| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 106/2023/0251/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/260 |
| Огноо | 2023-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Солонго |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Б.Солонго,
шүүгдэгч Э., Б. нар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э., Б. нарт холбогдох эрүүгийн 230500000*******27 дугаартай хэргийг 2023 оны ******* дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, *******9 оны ******* дугаар сарын *******-нд ******* аймгийн *******-******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* овогт *******-*******гийн /Регистрийн дугаар: 99**************31/,
2.Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 15-нд аймгийн Баянчандмань суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг их сургуульд оюутан, ам бүл 3, аав, дүүгийн хамт аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр баг, Байдлаг 15 дугаар байрны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 141 дүгээр байрны 5 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, овогт ын /Регистрийн дугаар: /.
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Э., Б. нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Мөнх ” зочид буудлын орчим автомашин дотор хохирогч Ч.-ийн “хөлөө буулгаарай” гэсэн шаардлагыг эсэргүүцэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хохирогч Ч.-ийг зодож, биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамар, хүзүү, зулайд зулгаралт, зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э., Б. нар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг тус тус бичгээр гаргасан тул тэдэнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Э. мэдүүлэхдээ: “...Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул ийм үйлдэл гаргасан. Хохиролд 1,000,000 төгрөг төлсөн. Тухайн үед өөрийгөө хянах чадвартай байсан, санамсаргүй хөлөө машины голын хайрцаг дээр тавьсан. Хэрэг болох үед жолоочийн цамцнаас араас нь татахдаа боож байгаагаа мэдээгүй. Цагдаагаас айсандаа одоо алчихья гээд хэлчихсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйл байхгүй, дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б. мэдүүлэхдээ: “...Би одоо сурахын хажуугаар давхар хорооллын “Си Юу” дэлгүүрт ажиллаж байгаа. Хохиролд 1,500,000 төгрөг төлсөн. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас ийм үйлдэл хийсэн. Манай найз буруу үйлдэл гаргаж маргалдаж байхад салгах ёстой байтал согтуу байсан болохоор цохисон байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйл байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны ******* дүгээр сарын 05-ны өдрийн 807 дугаартай: “Ч.-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамар, хүзүү, зулайд зулгаралт, зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-18-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.ын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-41 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-42 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-74 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-76-100 дугаар хуудас/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар /хх-1******* дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.ий хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-61 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-60 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар
Улсын яллагч “шүүгдэгч Э., Б. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Э., Б. нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 06-07 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Мөнх ” зочид буудлын орчим автомашин дотор хохирогч Ч.-ийн “хөлөө буулгаарай” гэсэн шаардлагыг эсэргүүцэж, бүлэглэн хохирогч Ч.-ийг зодож, түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамар, хүзүү, зулайд зулгаралт, зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Ч.-ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 807 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Э., Б. нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Энэ гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон хуульчилсан бөгөөд хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Ч.-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Э., Б. нарын үйлдлийн улмаас үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгч Э., Б. нар өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Э., Б. нарын хохирогч Ч.-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 807 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч Ч.-ийн “эмчилгээний зардалд Э.аас 1,000,000 төгрөг, Б.ээс 1,500,000 төгрөг авсан тул гомдолгүй” гэсэн баримт /хх-1******* дугаар хуудас/ хэрэгт авагдсан, мөн тэрээр “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хуралд оролцохгүй” гэж шүүхэд мэдэгдсэн зэргийг үндэслэн шүүгдэгч Э., Б. нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Э., Б. нар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Э. өмнө нь шүүхээр торгох болон хорих ялаар хоёр удаа шийтгүүлж байсан бөгөөд торгох ялыг биелүүлсэн, хорих ялыг биечлэн эдэлж, үлдэх хэсгийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, шүүгдэгч Э., Б. нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.ыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.ийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Шүүгдэгч Э., Б. нарын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан тус бүрд оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э., Б. нар цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******-*******гийн , овогт ын нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.ыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Б.ийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э., Б. нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э., Б. нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э., Б. нар цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э., Б. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМДАВАА