Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Г*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

шүүгдэгч Д.А******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.А*******д холбогдох эрүүгийн 2315000000085 дугаартай 163/2023/0068/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* овогт Дамдиндоржийн А*******, Булган аймгийн ******* суманд 1982 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Баруун нарийн гэх газарт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, 41 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А******* нь 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Баруун нарийн гэх газарт Б.Г*******тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар толгойн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000085 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.А******* нь 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Баруун нарийн гэх газарт байх *******ын гэрт Б.Г*******тай нуруу хэсэгт өвдөглөж, дээд талд гарч сууснаас болж маргалдаж, улмаар толгойн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Алтанбаганын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Согтуу орж ирээд хойгуур гарахдаа миний нуруу руу өвдөглөөд дээд талд гарч суухад нь цохисон гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Б.Гантулгын өгсөн: Би 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Улаалзгант гэх газарт байрлах өөрийн гэртээ байж байгаад өглөө 10 цагийн орчимд манай гэрт ойрхон байдаг Пүрэвсүрэн ахын гэрт очсон. Тэгээд Пүрэвсүрэн ахаар ******* сумын 1 дүгээр багийн Баруун нарийнд байдаг Л*******ийн гэрт хүргүүлсэн. Л*******ийн гэрт нэг шил архи бид хоёр хувааж уусан. Тэгээд тухайн архийг ууж дуусчихаад ******* сумын 1 дүгээр багийн Баруун нарийнд байдаг ******* ахын гэрт Л******* бид хоёр очиход ******* ах түүний эхнэр Хишигжаргал, ******* сумын 1 дүгээр багт байдаг А******* гэдэг залуу нар байсан. Тэгээд би ******* ахын гэрт ороод баруун талаар нь яваад А******* гэдэг залуугийн дээд талд суухад А******* гэх залуу ширээн дээр байсан бор өнгийн шилтэй архины шилээр миний зүүн нүдний дээд талын дух хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би ******* ахын гэрээс толгойгоо бариад гарахад миний толгойноос ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Д.Аптанбагана миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 10 дахь тал/,

2. Гэрч Д.Л*******ийн өгсөн: Би 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Баруун нарийн гэх газарт байрлах өөрийн гэртээ байж байхад манай гэрт 10 цагийн орчимд нутгийн ах Пүрэвсүрэн, Г******* нар ирсэн. ...Г******* бид хоёр манай гэрт 0.75 литрийн Ауруг нэртэй нэг шил архи хувааж уусан. Тэгээд тухайн архийг ууж дуусаад Г******* бид хоёр нутгийн ах ******* ахын гэрт очиход Хишигжаргал эгч, нутгийн дүү ******* нар байсан. Тэгээд ******* ах гэрийнхээ зүүн талын орон дотроо хэвтэж байсан. Тэгэхээр нь би ******* ахын орны хажууд очоод бие чинь гайгүй юу гээд асууж байхад надтай хамт ирсэн Г*******, ******* ахын гэрээс толгой хагалчихлаа гээд толгойгоо бариад гэрээс гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Г******* гэрт орж ирээд А******* гэх залууг чи миний толгойг хагалчихсан байна, гадуурхаад байна уу? гэсэн. Тэгээд ******* ахын эхнэр Хишигжаргал эгч Гантулгын духнаас гарч байгаа цусыг тогтоох гэж хөвөн шатааж тавьж цусыг тогтоосон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

3. Гэрч Л.*******ын өгсөн: Би 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Баруун нарийн гэх газарт байрлах өөрийн гэртээ эхнэр Хишигжаргалын хамт байж байхад нутгийн дүү А******* манай гэрт ирж танай бэр чинь Орхон аймагт төрөх гэж байна гэж хэл дуулгаж ирсэн. Тэгээд эхнэр Хишигжаргал, нутгийн дүү А******* бид гурав гэрт байж байхад нутгийн дүү Л*******, Хөвсгөл аймгаас оторлож ирсэн Г******* гэх залуутай манай гэрт ирсэн. Тухайн үед гэрийнхээ зүүн талын орон дээр унтаж байхад миний хажууд нутгийн дүү Л******* орж ирээд надаас бие чинь өвдөөд байгаа юм уу гэж асуугаад суухад нутгийн дүү А******* оторлож ирсэн Г******* гэх залууг урд өдөр нь уугаад ширээн дээр тавьсан бор өнгийн Nomad нэртэй 0.75 литрийн архины шилээр цохисон. Тэгэхэд Г******* гэх залуугийн толгойноос цус гараад манай гэрээс гарч явж хэсэг хугацааны дараа орж ирэхэд миний эхнэр Хишигжаргал Г******* гэх залуугийн дух хэсгээс гарч байгаа цусыг тогтоохоор хөвөн шатааж тавьсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

4. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 62 дугаартай: Б.Гантулгын биед духны зүүн хэсэгт 5 см шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Уг шарх гэмтэл нь хэрэг болсон гэх 2023.03.04-ний өдөр үүссэн байх боломжтой. 72 цагийн дотор үүссэн шинэ шарх байна. Духны шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

5. Яллагдагч Б.Алтанбаганы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж өгсөн: Би 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэт хотоос Булган аймгийн ******* сумаар дамжин гэрлүүгээ явж байсан чинь ******* сум дээр хажуу талын айлын хүргэн Базар таараад гэрт бэр эгч төрөх гээд байна, та очоод хэлчихээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрлүүгээ очоод буцаж гарч Хад ахынд очоод Базарын хэлсэн зүйлийг дамжуулж хэлсэн. Тэгээд тэднийхээс гарах гээд байж байсан чинь Г*******, Л*******ийн хамт тэднийд согтуу орж ирсэн. Г******* миний хойгуур өвдөглөж газарт суухдаа миний нуруу хэсэгт өвдөгөөрөө ёвроод миний дээд талд гарч суусан. Тэгэхээр нь би Г******* руу хандаж яагаад өвдөглөөд байгаа юм бэ гэхэд Г******* та нар намайг гадуурхаад байгаа юм уу гэж хэлээд бид хоёрын дунд хэрүүл маргаан эхэлсэн. Би уурандаа ширээн доор байсан архины хүрэн өнгийн шилийг аваад Гантулгын зүүн талын хөмсөгний дээд хэсэгт нэг удаа цохисон. Тэгсэн Гантулгын толгой хавиас нь цус гарахаар нь Хад ахын эхнэр Хишигжаргалын хамт цусыг нь тогтоох арга хэмжээ авсан. Тэгээд эмнэлэг рүү явъя гэсэн чинь эмнэлэг явахгүй гээд тэндээс салцгааж явсан гэх мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн шилтэй, хар өнгийн таглаатай, Nomad гэсэн бичиглэлтэй архины шилийг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна гэж үзэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч хохирогч Б.Г*******, гэрч Д.Л*******, Л.******* нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Алтанбаганын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн шилтэй, хар өнгийн таглаатай, Nomad гэсэн бичиглэлтэй архины шил зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад Д.А******* нь 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Баруун нарийн гэх газарт байх *******ын гэрт Б.Гантулгыг нуруу хэсэгт өвдөгөөрөө ёвросон, түүний дээд талд гарч суусан гэх  шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газарт нь архины шилээр цохиж биед нь духны зүүн хэсэгт 5 см шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Алтанбаганын гэм буруутай үйлдэл, шинжээчийн 62 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан хохирогч Б.Гантулгын эрүүл мэндэд учирсан духны зүүн хэсэгт 5 см шарх бүхий хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ. Өөрөөр хэлбэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу архины шилээр цохиж уг гэмтлийг учруулах боломжтой байна гэж үзсэн болно

Хохирогч Б.Гантулгын “А******* гэх залуу ширээн дээр байсан бор өнгийн шилтэй архины шилээр миний зүүн нүдний дээд талын дух хэсэгт нэг удаа цохисон” гэж мэдүүлснийг гэрч Д.Л*******, Л.******* нар давхар гэрчлэн мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Д.Алтанбаганын архины шилээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Д.А******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал, архи согтууруулах ундааг тааруулж хэрэглээгүйгээс шалтгаалсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.А******* нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг болон гэрч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Алтанбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Д.Алтанбаганын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Г******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн сайн дураар хүлээн зөвшөөрч 450.000 төгрөгийг хохирогч Б.Г*******д өгснөөр тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Алтанбаганыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Алтанбаганыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Алтанбаганын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.А*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 54-58, 63-64 дэх талуудад авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.А******* нь эхнэр, хоёр хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Баруун нарийн гэх газарт мал маллан амьдардаг, Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.А******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Алтанбаганын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Д.Алтанбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.А******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн шилтэй, хар өнгийн таглаатай, Nomad гэсэн бичиглэлтэй архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслахад даалгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Дамдиндоржийн Алтанбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтанбаганыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.А******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.А******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.Г******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн шилтэй, хар өнгийн таглаатай, Nomad гэсэн бичиглэлтэй архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.

7. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Э.ЭНЭРЭЛ