Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч С.Д******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Д*******д холбогдох эрүүгийн 2315000480064 дугаартай, 163/2023/0062/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт *******ын Д*******, Булган аймгийн Булган суманд 1987 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 16 дугаар байрны 3-24 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, 36 настай, эрэгтэй, урьд

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоосон,

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ялгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосон,

Мөн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, РД: ГЮ87042577.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Д******* нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн В хэсгийн 13-03 тоотод оршин суух Б.Ш*******ын гэрээс М.О*******ын виза картыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар мөн өдрийн 16 цаг 30 минутын үед Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” хүнсний дэлгүүрт байрлах АТМ-ээс хохирогч М.О*******ын эзэмшлийн Хаан банкин дахь 5270500712 тоот данснаас уг виза картыг ашиглан 340,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 350,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д*******гийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000480064 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Д******* нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн В хэсгийн 13-03 тоотод оршин суух Б.Ш*******ын гэрээс М.О*******ын виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д*******гийн өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр О*******, Ш******* нартай ууж байсан. О*******ын дүү нь О*******ыг авах гээд ирсэн. Тэгсэн Ш*******ын гэрт утас, виза картаа марчихаж аваад ир гэхээр нь би аваачиж өгөхдөө утсыг нь өгчихөөд виза картыг нь өгөхөө мартчихсан байсан. Тэр үедээ согтуу байсан болохоор мөнгө авснаа мэдэхгүй гэртээ унтаж байсан гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч М.О*******ын өгсөн: Би гэртээ халамцуу сууж байсан чинь манай найз Ш******* гэрт хүрээд ир гээд байхаар нь Булган аймгийн Булган сумын 6 дугаар багт байрлах гэрт нь очих гээд явж байсан чинь Д******* гэх залуутай Дэлгэр хүнсний дэлгүүрийн гадна таарсан. Тэгээд би Д*******тэй хамт Дэлгэр хүнсний дэлгүүрээс нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи, ундаа, тамхи авсан. Тэгээд Д*******тэй хамт Ш*******ын гэрт нь ороод Д*******, Ш******* хоёртой хамт Хараа нэртэй 0.75 литрийн архиа ууж дуусгаад би дүү Булгансайханыг дуудаад гэртээ хүргүүлээд унтсан. Унтаж байгаад сэрсэн чинь миний утсанд 340.000 төгрөгийн зарлага гарсан дансны мэдээлэл ирсэн. Тэгээд виза картаа алдсан гэдгээ мэдсэн. ...Миний хохирол мөнгийг 2023 оны 01 дүгээр сард бүрэн барагдуулсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 40 дэх тал/,

 

2. Хаан банкин дахь М.О*******ын эзэмшлийн дансны хуулга, Хаан банкнаас гаргуулан авсан АТМ-ын бичлэг бүхий камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хаан банкны албан бичиг /хавтаст хэргийн 21-22, 24-26/,

 

3. Хаан банкны энгийн Union Pay картыг нөхөн авах хураамж нь 10.000 төгрөг болохыг тодорхойлов гэх Хаан банкны 128 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 63 дахь тал/,

 

4. Яллагдагч С.Д*******гийн гэм буруугаа хүлээж өгсөн: Би 2022 оны 12 дугаар сарын дундуур гэж санаж байна О*******, Ш******* нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Маргааш нь дахиад О******* намайг гэрт ирж аваад Ш*******ын гэрт очиж 0.75 гр савалгаатай архи ууцгаагаад гэрээс гараад Хан жаргалант худалдааны төв ороод О******* Ш*******д виза картаа өгөөд АТМ-с 100.000 төгрөг авахуулсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд замд дэлгүүрээс 0.75 гр савалгаатай архи ундаатай аваад Ш*******ын гэрт нь очиж ууцгаагаад дуусаж байхад О*******ын дүү Булгансайхан нь ирсэн. Тэгээд О******* явахаар болоод машиндаа суусан тэгэхэд утсаа Ш*******ын гэрт үлдээсэн байсан учир би буцаж ороод утсыг авах гэж байхад виза карт нь хажууд нь байхаар нь цуг аваад гаргаж өгсөн. Утсыг нь өгөхдөө виза картыг халаасандаа хийгээд гаргаж өгөхөө мартчихсан байсан. Тэгээд цуг машинтай явж байгаад би гэртээ буусан санагдаж байна. Би тухайн үед бараг тасарчихсан байсан ухаан ороод сэрэхэд шөнө гэртээ байсан. Тэгээд босоод иртэл гэрийн том өрөөний хажууд 1 шил архи задалчихсан дээрээс нь бага зэрэг уусан байсан. Би босоод тамхи татах гээд тамхи хайж байгаад халаасаа ухсан чинь халаасанд 100.000 гаран мянган төгрөг байсан. Ямар учиртайг нь санах гээд санахгүй байсан маргааш нь билүү нөгөөдөр нь О******* надруу залгаад виза карт байхгүй байна гэж хэлсэн тэгэхэд би өөрийгөө авсныг мэдсэн тэгээд картыг хайхад надад байхгүй байсан. Би хохирол төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр виза карт захиалах мөнгөтэй нь нийлүүлээд нийт 350.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5286142294 тоот данснаас О*******ын эзэмшлийн 5270500712 тоот данс руу хийсэн байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн АТМ-н бичлэг бүхий CD нэг ширхэгийг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Д******* нь шүүхэд өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч С.Д*******г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр суурьнаас, шүүгдэгч С.Д******* нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.О*******ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, АТМ-ын бичлэг бүхий камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагч С.Д*******гийн гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч С.Д******* нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн В хэсгийн 13-03 тоотод оршин суух Б.Ш*******ын гэрээс М.О*******ын Хаан банкны 5270500712 тоот дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, картыг нь ашиглан Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” хүнсний дэлгүүрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 340.000 төгрөг  авч нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунайхайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, эд хөрөнгийг эзэмшилдээ өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон энэ үеэс төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг буюу хулгайлах гэмт хэргийн ердийн шинжийг хангасан байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч С.Д******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зохицуулсан ба шүүгдэгч С.Д******* нь хохирогч М.О*******ыг согтуурсан байдлыг далимдуулан Хаан банкны кредит картыг түүнд мэдэгдэлгүйгээр сэм, нууц аргаар, хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр авсанаар түүнд тухайн картад байгаа мөнгийг өөрийн өмчийн адил захиран зарцуулах бодит боломж бүрдсэн буюу картнаас мөнгийг бэлнээр аль эсвэл худалдааны болон үйлчилгээний төвүүдэд ашиглан үйлчлүүлэх боломж бий болсоноор хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Шүүгдэгч С.Д*******д холбогдох хэргийг хяналтын прокуророос нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг болно гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, шүүгдэгч нь хохирогчийн кредит картыг нууц далд аргаар хулгайлан авч, захиран зарцуулах боломжийг өөртөө бий болгосноор хулгайлах гэмт хэрэг төгссөн, шүүгдэгч тодорхой хугацааны дараа картыг ашиглан мөнгөний машинаас бэлэн мөнгө авсныг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч С.Д******* нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр М.О*******ын виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч уг картыг ашиглан 340.000 төгрөгийг авч түүнд 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч С.Д*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.О*******т виза картнаас 340.000 төгрөг, карт захиалгын төлбөрт 10.000 төгрөгийн нийт 350.000 хохирол учирсан ба шүүгдэгч С.Д******* нь 350.000 төгрөгийг хохирогч М.О*******ын эзэмшлийн Хаан банкны дансанд төлсөн болох нь хавтаст хэргийн 43 дахь талд авагдсан байна. Мөн хохирогч М.О******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч С.Д*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Д*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч С.Д*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Д*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 19, 46-62 дахь талуудад авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, цагдаагийн газрын цахим системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Д******* нь ээжийн хамт Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 16 дугаар байрны 3-24 тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2 удаа хулгайлах гэмт хэрэгт, 1 удаа бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.Д******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Шүүгдэгч С.Д*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч С.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч С.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч С.Д******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч М.О******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт *******ын Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д*******г 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д*******д оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар Булган аймгийн Булган сумын Тохижилт үйлчилгээний газарт ажиллуулахаар тогтоож ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Д******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч С.Д******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалж, хохирогч М.О******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Э.ЭНЭРЭЛ