Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 269

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч Б.Одбаяр, түүний өмгөөлөгч Н.Саранчимэг /№0187/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Болдбаатарын Одбаярт холбогдох эрүүгийн 2016 2501 2900 дугаар хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эх, ах нарын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 21 дүгээр байрны 35 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн УШ96041013 дугаартай, Боржигон овогт Болдбаатарын Одбаяр.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Одбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ривэр бич” амралтын газарт Ц.Одбилэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний хамар луу цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Одбаярын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “…2016 оны 07 дугаар сарын 26-ны үүрээр 05 цагийн үед найз охиноо авах гээд ажил дээр очтол ажил дээр байхгүй, утасруу нь залгахаар ерөөсөө утсаа авахгүй байсан. Ажлын хүмүүсээс асуухад мэдэхгүй гараад явсан гэсэн. Тэгээд би манай баарны үүдэнд байдаг таксины жолооч Тулгаатай уулзаад “пиво уух уу” гэхэд “за” гээд бид хоёр 5 шард байдаг манай найз Түшигийнд очсон. …Тэгээд би Тулгаагаас “Амарбаясгаланг хаашаа явсныг мэдэх үү” гэхэд “тэр хэд Ривэр бич амралт руу явсаан, намайг хэлсэн гэж битгий хэлээрэй” гэхээр нь ерөөсөө тийшээ очъё гээд найз Түшигээр машин бариулаад “Ривэр бич” амралтын газар луу явсан. “Ривэр бич” амралтын газарт 08 цагийн үед очсон. Тэр хавиар хайж байтал голын эрэг дээр Амраа, Энхүүш, Одбилэг, Заяа дөрөв сууцгааж байсан. Би найз охин Амарбаясгалан дээрээ очоод “чи яагаад утсаа авахгүй байгаа юм бэ” гэхэд “утсаа сонссонгүй” гэж байсан. Тэгэхээр нь би “бос явъя” гэж хэлээд гарнаас нь татаж босготол “явахгүй” гээд байхаар нь би гарнаас нь угзраад татаад хэрэлдсэн, тэр үед Одбилэг хүрч ирээд миний баруун гарны булчин хэсгээс гараараа базаж татаад “чи яах гэж энд ирсэн юм бэ” гэхээр нь би гараа тавиулах гээд угзраад байсан. Тэр үед Одбилэг хумсаараа булчингаас базаад байсан юм. Тэгээд би баруун гараа хүчтэй татаад гар савагдаад Одбилэгийн нүүр лүү цохих шиг болсон. Тэгээд Одбилэг гараараа нүүрээ дараад газар хэвтсэн. Тэр үед Тулгаа намайг хажуунаас татаж авч яваад машиндаа суулгаад явсан юм. …Тулгаа намайг чирээд “гялс явъя” гээд бид хоёр явсан юм. Нийт 1.430.000 төгрөг эмчилгээний зардалд өгсөн. 1.230.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн баримт нь байгаа. 200.000 төгрөгийг Нэгдүгээр эмнэлэг дээр эргэхдээ очиж өгсөн юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 28-29 дүгээр тал/

 

Хохирогч Ц.Одбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр би ажлынхаа найзууд болох Амарбаясгалан, Түвшээ, Энхүүш нарын хамтаар ажлаа тараад 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ривэр бич” амралтын газарт амарсан. Өглөө 10 цагийн үед манай найз Амарбаясгалангийн найз залуу Одбаяр хүрч ирсэн ба удалгүй манай найз Амарбаясгалантай Одбаяр утсаа авсангүй гэж хардаж хэрэлдээд цохих гээд ч байгаа юм шиг сонин болоод байхаар нь би “чи болиоч” гээд очоод салгах гэтэл “чи цаашаа бай” гээд гарын алганы эсрэг талаараа намайг цохиод би газар унасан. Тухайн үед хамарнаас маш их цус гарсан байсан. Амарбаясгалан 103 дуудаад түргэн тусламж ирээд Гэмтэлд очиж үзүүл гээд би Гэмтлийн эмнэлэгт очиход томографийн зураг авхуулаад хүрээд ир гэхээр нь би зураг авхуулаад очтол хагалгаанд орохгүй бол наад хамар чинь засагдахгүй гэхээр нь 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орж хамраа засуулсан. Тухайн үед Б.Одбаяраас архи үнэртэж байсан. Гэхдээ айхтар согтолттой бол байгаагүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одбаяр надад эмчилгээний зардалд 1.430.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 9-10 дугаар тал/

 

Гэрч П.Энхмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...09 цагийн үед Амарбаясгалангийн найз залуу Одбаяр хүрч ирээд Амарбаясгаланг “чи яахаараа утсаа авдаггүй юм” гээд хэрэлдээд гар хөлнөөс нь татаад угзраад байсан. Тэгтэл Одбилэг Амарбаясгаланг өмөөрч салгах гэж байгаад Одбаярт цохиулсан гэсэн. Би яг цохиулж байхыг нь хараагүй. Цохиулаад газар унасан байхыг нь бол харсан. Одбилэгийн хамарнаас нь маш их цус гарч байсан. …Одбаяр нэг их согтуу бол биш, гэхдээ архи үнэртэж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13-14 дүгээр тал/

 

Гэрч П.Энхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 06 цагийн үед ажлаа тараад хамт ажилладаг Амарбаясгалан, Одбилэг, Энхүүш нарын хамтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ривэр бич” амралтын газарт амрахаар очсон. 09 цагийн үед голын эрэг дээр нэг, нэг лааз пиво уугаад сууж байтал Амарбаясгалангийн найз залуу Одбаяр хүрч ирээд утсаа авсангүй хэлэхгүй явлаа гээд Амарбаясгалангийн гар, хөлнөөс нь татаж чангаагаад авч явна гээд байсан. Одбилэг “чи болилдоо” гээд салгах гээд очтол “бид хоёрын дундуур битгий ороод бай” гэж Одбаяр хэлээд баруун гараараа саваад Одбилэгийн нүүр лүү цохисон. Одбилэг нүүрээ дараад доошоо суусан, хамарнаас нь их цус гарч байсан. Тэгээд цагдаа, түргэн тусламж дуудаад түргэн тусламж ирээд Гэмтэл рүү яв гээд бид нар Гэмтлийн эмнэлэгт очсон. Дараа нь Одбилэг 1 дүгээр эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

 

Гэрч Э.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 06 цагийн үед ажлаа тараад Энхтүвшин, Одбилэг, Энхмаа нарын хамтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ривэр бич” амралтын газарт амрахаар очсон. Бид нар амралтанд явахдаа хүмүүст хэлэлгүйгээр явсан юм. Тэгтэл манай найз залуу Одбаяр над руу залгаад байхаар нь би утсыг нь аваагүй юм. Өглөө 09 цагийн үед голын эрэг дээр байж байтал Одбаяр гэнэт хүрч ирээд намайг авч явна гээд гар, хөлнөөс татаад угзраад тавихгүй байсан. Энэ үед Одбилэг хүрч ирээд Одбаярын гарыг тавиулах гээд татаж байх шиг байсан. Одбаяр Одбилэгийг яг цохисныг бол хараагүй. Дараа нь Одбилэгийн хамарнаас цус гараад голын усанд цусыг нь угаагаад цагдаа, түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирээд үзээд гэмтлийн эмнэлэг яв гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10442 дугаар:

1. Ц.Одбилэгт баруун хацрын хөндийн дотор хананы хугарал, хамрын нурууны хугарал, таславчийн муруйлт, хоёр талын доод зовхи, дээд уруул цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 22 дугаар тал/

 

            Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 34 дүгээр тал/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 36 дугаар тал/

           

            Гэм хорын хохирлын баримтууд /хх-ийн 40-49 дүгээр тал/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

 

Шүүгдэгч Б.Одбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ривэр бич” амралтын газарт Ц.Одбилэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний хамар луу цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Ц.Одбилэгийн өгсөн: “Өглөө 10 цагийн үед манай найз Амарбаясгалангийн найз залуу Одбаяр хүрч ирсэн ба удалгүй манай найз Амарбаясгалантай Одбаяр утсаа авсангүй гэж хардаж хэрэлдээд цохих гээд ч байгаа юм шиг сонин болоод байхаар нь би “чи болиоч” гээд очоод салгах гэтэл “чи цаашаа бай” гээд гарын алганы эсрэг талаараа намайг цохиод би газар унасан. Тухайн үед хамарнаас маш их цус гарсан байсан.” гэх,

мөн гэрч П.Энхтүвшингийн өгсөн: “09 цагийн үед голын эрэг дээр нэг, нэг лааз пиво уугаад сууж байтал Амарбаясгалангийн найз залуу Одбаяр хүрч ирээд утсаа авсангүй, хэлэхгүй явлаа гээд Амарбаясгалангийн гар хөлнөөс нь татаж чангаагаад авч явна гээд байсан. Одбилэг “чи болилдоо” гээд салгах гээд очтол “бид хоёрын дундуур битгий ороод бай” гэж Одбаяр хэлээд баруун гараараа саваад Одбилэгийн нүүр лүү нь цохисон. Одбилэг нүүрээ дараад доошоо суусан хамарнаас нь их цус гарч байсан.” гэх,

мөн шинжээч эмч Ц.Ганболдын: “…дээрх гэмтэлүүд нь шинэ гэмтэл бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх,

мөн Б.Одбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…би “бос явъя” гэж хэлээд гарнаас нь татаж босготол явахгүй гээд байхаар нь би гарнаас нь угзраад татаад хэрэлдсэн тэр үед Одбилэг хүрч ирээд миний баруун гарны булчин хэсгээс гараараа базаж татаад чи яах гэж энд ирсэн юм бэ гэхээр нь би гараа тавиулах гээд угзраад байсан. Тэр үед Одбилэг хумсаараа булчингаас базаад байсан. Тэгээд би баруун гараа хүчтэй татаад гар савагдаад Одбилэгийн нүүр лүү цохих шиг болсон. Тэгээд Одбилэг гараараа нүүрээ дараад газар хэвтсэн.” гэх мэдүүлгүүд,

            хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10442 дугаар дүгнэлт, өвчний түүх зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Одбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

            Иймд шүүгдэгч Б.Одбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Б.Одбаяр нь хохирогч Ц.Одбилэгт учирсан гэм хорын хохиролд 1.430.000 төгрөгийг төлсөн, хохирогч Ц.Одбилэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “Миний бие Б.Одбаяраас 1.430.000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй.” гэж дурьдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Б.Одбаярт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Болдбаатарын Одбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.Одбаярт 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Б.Одбаяр нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Одбаяр нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Одбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ОДОНТУУЛ