Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2025/0271

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М*******

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч Д.Нарм*******, Ч.М*******

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагчийн 90.918.081,82 төгрөгийн нөхөн татвар, 36.367.232,72 төгрөгийн торгууль, 52.079.041,46 төгрөгийн алданги, нийт 179.364.356 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн НА-22240000040 тоот нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0050 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М*******

Хариуцагч Ч.М*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0733/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э*******” ХХК-иас Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагчийн 90.918.081,82 төгрөгийн нөхөн татвар, 36.367.232,72 төгрөгийн торгууль, 52.079.041,46 төгрөгийн алданги, нийт 179.364.356 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн НА-22240000040 тоот нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0050 дугаар шийдвэрээр:

“Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.35, 84 дүгээр зүйлийн 84.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан “Э*******” ХХК-иас Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн НА-22240000040 тоот нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“1.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 6-д заасныг эс зөвшөөрч буй үндэслэл:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн санхүүгийн тайлан баланс (бүх хавсралтын хамт), нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт буюу “Н*******” ХХК-ийн кассын орлогын ордер, НӨАТ-ын баримтыг нотлох баримтын хуулийн шаардлага хангаж өгсөн. Санхүүгийн тайлангийн мөнгөн гүйлгээний тайлан, “Н*******” ХХК-ийн кассын орлогын ордер, НӨАТ-ын баримтыг нотлох баримтаар “Н*******” ХХК ба “Э*******” ХХК нарын хооронд аж ахуйн харилцаа байсан нь тогтоогдож байхад шүүгч нотлох баримтыг огт үнэлээгүй гэж дүгнэж байна.

3.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7-д заасныг эс зөвшөөрч буй үндэслэл:

Э*******” ХХК нь “Н*******” ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Г-03/20 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 1540 тн төмрийг 1 тн-ыг 650.000 төгрөгөөр тооцож нийт НӨАТ шингэсэн үнээр 1.001.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог”, 4 зүйлийн 4.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө”, 4.1.1-т “Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт”, 13 зүйлийн 13.1-т “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.2-т “Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг мөрдөх анхан шатны баримтын загвар, бүрдүүлэх аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 13.5-т “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, 13.7-т “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, 14 зүйлийн 14.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана”, 14.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ давхар бичилтийн аргаар хөтөлнө”, 14.3-т “Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааr дараах дарааллаар гүйцэтгэнэ” 14.3.1-т “анхан шатны баримт бүрдүүлэх”.

Сангийн сайдын 2017 оны 347 тоот “Маягт, заавар батлах тухай” тушаалаар “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар”-ыг баталсан.

Уг зааврын 1-т “Нэг. Ерөнхий зүйл” “Анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог хэлнэ. Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно. Аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо мөрдөх баримт, маягтыг энэ зааварт нийцүүлнэ. Аж ахуйн нэгж, байгууллага нь анхан шатны маягтуудыг нэгдсэн журмаар урьдчилан дугаарлана.

Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ. Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэжээ.

Э*******” ХХК нь “Н*******” ХХК нар гэрээний төлбөр тооцоог нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох Бэлэн мөнгөний баримт үйлдэж төлбөр тооцоо хийсэн байна. “Н*******” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуy нэмэгдсэн өртгийн албан татварын и-баримтыг зохих журмын дагуу үүсгэж “Э*******” ХХК-д өгсөн болно.

Энэ нь хэрэгт авагдсан “Н*******” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 0327 тоот 593.600.000 төгрөгийн, 2020 оны 04 дүгээр сарын 3-ны өдрийн 0403 тоот 406.498.900 төгрөгийн 2 ширхэг кассын орлогын ордер, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 593.600.000 төгрөгийн, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 406.498.900 төгрөгийн НӨАТ-ын төлбөрийн и-баримтаар тогтоогдож байгаа.

Аль аль байгууллага нь дээрх худалдан авалтын мөнгөн гүйлгээг санхүүгийн тайлан, балансанд тусган бүртгэж харьяа татварын байгууллагад бүртгүүлсэн. Гэтэл шүүгч ““Э*******” ХХК нь “Н*******” ХХК-иас бараа материал худалдан авсан нь холбогдох нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдохгүй байх тул нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаанаар төлөх татварыг бууруулсан зөрчилд татварын улсын байцагч хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл санхүүгийн гүйлгээ бүр эрх зүйн факттай байхыг шаардана. Эрх зүйн фактгүй санхүүгийн гүйлгээ нь Татварын ерөнхий хуулийн 6 зүйлийн 6.1.35-д заасан “тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл” гэдэгт хамаарна.

Гэтэл: 1. “Э*******” ХХК нь “Э” ТӨҮГ-тай 2020/10-11-167 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь нотлох баримтаар тогтоогдож байна.

2.Уг гэрээгээр 80 мм диаметртэй 1 тн-ыг 2.618.000 төгрөгийн үнэтэй 900 тн ган бөмбөлөг худалдахаар тохиролцсон. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т гэрээнд +/-5% тоо хэмжээний хэлбэлзэл зөвшөөрөгдсөн байхаар тусгасан нь тогтоогдож байна.

3.1 тн ган бөмбөлөг үйлдвэрлэхэд үндсэн орц болох 700 кг хаягдал хар төмөр, 500 кг хаягдал ширэм шаардлагатай бөгөөд үйлдвэрлэлийн явцад цэвэрлэгээ хийгдэх бөгөөд хаягдал төмөр, хаягдал ширмийн чанараас хамаарч 10-25% хаягдал гардаг. Энэ нь Барилгын хөгжлийн төвд бүртгүүлсэн №ТЗ.БМҮ-ТХ-156/2019 дүгээр Ган бөмбөлөгийн үйлдвэрийн технологийн заавар, Э ТӨҮГ-ын цувимал, давтмал, цутгамал ган бөөрөнцөг болон түүний бэлдцэд тавигдах байгууллагын стандарт БСТ-12:2020 тус тус нотлогдож байна.

4.“Н*******” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 1540 тн хаягдал төмөр худалдан авсан бөгөөд энэхүү хэмжээний төмрөөс 1090 тн ган бөмбөлөг “Э*******” ХХК үйлдвэрлэж гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу “Э” ТӨҮГ-т 945 тн бөмбөлөг нийлүүлсэн. Талууд 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан акт үйлдсэн бөгөөд хэрэгт нотлох баримтаар хавсаргасан.

Нийслэлийн татварын газрын улсын байцагч нарын дүгнэсэн шиг “Э*******” ХХК нь “тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл” хийсэн бол “Э” ТӨҮГ-т Худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх байсан ган бөмбөлөгийг ямар түүхий эдээр хийж үйлдвэрлэж нийлүүлэх байсан бэ гэдэг асуулт гарч ирж байна. “Э*******” ХХК нь “Н*******” ХХК-иас түүхий эд худалдаж авснаар гэрээний үүргээ гүйцэтгэж ган бөмбөлөг нийлүүлсэн.

3.3.Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль зөрчиж процессын алдаа гаргасан.

Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч бус этгээд нарыг оролцуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын итгэмжлэл нь хуульд нийцээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа талаар шүүхэд удаа дараа гомдол гаргасан боловч шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд итгэмжлэл нь хуульд өөрөөр заагаагүй бол нотариатаар баталгаажуулах шаардлага байхгүй гэсэн.

Өнөөдрийн байдлаар хуулиар тогтоогдсон шүүхийн практикт хэрэглэгддэг 2 төрлийн итгэмжлэлийн хэлбэрийг хүчин төгөлдөр, хуульд нийцэж байгаа нь “байгууллагын албан бланк дээр гүйцэтгэх удирдлагын гарын үсэг, байгууллагын тамгатай хуулийн этгээдийн итгэмжлэл ба иргэдийн нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл” юм.

Гэтэл хариуцагч улсын байцагч нар нь ажиллаж буй газрын улсын байцагч нарт татварын байцагчийн тэмдэг дарж итгэмжлэл хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Татварын ерөнхий газрын даргын А/90 дугаар тушаалаар “Татварын улсын байцагчийн үнэмлэх, тэмдэг хэрэглэх журам” батлагдсан бөгөөд уг журамд Татварын ерөнхий хуулийн 79 зүйлд заасан баримт бичигт дарж баталгаажуулахаар зохицуулсан.

Татварын ерөнхий хуулийн 79 зүйлийн 79.1-т “Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийн мэдэгдэл, шаардах хуудас, битүүмжлэх акт, битүүмжлэлийн хуудас, нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, илтгэх хуудас, тэмдэглэл, татварын буцаан олголтын акт, нэхэмжлэх, урьдчилан нэхэмжлэх хуудас, мэдэгдэх хуудас, шаардлага, суутгалын хүсэлт, хуваарилалтын тооцооллын акт, зарлан дуудах хуудас, битүүмжлэх мэдэгдэх хуудас, зөвлөмж болон татварын албаны үйлдэх бусад баримт бичиг үйлдэн баталгаажуулна” гэжээ.

Үүнээс үзэхэд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд итгэмжлэл дээр улсын байцагчийн тэмдэг дарах эрх олгогдоогүй байгаа тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

3.4.Шүүгч хэрэглэгдэх ёстой хуулийг хэрэглээгүй.

Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэжээ.

Хариуцагч нь шүүх хуралдаан дээр асуулт, хариултын шатанд нэхэмжлэгчийн “татварын хууль тогтоомжинд заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн тодорхойлсон эсэх нь санхүүгийн тайлан балансыг Татварын ерөнхий хуульд заасан журмын дагуу хөтлөх нь мөн үү” гэж асуухад хариуцагч мөн гэж хариулсан бөгөөд энэ нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 зүйлийн 2.5-д хуульчилж өгсөн зөрчил юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 зүйлийн 6.12-т “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, 7.10, 7.11, 7.12, 7.13 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 10.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 14.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24 дэх хэсэгт заасан зөрчил” хамаарахаар хуульчилсан.

Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын 1 хавсралтаар “Татварын хяналт шалгалтын журам”, 2 хавсралтаар “Нөхөн ногдуулалтын актын загвар”-ыг тус тус баталж Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.

Уг Нөхөн ногдуулалтын актын загварын "Тогтоох нь" хэсэгт акт тогтоохдоо Зөрчлийн тухай хуулийн 11.19 зүйлийн зохих заалтыг үндэслэн төлбөр төлүүлэх акт тогтоохоор баталсан байна.

Гэтэл Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцагч нар 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №НА-22240000040 тоот “Нөхөн ногдуулалтын акт” тогтоохдоо Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/34 тушаалын 2 хавсралтаар баталсан Нөхөн ногдуулалтын актын загварын маягтыг хэрэглэсэн атлаа Тогтоох нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн үндэслэлийг тусгаж өгөөгүй байна.

Хууль тогтоогчоос бүх төрлийн татварын зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 зүйлд заасан Татварын хууль зөрчих зүйлд оруулж хуульчилж өгсөн.

Үүний дагуу Татварын ерөнхий газрын дарга нь тушаалаараа маягтын Тогтоох нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн зохих заалтыг оруулахаар баталсан байхад Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцагч нар Нөхөн ногдуулалтын маягтанд өөрчлөлт оруулж Тогтоох нь хэсгээс Зөрчлийн тухай хуулийн үндэслэлийг хасч өөрчилсөн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг шалгахад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баримтлах бөгөөд прокурорын хяналт доор явагдахаар хуульчилсан бөгөөд эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг өөрөө нотлох үүрэг хүлээсэн бөгөөд улсын байцагчийн хоосон эргэлзээ, өөрийн хувийн бодлоор зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй юм.

Нөхөн ногдуулалтын актын Тогтоох нь хэсгээс Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтыг хассанаар татварын байцагч нар нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр прокурорын хяналтаас гадуур үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ нь хууль зөрчсөн, дур зоргоороо аашилсан үйлдэл юм.

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” 5.1.1-т “зайлшгүй байх”, 5.1.2-т “тодорхой байх”, 5.1.3-т “шударга байх”, 5.1.4-т “үр ашигтай байх” гэжээ.

Э*******” ХХК нь өөрийн НӨАТ-ын 3 дугаар сарын тайлангийн Дотоодын зах зээлээс худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээний дүн гэдэгт 543.633.054,55 төгрөг, 4 дүгээр сарын тайлангийн Дотоодын зах зээлээс худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээний дүн гэдэгт 472.015.079,90 төгрөг тус тус тайлагнасан.

Эдгээр тайлагнасан мөнгөн дүнд “Н*******” ХХК-иас 2020 оны 3 сард худалдан авалт хийсэн 539.636.363,64 төгрөг, 4 сард худалдан авалт хийсэн 369.544.454,55 төгрөгийн ган бөмбөлөгийн түхийн эдийн үнийн НӨАТ ороогүй үнийн дүнг тус тус оруулсан нь холбогдох тооцооллоор нотлогдож байна.

Гэтэл Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцагч нар нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №НА-22240000040 тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсэгт “Э*******” ХХК-ийг “нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэж тодорхойлсон нь

1 дүгээрт хэдэн төгрөгийн НӨАТ ногдуулах орлого байх ёстой байсан,

2 дугаарт хэр хэмжээний ногдуулах орлогыг хэдээр бууруулсан нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Энэ нь Татварын ерөнхий хуулийн 5 зүйлд заасан зарчмуудтай зөрчилдөж байна.

Мөн “Э*******” ХХК-ийн үйлдвэрлэж буй үндсэн бүтээгдэхүүн болох ган бөмбөлөгийн түүхий эдийг худалдан авах ажиллагаа нь “тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл” болж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, шударга бус байна.

Үүнээс гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын тушаалаар батлагдсан санхүүгийн анхан шатны баримт үйлдэж, гэрээний аль аль тал нь өөрийн үйлдлээ санхүү, татварын тайлан, баланс, НӨАТ-ын тайланд тусгаж, падаан, и-баримт өгч тайлагнасан байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 зүйлийн 14.5-д зааснаар тооцохгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, нотолгоогүй байна.

2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 зүйлд 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гээд захиргааны үйл ажиллагааны зарчмыг хуульчилж өгсөн.

Мөн уг хуулийн 24 зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэжээ.

Улсын байцагчид нь татварын хяналт шалгалтын явцад ган бөмбөлөг үйлдвэрлэх ажиллагаатай танилцаагүй, ган бөмбөлөгийн орцын хэмжээг судлан тогтоогоогүй, “Н*******” ХХК-ийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал нь 2021 онд зуурдаар нас барсан бөгөөд тухайн тайлант үеийн тайлан гаргаагүй, үйл ажиллагаа явуулаагүй зэрэг бодит нөхцөл байдал тогтоох ажиллагааг дутуу хийсэн буюу хуульд заасан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 7.2-т “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж тус тус хуульчилсан.

Шүүх цугларсан нотлох баримтыг үнэлэх замаар шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай байхад хариуцагч нараас шүүхэд “Э*******” ХХК-ийн буруутай үйлдлийг нотолсон нэг ч нотлох баримтыг ирүүлээгүй, асуулт хариултын шатанд хариуцагч нь ийм их мөнгө бэлнээр өгөх нь эргэлзээтэй гэж хариулт өгснийг үндэслэж шүүгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчиж, буруу хууль хэрэглэх, хуулийг буруу хэрэглэх замаар үгүйсгэж шийдвэр гаргасан нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн заалтыг хангахгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.

1.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.35-д “тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл” гэдгийг төлөх татварын хэмжээг багасгах, татвар төлөхөөс зайлсхийх болон татвар төлөх хугацааг хойшлуулсан ажил гүйлгээ хийх, төлөвлөн гүйцэтгэх татвар төлөгчийн үйлдэл” гэж ойлгохоор, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж тус тус заасан, гэтэл нэхэмжлэгчийн тухайд нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг багасгах буюу энэ төрлийн албан татвар ногдох орлогыг бууруулах зорилгоор “Н*******” ХХК-иас нийт 909.180.818.19 төгрөгийн үнэ бүхий хаягдал төмрийг НӨАТ-тай худалдан авсан мэтээр татварын тайланд тусгасан, хэдийгээр дээрх компаниас төлбөрийн 2 ширхэг е-баримт үйлдсэн байх боловч энэ нь бодитой худалдан авалт биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар шийдвэрт үндэслэлтэй дүгнэжээ.

            Тухайлбал Э*******” ХХК болон “Н*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Худалдах, худалдан авах Г-03/20 дугаар гэрээгээр нийт 1540 тонн төмрийн бэлдэц /арматур/-ийг НӨАТ-тай 1 тонныг 650.000 төгрөг, нийт 1.001.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг мөн оны 3 дугаар сарын 27-ны өдөр 593.600.000 төгрөг, 4 дүгээр сарын 3-ны өдөр 406.498.900 төгрөг тус тус бэлнээр төлсөн гэх боловч энэ нь татварын хяналт шалгалтын явцад хийсэн ярилцлагын тэмдэглэл болон бусад баримтаар үгүйсгэгдсэн байна.

Э*******” ХХК-ийн нягтлан бодогч М.Энхтуяагийн 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн “…хуучин машин 2 ширхэгийг өгөөд төмөр авсан. Төлбөрийг өөр этгээдээс авлагатай байсан тэр авлагандаа авсан. Хоорондын гүйлгээ нь яаж хийгдсэнийг сайн мэдэхгүй. Төмрөө НӨАТ-тай авна гэсэн шаардлага тавьсаны дагуу падаан шивж өгсөн, …дээрх авлага баланс тайланд тусгагдаагүй,

-тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ө*******ын 22-ны өдрийн “…Н*******” ХХК-ийн хүмүүстэй утсаар холбогдоод өнөөдөр уулзахаар тохиролцсон. Төмөр худалдан авдаг цөөн тооны компаниудын нэг. …хаягдал төмөр худалдаж аваад төлбөрийг бэлнээр хийсэн” гэсэн тайлбарууд,

-маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт гарахаас өмнө 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Н*******” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх танилцуулгын “…тус компанийг НӨАТ ногдох бодитой үйл ажиллагаа явуулж, НӨАТ ногдох борлуулалтын орлого олсон эсэхийг тодорхойлох боломжгүй, харин НӨАТ-ын борлуулалтын падаан үйлдэж бусад татвар төлөгчдийн төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулах боломж олгосон байж болзошгүй…” гэсэн дүгнэлт,

-төлбөрийг бэлнээр хийсний нотолгоо гэх “Н*******” ХХК-ийн Кассын орлогын ордерын “кассын нярав” хэсэгт тус компанийн захирал Л.Гын нэр бичигдсэн,

-мөн 1.0 тэрбум гаруй төгрөгийн төлбөрийг бэлнээр төлсөн зэргээс тус тус үзэхэд энэхүү худалдан авалт бодитой биш, тэр тусмаа НӨАТ-тай худалдан авалт гэж үзэхээргүй байна.

2.Хэлбэрийн хувьд гэрээ байгуулан НӨАТ шингэсэн дүнгээр “Н*******” ХХК-иас хаягдал төмөр худалдан авч, төлбөрийн е баримт шивэгдсэн болох нь татварын удирдлагын нэгдсэн системд тусгагдсан, төлбөрийг бэлнээр хийсэнтэй холбогдуулж бэлэн мөнгөний кассын орлогын ордер үйлдсэн, худалдан авалтыг тайлагнаж, НӨАТ ногдох орлогыг тодорхойлсон зэргээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан анхан шатны баримтыг бүрдүүлсэн байх боловч бодит байдалд “Н*******” ХХК-иас худалдан авсан гэх нийт 909.180.818,19 төгрөгийн 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаанд тусгагдсан дүнгээр албан татвар ногдох орлогыг бууруулсан болох нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон байна.

Иймд маргаан бүхий актаар дээрх дүнгээс Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлж, төлөх дүнгийн 40 хувиар торгууль, 73 дугаар зүйлийн 73.1.1-т заасны дагуу алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт нийцжээ.

Татварын улсын байцаагчдаас нэхэмжлэгчийн “Э” ТӨҮГ-тай байгуулсан Худалдах, худалдан авах 2020/10-11 дүгээр гэрээг огт үгүйсгээгүй, иймд энэхүү гэрээ болон гэрээний дагуу нийлүүлэгдсэн ган бөөрөнцөг нь түүнийг үйлдвэрлэх гол түүхий эд болсон төмрийг “Н*******” ХХК-иас худалдан авсныг нотлох үндэслэл болохгүй.

Иймд Э*******” ХХК-иас төмрийн худалдан авалт хийх, уг худалдан авалтыг нотлох санхүүгийн анхан шатны баримтыг бодитоор, үнэн зөв бус харин төлөх татварын хэмжээг багасгах зорилготой үйлдлээр бүрдүүлсэн гэж үзнэ.

3.Харин хууль хэрэглээний хувьд Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан ч татвар ногдох орлогыг бууруулсан энэ тохиолдол Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн зохицуулалт хэрэглэгдэхгүй.

Хариуцагч татварын улсын байцаагчдаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсоныг хуульд заасан шаардлага хангахгүй гэж буруутгах боломжгүй, өөрөөр хэлбэл улсын байцаагчийн хувийн дугаар бүхий дардасаар албажуулсан итгэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-т заасан итгэмжлэлд тавигдах шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                           ШҮҮГЧ                                                  Ц.САЙХАНТУЯА

 

                ШҮҮГЧ                                                  Д.ОЮУМАА

 

                           ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН