Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2025/0251

 

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2025/0251

Улаанбаатар хот

Ч.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Нэхэмжлэгч: Ч.Б

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/81 дүгээр тушаалын 2.9 дэх заалт, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/48, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгуулах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0120 дугаартай шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Ц.Н, Д.Б нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2024/0794/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Б нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын даргад холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/81 дүгээр тушаалын 2.9 дэх заалт, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/48, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 120 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо:

 

3.1. Анхан шатны шүүх нь хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд: Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд: Энэ хэсэгт заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно. Мөн хэсэгт заасан “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ” гэжээ.

Шүүхийн шийдвэрийн 19-т “... төрийн байгууллагын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэсэн үндэслэл бүрдээгүй байна...” гэж үзэж дүгнэсэн. Гэвч урьд эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын зорилт, чиг үүргийг харьцуулан үзэхэд тоогоор хэмжигдэхгүй урьд эрхэлж байсан албан тушаалын гол гол чиг үүрэг нь хадгалагдсан үлдсэн байхад шүүх тоог чухалчиж тоогоор хэмжиж байгаа нь Улсын Дээд шүүхийн тогтоолд зааснаас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн нь хуульд нийцэхгүй байна. Шүүх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байдлыг маш тодорхой шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй гэж үзээд байгаа нь өөрөө шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой гэх хуулийн шаардлагыг хангаагүй.

3.2. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт дотоод аудитын тасгийн даргаар ажилладаг байсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/52 тушаалаар Нийгмийн даатгалын газрын зохион байгуулалтын бүтэц орон тоог шинэчлэн баталсан бөгөөд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаал нь Захиргаа хяналтын хэлтсийн дарга болж нэршил өөрчлөгдсөн. Захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод ажлын байрны зорилго өөрчлөгдсөн байх хэдий ч агуулгын хувьд нэхэмжлэгч Ч.Б-ын өмнө нь гүйцэтгэж байсан ажлууд бүхэлдээ тусгагдаж, зорилтын хувьд өөрчлөлт ороогүй зорилгын хүрээнд тодорхой ажлууд нэмэгдсэн байна. Иймд нэхэмжлэгч Ч.Б-ын урьд эрхэлж байсан буюу Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн даргын ажлын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байна гэж үзэхээр байгаа юм.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах”-ыг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-т “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэснийг тус тус үндэслэн, нэхэмжлэгч нь 2006 оноос нийгмийн даатгалын байгууллагад, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалт дотоод аудиторын тасгийн даргаар томилогдон ажиллаж байсан ба тогтвортой, үр дүнтэй, тухайн чиг үүргийн ажлын байранд тогтвортой ажиллаж ирсэн тул дээрх албан тушаалд томилогдох нь холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй юм.

3.2.1. Мөн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “...албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох” гэж заасанд нийцсэн гэж үзэж байна.

Түүнчлэн хариуцагч нь Төрийн албаны тухай хуульд заасан зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд томилох эрх бүхий албан тушаалтны зүгээс нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн хувьд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагчийн хувьд төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхтэйг, төрийн алба мэргэшсэн тогтвортой байхыг хариуцагч шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй.

3.2.2. Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн, өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч шалгаруулж авах үүрэгтэй байхад анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-т заасныг хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлаж хэт нэг талыг барьсан.

3.2.3. Шүүх шийдвэрийнхээ 23-т “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулалт явуулах байдлаар тухайн орон тоог нөхөх нь зүйтэй ...” гэж хэт нэг талыг барьсан. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27.1.1 дэх заалт нь тэргүүн ээлжинд шатлан дэвших зарчмын дагуу байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас сонгож томилох эрх нь байгаа. Гэтэл шүүхээс заавал уг албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай гэж үзэж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа хэрэг юм.

Учир нь сул орон тоо гэдгийг Төрийн албаны тухай хуулийн 3.1.4-т ““сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг;” хэлдэг. Гэтэл шүүхээс Ч.Б-ыг албан тушаал бууруулсан нь хууль бус гэж үзсэн атлаа сул орон тоо гарсан гэж үзнэ гэж байгаа нь ойлгомжгүй, даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд үндэслэх зарчмыг зөрчиж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 8.1-д “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч болон нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж нөхнө” гэж заасан буюу заавал сонгон шалгаруулалтаар уг албан тушаалд томилно гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Төрийн албаны тухай хууль болон журамд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчаас сонгоно гэж заасан нэгэнт албан тушаалын нэр өөрчлөгдсөнөөс тухайн албан тушаалд тавигдах шаардлагад огт өөрчлөлт ороогүй гүйцэтгэх чиг үүргийн хувьд тодорхой өөрчлөлт л орсон байгаа зэргээс үзвэл, заавал нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үндэслэл байгаагүй. Сул орон тоог нөхөхдөө эхний ээлжинд байгууллага дотроо ажиллаж байгаа иргэдийн дунд сонгон шалгаруулалт явуулж, дэвшин ажиллах боломж олгосны дараа тухайн шалгалтад хэн нь ч тэнцээгүй тохиолдолд нөөцөд байгаа иргэдээс сонгох зарчимтай гэж заасантай нийцэхгүй, өөрөөр тайлбарласан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0120 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах болсон “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх зөрчлийн талаарх дүгнэлт нь үндэслэл бүхий биш байх тул эрх зүйн зөвтгөсөн дүгнэлт хийх нь зүйтэй гэж шүүх үзэв.
  2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь Нийгмийн даатгалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тушаал, дүрэм, журам, заавар, аргачлал, зөвлөмж, чиглэл гаргах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд дотоод аудит, шинжилгээ, үнэлгээ хийх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй.
  3. Энэхүү хуулиар тодорхойлогдсон бүрэн эрхийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт хийх тухай” удирдамжийг баталсан байна.
  4. Уг удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтаар Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга Ч.Б нь холбогдох хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсний улмаас 109 иргэний тэтгэвэр, тэтгэмжийн олголттой /тэтгэвэр илүү олгосон/ холбоотой нийгмийн даатгалын санд 281.755.574 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн зөрчил илэрсэн.
  5. Энэ нь түүний ажил, үүрэгтэй шууд холбоотой болох нь дараах Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, дотоод аудиторын албан тушаалын тодорхойлолтоор тогтоогджээ.

5.1. Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тасгуудын ажлын чиг үүргийн 3-т “Хяналт шалгалт дотоод аудитын тасаг”, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/08 дугаар тушаалын 15 дугаар хавсралтаар батлагдсан Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга, дотоод аудиторын албан тушаалын

тодорхойлолтод Албан тушаалын зорилго нь нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, үнэлгээ хийх, сангийн төсөв, гүйцэтгэлд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй, холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах, нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах, тайлагнах зорилго, ажил олгогчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, ногдуулалтыг мэдээллийн сангийн бүрдүүлэлттэй тулган хянан шалгаж, хяналт тавих ажлыг зохион байгуулах, тайлагнах, хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, хэлтсийн үйл ажиллагаанд санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит хийх ажлыг зохион байгуулах, тайлагнах, байгууллагын болон нэгжийн дотоод зохион байгуулалтыг хангах, хэрэгжүүлэх, хяналт тавих зорилтыг хэрэгжүүлэн ажиллахаар тусгажээ.

  1.  Нэхэмжлэгч нь дээрх албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, хууль тогтоомжийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчилд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/81 дугаар тушаалыг үндэслэн төрийн албан хаагч Ч.Б-т захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/48 дугаар тушаал болон хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт шалгалтын улсын байцаагчаар томилсон 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/54 дүгээр тушаал нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 45 дугаар зүйлийн 45.1, 45.1.1-д заасантай тус тус нийцжээ.
  2.  Гэтэл анхан шатны шүүхээс төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын заалтыг баримтлан “...нэхэмжлэгчийг 2 удаа дараалан хангалтгүй үнэлгээний ангилалд хамрагдсан гэж үзэх үндэслэлгүй ...хариуцагч нь албан тушаал бууруулах хуульд заасан журмыг баримтлаагүй, Нийгмийн даатгалын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон гэх боловч энэ нь хууль болон журамд заасантай нийцээгүй байна” гэсэн дүгнэлт үндэслэлгүй.
  3. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд дээрх журмын зохицуулалт хэрэглэхгүй, шүүх 2021, 2023 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшин үнэлэх хуудас зэрэгт үнэлэлт өгсөн нь үндэслэлгүй бөгөөд дүгнэлт хийхдээ Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ.”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ.” гэж заасан зохицуулалтыг анхаарч үзээгүй байна.
  4. Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газарт хийсэн шалгалтын дүнг Шалгалтын комисс 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр танилцуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/81 дүгээр тушаалаар шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, арга хэмжээ авахыг даалгасан, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Ч.Б-т Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн даргын албан тушаал эрхэлж байхдаа хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн зөрчилд “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж, 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.” гэж заасныг зөрчөөгүй байна.
  5. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 27.4.4-т заасны дагуу сонсох ажиллагааг явуулахдаа Хүний нөөцийн мэргэжилтэн А.Ц, Орлого, шимтгэлийн тасгийн байцаагч Г.Б, Хууль эрх зүйн мэргэжилтэн Д.Б нар байлцаж, Ч.Б руу утсаар холбогдсон болох нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
  6. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Дүүргийн Нийгмийн даатгалын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/52 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газар, нэгжүүдийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг баталсан байна.

12. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хяналт шалгалт, дотоод аудитын тасаг нь Захиргаа, хяналтын хэлтэс болж, тус хэлтсийн даргын албан тушаал нь удирдах албан тушаалын ангилалд хамаарч байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.3, 27 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулсны үндсэн дээр томилох хуулийн зохицуулалттай тул энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаал нь Захиргаа хяналтын хэлтсийн дарга болж нэршил өөрчлөгдсөн. Уг албан тушаалын тодорхойлолтод ажлын байрны зорилго өөрчлөгдсөн байх хэдий ч агуулгын хувьд нэхэмжлэгчийн өмнө нь гүйцэтгэж байсан ажлууд бүхэлдээ тусгагдаж, зорилтын хувьд өөрчлөлт ороогүй зорилгын хүрээнд тодорхой ажлууд нэмэгдсэн байна” гэх гомдол үндэслэлгүй.

13. Нэхэмжлэгч Ч.Б нь хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх нь төрийн албан хаагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг төдийгүй албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн болох нь нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд түүнийг албан тушаал бууруулж томилсон маргаан бүхий тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасантай нийцсэн байна.

14. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсэгт эрх зүйн зөвтгөсөн дүгнэлт хийж, шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн заалтыг баримтлаагүй байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0120 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1” гэсэн заалт нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ   

ШҮҮГЧ                                                            Т.ЭНХМАА