3 залуу манай найзыг зодсон. Манай найз газар унаад босохгүй байсан. Гэтэл тэр 3 залуу таксинд суугаад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай ...С.Э-ийн биед дух, хоёр чих, доод уруулын салст, баруун дал, хоёр тохой, зүүн бугалга, зүүн шуу, хоёр сарвуунд зулгаралт, хүзүү, баруун нүдний зовхи, баруун нүдний алим, доод уруул, баруун тохой, зүүн шуу, зүүн мөр, зүүн даланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдуулагдахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Тийн яллагдагчаар өгсөн:

...2022 оны 10 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед ах П-тэй уулзаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийтийн караокед орцгоосон. Тэнд ороод 1 шил архи, 4 пиво захиалсан. Үл таних 2 залуугийн нэг нь хундага авч шидээд агсам тавиад эхлэх үед нь би очоод яасан талаар нь тэр залуугаас асуух үед түүний хамт явсан залуу Э хүрч ирээд найзыгаа өмөөрч миний толгой хэсэг рүү цохисон. Бид нар тус газраас гараад гадаа зогсож байтал Э хүрч ирээд миний толгойг цемент мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Т нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийтийн караокены гадна хохирогч С.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Э-ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны *** дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Т.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Т.Т-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч С.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч С.Э-ийн “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Т.Т-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

         Энэ хэргийн улмаас шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Х овогт Т-н Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Т.Т-т Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар Т.Т-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин Т болтол Т.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ