Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/253

 

 

 

 

 

 

 

   2023          03          30                                   2023/ШЦТ/253

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Б.С,

хохирогч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-н С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, “***” бааранд зөөгч ажилтай гэх, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-н С /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга /яллах дүгнэлтэд зааснаар/:

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” /***/ нэртэй бааранд согтуугаар хохирогч С.Н-тай үл ялих зүйлээс болж маргалдан биед нь халдан түлхэж хана мөргүүлж, түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн хохирогч С.Н-н “Ай Фоне 13 про” маркийн гар утсыг булаан авч, газарт шидэж арын шилэн корпус, камер зэргийг эвдэлж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С-н өгсөн “...Куртка /хүрэм/-аас болж маргалдсан. Манай найзаас С.Н куртка алга болчлоо гээд асуусан байсан юм. Би С.Н-н ардаас нь очоод манай найзаас курткаа асуусан юм уу гэхэд тийм гэж хэлсэн. Би зүгээр хэлээд явах гэж байтал ардаас ямар хэрэгт дуртай гичий вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь цохисон...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Н-ын өгсөн: “....С миний утсыг аваад газар савсан. Тус ариун цэврийн өрөөнд 2 хүн байсан, болиоч гэж хэлж байсан. Намайг ариун цэврийн өрөө ороход С араас орж ирсэн. Яасан бэ гэхэд манай найзуудаас курткаа асуугаад байна гэж хэлсэн. Гэтэл тэр найзууд нь энэ хүнийг танихгүй гэж хэлсэн. Одоо 760,000 төгрөг нэхэмжилж байгаа. Утасны хохирол 400,000 төгрөг, эмчилгээний 54.270 төгрөг, мөн ажилгүй байсан үеийн  300.000 төгрөг,  нийт 760.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд С.Н-н хохирогчоор өгсөн:

“...2022 оны 12 дугаар  сарын 30-ны орой 23 цагийн үед би Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” гэх нэртэй бааранд ороод зүүн гар талын ширээн дээр сууж байтал өөр хүмүүсийг надтай хамт суулгачихсан. Тэгээд би пиво уусан. Ойролцоогоор 2 цаг орчим өнгөрч байхад нойл орчихоод иртэл миний куртка алга болчихсон байсан. Гэтэл цуг сууж байсан хүүхдүүдийн тал нь байхгүй байхаар нь би хамгаалагчид нь хэлээд курткаа хайгаад нойл руу ортол нэг үл таних эмэгтэй араас ирээд “чи яахаараа манай найзуудаас курткаа асуугаад байгаа юм, чиний курткаар манай найзууд яадаг юм” гэж хэлэхээр нь би “хүн андуураад байгаа юм биш үү” гэхэд тэр эмэгтэй “за за” гэж хэлээд бид хоёр нойлоос гарсан. Гэтэл тэр эмэгтэй гэнэт үснээс зулгаагаад доош дарж чирсэн. Нойлоос хүмүүс гарч ирээд болиоч гэтэл тэр охин яваад өгсөн. Тэгээд би нойл руу орж толинд харахад миний зүүн талын хөмсөг сэтэрчихсэн байсан. Нойлд байсан залуу намайг хамгаалагч нар дээр хүргэж өгөхөөр нь би камерийн өрөөнд нь хүлээж байтал хамгаалагч тэр эмэгтэйг найзтай нь хамт дагуулаад ороод ирсэн... Намайг гар утсаа барьчихсан байхад тэр эмэгтэй миний гар утсыг булааж аваад газар руу савчихсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай ...С.Н-н биед зүүн хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

“Т” ХХК-ийн “... “Айфоне 13 про” маркийн гар утасны арын

шилэн корпус, камерийг 400.000 төгрөг...”-өөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

            “Т ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөрийн баримт /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

            Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.С-н яллагдагчаар өгсөн:

“...Би уг гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй... Би тэр эмэгтэйтэй муудалцаад түүнийг түлхсэн. Тэгээд тэр эмэгтэй арагшаа унахдаа гар утсаа гартаа  барьчихсан байсан болохоор дараад унасан. Унахдаа ар толгойгоо угаалтуурт цохисон. Тэгээд босож ирэхэд духнаас нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” /**/ нэртэй бааранд хохирогч С.Н-тай үл ялих зүйлээс болж маргалдан биед нь халдан түлхэж хана мөргүүлж, түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн хохирогч С.Н-н “Ай Фоне 13 про” маркийн гар утасны арын шилэн корпус, камерийг эвдэлж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.С ...би тэр эмэгтэйтэй муудалцаад түүнийг түлхсэн. Гэтэл тэр эмэгтэй арагшаа унахдаа гар утсаа гартаа барьчихсан байсан болохоор дараад унасан. Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээснээ хүлээн зөвшөөрөхгүй... гэж мэдүүлснийг болсон үйл баримтын талаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалвал хохирогч С.Н хэрэг учрал болсны дараа анх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...миний гар утасны дэлгэц хагарсан, надтай маргалдсан хүн миний утсыг хагалсан, намайг зодсон хүн миний утсыг эвдэлсэн тул хохирлоо төлүүлмээр байна... гэж /хх-ийн 4/, шүүгдэгч Б.С мөн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...би санаандгүй мөрлөсөн, гэтэл тэр охины гар утас гарнаас нь унасан, газраас тэр охин утсаа авчихаад намайг хэл амаар доромжилсон, ...тэгээд цээж хэсэг рүү нь нэг удаа түлхсэн гэтэл хойшоо унахдаа гартаа байсан утсаа хананд саваад унасан гэж /хх-ийн 6/ тус тус мэдүүлжээ.

 

Үүнээс үзэхэд хохирогч С.Н-н “Ай Фоне 13 про” маркийн гар утасны арын шилэн корпус, камер эвдэрч бага хэмжээнээс дээш хохирол буюу 400.000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөн шүүгдэгч Б.Сэлэнгийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээснээ хүлээн зөвшөөрөхгүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.Сэлэнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулах санал дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй болон түүний хувийн байдал  зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв. 

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч С.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч С.Н нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд шүүгдэгчээс нийт 774270 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс нотлох баримтын шаардлага хангасан шүүх эмчилгээний зардалтай холбоотой гарсан 54.270 төгрөг /хх-ийн 27 дахь/, “Айфоне 13 про” маркийн гар утасны арын шилэн корпусыг 400.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 21-22 дахь тал/, тус үнэлгээг хийлгэсэн зардал 20.000 төгрөг /хх-ийн 20 дахь тал/, нийт 474.270  /дөрвөн зуун далан дөрвөн мянга хоёр зуун далан/ төгрөгийг шүүгдэгч Б.Сэс гаргуулж хохирогч С.Наранцацралд олгох нь зүйтэй байна.

 

Харин хохирогч С.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “МОНТС” ХХК-ийн чөлөө олгох хуудсаар Санхүү бүртгэлийн албанд нягтлан бодогч ажилтай С.Н-г эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны  01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цалингүй чөлөө олгов...” гэх баримтыг шинжлэн судлахад нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирогч С.Н нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.С-ээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н С-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүнд оногдуулсан ялыг 480 /дөрвөн зуун наян/ цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-эс нийт 474.270 /дөрвөн зуун далан дөрвөн мянга хоёр зуун далан/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Н-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч С.Н гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.С-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ