| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 224/2019/0019/э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2019-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 22
Д.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 370 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, Д.М-т холбогдох эрүүгийн 1935001160065 дугаартай, 2 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Болорзаяа, прокурор Я.Дина, шүүгдэгч Д.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат нар оролцов.
1. Монгол улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт .....оршин суух, Ш ургийн овогтой Д-гийн М.
Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Ховд сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Ж.Ю-Үгийн гэрээс хуучин цагийн алтан нухтай харлаг манан хөөрөг, Винтов-8 бууны заамаг, тонгорог хутга 1 ширхэг болон 15000 /арван таван мянга/ төгрөг зэргийг хулгайлж, 9740000 /есөн сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол, хохирогч Ж.Ю-Үгийн 240000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий 2 нүдний дуранг хүч хэрэглэж дээрэмдэж авсан, хохирогч Ю.Содномгомбыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангас овогт Дүгэрсүрэнгийн Мөнхбаярт холбогдох 1935001160065 дугаартай эрүүгийн хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ “Анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 370 дугаар захирамжийн тодорхойлох хэсгийн 2, 3 дахь хэсэг нь үндэслэлгүй болжээ.
1.Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2-д “Анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 266 дугаар захирамжинд хохирогч Ж.Ю-Үгийн мэдүүлгийн зөрүүг арилгах талаар заасан заалтыг бүрэн биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь мэдүүлгийн зөрүүг арилгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй гэж үзэх бөгөөд үүнийг шалган тогтоох ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байна” гэжээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 266 дугаар захирамжинд заагдсан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос дахин мэдүүлэг авах замаар биелүүлсэн болно. Мөн хэрэг шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Ю-Үгээс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нийт 4 удаа авсан мэдүүлэгт “2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрийнхээ хойд талын толгой дээр мал дурандаад сууж байтал Мөнхбаяр гэдэг залуу согтуу мотоцикльтой ирээд намайг түлхэж хоёр нүдний дуран булааж аваад заамдаж гэр рүү чирч оруулсан” талаар мэдүүлэг өгсөн байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд яллагдагч Д.М нь хохирогч Ж.Ю-Үгээс эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан болох нь тогтоогдсон байхад шүүгчийн захирамжинд хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байх тул мэдүүлгийн зөрүүг арилгах, мэдүүлгийг газар дээр нь шалгах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна. Хохирогч Ж.Ю-Ү нь хэнд эд хөрөнгөө дээрэмдүүлсэнээ тодорхой зааж хэлж, мэдүүлсэн байхад түүнээс дахин мэдүүлэг авах, нүүрэлдүүлж мэдүүлэг авах, мэдүүлгийг газар дээр нь шалгах зэрэг ажиллагаа хийлгэх гээд байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтанд үндэслээд Д.М нь хүч хэрэглэхгүйгээр эсхүл хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн үү гэдэг шийдэл, дүгнэлтэнд хүрч чадахгүй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Ж.Ю-Үгийн удаа дараа өгсөн мэдүүлэгт агуулгын хувьд ноцтой зөрүүтэй мэдүүлэг өгсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогч Ж.Ю-Ү нь гэрийнхээ ойролцоо толгод дээрээс гэр рүүгээ алхаж байх замдаа яллагдагч Д.Мт дээрэмдүүлсэн талаар мэдүүлсэн. Дээрэмдэх гэмт хэрэг гарах үед хохирогч, яллагдагчаас өөр гэмт хэрэг үйлдэгдэж байхыг нүдээр харсан гэрч байхгүй байна. Гэтэл шүүх хохирогч Ж.Ю-Үгээс нүүрэлдүүлж мэдүүлэг авах шаардлагатай гэж захирамжиндаа дурдсан нь үндэслэлгүй, хохирогчийг хэн гэдэг гэрчтэй нүүрэлдүүлж мэдүүлэг авахуулах гээд байгаа нь тодорхойгүй, Эрүүгиин хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нүүрэлдүүлж мэдүүлэг авах мэдүүлгийг газар дээр нь шалгах зэрэг хэд хэдэн ажиллагааг ямар зорилгоор хийлгэх гээд байгаа болох нь тодорхойгүй, хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдсэн, хохирогч хэдийд хаана, хэнд эд хөрөнгөө дээрэмдүүлсэнээ тодорхой мэдүүлсээр байхад дахин шинэ нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна.
2. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 3-д дурьдсан нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Хэрэг бүртгэлтийн 193500120 дугаартай хэрэгт анх удаа хохирогч Ю.Сос мэдүүлэг авахад 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Ховд сумын 4 дүгээр багийн нутагт дэвсгэрт иргэн Д.Мт зодуулсан талаараа мэдүүлжээ. Хохирогч Ю.С, гэрч Ю.Эрдэнэлхам, Ч.Уунганцэцэг нарын мэдүүлэг болон шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг үндэслэж 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн Д.Мт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад яллагдагч Д.М нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Ю.Содномгомбыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.
Прокуророос 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр яллагдагч Д.М холбогдох хэргийг шүүхэд шижлүүлэхдээ 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтэнд дурдсан. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодохойлох хэсгийн 3-д “яллах дүгнэлт үйлдэх үед Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолоор тогтоосон хэргийн нөхцөл байдал /цаг хугацаа, хохирол, зүйлчлэл гэх мэт/-аас өөр нөхцөл байдал тусгагдах ёсгүй бөгөөд ийм нөхцөл байдал тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах замаар хэргийн үйл баримтаа нэг мөр тогтоосны үндсэн дээр яллах дүгнэлт үйлдэж байхыг анхаарах нь зүйтэй” талаар дурдсан байна.
Шүүгчийн захирамжийн энэхүү хэсгээс үзэхэд эрүүгийн хэрэг үүсгэж; яллагдагчаар татах тогтоол үйлдэгдэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсаны дараагаар гэмт хэрэг өөр цаг хугацаанд үйлдэгдсэн тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрлөлт оруулсаны дараагаар хэрэгт яллах дүгнэлт үйлдэж байх талаар дурдсан байгаа нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоол нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тохиолдол нь яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэгт буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх эсхүл нэмэлт оруулахаар хуульд зохицуулалт хийсэн байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг шалгахад гэмт хэрэг өөр цаг хугацаанд үйлдэгдсэн нь тогтоогдсон тул прокурор энэхүү нөхцөл байдлыг яллах дүгнэлтэнд яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн цаг хугацаа болон бусад шинжийн тодорхой дурдсан байхад заавал эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд дахин өөрчлөлт оруулах шаардлагагүй юм.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 370 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2, 3 дахь үндэслэл нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг зөрчсөн үндэслэлгүй хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарласан байх тул хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэл нь үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүх өмнө нь уг хэргийг прокурорт буцаасан.
Гэтэл Прокурор анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 266 дугаар захирамжинд хохирогч Ж.Ю-Үгийн мэдүүлгийн зөрүүг арилгах талаар заасан заалтыг бүрэн биелүүлээгүй байдаг шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Мөн прокурорын яллах дүгнэлт зөрүүтэй засвартай үүнийгээ ч прокурор хүлээн зөвшөөрдөг. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 370 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж нь үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:” Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 370 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2, 3 дахь үндэслэл нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг зөрчсөн үндэслэлгүй хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарласан байх тул хүчингүй болгуулах саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.
Увс аймгийн прокурорын газраас Д.Мыг согтуугаар 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Ховд сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Ж.Ю-Үгийн гэрээс хуучин цагийн алтан нухтай харлаг манан хөөрөг, Винтов-8 бууны замаг, тонгорог хутга 1 ширхэг болон 15000 / арван таван мянга/ төгрөг зэргийг хулгайлж 9740000/ есөн сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Ж.Ю-Үгийн 240000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий 2 нүдний дуранг хүч хэрэглэж дээрэмдэж авсан, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Ю.Содномгомбыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Мт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явуулж, 370 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Прокурор Д.М-т холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5.2 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж, яллагдагч Д.Мт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй мөртлөө авсан мэтээр тусган, уг яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулсан байх ба уг зөрчлийг шүүх хуралдаанаар засах боломжгүй бөгөөд прокурор энэхүү алдааг зөвшөөрч, эсэргүүцлийн үндэслэл болгоогүй байна.
Мөн яллагдагч Д.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/ ”–ыг хангалттай шалгаж тодруулаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Ю-Үгийн 4 удаагийн мэдүүлэг хэрэгт авагдсан боловч уг мэдүүлгүүд агуулгын хувьд хоорондоо зөрүүтэй байх ба хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгах, мэдүүлгийн эх сурвалжийг нягтлан шалгах зэргээр гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй байна. Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүхийн “Яллах дүгнэлт үйлдэх үед Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолоор тогтоосон хэргийн нөхцөл байдал /цаг хугацаа, хохирол, зүйлчлэл гэх мэт/-аас өөр нөхцөл байдал тусгагдах ёсгүй бөгөөд өөр нөхцөл байдал тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах замаар хэргийн үйл баримтаа нэг мөр тогтоосны үндсэн дээр яллах дүгнэлт үйлдэх нь зүйтэй” гэх дүгнэлт буюу яллагдагчаар татах тогоолд тусгасан гэмт хэрэг гарсан цаг хугацаа яллах дүгнэлт үйлдэх үед өөрчлөгдвөл яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэх агуулга бүхий дүгнэлт нь үндэслэлгүй байна. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж заасан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвхөн яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэгт буруутгаж байгаа эрүүгийн хуулийн зүйл хэсэг, заалтыг өөрчлөх, эсхүл нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, эсхүл өөрчлөлт оруулна гэж ойлгохоор байна.
Түүнчилэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор явуулж байгаа ажиллагааг мөрдөн байцаалт гэнэ” гэж заасан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг үндэслэн явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоож, яллах дүгнэлтэнд тусгасан нь хуульд нийцсэн ба үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаархи прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 370 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Увс аймгийн Прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай прокурорын эсэргүүцлийн “Шүүгчийн захирамжийн 3 дахь үндэслэлийг хүчингүй болгож өгнө үү” гэх хэсгийг хүлээн авсугай.
2. Хэрэг прокурорт очтол Д.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Л.АЛТАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН