| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0063/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/69 |
| Огноо | 2023-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Г.М******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.М*******д холбогдох эрүүгийн 2315000000082 дугаартай 163/2023/0063/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн М*******, Архангай аймгийн ******* суманд 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, Булган аймгийн Могод сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 41 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М******* нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутагт байх өөрийн гэртээ эхнэр Х.Ч*******ыг бусадтай хардаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бие, эрх чөлөөнд халдан зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000082 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.М******* нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутагт байх өөрийн гэртээ эхнэр Х.Ч*******ыг бусадтай хардаж зохисгүй үг хэллэгээр доромжилж, түүний “гар, гуя хэсэг рүү өшиглөх, шүдээр хазах, хоолойг нь боох” зэргээр зодсон үйлдлийн улмаас хохирогч Х.Ч*******ын биед “баруун шуу, зүүн бугалга, шуу, гуя шилбэнд цус хуралт, баруун шуу зүүн бугалгад зулгаралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Х.Ч*******ын өгсөн: Би 2023 оны 03 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын төвд байх өөрийн гэртээ 11 настай хүү Мөнхбаярын хамт унтаж байтал манай нөхөр Г.М******* шөнийн 01 цаг өнгөрч байх үед гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ганцаараа орж ирсэн. Манай нөхөр гэртээ орж ирээд чиний гар утас руу ямар учраас Тулга залгадаг юм бэ, чиний утас руу Тулга 3-4 удаа залгалаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж мэдэх юм бэ? гэж хэлээд залгасан дугаарыг нь харахад Тулга 3-4 удаа залгасан байсан. Тэгээд би Тулга чамтай утсаар ярих гэж л залгасан байлгүй дээ гэж хэлэхэд над руу манай нөхөр агсраад намайг янз бүрээр хэлээд чи Тулгатай явалддаг, гэртээ банзалддаг гэх мэтээр намайг доромжилсон. Тэгэхээр нь би уурандаа нөхөр М*******ыг нэг удаа гараараа хамар хэсэгт нь цохисон. Тэгтэл манай нөхөр М******* намайг чи ямар учраас намайг цохиж байгаа юм бэ? гэж уурлаад намайг зодсон. Намайг зодохдоо үснээс татаад, хөлөөрөө өшиглөөд, гараараа олон удаа толгой хэсэг рүү цохисон. Гарын бугуй, толгойны хуйх хэсгээс шүдээрээ хазсан, мөн миний хоолойг дээлний захаар боосон. Би тухайн үед хоолойгоо боолгож байхдаа хүүгээ сэрээрэй гэж хэлээд орилсон. Ингээд унтаж байсан миний 11 настай хүү босч ирээд уйлахад миний хоолойг боож байгаад больсон. Тэгээд намайг зайл гэж хэлэхээр нь би гэрээс гарахад миний араас гарч ирээд намайг гэрийн гадаа хоёр машины голд зодсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,
2. Гэрч Ч.Б*******ын өгсөн: Би Х.Ч*******ын төрсөн охин нь байгаа юм. Манай ээж Х.Ч******* нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр над руу утсаар ярьж ээж нь М*******т зодууллаа гэж хэлсэн. Надад ээж хэлэхдээ ямар ч хамаагүй хүнтэй хардаад зодсон. Хоолой боосон, хөлөөрөө өшиглөсөн гэж хэлсэн. Намайг гэртээ байхад манай ээж Ч*******ыг аав М******* зоддог байсан. Миний санаж байгаагаар 3 жилийн өмнөх цагаан сараар манай ээжийг аав М******* нь гэрт байсан том модон ташуураар цохиод байсан. Мөн гараараа толгой хэсэг рүү нь цохиод байсан. Намайг оюутан болоод явснаас хойш олон удаа зодсон гэж сонсож байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3471 дугаартай: Х.Ч*******ын биед баруун шуу, зүүн бугалга, шуу, гуя шилбэнд цус хуралт, баруун шуу зүүн бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2023.03.07-ны өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
4. Яллагдагч Г.М*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж өгсөн: Би 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Ч*******тай Архангай аймгийн Өлзийт сум руу очиж ном уншуулах гээд хамт явах гэж байсан. Тэгсэн манай эхнэр Ч******* айрагны саванд айраг хийх гэж байгаад над руу уурлаад жижиг, сажиг зүйлээ өөрөө хийчихгүй, намайг явах болохоор тулгаж хэлдэг гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр Ч*******тай маргалдаад сумын төв рүү портер автомашинтай ганцаараа явсан. Би үлдээд малаа хотлуулчихаад араас нь шөнийн 00 цагийн үед Могод сумын төв рүү очсон. Тухайн үед Ч******* сумын төвд байх гэртээ байсан. Би гэртээ ороо эхнэр хандаж Тулгаа чам руу 2-3 удаа залгасан байна гээд хэлсэн чинь Ч******* чи хардаад байгаа юм биш үү гээд хэрүүл, маргаан эхэлсэн. Би гэрийн гадаа Ч*******ын баруун талын хөлийн шилбэ рүү 2-3 удаа өшиглөж, хоолойг нь боосон, толгой руу өшиглөсөн. Эхнэр гэрээс гараад цаашаа гүйхээр нь араас нь очиж гэртээ ор гэж хэлээд оруулаад би автомашинд унтсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна гэж үзэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.М******* нь шүүхэд өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Г.М*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр суурьнаас, шүүгдэгч Г.М******* нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Х.Ч*******, гэрч Ч.Б******* нарын өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3471 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.М*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад Г.М******* нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутагт байх гэртээ эхнэр Х.Ч*******ыг бусадтай хардаж зүй бус үг хэллэгээр доромжилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бие, эрх чөлөөнд халдан зодсон үйлдлийн улмаас биед нь баруун шуу, зүүн бугалга, шуу, гуя шилбэнд цус хуралт, баруун шуу зүүн бугалгад зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.М*******ын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Өөрөөр хэлбэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу гараар цохих хөлөөр өшиглөх зэрэг үйлдлийн улмаас хохирогч Х.Ч*******ын биед “баруун шуу, зүүн бугалга, шуу, гуя шилбэнд цус хуралт, баруун шуу зүүн бугалгад зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учрах боломжтой, шүүгдэгч Г.М*******ын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаан холбоотой байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Мөн Г.М******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.М******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Ч*******ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон эхнэр, нөхрийн хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдлаас шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.М******* нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг болон гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Г.М*******ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Х.Ч******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, шүүхээс түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд нөхөр бид хоёр эвлэрсэн, надад гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.М*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.М*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.М*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.М*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 33-40 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цагдаагийн газрын цахим хайлтын системийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.М******* нь Булган аймгийн Могод сумын 2 дугаар багт мал маллан эхнэр, хоёр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.М******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.М*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Г.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.М******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 26 дугаартай тогтоолд яллагдагч В.Бат-Эрдэнэ гэж яллагдагчийн нэрийг буруу бичсэн байгааг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М*******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.М******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.М******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Х.Ч******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ