Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/69

 

    

                                

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Аын От холбогдох эрүүгийн 2338000000046 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.О нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн ** багийн нутаг дэвсгэрт байрлах “М” гэх газраас зөвшөөрөлгүйгээр загас хууль бусаар агнаж амьтны аймагт 400.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000046 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.О нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутгаар тогтоосон газар буюу Хөвсгөл аймгийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн М гэх газрын нуураас хадран загас 28 ширхэг, зэвэг загас 2 ширхэг, гутаар загас 2 ширхэг нийт 32 ширхэг загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж, амьтны экологид 400.000 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.   

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Оийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч П.Уын өгсөн: “...Хатгал тосгоны төвөөс 5 километрийн зайд Хөвсгөл нуурын мөсийг цоолж цооллого гаргасан байсныг манай хариуцсан байгаль хамгаалагч М илрүүлж ажилласан...Тусгай хамгаалалтай газрын бүс нутгаас загас агнахыг хориглодог ямар нэгэн зөвшөөрөл олгодог зүйл байхгүй. Иргэн А.Оийн гаргасан үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Гэрч Т.Мийн өгсөн: “...Тухайн өдөр хариуцсан сум орон нутагтаа эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж баих үед Хөвсгөл нуурын М гэх газарт мөсөн дээр хүмүүс байхаар нь очиход О, Г гэх хүмүүс байсан. Энд юу болж байгаа нь гэхэд хориглосон арга хэрэгслээр иргэн О далайд 2 ширхэг 50 метрийн урттай тор тавьж 28 ширхэг Хөвсгөл хадран, 2 ширхэг, гутар 2 ширхэг зэвэг нийт 32 ширхэг загас агнасан байсан. Уг асуудлыг илрүүлж экологийн цагдаад хүлээлгэн өгсөн. Ийм л зүйл болсон...Хөвсгөл нуурын М буюу Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтай газрын бүс нутагт хориглосон арга хэрэгсэл буюу тор тавьж мөсийг цоолж загас агнасан байсан. Уг загасыг хэн агнасан талаар тодруулахад иргэн О нь агнасан гэж байсан, амьд байсан зарим загасыг усанд нь тавьсан...Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт загас агнах зөвшөөрөл олгодог зүйл байхгүй. Иргэд хууль зөрчиж загас агнасан... Мэргэний узүүр гэх газар Хевсгөл нуур нь дээр 5 километр зайд байрлах тусгай хамгаалалтай газрын байгалийн цогцолборт газрын бүс нутагт хамаардаг газар байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Гэрч Б.Гы өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө гэрээсээ гараад явж байхад О гэх хүнтэй Хөвсгөл нуурын эрэг дээр таарсан манай гэр Хөвсгөл нуурын эрэг дээр байдаг юм. Та хаачих гэж байгаа нь гэхэд ах дээшээ далай өгсөх гээд явж байна гэсээр шуудайтай зүйл үүрсэн явахаар би дөхүүлээд өгье гээд өөрийнхөө машинд суулгаад М гэх газар очсон. Та энд юу хийж яваа юм бэ гэхээр нь ахад нь мөнгө хэрэг болоод манай эхнэрийн бие муу загас барихаар ганц нэг тор тавьсан юм тэрийгээ татаж үзэхээс гээд О мөсийг нь лоомоор цоолж тороо татсан тэгээд загас гаргаж ирсэн. Тэгээд удалгүй тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагч Т.М гэх залуу хүрч ирээд юу болж байгаа талаар асуусан О ах үнэнээ хэлсэн. Байгаль хамгаалагч загас болон торыг хураагаад явсан. Ийм л зүйл болсон. Би бол ямар нэгэн аргаар Хөвсгөл нуураас загас агнасан зүйл байхгүй. Хөгшин хүн хүйтэнд алхаад явж байхаар нь тус болсон байгаль хамгаалагч нь хүртэл харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай: “...Хөвсгөл нуураас агнасан 32 ширхэг загас нь хадрангийнхан овгийн хөвсгөлийн хадран thymallu nigrescens загас 28 ширхэг, хулдын овгийн загас буюу зэвэг brachymystax lenok загас 2 ширхэг, гутаарийн овгийн гутаарь lota lota 2 ширхэг гэж тогтоож байна.  Уг загаснууд нь амьтны аймгийн нэн ховор, ховор амьтны статуст бүртгэгдээгүй элбэг статуст хамаарч байна. Хөвсгөлийн хадран загас нь гүний загас. Зундаа Хөвсгөл нуур, түүнд цутгадаг гол горихоор амьдарна. Өвөл нуурын 25 м-ийн гүнээс доош тархана. Зэвэг загас нь тунгалаг, цэнгэг, хүчилтөрөгчөөр баялаг, ширүүн урсгалтай голууд, гол төлөв хүйтэн устай голын дээд хэсэг, өндөр уулын нуурт тархан амьдарна. гутаарь загас нь Цэнгэг хүйтэн усны загас Түргэн урсгалт гол мөрөн өндөр газрын цэвэр жихүүн устай нуурт амьдарна. Зундаа гол төлөв голын эх хэсгээр идээшилнэ. Намартаа усны хэм багасахад голоо уруудан үндсэн голдоо амьдарна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээгээр хөвсгөлийн хадран загас 5000 төгрөг, хулдын овгийн загас буюу зэвэг загас 17000 төгрөг, гутаарийн овгийн гутаарь загас 13000 төгрөгөөр тус тус тогтоосон. Амьтны тухай хуулийн 21.1.1.амьтан агнах, барих төлбөр, зөвшөөрлийн хураамж төлсөн байх, энэ хуулийн 28.1.Энэ хуулийн 21.1-д заасан иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болно” гэсэн заалтыг зөрчсөн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2. амьтны аймагг учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон үнэлгээгээр 1 ширхэг хөвсгөлийн хадран загас гэж үзвэл 5000 төгрөг х 2=10000 төгрөг, 10000 төгрөг х 28 = 280000 төгрөг, 1 зэвэг загас гэж үзвэл 17000 төгрөг х 2= 34,000 бол 2 зэвэг загас х 34,000 гөгрөг=б8000 төгрөг, 1 гутаарь загас 13000 төгрөг х 2 = 26,000 бол 2 гутаарь х 26,000 = 52000 төгрөгийн нөхөн төлбөр тус тус тогтоогдож нийт 400000 төгрөгийн хохирол учируулсан байна. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон Хөвсгөл нуурын М гэх газар нь улсын тусгай хамгаалалтад байдаг. Улсын их хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газар нутагт авсан...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-923/5505 дугаартай: “...Үнэлэгдэж буй 2 ширхэг эагас агнах шриулалттай торны нийт зах зээлийн үнэ цэнийг 60,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 38-40 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн: “...Хатгал тосгоны төвөөс 7 км-ын зайд байрлах М гэх газарт үзлэгийг Хөвсгөл нууран дээр N 50.48.19.05 E 100.17.95.41 гэх цэг авч ажиллахад дээрх цэгийг зааж байв....Хэрэг учрлын газарт үзлэгийг явуулахад цоолго 1, цоолсон харьцаа 40 см х 40 см байв. Цоолго нэгээс цоолго хоёрын хооронд 83 метртэй байв. Цоолго 2-ын цоолго хийсэн хэмжээг үзэхэд 30 смх 39 см цоолго цоолсон загас барихад ашигласан торны үзүүр уяа болох ногоон өнгийн уяа хөлдсөн байв. Цоолго 1-ээс торыг татаж мөсөн хэсэг дээр тор гаргаж ирсэн ул мөртэй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11 тал/,

Прокурорын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 13 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.Оийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч П.Уын мэдүүлэг, гэрч Т.М, Б.Г нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-923/5505 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч А.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч А.О нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутгаар тогтоосон газар буюу Хөвсгөл аймгийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн М гэх газрын нуураас хадран загас 28 ширхэг, зэвэг загас 2 ширхэг, гутаар загас 2 ширхэг нийт 32 ширхэг загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж, амьтны экологид 400.000 төгрөгийн шууд хохирол учруулсан нь нотлогдож байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тодорхойлжээ.

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай: “Хөвсгөл нуураас агнасан 32 ширхэг загас нь хадрангийнхан овгийн хөвсгөлийн хадран загас 28 ширхэг, хулдын овгийн загас буюу зэвэг загас 2 ширхэг, гутаарийн овгийн гутаарь 2 ширхэг гэж тогтоож байна” гэх дүгнэлт /хх-ийн 55-57  тал/-ээр шүүгдэгч А.О нь зохих зөвшөөрөлгүйгээр Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Оийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр хадран загас 28 ширхэг, зэвэг загас 2 ширхэг, гутаар загас 2 ширхэг нийт 32 ширхэг загасыг  агнаж  буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.О нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр хадран загас 28 ширхэг, зэвэг загас 2 ширхэг, гутаар загас 2 ширхэг нийт 32 ширхэг загасыг агнасан гэм буруутай үйлдлийн улмаас улсын амьтанд  200.000 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дүгнэлтээр  тогтоогдсон байх бөгөөд  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу  амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөсөн хэмжээгээр 400.000 төгрөгийн /хх-ийн 34-35 тал/ хохирол, төлбөрийг тооцсон  байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  шүүгдэгч А.О нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 400.000 төгрөгийг Хөвсгөл Хатгал нуур хамгаалалын төрийн сан дахь 1001722113005 тоот дансанд төлж барагдуулсан байна. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж хуульчилсан учраас шүүгдэгч А.Оийн хохиролд төлсөн 400.000 төгрөгийг Хөвсгөл Хатгал нуур хамгаалалын төрийн сан дахь 1001722113005 тоот данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулах нь зүйтэй байна. Энэ шийтгэх тогтоолоор А.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Оийг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Оийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлоо төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 55, 58-61 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны тодорхойлолт, Хатгал Эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт, тэтгэврийн дэвтэрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч А.О нь ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр багийн Цахир 13 дугаар гудамжны 1207 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, тэтгэвэрт байдаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч А.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч А.Оийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч А.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч А.О нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулнагэж тус тус зохицуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч А.Оийн эзэмшлийн 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий загас агнах зориулалттай тор 2 ширхэгийг улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр лоом 1 ширхэг, хадран загас 28 ширхэг, зэвэг загас 2 ширхэг, гутаар загас 2 ширхэг нийт 32 ширхэг загасыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Аын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Аын Оийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 заасныг баримтлан шүүгдэгч А.Оийг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч А.От хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч А.Оийн Хөвсгөл аймгийн Хаан банкаар дамжуулан амьтны экологид учруулсан хохиролд төлсөн 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг Хөвсгөл Хатгал нуур хамгаалалын Төрийн сан дахь 1001722113005 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий  загас агнах зориулалттай тор 2 ширхэгийг улсын орлого болгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр лоом 1 ширхэг, хадран загас 28 ширхэг, зэвэг загас 2 ширхэг, гутаар загас 2 ширхэг нийт 32 ширхэг загасыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

9. Энэ хэрэгт шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН