Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 23

 

Х.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Туяа, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 117 дугаар цагаатгах тогтоолтой, Х.Д-д холбогдох эрүүгийн 1835003500211 дугаартай, 2 хавтас хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогч Ш.Л-гийн гомдлыг тус тус үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Болорзаяа, прокурор Б.Баярмагнай, хохирогч Ш.Л, шүүгдэгч Х.Д-ын өмгөөлөгч Б.Батгэрэл нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Ө сумын ... оршин суух, регистрийн дугаар..., Таргад овогт Хонгорын Давааням.

Шүүгдэгч Х.Д 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Өмнөговь сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ш.Лг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Таргад овогт Хонгорын Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгон Т овогт Х-ын Д-ыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Д-д холбогдох 1835003500211 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 117 дугаар цагаатгах тогтоолоор Х.Д-ыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Д-д холбогдох 1835003500211 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр болсон нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.

Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй” гэсэн дүгнэлт хийсэн атлаа хохирогч Ш.Л-гийн удаа дараа өгсөн мэдүүлэг зөрүүтэй, хохирогч Ш.Л нь Х.Дд зодуулсны улмаас унасан, хохирогч Ш.Л, гэрч Л.Б, М.Ё нарын мэдүүлгийг шинжээчийн дүгнэлтэнд тааруулсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Х.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийдвэр гаргахдаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзээгүй, хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж чадаагүй, хохирогч Ш.Лг 1 цохьсон, 2 цохьсон, 3 цохьсон нь “эргэлзээтэй, зөрүүтэй гэх үндэслэлээр Х.Дд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Мөн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 678 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Н.О-ын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 724 дүгээртэй дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Г.Х-гийн мэдүүлэг зөрүүтэй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, шүүгдэгчийг цагаатгах нь үндэслэлтэй гэжээ.

Түүнчлэн шүүгдэгчийг хохирогчийн нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед халдах зөрчлийн шинжтэй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөрүүтэй, эргэлзээтэй мэтээр үгүйсгэжээ.

Тухайлбал цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй” гэх дүгнэлт хийсэн атлаа мөн “Шинжээчийн мэдүүлэг зөрүүтэй, эргэлзээтэй, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байна” гэсэн 2 өөр агуулга бүхий дүгнэлт хийсэн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 724 тоот дүгнэлтээр хохирогч Ш.Лгийн эрүүл мэндэд тухайн цаг хугацаанд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед халдах зөрчлийн шинжтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт байна.

Цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт “Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Таргад овогт Хонгорын Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгон Таргад овогт Хонгорын Даваанямыг цагаатгасугай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Дд холбогдох 1835003500211 дугаартай хэрэг бүртгэлтэд буцаасугай" гэж дурдажээ.

2002 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт тухайн үйлдэл, эс үйлдэх гэмт хэргийн шинжгүй бол хэргийг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгоно. Харин нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдохгүй байвал мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно гэх зохицуулалттай байсан.

2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэсэн зохицуулалтыг оруулсан.

2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалт, хуулийн үзэл баримтлал, агуулга нь прокуророос гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа хүн нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй байвал шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоолгохоор хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж байх зохицуулалт юм. Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтаас харахад Х.Д нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй тул хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж байгаа гэж харагдаж байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзээгүй, хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талыг харьцуулан шинжлэн судалж чадаагүй, гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгагаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох хуулийн үндсэн зорилготой нийцээгүй, хохирогч гэмт хэргийн улмаас хохирсон эсэх, түүний эрхийг сэргээн тогтоох зарчим алдагдсан, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд үндэслэлгүйгээр ял завшуулж, хэргийг илт үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуустал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын дунд маргаантай асуудал бий болгосон, хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр болжээ.

Иймд анхан шатны 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 117 дугаар цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хохирогч Ш.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие Х.Д-д зодуулж нүүр нүд, тархи толгойдоо гэмтэл авч, шүүх эмнэлгээс гэмтэлтэй гэж тогтоосон байхад Х.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байгаад гомдолтой байна. Албан үүргээ гүйцэтгэж яваад Х.Дд зодуулж, хохирсон байтал хариуцлага тооцохгүй байгаад гомдож байна. Х.Дыг Ш.Л надаас уучлалт гуйж, алдаагаа засах байх, тархи толгой минь гайгүй болох байх гэсэн бодлоор өнөөдрийг болтол хүлээсэн. Шүүх үнэн бодит шийдвэр гаргаж, Х.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэдээ:” Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Баярмагнай би дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Х.Д-д холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргаж байна. ...Х.Д-ын үйлдлийн улмаас хохирогч Ш.Л-гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан байхад анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 117 дугаартай цагаатгах тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Дын эрх ашгийг хамгаалж, өмгөөлөгчөөр оролцож байна. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 117 дугаартай цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэж байгаа бөгөөд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг бүхэлд нь хянав.

Увс аймгийн прокуророос Х.Д-ыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ш.Л-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Д-ын үйлдэл гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зарчмыг баримтлан Х.Дд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад: 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын төвд явагдаж байсан сагсан бөмбөгийн тэмцээний үеэр шүүгдэгч Х.Д, хохирогч Ш.Л нар тэмцээний үйл ажиллагаанаас болж марган, улмаар Х.Д нь хохирогч Ш.Лгийн нүүрэн тус газар 2 удаа цохисон үйл баримт тогтоогдсон байх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Харин Х.Д-ын үйлдлийн улмаас хохирогчид ямар гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэх, Х.Д-ын үйлдэл хохирогчийн биед үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх байдлын талаар эргэлзээ бүхий дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоохын тулд тусгай мэдлэг бүхий этгээдээр зайлшгүй шинжилгээ хийлгэх ёстой.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Ш.Лгийн биед учирсан хохирлыг тогтоолгохоор нийт 3 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулж, шинжилгээ хийсэнтэй холбогдуулан шинжээч эмчээс 2 удаа мэдүүлэг авсан байна.

-Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 678 дугаар дүгнэлтэд: “Хохирогч Ш.Л-гийн биед тархи доргилт, баруун дагзны хуйхан доор цусан хураа, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт өнгөц зулгаралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн гэмтэл учирсан болохыг тогтоож, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 166 дүгнэлтэд: “Урьд гаргасан шинжээчийн 678 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Ш.Лгийн биед тархи доргилт, дагз, зулайн хуйхан доорх цус хуралт, зүүн нүдний гадна буланд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 724 дүгээр дүгнэлтэд  “...Увс аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 678 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 166 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Ш.Лгийн биед дагз, зулайн хуйхан доорх цус хуралт, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт өнгөц зулгаралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ш.Л нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын эмнэлэгт “Толгой өвдөнө, үс халзарч унана, хоолой сэрвэгнэж ханиалгаж цэр гарахгүй байна” гэсэн зовуурьтай, Тархины цус эргэлтийн хямрал, гуурсан хоолойн архаг үрэвсэл оноштой 10 хоног хэвтэж эмчлүүлсэн нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй бөгөөд архаг өвчин байна” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан байна.

Дээрхи шинжээч эмч нарын дүгнэлтээр хохирогчийн биед “Тархи доргилт” гэх хөнгөн гэмтэл учирсан уу, эсвэл “Цусан хураа” гэх хөнгөн гэмтэл учирсан уу, хохирогчийн биед үүссэн гэх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэх нь эргэлзээ бүхий байна.

Эдгээр шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгийн аль нэгийг илүү баталсан, давхар нотолсон агуулга бүхий баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Хохирогч Ш.Л-гийн биед анх үзлэг шинжилгээ хийж, 678 дугаар дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Н.Одбаяр 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Баруун дагзны хуйхан доорх цусан хураа болон зулгаралтууд дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг өгсөн бол 724 дугээртэй шинжээчийн дүгнэлт гаргахад оролцсон шинжээч эмч Г.Х “...Ш.Л нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын эмнэлэгт толгой өвдөнө гэсэн зовуурьтай, тархины цус эргэлтийн хямрал оношоор хэвтэн эмчлүүлж байсан нь тархи доргилтын гэмтэлтэй ижил зовиур, шинж тэмдэг илрэх боломжтой тул дүгнэлтэд тусгаагүй. Ш.Лгийн биед учирсан хуйхны цус хуралт гэмтэл нь дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах бөгөөд бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх бөгөөд дээрхи шинжээч эмч нарын мэдүүлэг нь агуулгын хувьд хоорондоо зөрүүтэй, өөрөөр хэлбэл, хохирогчийн биед учирсан гэмтэл болон түүний зэргийг тодорхойлохдоо харилцан эсрэг, нэг нь нөгөөгөө шууд үгүйсгэсэн шинжтэй байна. Тодруулбал:

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 678 дугаар дүгнэлт, уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Одбаярын мэдүүлэгт :Хохирогчийн биед “Тархи доргилт“ гэмтэл үүссэн, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин хохирогчийн биед үүссэн цусан хураа нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй байхаар тусгасан, гэтэл 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 5 /тав/ эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 724 дүгээр дүгнэлтэд: 678 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн мөртлөө уг дүгнэлтээс зөрүүтэй буюу хохирогчийн биед учирсан цусан хураа гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин хохирогч Ш.Л нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын эмнэлэгт “Толгой өвдөнө, үс халзарч унана гэсэн зовуурьтай, тархины цус эргэлтийн хямрал оношоор хэвтэн эмчлүүлж байсан нь тархи доргилтын гэмтэлтэй ижил зовиур, шинж тэмдэг илрэх боломжтой тул тархи доргилт гэмтэл шинээр үүссэн гэж дүгнээгүй гэх агуулга бүхий дүгнэлтийг гаргасан нь эргэлзээ төрүүлж байна.

Эдгээр шинжээчийн дүгнэлтүүд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүтэй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шинжилгээний тухай хууль болон Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан шинжилгээ хийх журмыг зөрчиж хийгдсэн буюу хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7-д : “Шинжилгээний объект” гэж шинжилгээ хийж байгаа ул мөр, эд мөрийн баримт, бичиг баримт, эд юмс, амьтан, хүний бие, цогцос болон түүний хэсэг, харьцуулан судлах хэв загвар, хэргийн бусад материалыг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгүүдэд “Шинжээч томилох тухай шийдвэрт .... шинжилгээний объектын талаархи мэдээллийг тусгана” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.4.1 дэх хэсгүүдэд : шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний объектыг шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамжийн хамт шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлнэ, шинжилгээний объект нь эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх гэсэн шаардлагыг хангасан байна” гэж тус тус заажээ.

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 678 дугаар дүгнэлт нь биечилсэн үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, эмчлүүлэгчийн картанд буй нүдний эмчийн бичилт, толгойн тодосгогчгүй томографикийн шинжилгээний хариу зэргийг үндэслэж гарсан гэх боловч шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон уг нотлох баримтууд шинжилгээ хийх үед хэрэгт авагдаагүй байсан байна.

Өөрөөр хэлбэл, мөрдөгч шинжилгээ хийлгэх тогтоолдоо шинжилгээний объектын талаар тусгаагүй, шинжилгээний байгууллагад зөвхөн хохирогчийн биеийг шилжүүлж,  өвчний түүх, эмчлүүлэгчийн карт, шинжилгээний хариу зэргийг хүргүүлээгүй нь дээрхи хуулийн шаардлагуудад нийцээгүй. Түүнчлэн мөрдөгч дээрхи баримт материалуудыг шинжилгээний объектоор тооцож, шинжилгээний байгууллагад хүргүүлээгүй байхад шинжээч дүгнэлтийн үндэслэлээ болгосон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэгт “ шинжээч шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Мөн толгойн тодосгогчгүй томографикийн шинжилгээний хариу / 2-р хавтас хэргийн 41 дүгээр тал/ нь эмчийн тамга тэмдгээр баталгаажаагүй буюу шинжилгээний объектэд тавигдах хуулийн шаардлага хангаагүй байхад дүгнэлтийн үндэслэл болгосон нь уг шинжээчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг үгүйсгэж байна.

Дээд шатны прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан “... урьд гаргасан 678 дугаартай шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 724 тоот дүгнэлтийг гаргасан, энэхүү дүгнэлтийг үндэслэж хэрэг маргааныг шийдвэрлэх ёстой” гэх утга агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 724 дугаартай дүгнэлтийг гаргахдаа урьд гаргасан Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 678 дугаартай дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн картанд буй мэдрэлийн эмчийн үзлэг, нүдний эмчийн үзлэг, толгойн тодосгогчгүй томографикийн шинжилгээний хариу зэргийг үндэслэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан эмчлүүлэгчийн картанд мэдрэлийн эмчийн үзлэг  тусгагдаагүй байхад шинжээч дүгнэлтийн үндэслэл болгосон нь Шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан байна” гэх шаардлагад нийцээгүй байна.

Мөн хууль зөрчиж цуглуулсан, шинжилгээний объектын шаардлага хангаагүй нотлох баримтад үндэслэж гарсан өмнөх шинжээчийн 678 дугаартай дүгнэлтийг үндэслэсэн нь энэхүү дүгнэлтийг мөн эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан эсэхийг бүхэлд нь хянах, үнэлэх үүрэгтэй бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 724 дүгээртэй шинжээчийн дүгнэлтийн эх сурвалж нь тодорхойгүй, хэрэгт авагдаагүй, хуулийн шаардлагад нийцээгүй нотлох баримтанд үндэслэж гарснаас гадна  уг дүгнэлтийг дэмжсэн, давхар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн прокурор эсэргүүцэлдээ анхан шатны шүүх Х.Дд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн мөртлөө хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй талаар дурьдсан байна. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Даас өөр хэн нэгнийг холбогдуулан шалгах үндэслэл тогтоогдоогүй байхад хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаах шаардлагагүй байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасан, мөн анхан шатны шүүх Х.Дд холбогдох хэрэг нь гэмт хэргийн шинжгүй харин зөрчлийн хэргийн шинжтэй гэх үндэслэлээр хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаасан байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

Иймд “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Дд холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан тул энэ талаар цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 117 дугаар цагаатгах тогтоолын 1 дүгээр заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т овогт Х-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгон Т овогт Х-ын Д-ыг цагаатгасугай” гэснийг“ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т овогт Х-ын Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1835003500211 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Х. Д-ыг цагаатгасугай гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогч Ш.Л нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

   ШҮҮГЧИД                                        Н.ТУЯА

 

Н.МӨНХЖАРГАЛ